Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХЭНХ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ, ЗАМ ДАВАА ХААГДЖЭЭ


Дөнгөж өвлийн эхэн сар шувтарч байгаа энэ үед орон нутагт өвөлжилт хүндэрч эхэлсэн. Зарим аймаг, суманд цасны зузаан 70-80 см хүрээд байгаа. Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас аймгуудад өвөлжилт ямар байгааг тодруулахаар өчигдөр цахим хурал хийлээ. Өнөөдрийн байдлаар хэд, хэдэн аймагт өвөлжилт хүндрээд байгаа аж.


Говь-Алтайд мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Говь-Алтай аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь цасанд хучигджээ. Шөнө орсон цас өдөртөө хайлж, мөстөж буй учраас мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Аймгийн хэмжээнд 2.3 сая толгой мал байгаагийн 4000 гаруй нь отрын бүс нутагт өвөлжих юм байна. Түүнчлэн цас их орсноос зам даваа байсхийгээд хаагдаж байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Одоогоор гурван сумын томоохон зам, даваа хаагдсан тул нэг удаа нээхэд 5-6 сая төгрөг зарцуулж байна. Тиймээс цаашид зам даваа нээхэд шаардагдах хөрөнгийг улсаас шийдэж өгөх хэрэгтэйг ярив. Тус аймагт он дуустал 60 орчим сая төгрөг шаардлагатай аж. Өвс, тэжээл хадгалах агуулах барих юм. Энэ асуудлыг холбогдох газруудад удаа дараа уламжилж ирсэн ч өнөө хэр нь хариу өгөхгүй байгаа тухай гомдол мэдүүллээ. Аймгийн хэмжээнд нэгэнт өвөлжилт хүндэрч эхэлсэн тул малчдыг малаа тарга тэвээрэгтэй байгаа үед нь нядалж махны нөөц бүрдүүлэхэд анхаарахыг хүсч онд оруулах малаа тэжээхийг зөвлөлөө.


Өмнөговь, Дундговь нөөцийн өвсний үнийг буулгахыг хүслээ

Тус аймагт найман суманд цасан бүрхүүл тогтож, таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Уржигдар шөнө зарим суманд нь цасан шуурга болж, салхины хурд 28 метр секунд хүрснээс Манлай сумын малчин н.Батжаргалын 300 гаруй толгой мал уруудан алга болжээ. Цаашид цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд хэлэв. Тиймээс өмнөх жилийн улсын нөөц дэх өвс тэжээлийн үнийг хямдруулж, малчдад худалдах арга хэмжээ авах шаардлагатай байгааг санууллаа. Энэ саналыг Дундговь аймгаас ч тавьж байв. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өмнөх жил нэг боодол өвс 4400-4600 төгрөгийн үнэтэй байна. Хэрэв үнийг нь буулгачихвал малчид худалдаж авах боломжтой, нөгөө талаас фондыг шинэ өвс тэжээлээр хангах шаардлагатай гэж байлаа.

Баянхонгор аймгийн хувьд бусадтай харьцуулахад өвөлжилт хэвийн, тогтуун байна. Уулархаг нутгаараа 90 хүртэл см зузаан цас тогтсон нь өвөлжилт хүндэрч болзошгүйн дохио. Улсын онцгой комиссоос ирэх сарын 10-н хүртэл улсын нөөц дэх өвс тэжээлийг хөдөлгөж болохгүй гэсэн бодлого барьж буй нь цаг алдах аюултайг сануулав. Учир нь зам даваа хаагдаагүй, цаг агаар хэвийн байгаа энэ үед улсын нөөц дэх өвсийг сумд руу татаж, малчдад худалдах нь зүйтэй. Одооноос зохион байгуулахгүй бол цаг агаар хүндэрсэн үед боломжгүй болно гэв.


Ховд аймагт шатахууны нөөцгүй байна

Ховд аймгийн хэмжээнд 2.1 толгой сая мал өвөлжинө. Цас их орсноос мал бэлчээрлэхэд хүндэрчээ. Одоогоор Чандмань, Дуут, Мөст, Мөнххайрхан суманд бэлчээрийн даац хэтэрч, цас нэмж орвол байдал бишдэнэ гэдгийг яамны удирдлагуудад дуулгалаа. Тус аймагт шатахууны нөөц бүрдүүлэх шаардлагатай төдийгүй цас их орвол хэрэглэх нөөц байхгүй гэнэ.

Харин Хөвсгөл аймгийн хувьд өвөлжилт хэвийн байгаа ч Шинэ-Идэр, Цагаан-Уул, Цагаан-Үүр суманд өвс тэжээл байршуулах шаардлагатай аж. Зам даваа хаагдсан үед энэ ажлыг зохион байгуулахад хугацаа алдах учраас цаг алдалгүй эл асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавилаа.
Завхан аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь нь цасанд дарагджээ. Аймгийн хэмжээнд 7400 малчин өрхийн 2.4 сая толгой мал өвөлжих юм байна. Өвс тэжээл дутагдаж болзошгүй учраас аймаг дахь өвсийг сумд руу хүргэж эхэлжээ.


Өвөрхангайд өвөлжилт хүндэрч, Увсын зарим газарт 1.6 метр цас хунгарлажээ

Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч эхэлжээ. Аймгийн хэмжээнд 30 гаруй удаа цас орж, шуурсан бол 11 суманд байдал хүндэрчээ. Цасны зузаан зарим газарт 60-80 см тогтож, мал бэлчээрлэх боломжгүй байгаагаас малчид бэлтгэсэн өвс, тэжээлээ дуусчээ. Сумдад байршуулсан өвс, тэжээл ч дуусах болсон гэнэ. Өвлийн сар дөнгөж эхэлж байгаа энэ үед малаа муутгалгүй тарга тэвээрэгтэй байхад нь нядалж нөөцлөх үүрэг аймгаас  өгсөн байна.

Увс аймгийн нийт нутгийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтож, хунгарласан хэсэгтээ цасны зузаан 1.6 метрт хүрчээ. Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 100, хилийн зурвас бүсэд 660 мянган толгой мал өвөлжих шаардлагатай учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тэд хүслээ. Цас ихтэй учраас зам даваагаар явах боломжгүй болж, давааг нээхэд 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна.

Дээрх мэдээллийг авсны дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан аймгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө дутуу бүрдүүлсэн аймгийн удирдлагад хандаж зах зээлд худалдах өвс тэжээлтэй байгаа Сэлэнгэ, Булган, Төв аймагтай гэрээ байгуулах, зам даваа хаагдахаас өмнө шаардлагатай газруудад өвс, тэжээл байршуулах, малчдаас хүнсний хэрэгцээнд нийлүүлэх мал, махыг нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэхийг үүрэг болголоо. Мөн байгаль цаг уурын хүндрэлийг эдийн засгийн хохирол багатай даван туулах арга нь малаа зах зээлд худалдах гэдгийг малчдад ойлгуулж тарга тэвээрэгтэй байгаа үед нь нядалж, төв суурин газарт хүргэх ажлыг зохион байгуулахыг санууллаа.

Дашрамд, 2009-2010 оны өвөл улсын хэмжээнд 10 гаруй аймагт өвөлжилт хүндэрч зуд болсноор 10.3 сая толгой мал хорогдож, 570 тэрбум төгрөгийн хохирол амссан гашуун сургамж бий. Тухайн үеийн Засгийн газраас энэхүү хохирлыг даван туулахын тулд 9.8, гадаадын орон, олон улсын байгууллагаас 12.3, гадаад дотоодын хандиваар 27.1 нийт 49.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан