Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтын ажиллагааны шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурлаа

БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Ли Ки Хуан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өнөөдөр БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Ли Ки Хуаныг хүлээн авч уулзлаа. Албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Ли Ки Хуан нар өнөөдөр хамтын ажиллагааны шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид манай улсын Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, НҮБ-ын суурин төлөөлөгч, НҮБХХ-ийн суурин зохицуулагч хатагтай Сезин Сенаноглутай уулзах юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс анх 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засаг, нийгмийн гэх зэрэг олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж стратегийн түнш улс болсны нэгээхэн жишээ нь Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын харилцаа хамтын ажиллагаа юм. Анх 2006 оны 9 дүгээр сард БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн Муун Вон Кёнг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан цагаас эхлэн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, техник, багаж зэвсэглэмжийн чадавхийг нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлд амжилттай хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилт, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх 1,2 сая ам.долларын төслийг амжилттай хэрэгжүүлснээр Гамшиг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны чадавхи дээшилж, эрдэм шинжилгээний хүрээлэн болж өргөжөөд байна. 2008 оноос хойш БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах алба-119-өөс зохион байгуулдаг “Олон улсын хот суурин газрын эрэн хайх аврах ажиллагааны сургалт”-д Монгол Улсын Онцгой байдлын албаны 120 аврагч хамрагдаж мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд орон нутаг, олон улсын түвшний гамшгийн үеийн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн 2011 оны 3 дугаар сард Япон Улсын Мияаги мужид болсон хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэлтэйгээр үүссэн цунамигийн гамшгийн эрэн хайх, аврах ажиллагаа, мөн Судан Улс дахь НҮБ-ын Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэгт Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагчид оролцсон нь мөн л энэхүү сургалтын үр дүн юм.

“Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх хүрээнд БНСУ-ын талаас гал унтраах албаны автомашин-6, эмнэлгийн болон түргэн тусламжийн автомашин-5, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин-1-ийг тус тус буцалтгүй тусламжаар олгосон нь Хэнтий, Завхан, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Дорноговь зэрэг нийт 10 гаруй аймгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд үр дүнтэй ашиглагдаж, Монгол Улсад тохиолдсон гамшгийн үр дагаварыг арилгах үйл ажиллагаанд зохих хувь нэмэр үзүүлж байна. Үүнээс гадна 2012 оны 5 дугаар сард Монгол Улсын Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн үеэр түлэгдэж хүнд бэртсэн тус аймгийн аврагч гал сөнөөгч А.Болорсүхийн эмчилгээнд зориулж БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах алба-119-ийн ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан нь хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа, анд нөхдийн эрхэм журмыг илтгэсэн үйл явдал болсон. Аливаа гамшгийн үр дагавар зөвхөн нэг улс орон бус, бүс нутаг, цаашлаад тив дэлхийг хамтран тохиолдож байгаа өнөө цаг үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор манай хоёр оронд тохиолдож буй ган, зуд болон цаг агаарын бусад аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой байна. Хоёр тал хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаар 2013-2016-онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хоёр орны гамшигтай тэмцэх хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, өргөжүүлэн хөгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан