Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг нээлттэй ажиллая, иргэн та оролцоотой байгаарай

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2012 оны 8 дугаар сарын 20-нд бүрдэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 100 хоног өнгөрчээ. Нийгмийн бүх шат давхаргад шинэчлэлт өөрчлөлт хийж, хөгжлийг зөв тогтолцоогоор урагшлуулан түргэтгэх хэмээн үйл ажиллагааны үндсэн чиг зорилгоо тодорхойлж, “Шинэчлэлийн” гэсэн нэрийг өмнөө тодотгол болгон авсан энэ Засгийн газар 100 дахь хоногоо тохиолдуулан хийжамжуулсан ажил, хийхээр төлөвлөсөн бодлого зорилтоо ард иргэддээ цувралаар танилцууллaa.
Долоо хоногийн турш өрнөсөн “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” цуврал арга хэмжээг өнгөрөгч даваа гаригт гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээж байсан бол өчигдөр "ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ" хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтоор хаалаа.
Хүндэтгэлийн хурлын эхэнд Ерөнхий сайд Норовын Алтанхуяг "Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт" сэдвээр илтгэл тавьсан. Хүсэл зорилгогүй нэгний хувьд нэгэн хэвээр өнгөрсөн байж болох энэ 100 хоног Шинэчлэлийн Засгийн газрын баг бүрэлдэхүүний хувьд олныг бодож боловсруулсан, хийж хэрэгжүүлсэн, цаашдын их ажлынхаа суурийг бат тавьсан чухал үе байлаа гэж Ерөнхий сайд хүндэтгэлийн хурлын индрээс хэллээ. Тэрбээр илтгэлдээ Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулсан гол гол ажлаа танилцуулж, ирэх дөрвөн жилийн зорилт төлөвлөгөөгөө ард иргэддээ тайлбарласан юм. Төрийн бодлого, үйл ажиллагаа ирэх жилүүдэд хаашаа чиглэхийг түмэн олон мэдэж, үнэлж дүгнэж, сайшааж,шүүмжилж, санаа сэдэл өгч байгаасай гэсэн үүднээс бид энэ цуврал үйл ажиллагааг зохион байгуулсaн юм гэж Засгийн газрын тэргүүн илтгэлийнхээ төгсгөлд тодотгосон.
Ерөнхий сайдын илтгэлийн дараа Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж хамтран ажиллаж буй улс төрийн намуудын сайдуудыг төлөөлж Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар үг хэлж, нийгмийн бүх шатанд хийхээр зорьж буй шинэчлэлийг дэмжихийг уриалсан юм.  
Шинэчлэлийн Засгийн газрын багийнхан бүрэлдэхүүнээрээ индэрт гарч ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төлөвлөсөн бүхнээ бид хийх болно, хэдхэн жилийн дараа манай улс амьдрах ая тухтай нөхцөл бүрдсэн сайхан орон болно. Өөдөлж урагшлахын гараан дээр зогсож байгаа энэ үед таатай мэдээ дуулгахаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар маань хилийн чанадад хийсэн томилолтоосоо дөнгөж сая ирлээ. Тэд маань олон улсын зах зээл дээр 1,5 тэрбум ам.долларын Засгийн газрын бондыг амжилттай арилжаалжээ. Энэ нь ирэх жилүүдэд өрнүүлэх томоохон бүтээн байгуулалтуудын хөрөнгийн эх үүсвэр болно.Хүсэл сэтгэл, зорилго чиглэлээрээ нэгдэж чадвал манай ард түмэн зорьсноо биелүүлсээр ирсэн түүхтэй. Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй ажиллая, харин иргэн та оролцоотой байгаарай. Эрчимтэй хөгжлийн босгон дээр ирсэн эх орноо хамтдаа хөгжүүлье” гэж уриаллаа.
Шинэчлэлийн Засгийн газрын сайд, дэд сайдууд СТӨ-нд цугласан түмэн олонтойгоо цуг Төрийн дуулал эгшиглүүлэн төрдөө хүндэтгэл үзүүлснээр хурал өндөрлөлөө. Үүний дараа “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” цуврал үйл ажиллагааг хааж урлагийн тоглолт толилууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан