Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨЛСНИЙ АЖИЛЧДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Х
Манайхан эр, эм гэлтгүй Өмнөд Солонгос руу ажил хийхээр яваад ар гэр рүүгээ цалингийн заримыг “шидэх”-ийг ирээдүйдээ хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж үздэг болсоор удаж байна.Ойролцоогоор манай улсын 30 мянга гаруй иргэд Өмнөд Солонгост ажил хийж, ар гэртээ жилдээ хэдэн тэрбумаар тооологдог төгрөгийг явуулж байдаг. Аж үйлдвэрлэл, гүйцэд бүтээгдэхүүний экспорт өндөр хөгжөөгүй манай улсын хувьд энэ мөнгө маш их дэмжлэг.
Хөлсөлж байгаа орны иргэд тэдэнд дургүй, хөлслөгдөж байгаа улсын иргэд, сангийн сайд, намын дарга нар үүнд ихэд дуртай. Гэхдээ зөвхөн манай улс л Өмнөд Солонгос мэтийн улс руу хямдхан ажиллах хүч гаргах замаар дотоодын эдийн засаг ба улс төрийн асуудлаа шийдээд байдаг юм муу болов уу гэтэл бас үгүй юм.

Хамгийн наад зах нь ХБНГУ дахь туркчууд байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Холбооны Герман нь Өрнөд Европын бусад улсуудын адилаар ажиллах хүчний ихээхэн хомсдолд орсон юм. Аймшигтай дайнаар ажлын гол хүч болсон 18-35 насны эрэгтэйчүүд хамгийн их амиа алдсан болохоор арга ч үгүй. 1950-аад оноос хойш өсөн сэргэж байгаа Өрнөд Европын эдийн засагт хямдхан ажлын хүч асар ихээр шаардагдах болсон. Зүүн Европын улсуудаас ийм ажлын хүч авч болох байсан ч Зөвлөлт нэртэй аварга том гүрэн төмөр хөшиг татсан болохоор арга буюу Европ тивд хамгийн ойр Азийн улсаас авах шаардлагатай болов. Энэ улс нь Турк байлаа. Туркт улстөр, эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдэл эрс нэмэгдсэн, харин эрчимтэй хөгжиж байгаа Герман тэргүүтэй Өрнөд Европт хямд ажлын хүч хэрэгтэй байсан гэхээр ямаршуу таатай нөхцөл бүрэлдээд байсныг харуулж байгаа юм. Ингээд Турктэй албан ёсоор гэрээ байгуулсны дагуу ажилчдыг оруулж ирэх болсон бөгөөд 1961 онд ердөө 7116 турк Германд албан ёсоор гэрээт ажилчнаар орж ирж байсан бол 1971 он гэхэд 652 мянга, 1981 онд нэг сая 546 мянга, 1991 онд нэг сая 779 мянга, 2001 онд нэг сая 998 мянган турк иргэд Германд ажиллах болсон.  Германы статистиктийн албаны явуулсан  судалгаанаас үзвэл эдгээр бараг хоёр сая орчим хүний 53 хувь нь ар гэрээ “татах” шугамаар орж ирсэн хүмүүс бөгөөд 17 хувь нь Германд төрсөн туркууд юм байна. Тэдний дийлэнх нутагт нь цаг сайхан болохоор буцаж очоод “хүн шиг амьдарна” гэсэн бодолтой байдгийг олон тооны судалгаа харуулсан. Өөрөөр хэлбэл Солонгост байгаа манайхантай адил, тэнд суурьших хүсэлтэй хүн цөөн, цаг сайхан болохыг хүлээн ар гэр рүүгээ мөнгө илгээдэг юм. Эдгээр туркчууд жил болгон хамгийн бага дүнгээр нэг тэрбум гаруй еврог нутаг руугаа явуулдаг аж. Зөвхөн Өрнөд Европт ийм үзэгдэл байдаг гэвэл том төөрөгдөл.

Хуучин Зөвлөлтийн бүрэл­дэхүүнд байсан Дундад Азийн­хан ОХУ-д очиж “халтуур” хийх болсон. Узбек, Тажик, Киргиз зэрэг улсаас жил болгон олон сая хүн манайхан Солонгос руу явдагтай адил Орос руу очиж ажилладаг. Өөрийн улсын эдийн засаг, улстөрийн таагүй байдлаас болоод “хүн шиг” амьдрах боломжгүй болсон хүмүүс Орост хар ажил хийж олсон мөнгөө нутаг руугаа, ар гэр рүүгээ илгээнэ. Зарим эх сурвалжийн дурдаж байгаагаар бол зөвхөн Тажик улс гэхэд л ДНБ-ийхээ 20 орчим хувийг Орост халтуур хийж явуулсан мөнгөнөөс бүрдүүлдэг аж. Ийм хэмжээнд хүрвэл том улс төрийн хэмжээнд хүрнэ гэсэн үг. Тиймдээ ч саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Тажикт айлчлах үедээ тус улсад байгаа цэргийн баазуудын байрлах хугацааг Орост “халтуур” хийж байгаа хүмүүстэй шууд холбосон. Улмаар шинээр байгуулсан гэрээний дагуу Тажикийн “халтуурчид” орост албан ёсоор, татвар суутгалаа төлөөд байвал хөөгдөнө гэж айлтгүйгээр хоёр жил ажиллах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Орост халтуур хийж байгаа тажикуудыг “учиргүй” гадуурхаад байвал тус улс дахь Оросын цэргийн баазуудыг хөөнө гэдгээр барьцаалжээ.

Цаашилбал, зөвхөн Орос гэлтгүй Казахстан гэж улс бий. Манайхаас олон арван мянган казахууд ерээд оны оны үед Казахстан руу цагаачилж ажилласан нь нууц биш. Тэд чамлахааргүй мөнгө хийсэн, тэр мөнгөөрөө зарим нь одоо ч сайхан амьдарч байгаа. Гэтэл зөвхөн манай улсаас Казахстан руу цалин мөнгөний эрэлд хатсан иргэд цагаачлаад, дүрвээд, “харлаад” байна уу гэвэл бас тийм биш юм. Уран, шатдаг хий гээд дэлхийн зах зээл дээр нэн тэргүүний эрэлт хэрэгцээтэй байгаа эрдэс, түүхий эдийн олборлот, экспортоор дэлхийд толгой цохиж байгаа улс бол Казахстан. Тэгэхээр энэ улсын хөдөлмөрийн хөлсний хэмжээ хөрш зэргэлдээ улсуудаас хавьгүй өндөр. Харин энэ бол эдгээр улсуудаас, өндөр цалин, өндөр боломж хайн цагаачлагч, дүрвэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэх гол шалтгаан юм.
Цаашлаад, Өмнөд Афри­кийн бүгд найрамдах улс руу хөрш зэргэлдээ улсуудаас хэдэн саяар тоологдох хүмүүс ажил, цалин, амьдралын арай таатай нөхцөл хайн орж ирж байна.

Энэ талаараа хамгийн их дарамттай байдаг улс бол АНУ. Жил болгон хэдэн саяар тоологддог цагаачид орж ирсээр, сүүлдээ бүр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж тус улсын улстөрчид нотолж байна.
Манай улсад ч урд хөршөөс нутагтаа байдгаас илүү өндөр цалин хайн ирж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг бүгд л мэддэг. Эдгээр нанхиад иргэд авсан цалингаа дээрх бүх хүмүүсийн адилаар ар гэр рүүгээ явуулна. Энэ бол манай улсад алдагдалтай нь мэдээж.

Иймд гадны хямд ажлын хүчийг том бизнесийнхэн хөлслөж байдаг улс болгонд нэгэн хөдөлгөөн газар авч байгаа гэдгээрээ бүгд адил. Энэ бол хэт үндсэрхэг үзлийн давалгаа. Германы неонацистууд цагаачлан ирсэн туркуудын эсрэг чиглэсэн гэсгээн цээрлүүлэх элдэв ажиллагаа явуулдаг болоод олон жил болж байна. Манай хойд хөршид Дундад Азиас ирсэн тажик, киргиз, узбек мэтийн хөлсний ажилчдыг янз бүрээр гадуурхах, харгислах үзэгдэл газар авч, сүүлийн жилүүдэд бараг л өдөр тутам болж байдаг жирийн үзэгдлийн хэмжээнд очлоо. Казахстанд ч байдал энэ тал руугаа хазайж байгаа бөгөөд гадаадын ажиллах хүчин заавал казах хэл сурах, казахын албан ёсны түүх соёлыг мэдсэн байх ёстой гэсэн шаардлагыг тус улсын эрх баригчид тавих болсон. Оросууд мөн адил тажик, киргиз, узбекүүдийг заавал орос хэл сур, оросын түүх соёлыг цээжээр мэддэг бол гэж байгаа. Америк бас л өөрийн улсын түүхийг мэд, ойлгодоггүй юм гэхэд цээжээр мэддэг бай, англиар ярь гэсэн шаардлага тавьдаг. Цагаачид олноор орж ирдэг Франц, Нидерланд, Норвеги гээд бүх орон яг адил. Наад зах нь Өмнөд Солонгос руу ажил хийхээр явж байгаа монголчууд хүртэл солонгос хэлний дамжаанд сууж зөв бичих дүрмийг нь төрөлх хэлний дүрмээс илүү сайн цээжлээд явдаг болоод цөөнгүй жил болж байна. Товчхондоо бол улс болгон л манай улсын иргэн болох гээд байгаа юм бол ярианы төдийгүй бичгийн хэлийг нь сур, түүхийг нь цээжил, ёс уламжлалыг нь хүндэл гэсэн шаардлага тавьдаг. Тэгвэл манай улсын иргэн болох гэсэн хүмүүс манай улсын түүх, хэл соёлыг хэр сурдаг, хэр хүндэлдэг юм бол? 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан