Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Засгийн газрын үнэт цаас Монгол Улсын нэр хүндээр дэнчин тавьсан өр шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас гаргаж байгаа Чингис бондын талаар УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нартай уулзаж зөвлөмж өглөө. Тэрээр, “2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн ҮАБЗ-ийн нээлттэй зөвлөмж гарсан. Монгол Улсын арилжсан үнэт цаасны мөнгө Монгол Улсын дансанд орж ирсэн. Хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол Монгол Улс хариуцлагатай улс болох ёстой. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэд хүртлээ бүгд хариуцлагатай байх ёстой. Ялангуяа албаны хүмүүсийн хийж байгаа мэдэгдэл үнэтэй болсон. Олон улсын хөрөнгө оруулагчийг үргээсэн, популизм хийсэн улс төр явахгүй. Бондоор бодоход УИХ-ын нэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийхэд ойролцоогоор 10 сая ам.доллар болж монголчуудын нуруунд бууна. Өмнө бид татварынхаа хуулиар мөнгө цуглуулаад төсвөө бүрдүүлж, асуудлаа тогоон дотроо ярьдаг байсан. Одоо бол дэлхий нийтийн өмнө хийж байгаа үйлдэл бүхэн, хэлж байгаа үг бүхэн чинь үр дагавартай шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Ингээд бүгдээрээ энэ өдрөөс эхлээд хариуцлагатай болох хэрэгтэй” гэсэн юм.
Үндэсний аюулгүй байдлаас гаргасан нээлттэй зөвлөмжид УИХ-д хандаж хоёр зүйлийг тусгажээ. Үүнд, Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, тавих хяналтад шаардагдах нэмэлт эрх зүйн орчинг УИХ-ы намрын чуулганд багтаан бүрдүүлэхийг зөвлөжээ. Тодорхой хэлбэл, энэ хуулийн төслийг салбарын сайдад үүрэг болгосон юм. Мөн дээрээс нь,  зарцуулалт, төсвийн сонголт, хэрэгжүүлэлтэд тавих хяналтыг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хариуцан хяналт тавих ёстой аж. Мөн үнэт цаасны үйлчилгээ, хүүгийн болон үндсэн төлбөрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулахад тавих хяналтыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хариуцах ёстой гэдэг зөвлөмжийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргажээ.
Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээс төсөл, хөтөлбөр сонгон санхүүжүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, УИХ-ын даргад бичгээр танилцуулж байхыг тусгажээ.
Хамгийн чухал нь үнэт цааснаас орж ирсэн орлогыг юунд зарцуулахыг ч мөн тодорхой тусгажээ. Ингэхдээ Эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашигтай, эргэн төлөгдөх баталгаа төслийг санхүүжүүлнэ гэж зөвлөмжид тусгажээ. Ингэхдээ нэн түрүүнд дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэх аж. Харин Засгийн газрын үнэт цаасаар орж ирсэн мөнгийг төсвийн алдагдал нөхөх, төсвийн урсгал зардал, тэр дундаа нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулахгүй байхыг хатуу анхааруулсан байна.
Хэдийгээр Засгийн газрын үнэт цаасыг гадаадынхан ихээхэн сонирхож байгаа хэдий ч эрсдэл өндөр байгааг Ерөнхийлөгч анхааруулсан юм. Тиймээс үүсч болох эрсдэлийг тооцож, эрсдэлийн удирдлагын механизмыг бүрдүүлэх үүднээс эдийн засгийн чиглэлийн яамд, шинжээчдээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах ёстой гэсэн юм.
Энэхүү бондын хүү өнөөдрөөс эхэлж бодогдож эхэлж байгааг мартах эрхгүйг Ерөнхийлөгч анхааруулсан. Монгол Улс жилд 70 сая орчим ам.долларын хүү төлөх аж. Таван жилийн дараа 500 сая, 10 жилийн дараа тэрбум төгрөгийн хүү төлнө гэсэн үг. Тиймээс үр ашигтай, эрсдэлгүй төсөлд маш хурдан зарцуулах ёстой.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Элбэгдорж УИХ, Засгийн газарт хандаж, “Энэ бодлого Монгол Улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Тэр хүмүүс авсан бид төлөхгүй гэж тайвширч болохгүй. Заавал төлөгдөх ёстой шүү дээ. Төлөхгүй бол тэр бондыг өөр улс худалдаж аваад манай улс хэн нэгэн улсын эрхшээлд л орно гэсэн үг. Ер нь, энэ бонд бол Монгол Улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж байж авсан өр шүү” гэв.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан