Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИД УТААТАЙ ИНГЭЖ ТЭМЦДЭГ

Эхийн хэвлийд байгаа үр хүүхэд эмгэгтэй төрдөг болсон тухай, тэр өвчний үүсвэр нь агаарын бохирдол, утаа байсан тухай мэдээг та дуулсан биз ээ. Утаанаас болж хорвоод мэндэлж буй хүүхдүүдийн 3.2-3.6 хувь нь хүчилтөрөгчийн дутаг­далтай болж буй судалгаа гарчээ. Хамгийн сүүлийн судалгаагаар 10 төрөлт тутмын гурав нь ямар нэг гажигтай төрөлт байгаа аж. Мөн гэр хорооллын 120 сурагчийн цусанд хар тугалгын хэмжээ их байгааг шинжилгээгээр нотолжээ. Хар тугалга ихэдсэнээс болж хүүхдүүд уур уцаартай, ой тогтоолт муутай болж байгаа аж. Үүний цаана бидэнд мэдэгдээгүй эмгэг, өвчинтэй хүүхэд хэр олон байгаа нь тодорхойгүй. Өвлийн хүйтнийг ажрахгүй давахын төлөөх үйлдэл маань өөр нэг эрсдэлийг дагуулдаг. Олон арга замаар утаатай тэмцэж болдог гэдгийг гадаадын олон хотын туршлага баталдаг. Харин Улаанбаатар хотод хэрэгжүүлээд эхэлчихсэн доорхи есөн арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх боломжтой бололтой.

Утаагүй зуух

2011 он. Нийслэлийн утааг 70 хувь хүртэл бууруулах “утаагүй” зуух нийлүүлэв. Үнийг нь 90 хувь хямдруулж иргэдэд зарахад үр дүн нь шууд мэдрэгдэнэ гэж албаныхан хэллээ. Гэвч өнөөдөр байдал хэвээрээ. Нийслэлийн зарим дүүрэг, бүсүүдэд л агаарын бохирдол 10 хувь буурсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Гэлээ ч энэ зуух нүүрсийг бүрэн шатааж, өмнө нь гарч байсан утаанаас хорт бодисын агууламж багатай утаа цацдаг гэдгээрээ давуу талтай. Нийслэлийн 184 мянган өрх нийтээрээ бүрэн шаталтат зуух хэрэглэвэл хүүхэд, томчуудын эрүүл мэндэд нөлөөлөх нь бага юм. Энэ жил 10 мянган утаагүй зуух нийлүүлэх ажил дууссан.
250 мянгаас эхлэх үнэтэй зуухыг хэд дахин хямдруулж өгөхийг хүлээсэн айл ч цөөнгүй бий. Гэлээ ч тэд хожим утаанаас үүдсэн өвчнөө эмчлүүлэхэд зарах мөнгөний хажууд 250 мянган төгрөг хэр хэмжээ вэ гэдгийг ухамсарлахгүй байсаар. Ухамсарласан нэгэн нь худалдаад авчихъя гэж зориглохгүй байгаа нь харамсалтай.

Шахмал түлш

Утаагүй зуух үнэтэй гээд авч чадаагүй эсвэл хэрэглээнээсээ жаахан мөнгө хэмнэж дөнгөхгүй байгаа айлуудад зуухнаас өөр сонголт бий. Шахмал түлшээр гал өрдвөл энгийн хэрэглээний зууханд ч бүрэн шатаж дуусдаг аж. Модны үртэс, малын бууц, өндөр илчлэгтэй нүүрсний үйрмэгээр хийдэг шахмал түлшийг нүүрснээс үнэтэй гэж иргэд хэлдэг. Тийм ч учраас хэрэглэх нь харьцангуй бага байдаг гэнэ.Нөгөө талаар шахмал түлш нүүрснээс илч муутай болохоор тэр бүр авдаггүй хэмээн гэр хорооллынхон хэллээ. Хэдий тийм боловч нэг өрхийн эрүүл мэнд, экологид хөнөөлгүй хэрэглээнээс нийслэлийн утаатай тэмцэх ажил эхэлж байгааг мартаж болохгүй.

Цахилгаан халаагуур

Экологид ямар ч сөрөг нөлөөгүй, аюулгүй хэрэглээ бол цахилгаан халаагч. Монгол залуугийн бүтээсэн халаагуурыг тавихад сард доод тал нь 30 мянган төгрөг төлнө. Гэвч хүмүүс үүнийг өртөг өндөртэй гээд худалдаж авахаас цааргалдаг. Өдөр бүр 1500 төгрөгөөр шуудай нүүрс авч түлэхэд доод тал нь 45 мянга болно. Харин халаагуур сард 30 мянган төгрөг зарцуулдаг. Эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үүднээс ялгаатай энэ хоёр аргаас иргэд хамгийн тааруу аргыг нь сонгож, нүүрс түлсээр.
Цахилгаан халаагч 500 мянган төгрөгийн үнэтэй учраас иргэд авах гэж зориглодоггүй байна. Гэсэн ч зохион бүтээгч залуу үүнийг банкны лизингээр худалдаж болно гэлээ. Мөн иргэд цахилгаан халаагч муу халаадаг гэсэн буруу ойлголтоосоо огт салаагүй байна. Ийм шалтгааны улмаас монгол залуугийн бүтээсэн 20-26 хэмийн дулаан ялгаруулдаг цахилгаан халаагуур ердөө шинэ бүтээл төдий зүйл болоод үлдэхэд хүрчээ.

Халдаг хана

Хана, тааз болон шал халаагчийг монголчууд үйлд­вэрлэж чадна. Төлбөр өн­дөртэй гэх шалтгаан нь хэрэглээнд нэвтрэх ажлыг чөдөрлөдөг байна. Ам.метр нь 95 мянган төгрөгийн үнэтэй, Монголын уур амьсгалд зориулагдсан шалнаас ха­лаагчийг 150 айлд үнэгүй өгөөд байна. Энэ халаагуур нэг ам.метр талбайг хоногт 49.5 киловатт эрчим хүчээр халааж байгааг судалгаагаар тогтоожээ.
Мэдээж нэг гэрийг бүхэлд нь шалнаас халдаг болгохын тулд эхний удаад нэг сая гаруй төгрөг зарцуулна. Хэдий тийм ч цаашид нүүрс түлж, байгаль орчин, эрүүл мэнд, ариун цэврийн хүндрэлтэй асуудалд сэтгэл зовнихгүй амьдарч болно. Цахилгаан халаагуурыг өрх бүр хэрэглэж эхэлвэл Улаанбаатарын одоогийн утааны 75 хувь нь ор мөргүй алга болох юм билээ.

Орон сууцтай болох

Гэр хорооллын утааг огт байхгүй болгох сонгомол гарц нь өрх бүрийг орон сууцтай болох гэж жил гаруйхны өмнө нийслэлчүүд бид итгэж байлаа. Төр засаг ч үүнийг ойлгож “100 мянган айлыг орон сууцжуулах” төсөл эхлүүлэв. Гэвч өнгөрсөн хугацаанд 750 айлын асуудлыг шийджээ. Энэ хурдаар 100 мянган айлыг орон сууцтай болгох ажил үлгэр гэдэг үгтэй утга нэг зүйлийг сайд нь ч хэлсэн.
Орон сууцны ам.метрийн үнэ 1350 ам.доллараас өндөр байгаа энэ үед нийгмийн дийлэнх хэсгийг эзэлж байгаа дунджаас доогуур орлоготой өрх байртай болох боломж хомс. Энэ нь иргэдээс огт хамааралгүй бөгөөд төр, засгийн зүгээс зөв бодлого хэрэгжүүлэх ёстой асуудал юм.

Эко байшин сонгох

Нэгэнт байртай болж чадахгүй бол эко байшинг худалдан аваад байранд амьдарч байгаа мэт дулаан, тохитой байх боломж бий. Д.Сүхбаатарын талбайд одоо ч байгаа байшинг нийтэд нь эко байшин гэж болно. Шугам сүлжээ, халаалт дулааны асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн байшингийн ам.метрийн дундаж үнэ 900 мянган төгрөг.
Орон сууцнаас хямд шинэ байшингийн зарим нь өөртөө нарны зайтай, цахилгаан халаагууртай, шал-хананаас халаагчтай. Дундаж талбайтай байшин 25-30 сая төгрөг боловч иргэдийн халааснаас энэ мөнгө шууд гарах боломжгүй. Төр засаг, төсөл хөтөлбөрөөс шинэ үеийн гэр хорооллыг бүтээн босгоход анхаарвал эко байшин бодит ажил хэрэг болоход ойрхон байна.

Төвийн шугам сүлжээнд холбогдох

Орчин үеийн боловсон байр, байшинтай болгоход хүндрэлтэй байвал одоо байгаа хашаанд халуун ус хүргэх нь оновчтой гарц юм. Ийм дэд бүтцийг бий болгоход 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч бий. Мэдээж өрх бүр хашаандаа хүртэл 2.5 метр гүнзгий сувгийн шуудуу ухаад, дулааны хоолой, халаагуур худалдаж аваад, түүнийгээ сантехникчээр холбуулаад ашиглах нь багагүй зардал гаргах болно. Нэг өрхийн ийм ажил ойролцоогоор 1.5 сая төгрөгийн төсөвтэй.
Гэхдээ төр үнэхээр нийслэлийн утааг дорвитой бууруулъя гэж бодож байгаа бол зоригтой хөдөлж хашаа бүрийг халуун усанд холбох төсвийг яаралтай олвол зохилтой. Иргэд ч ийм ажлыг дэмжихгүй бол бүтэхгүй, эрүүл орчин, тухлаг амьдралын нэг хэлбэр нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Сэргээгдэх эрчим хүч

Өнөөдөр хөдөөний өрхүүд л нарны зай, салхин сэнс ашиглаж ахуйн цахилгаан хэрэглээгээ хангаж байгаа бол нийслэлд тийм айл нүдний гэм. Гэхдээ байшинг нарны зайгаар халаах технологийг Д.Сүхбаатарын талбайд гарсан байшингуудаас харж болно. Тэр байшингийн үнийн багагүй хэсэг нь нарны зайнд шингэсэн боловч жинхэнэ экологид санаа тавьдаг иргэдийн сонголт ажээ.
Улаанбаатар хотоос 70 км зайд Салхит гэдэг газарт тус бүр 50 мегаватт хүчин чадалтай 31 салхин сэнсийг байгуулах ажил эхэлжээ. 120 сая ам.доллараар хэрэгжих төсөл эхэлвэл жилд 175 мянган тонн нүүрсийг хэмнэх боломжтой. Салхи ихтэй манай улсын хувьд эрчим хүчний дундаршгүй ундарга тэнд босч байна. Тиймээс иргэд цаашид цахилгаан халаагуурыг сонговол алсыг харсан явдал болох нь дамжиггүй.

Хуучин машинаас ангижрах

Монголд цоо шинэ эсвэл хуучин гэх хоёр төрлийн машин явж байна. Мэдээж 240 мянга гаруй автомашин байгаагийн 10 хувь нь дулаан гараашт зогсдог. Үлдсэн хувь буюу царцсан автомашинууд асахдаа энгийнээс 10 дахин их хорт утаа ялгаруулдаг. Мөн хуучрах тусам машины утаа дутуу шатаж, хорт бодис ихэсдэг гэдгийг та мэдэх биз. Машины утаанд 260 гаруй төрлийн хорт элемент байдаг гэх судлаачдын тооцоолол ч бий. Энэ утаа Улаанбаатарын агаарын бохирдлын 20-30 хувийг эзэлж байна.
Тиймээс мэргэжилтнүүд иргэдэд шинэ машин худалдаж авах, машинаа дулаан газар байрлуулж байх, элэгдэж муудсан бол цаг алдалгүй засварлах гэх зэрэг энгийн зүйлийг зөвлөж байна. Харин төрийн зүгээс хуучин автомашиныг ямар нэг байдлаар зах зээлээс шахах бодлого баримталвал хүн, хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа хор хөнөөл багасах нь тодорхой.

Утаатай тэмцэх ажил хэрхэн өрнөж байна вэ?

Монголчууд яндангаасаа гаргасан утаатай тэмцсээр л байна. Одод утааны эсрэг нэгдэж тоглолт хийгээд, 1000 хүүхэд Д.Сүхбаатарын талбайд флаш-моб бүжиглээд ч утаа буурсангүй. Спортын алдарт тамирчид иргэдэд хандан уриалга-захидал бичихдээ “Утааны хүнд металл, хорт бодис нь газрын хөрснөөс 120 см буюу хүүхэд багачуудын амьсгалдаг тэр орчинд тунаж үлддэг” гэж жишээ авчээ. Хүүхэд ирээдүйнхээ төлөө санаа зовж л байгаа бол бид үнэтэй, өртөг ихтэй гээд дээрх бүгдийг зүгээр өгч, үнэгүй тараахыг нь хүлээх ёсгүй. Агаарын бохирдлыг бууруулах маш олон аргыг хүмүүс бид сэджээ, түүний нэгийг нь ч атугай хэрэгжүүлэх цаг ирээд байна.
Канад улсын Саймон Фрэйзерийн их сургуулийн эрдэм­тэн Рэйн Аллен Улаан­баа­тар хот дахь 10 нас баралтын нэг нь агаарын бохирдлоос болж байгааг тогтоожээ. Нэг хүн өдөрт дунджаар 16 литр цэвэр агаар хэрэглэдэг гэнэ. Хэрэв нийслэлийн гэр хороол­лын айлууд утаагүй амьдралын хэвш­лийг сонговол энэ стан­дарт нийслэлчүүдэд тун удахгүй ирнэ.
Салхитад босгох салхин сэнсээр 100 мянган айлын эрчим хүчийг хангаж дөнгөнө. Ойрын жилүүдэд энэ ажил дуусахад сэргээгдэх эрчим хүчний амтыг монголчууд мэдэрч, цахилгааны үнэ улам ч хямдрах нөхцөл бүрдэх аж. Үүнээс гадна “Цэвэр агаар” төслийн багийнхан агаарын бохирдлыг бууруулах бүтээгдэхүүнд урамшуулал олгож, одоогийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх ажлыг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дээр өгүүлсэн бүх ажлыг шат шатанд нь 2013 онд хийж гүйцэтгэхээр 282.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан