Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хөдөө орон нутагтай эргэх холбоотой ажиллаж байна

“Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” арга хэмжээний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Засгийн газар хөдөө орон нутагт хэрхэн ажиллаж, цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэл хийлээ.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлал бий болгосон нь ач холбогдлоо өгч байгааг тэрээр онцлов. Тулгамдсан ажлуудыг холбогдох яам, агентлагуудад өгч тодорхой шийдэлтэйгээр цахим хурлыг хийдэг. Засаг дарга нар бусад аймаг орон нутгийн цагийн байдал, тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авч байгаа. Цахим хурал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн давуу талтай гэлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад хугацаандаа ашиглалтад ороогүй, дутуу барилга байгууламжийн судалгааг 2008-2012 оны байдлаар гаргахад 53 барилга байгаагийн 11 нь аймгийн төвүүдэд, 12 нь нийслэлд, 30 нь хөдөө сумдад байна. Нийт төсөвт өртөг нь 132,2 тэрбум төгрөг бөгөөд 83,4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс   авчихсан хэрнээ гүйцэд баригдаагүй ноцтой зөрчлийг цахим хурлын үр дүнд илрүүлсэн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга хэлж байна.
Орон нутгийн иргэд аймгийн төвөө хот болгох, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож өгөөч гэсэн саналыг байнга тавьдаг. Иргэдийн энэ санал Шинэчлэлийн Засгийн газрын зорилт болж байгааг Г.Дэнзэн дарга хэлээд 2013 онд Өмнөговь, Дорнод, Хөвсгөл, Дундговь аймгууд Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдоно. Харин 2014 онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтайг холбоно, 2015 онд баруун гурван аймгийг холбоно гэлээ.
Аймгийн төвүүдийг битүү захтай болгох, эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар Засгийн газар ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийн удирдлагуудтай Ерөнхий сайд цахим хурал хийж, санал авсан байна.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ сонсох “11 11 төв” ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд  13 мянга 500  санал ирсний 7350 нь орон нутгаас ирсэн санал хүсэлт байгаа. Эдгээрийг бололцооны хэрээр шийдвэрлэж, хэрэгжилттэй, хяналттай, орон нутгийн иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллахыг зорьж байна хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан