Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛД 149 ХЭСГИЙН ХОРООНД МАРГААШ ДАХИН САНАЛ ХУРААНА


Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол гэсэн зургаан дүүргийн 149 хэсгийн хороонд сонгогчийн ирц хүрээгүй тул дахин санал хураана. Дүүргүүдийн сонгуулийн хороо энэ сарын 30-нд буюу маргааш дахин санал хураах шийдвэр гаргажээ. Дахин санал хураахад сонгогчийн ирцэд босго тогтоогоогүй учир хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагчаар тодрох юм. 
Зарим хэсгийн хороонд сонгогчийн ирц хүрээгүйтэй холбогдуулан СЕХ дээрх дүүргүүдийн сонгуулийн хороонд амралтын өдрүүдэд дахин санал хураах тухай зөвлөмж хүргүүлжээ.
Гэтэл дүүргүүдийн сонгуулийн хороо бид шийдвэрээ гаргачихсан гээд зөвлөмжийг нь хүлээж аваагүй аж.
Дээрх зургаан дүүргийн сонгуулийн хороо дахин санал хураалтын дүн гарсны дараа нэгдсэн дүнгээ СЕХ-нд өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Багануур, Багахангай, Налайх дүүргийн сонгуулийн хороо ИТХ-ын сонгуулийн дүнгээ СЕХ-нд ирүүлжээ. Энэ дүнгээс үзвэл, Багануур дүүргийн ИТХ 25 төлөөлөгчтэй. Тэдний 13 МАН-аас, 12 нь АН-аас сонгогджээ. Багахангай дүүргийн ИТХ-ын 17 төлөөлөгчийн 12 нь МАН-аас, тав нь АН-аас сонгогдсон байна. Харин Налайх дүүргийн ИТХ 25 суудалтай. Үүний 11-ийг нь МАН, 12-ыг нь АН, хоёрыг нь МАХН-ынхан авчээ.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, санал авах өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны баасан гарагт 08.00-14.00 цагийн хооронд санал өгөх иргэдийг ажлаас чөлөөлөхөөр шийдсэн.Нийслэлд дахин санал хураах хэсгийн хороодыг доорх хүснэгтээс харна уу.


Хүлээлт үүсгэсэн орон нутгийн сонгуулийн дүн

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн нийгэмд хүлээлт үүсгэв. Сонгууль дуусаад ес хоног өнгөрлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл сумын болон зарим дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн гараагүй байна. Харин аймгуудын сонгуулийн хороо нэгдсэн дүнгээ ирүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооныхон өчигдөр орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.8-д заасныг баримталж, өнгөрсөн хугацаанд орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүнг мэдээлээгүй гэдгээ тайлбарлав. Хуулийн эл хэсэгт “Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ” гэж заажээ.
СЕХ орон нутгийн сонгуульд зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх л үүрэгтэй аж. Тэгээд ч орон нутгийн сонгуулийн тухай хуульд СЕХ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүнг мэдээлэхгүй, тухайн аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нийтэд хүргэнэ гэж тусгасан байна.


Аймгуудын ИТХ таван бие даагчтай

Аймгуудын ИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүнгээс үзвэл,  нийт 745 суудлаас 334-ийг нь МАН, 379-ийг нь АН, 16-г нь МАХН, дөрвийг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, нэгийг нь ИЗНН, хоёрыг нь МАХН-ИЗНН-ын эвсэл авчээ. Харин аймгуудын ИТХ-ын таван суудалд бие даагч залрах нь. АН 13 аймагт олонхи болсон бол МАН есөн аймагт олонхи болжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуулийн гол өрсөлдөөн энэ хоёр улс төрийн хүчний дунд өрнөсөн гэсэн үг.


Аймгуудын ИТХ-ын сонгуулийн нэгдсэн дүн


Сумдад зургаан хэсгийн хороонд санал тэнцжээ
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сумын ИТХ-ын сонгуулийн дүн одоог хүртэл СЕХ-нд ирээгүй. Тиймээс хэчнээн хэсгийн хороонд ирц хүрээгүй тухай мэдээлэл алга” хэмээн ярив.
Орон нутгийн сонгууль болсон өдрийн маргааш нь бидний Аймгийн сонгуулийн хороодын дарга болон нарийн бичгийн дарга нартай холбогдоход сумдад 21 хэсгийн хороонд ирц хүрээгүй бол зургаан хэсгийн хороонд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн гэсэн урьдчилсан мэдээг өгсөн юм. Тиймээс хуульд зааснаар эдгээр хэсгийн хороонд ч дахин санал хураахаар болоод буй.
Нийслэлийн зургаан дүүрэг болон сумдын ирц хүрээгүй хэсгийн хороодод дахин санал хураахад хэчнээн хэмжээний зардал гарах нь ч одоогоор тодорхойгүй байна. Юутай ч, энэ сарын 21-нд улс орон даяар өрнөсөн сонгуульд 5,4 тэрбум төгрөг зарцуулсан билээ.


Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах санал гаргана    

Орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тодорхой санал боловсруулж, УИХ-д хүргүүлнэ гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, СЕХ-ныхон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Орон нутгийн сонгуульд автомат машин ашиглаж байгаа тохиолдолд нэгдсэн дүн гаргах хугацааг хуульд тав хоног, нийтэд мэдээлэх хугацааг ч долоо хоног гэж заах шаардлагагүй гэнэ. Нэгэнт автомат машин ашиглаж байгаа учраас энэ хугацааг цөөрүүлэх боломжтой гэж тэд үзэж байв.

Сонгуулийн санал хураах хуулийн хугацаа дууссаны дараа СЕХ-ны мэдээллийн төвд сумын сонгуулийн хорооноос анхны мэдээ долоон минутын дотор ирсэн гэнэ.  Нам, эсвэл, нэр дэвшигчдийн ажиглагчид тэрнээс өмнө энэ мэдээг хэвлээд авчихдаг. Тэгээд ч санал хураалтын дүнг автомат машинаас хэвлээд авчихдаг, ямар нэг боловсруулалт хийдэггүй учир сонгуулийн нэгдсэн дүнг тав хоног хүлээх шаардлагагүй гэдгийг Ч.Содномцэрэн дарга хэлж байлаа.
Одоогоор гаргаад буй өөр нэг санал нь СЕХ аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн мэдээг авч зарлах  эрхийг ч хуульд тусгах шаардлагатай гэнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан