“АСА” ЦИРК АСАХ УУ, УНТРАХ УУ
2012 оны 11 сарын 28

Олны нүдэнд дассан зүйл өөрчлөгдөхөөр нэг л сонин. Саяхан “АСА цирк”-т тоглолт үзэхээр очоод арай л төөрчихсөнгүй. Гадна талбайд нь зай завсаргүй машин зогсоожээ. Машины худалдаа бололтой. Хойд талын төв хаалгаар ортол худалдааны төв угтав.
“IT World” хамгийн том компьютерийн худалдааны төв
“IT Mobile” гар утасны худалдааны төв
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
“Тист” бэкери
Түргэн хоолны газар
Даатгалын нэг цэгийн үйлчилгээ
“ТВ маркет” дэлгүүр
“Май март” дэлгүүр
“Голомт” банк
“Хангай” цайны газар...

Арай циркээ андуураад ирчихээгүй байгаа гэж бодсоор гартал зүүн хаалгаар хүмүүс орж буй харагдав. Энэ жижиг хаалганы хажууд байрлах “Цирк” гэсэн дөрвөн үсэг намайг андуураагүйг хэлж өглөө.
Таван жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 8-нд “АСА” ХХК-ийнхан Улсын циркийг хувьчилж авах менежментийн гэрээ байгуулж байсан түүхтэй. Тухайн үед Циркийн хувьчлалын үнэлгээний эхний комисст ажилласан БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн “Ажлаасаа зургаахан хоног түр хөндийрөх хооронд бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс хариуцаж аваад “АСА” багт хувьчлан авах эрхийг өгчихлөө” гэж ярьж байсан.

Энэхүү тендерт гурван баг оролцсоноос БСШУЯ-ны Соёлын газрын дарга байсан, циркчин П.Батмөнх төрийн ажлаа саналаараа өгөөд “Монгол цирк” нэртэй баг байгуулан тендерт оролцсон юм. Тендерийн хамгийн наад захын шалгуур нь “Тендерийн ахлагч соёл урлагийн мэргэжилтэй, дээд боловсролтой байх ёстой” байсан аж. Гэсэн ч “АСА” багийн ахлагч Б.Дагвадорж сүмогийн их аварга болохоос балетчин, эсвэл дуучин байгаагүй юм. Энэ мэтчилэн наад захын шалгуур нь цаасан дээр хараар бичсэн хэдэн үг төдий зүйл болж тендер эзнээ олсон байна.

Өрсөлдөгч “Монгол цирк” багийн санхүүг “Магнай трейд” компани хариуцаж, багийн бүрэлдэхүүнд Монголын циркчид бүгд багтсан болохоор П.Батмөнхөд тендерийг алдах эрх байсангүй. Тиймээс тендер будлиантай хэмээн үзэж захиргааны шатны шүүхэд гомдол гаргажээ. “Шүүх тийм хурдан шийдвэр гаргадгийг анх удаа л харсан. Өргөдлөө өгсний маргааш л шууд миний гомдлыг хэлэлцэж “Монгол Улс нэг хүний өмнө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна. Та үүнийг ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн дээ. Миний аавын найз намайг тендерт орж байгааг мэдээд аавд маань “Чи уг нь гайгүй хүн дээ. Хүү чинь мөн ч тэнэг юм даа” гэсэн байдаг” хэмээн өнөөдөр П.Батмөнх хуучилж сууна.
Төрийн өмчийн хороо Улсын циркийг менежментийн хувьчлалд оруулах нээлттэй тендер зарлахдаа улсдаа ганц байгууллагыг хувьчилж байгаагаа бодолцон тусгай журам батлан, босго оноо тогтоосон. Бусад аж ахуйн нэгжийн босго оноог 70-аар тогтоож байсан. Харин циркийг хувьчлах тендерийн саналын босго оноог 80 болгон өсгөсөн. Тендерт оролцсон багуудын аль нь ч босго оноонд хүрээгүй учир тендер шалгаруулах комисс өөрчлөгдөн “АСА” багт эрхийг гардуулсан байна.
Мөн тендерийн ялагчид Улсын циркийг 2011 он хүртэл удирдаж ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулах зургаан шалгуурыг биелүүлсэн байх гэсэн шаардлага тавьсан байна. Үүнд:

-Багийн боловсрол, мэргэжил, ур чадвар, дадлага туршлагыг сайжруулах,
-Yндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх
-Yндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах (циркийн тоглолтын тоо цөөн байсан)
-Циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх

-Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах
-Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах гэсэн заалт байна.
Ийм өндөр шаардлага биелүүлэхээр материал бүр­дүүлж бусдаасаа тодорсон “АСА” багийнхан жил зургаан сарын дараа сайн ажилласан гэсэн дүгнэлтээр хөх асрыг бүрмөсөн өөрийн болгосон юм. Ингэхдээ циркийн барилгыг л нэг сая ам.доллараар үнэлэж авчээ. Тэр барилга доторхи авьяасыг харин хэдэн зоосоор үнэлсэн билээ.

Таван жил өнгөрлөө... “АСА” ХХК буюу Монголын үндэсний циркийн гэх жүжигчид бэлтгэлээ хийхийн тулд л энэ нэрийн дор уран бүтээлээ туурвидаг нь үнэн. Түүнээс биш уран бүтээлчдийнхээ ур чадварыг ахиулж, урын сангаа өргөжүүлэхийн төлөө тэд юу ч хийгээгүй. Харин ч тэд гадаадад тоглолт хийж ирээд цалингийнхаа 10 хувийг “АСА” ХХК-д тушаадаг.

Ерөнхий найруулагчийг нь ажлаас халж, 2010 онд амьтанд хайртай байгууллага болсноор манежиндаа ганц ч амьтан гаргахгүй байхаар тогтсон. Авьяаслаг амьтдын гэрийг мөнгөний уурхай болгох гэсэн санаа нь л тэр байж л дээ гэлцэнэ. Ер нь циркийн урлагийг авьяаслаг амьтан, алиалагчгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Ийн будлиан, шуугиан дагуулсан хувьчлал нь уг нь менежментийн хувьчлал байсан ч циркийн байрны одоогийн өнгө төрх хуучнаасаа 100 хувь өөрчлөгдсөн төрийн өмч хувийн хэвшилд шилжсэн нь харагдана. Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр, Ард кино театр, Монгол кино үйлдвэр, Лениний музей гэж байлаа. Одоо бүгд байхгүй. Удахгүй Монголын үндэсний цирк гэж байлаа, бас л үгүй болсон гэж хэлэхэд хүрэх нь. Гэхдээ циркийг ахалж буй хүн энэ бүхэнд дараахь хариуг өгч байна.

“Таван жилийн өмнө миний хүүг циркийг худалдаж авахад үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихсон байсан. Гурван жилийн хугацаанд миний хүү төр ард түмний нуруунд оногддог ачааг дангаараа өөрийнхөө нуруун дээр үүрээд авч явсан. 2010 онд хүү маань зодог тайлж циркийн санхүүжилт бүрэн зогссон. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг сайжруулж байж шинээр гарч ирж буй авьяаслаг хүүхдүүдийг дэмжих, хойч үеийг бэлтгэх ёстой гэсэн үүднээс 131 хүүхдийн 16 хамтлагийн бэлтгэлийг нь хийлгүүлээд явж байна. Мэргэжлийн циркийн хүн биш ч урлагийн төлөө гэсэн сэтгэлийн минь хүчинд энэ хүүхдүүд 2008-2012 оны сүүл хүртэл олон улсын тэмцээн уралдаанд оролцож, эхний байрын шагналуудыг авсаар ирсэн.

Би циркийн хүүх­дүү­дийнхээ хүчийг нь сааруулж, чадлыг нь бууруулж яваагүй. Цаашид ч гэсэн олон улсын тэмцээн уралдаанд оролцох хүүхдүүдийг бэлтгэж байгаа. 2013 оноос дэлхийн хэмжээний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа. Хүн болгон очоод олон улсын циркийн тэмцээнийг үзэж чаддаггүй юм. Би өөрөө ч үзэж чаддаггүй. Тийм учраас тэр тэмцээн уралдаанд ордог хүмүүсийг авч ирж тоглуулна. Шинэ боловсон хүчнүүдийг ч бэлтгэж байна.
Циркийн алтан манеж үгүй болоогүй. Гэхдээ бид тодорхой хугацаанд л үл хөдлөх хөрөнгийнхөө ашиг­лалтыг нэмэгдүүлж байгаа юм шүү. Удахгүй циркийн эр­гэн тойронд урлагийн аж үйлдвэрийн төв болох болно. Тийм зорилт дэвшүүлж ажиллаж байгаа” хэмээн их аврага Д.Дагвадоржийн ээж, Монголын үндэсний циркийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам хэлсэн юм.

Ямартай ч, Улсын циркийг хувьчилснаас хойш уран бүтээлчид нь хувийн ажлаа эхлүүлж, өдгөө “Шинэ цирк”, “Циркус Монголиа Хадгаа”, “Кон арт”, “Хан Монгол”, “Шонхоодой”, “Эрдэнэс”, “Анжелс”, “Мэжик”, “Хулан”, “X roses” зэрэг хувийн студи, хамтлаг байгуулагдсан билээ. Уран бүтээлээ бие даан хийж байгаа эдгээр хамтлагийг циркийн найруулагч Д.Зоригт, алиалагч, найруулагч Ч.Хатанбаатар, уран нугараач Т.Буд, жүжигчин Ш.Цогтхүү нар тэргүүлэн ажилладаг юм.
“Шинэ цирк” төв одоогийн байдлаар Төмөр замд орон сууцны нэг давхарт сургуулилтаа хийдэг. “Циркус Монголиа Хадгаа”, “X roses” циркийн уран бүтээлчид Циркийн сургуультай зэрэгцэн “Хуучин цирк”-ийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг.

Харин “Хан Монгол” морьт­ны холбоо морьт харваа, морин циркийг хөг­жүүлэхээр “Өлзийт” хо­роо­лолд төвхнөсөн. Мөн “Эрдэнэс” цирк Орхон аймагт, “Шонхоодой” цирк Дархан-Уул аймагт ажиллаж байна. Бас Монголын маань 60 гаруй уран бүтээлч БНСУ-ын Чежү арал дээр “Морин циркийн үзүүлбэр” тоглолтоо жуулчдад хүргэж байна. Энэ мэтчилэн чадварлаг уран бүтээлчид нь бие даан гарсаар циркчингүй цирк болох вий дээ.

Түүх хэзээ ч мартагддаггүй гэсэн үг бий. Тэгвэл бас нэгэн түүх сөхөхөд өнгөрсөн жил циркийн жүжигчид Монголын циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэхдээ “Хуучин цирк”-ийнхээ умгар өрөөнд цуглаад агуу урлагийн тухай ярилцаж суусансан. Тэгэхдээ “70 жилийн өмнө манай ахмадууд яг л энд сууж байсан даа” хэмээн ярих нь дурсамжтай хэдий ч гунигтай сонсогдож билээ. “Циркийг худалдааны төв болгох гэж л хувьчлаагүй л юм бол нүдэн дээр өрнөж буй өөрчлөлтүүдийг залруулж болдоггүй юм уу” хэмээн үзэгчид, энэ урлагт насаараа зүтгэсэн хийгээд ид гялалзаж буй уран бүтээлчид хэлдэг. Циркээ эргүүлж авахаасаа өнгөрсөн юм бол ядаж үндсэн үйл ажиллагааг нь явуулах амлалтаа биелүүлэхийг хувьчилж авсан эздээс нь шаардах эрх үзэгчдэд бий. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.