Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.А.Медведевтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзлаа. Хойд хөршийн Ерөнхий сайд Д.А.Медведев 2009 онд Ерөнхийлөгчийн хувиар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан ба тэрхүү уулзалт  хоёр талын харилцаа хамтын ажиллагааны цаашдын төлөв хандлагыг тодорхойлоход чухал түлхэц болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд онцоллоо. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрш орнуудтай тогтоосон харилцааг бүхий л талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болохыг дурдаад Шинэчлэлийн Засгийн газар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй буйгаа дурдсан юм. Мөн 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах бөгөөд энэ хурлаар хоёр орны өмнө хуримтлагдсан олон асуудлыг ажил хэрэгчээр ярилцаж тодорхой үр дүнд хүргэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ч Засгийн тэргүүн онцолсон юм. Уулзалтын үеэр манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдсөн бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байгааг ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан