Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ УУРХАЙД ТУЛГУУРЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ЯДУУРАЛ


Монгол Улсыг сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт өөр нүдээр хардаг болсон. Хүн болгон манай эдийн засгийг сонирхож, анхааран судалж буй. Учир нь, дэлхийд нөөцөөрөө дээгүүрт орох нүүрс, зэс болон газрын ховор элемент, төмрийн хүдэр, уран зэрэг ашигт малтмалаа олборлох болсонд оршино. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлт нь хурдацтай байгаа билээ. Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өссөн. Гэвч  энэ оны эхний хагас жилийн байдлаар  13.2 хувь болсон тухай  статистик судалгаа бий.  Энэ бууралт нь нүүрсний экспорт зогсонги байдалд орж, орлого тасалдсантай холбоотой гэдэг. Мөн зэс, жонш, төмрийн хүдэр гээд бусад ашигт малтмалын үнэ өнгөрсөн жилийнхээс хямдарсан. Гэвч энэ онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурахгүй хэмээж байгаа.

Судалгааны байгууллагууд  2016 он хүртэл манай улсын эдийн засаг дунджаар 12-оос дээш хувиар өснө хэмээн тодорхойлж буй. Эдийн засгийн энэ өндөр өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай. 2008 онд уул уурхайн салбар нийт экспортын 68 хувийг эзэлдэг байв. Харин энэ жил  94 хувь боллоо. ДНБ ч огцом өссөөр. Хөрөнгө оруулалтын  “Eurasia Capital” банкны судалгаагаар энэ жил манай улсын ДНБ 8.9 тэрбум ам.доллар болно гэдэг. Цаашид 2020 он гэхэд 35 мянган ам.доллар хүртэл суга өсөх тооцоо гарсан. Улсын төсөв 2010 онд 3.1 их наяд төгрөг байсан бол энэ жил 5.7 их наяд төгрөг болон өсөв. Уг мөнгөний 1.3 их наяд төгрөг нь уул уурхайн орлогоос бүрдсэн. Ирэх жил долоон их наяд төгрөгт хүрнэ. Үүний бараг хоёр их наяд төгрөг нь уул уурхайн салбараас орох нь.
Ийнхүү тус салбар улсын эдийн засаг, ДНБ, төсвийн орлого өсөх, том боломжийг  олгож байгаа ч зайлшгүй анхаарах ёстой сөрөг нөлөө нь жилээс жилд бас нэмэгдсээр. Тухайлбал, эдийн засагт уул уурхай дангаараа ноёрхвол аж үйлдвэр болон бусад салбараа шахдаг.  Гурав, дөрвөн жилийн өмнө хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг байсан.  Гэтэл өнөөдөр 13 хувь болтлоо буурчихаж. Эсрэгээрээ  уул уурхайн салбарын  ДНБ-д эзлэх  хувь өссөн. Гурван жилийн өмнө тус салбар ДНБ-ий 30 орчим хувийг  бүрдүүлдэг байсан бол  эдүгээ 35 болжээ. Үндэсний сататистикийн хороо 2005 онд эдийн засгийн салбар хоорондын тэнцэлийг үнэлсэн загвар гаргасан.  Үүнээс хойш ийм загвар, судалгаа гаргасан зүйл алга. Дээрх загвараар тооцож үзэхэд уул уурхайн салбар хоёр дахин өсөхөд боловсруулах салбар таван хувиар буурсан байжээ. Жишээлбэл, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө бага байх үед  аж үйлдвэрийн салбар эдийн засгийн 11 хувийг бүрдүүлдэг байсан бол эдүгээ есөн хувь болж буурсан аж.

Уул уурхайг хэт  шүтсэн эдийн засагт хөрөнгө оруулалтаа зөв хийж чадахгүй бол ашигт  малтмалын үнийн мөчлөг дагаж хямрах эрсдэл бий хэмээн судлаачид анхааруулсаар байгаа.  Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах,  өндөр инфляц дагуулах үзэгдэл гаарах төдийгүй эдийн засаг өрсөлдөх чадваргүй болдог аж. Жишээлбэл, өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 50,60 ам.доллар болж буурахад улсын төсвийн орлого тасарч, эдийн засаг хүндрэх харанга дэлдэж байна.

Нөгөө талаар, иргэдийн орлогын тэш бус байдал улам газар авч ядуурал нүүрлэдэг.  Эдийн засаг огцом өсч, улсын орлого нэмэгдэхэд өнгөрсөн жил төрөөс иргэний хувь хишиг гэж нэг өрхөд дунджаар нэг сая орчим төгрөг олгосон. Энэ нь баялгаа хувиарлаж, өрхийн орлогыг нэмэгдүүлж буй нэг хэлбэр боловч угтаа нийгэм, эдийн засгаа хорлосон явдал болсон. Үүнийг ганцхан жишээнээс харахад хангалттай. Иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй байсан 2008 онд ядуурал 36 хувьтай байж. Гэтэл бэлэн мөнгө тараасан өнгөрсөн онд 39 хувьд хүрч нэмэгдсэн судалгаа бий. Энэ жил өрхийн орлого гавьтай нэмэгдээгүй ч бэлэн мөнгө тараасны уршигаар өргөн хэрэглээний бараа, инфляц өсч зарлага нь нэмэгдэж эдийн засгийн тэр өндөр өсөлтийн үр шимийг хүртэж чадахгүйд хүрчээ. Иймд манай улсын эдийн засгийн явж буй зам нь бартаа ихтэй буруу тийшээ зүглэж буйг харуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр  “Голланд өвчин”-ий халдвар манай эдийн засаг авсан нь тодорхой болжээ. 

Өнөөдөр уул уурхайн орлогоо эдийн засгийн салбар болон иргэдэдээ зөв жигд эрх тэгш хүртээж хөгжлийн тулгуур болгож чадсан улс бол Чили, Индонез, Ботсвани юм. Тэдний нууц нь  уул уурхайгаас төвлөрөх орлогоо “Зөв хувиарлах сан” бий болгосонд оршино. Уг нь, газрын баялаг нь монголчуудыг баян айлын царайлаг охид,  хөвгүүд болгох  боломж бүрэн бий. Харин үүнийгээ хэрхэн зөв ашиглах шийдэл олох нь өнөөдөр тулгараад байна. Тэгж чадахгүй бол сүйрэл рүүгээ алхам алхмаар ойртсоор байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан