Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ГАНБААТАР: ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ТЭМЦЭЛ ДУУСАХГҮЙ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт болсон Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаархи мэтгэлцээний тухай өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан зарим асуултад ийн хариулсан юм.  

-Таныг халз мэтгэлцээнд бэлтгэл муутай байсан гэж олон хүн шүүмжилж байгаа. Таныг довтлогчийн байр сууринаас мэтгэлцэнэ гэж бодсон. Гэтэл та байр сууриа хамгаалсаар байгаад таарлаа. Сүүлдээ яагаад юу ч хэлэхгүй байсан юм бэ?

-Тэр хүнийг юу ярих вэ гэдгийг түмэнд харуулах нь миний хамгийн чухал ажил байсан. Суман мөндөр дунд утгагүй хариулт өгч ол­ныг баясгаж болно. Надад тэгж хүн баясгах тэнхээ ч бай­на. Би үндсэн асуултуудаа тавьж амжсан. Харин ярьсан зүйлүүдээ нэг их өндөр дуугаар хашгичиж, зангаж яриагүй байж болно. Мэтгэлцэгч хүн маань байн байн слайд эргэлдүүлээд байсан. Энэ чинь ярих юмгүй хүний л зан. Мэтгэлцээний тактик гэж байдаг. Би тэмцэгч хүн. Тэмцэлдээ ялсан. Хамгийн гол нь, би зорилгодоо хүрлээ. Нэгийгээ давах нь гол биш. С.Баярцогт ч гэсэн шавайгаа ханатал ярьсан. Тийм учраас зорилгодоо хүрсэн байх.
-УИХ-ын 40, 57 дугаар тогтоол нь хоорондоо зарч­мын ялгаатай. Үүнийг бага ярьсан. Та үүнийг анзаарсан уу?
-40 дүгээр тогтоол нь илүү сайн тогтоол. Энэ тогтоолд эх оронч заалтууд их орсон. Тухайлбал, заавал үйлдвэр барина гэж тусгасан. Гэтэл үүнийг сүүлд нь үйлдвэр барих биш судалгаа хийх болгож хулхидсан. Дараа нь хамгийн аюултай зүйл нь 57 дугаар тог­тоолд хуульд нийцүүлэн гэдэг үг байдаг юм. Харин 40 дүгээр тогтоолд хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах замаар гэж заасан байгаа. Ардчилсан оронд эрх зүйч улстөрч, иргэд юу хүсч байна, түүнийг нь хуулиар гүйцэлдүүлэх гэж оролддог. Харин ардчилсан бус оронд иргэдийн юу хүсч байгааг хуулиар яаж үгүй гэж хэлэх вэ гэсэн боломж хайдаг. Манайд бол дандаа ингэдэг. Яг үүн дээр С.Баярцогт, Д.Зоригт, С.Баяр нар яаж аашилсан бэ гэхээр, хөрөнгө оруулагчдад за гэж хэлэхийн тулд хуулийг өөр­чилсөн. Дөрвөн том хууль, нэг том журамд өөрчлөлт оруулсан.
-Та зорилгоо биелүүлсэн гэлээ. Тэгвэл яагаад өнөөдөр /өчигдөр/ мэдээлэл хийж байгаа юм бэ?
-Би мэтгэлцээний дараа нэгдсэн мэдээлэл өгнө гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл, амлалтаа биелүүлж байна. Нэмж нэг зүйл хэлэхэд, зөвхөн энэ мэтгэлцээнээр Оюу толгойн гэрээг өөрчлөхийн төлөө ми­ний тэмцэл дуусахгүй. Мэтгэл­цээн бол зөвхөн нэг хэсэг нь.
-Мэтгэлцээний үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт та­ны асуусан 25 асуултад хариулаагүй гэлээ. Бичгээр дахин тавих уу?
-Яагаад хариулаагүйг нь мэдэхгүй юм. Арай ч сандраагүй байх. Өөр чухал зүйлд хариу­лах гээд орхигдуулсан бо­лов уу. Тиймээс би энэ 25 асуултад дахин хариулаасай гэж боломж олгож, нээлттэй тавина.
Мэдээж С.Баярцогт ган­цаараа энэ гэрээнд гарын үсэг зураагүй. Д.Зоригт, Л.Ган­сүх нараас ч асуултдаа хариу авна.
-Оюу толгойн гэрээг хийсний дараа С.Баяр Мон­гол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болж байгаа гэж хэлсэн. Энэ юу болчихов?
-Гэрээний 3.19-д Засгийн газар бичгээр хүсэлт гаргасан бол үйлдвэрлэлийн үйл ажил­лагаа эхэлснээс хойш гурван жилийн дараа хайлуулах үйлдвэрийн талаар судалгааны тайлан боловсруулна гэж байгаа. Дээр нь нэмээд гурав­дагч этгээдээр бариулсан бол хайлуулах техникийн шалгуур болон үзүүлэлтүүдийг хангах чадвартай гэдгээ хөрөнгө оруу­лагчдад урьдчилан нотол­сон байх ёстой. Энэ нь нэг л болохгүй байна даа гэж хэ­лэхэд л дуусаа. Хамгийн аюул­тай нь энэ үйлдвэрээс ГОК зэс авах уу гэдэг нь тодорхойгүй. ГОК өнөөдөр зогсох гээд байгаа гэлээ. Энэ заалтууд нь 3.19, 3.21.1-д тун тодорхой бий.
-Гэрээнд өөрчлөлт оруу­лах боломж манайд байгаа юм биш үү?
-Ийм боломж байхгүй. Гэх­дээ Мадагаскарт бол байна. Цэргийн дэглэмтэй орон ийм стратегийн том гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан. Дээр нь Шинэ Гвиней гээд ардчилал бараг байхгүй оронд ч гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан. Ард түмэн нэгдэж, нэг ойлголттой болж, парламент нь дэмжиж, эрдэмтдээ ашиг­лаж, Засгийн газраа хөдөлгөж чадвал ийм боломж бий.
-УИХ-ын гишүүн С.Баярцогт таныг мэдлэггүй, мэдээлэлгүй байна гэж шүүмжилж байсан?
-Тэр хүн намайг мэдлэгтэй, мэдлэггүй гэж хэлэх эрхгүй. Монголын ард түмэн үүнд дүгнэлт хийнэ биз.

0 Сэтгэгдэл
GANBAATAR BOLOOD MONGOLIIN BVH ARD TVMEN BAYRTSOGT, BAYR, ZORIGT NARAAS ASUULTIINHAA HARIUG AWAAGV BGAA!!!!!!!!!!!!!!! ENE 3-G ENKHBAYR SHIG GANTS HUDAGT SUULGACHIH YMSAN!!!!!!!!!!!!
Шалгалтандаа сайн бэлдэж байгаарай гишүүнээ дэмждэг шүү
keep going.
Хамгийн их уншсан