Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавес дахиад л хорт хавдартайгаа тулалдах нь

Ердөө таван сарын өмнө л хорт хавдраас ангижирсан хэмээх баярт мэдээгээ ард түмэнтэйгээ хуваалцан баярлаж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес дахин хорт хавдартай тулалдах ёстой болжээ. Хэдхэн хоногийн өмнө Гаванад очиж эмчилгээ хийлгэхдээ тэрээр хорт хавдар нь дахин сэдэрсэн гэдгийг мэджээ. Одоо тэрээр ойрын хугацаанд мэс засалд орох шаардлагатай болоод байгаа тул  Үндэсний ассамблейгаасаа чөлөө хүссэн юм.  Тус улсын хуулиар төрийн тэргүүн нь таваас дээш хоногоор хилийн чанадад байх болвол  парламентаас зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Кубын нийслэлд очиж мэс засал хийлгэх шаардлагатай болсон Уго Чавест чөлөө өгөх эсэх дээр Венесуэлийн хууль тогтоогчид нэлээд маргалджээ.
Ерөнхийлөгчийн намынхан болон түүнийг дэмжигчдийн зарим нь уйлж, зарим нь дуулан Ерөнхийлөгчийнхөө тэвчээр хатуужлыг үнэлэн, хурдхан явж эмчилгээгээ эхлэх хэрэгтэй гэж байсан бол сөрөг хүчний зүгээс У.Чавес мэс засал хийлгэсэн ч цаашид төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадах уу гэдэг асуудлыг гаргаж тавьсан байна.  Тэр ч бүү хэл сөрөг хүчний удирдагч Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлэх хэрэгтэй ч гэж  мэдэгджээ. Сөрөг хүчнийхэн “Венесуэлийн нийслэл Гавана биш Каракас. Энэ улсын шийдвэр энэ нутаг дэвсгэр дээр л гарах ёстой” хэмээн эсэргүүцэж байсан бол Ерөнхийлөгчийг дэмжигчид “Тэр Венесуэльд байна уу Кубад байна уу хамаагүй, хаана ч байсан манай Ерөнхийлөгч хэвээрээ л байх болно” хэмээн сөрж, хоёр тал нэлээд маргалдсаны эцэст У.Чавесын Гавана явахыг зөвшөөрчээ.
У.Чавес ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн нь одоо хүртэл нууц хэвээр байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан