Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.БАТ-ЭРДЭНЭ: УРЛАГИЙНХАН МААНЬ ӨӨРСДИЙГӨӨ Л ЯРИАД ӨРӨӨЛИЙГ ХАРДАГГҮЙ

Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг нэгэн үеийн нийтийн дуучид буюу С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ гурав ар араасаа хэл амтайхан авсан нь саяхан. Гэвч С.Жавхлангийн хувьд улс төржиж гүйсээр урлагаас хөндийрсэн төдийгүй гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолчийн энгэрт зүүж орхисон бол, Т.Баясгалан сүмоч Д.Батбаярын гэргий болоод мартагдаж эхэлж байна. Харин Ч.Бат-Эрдэнийн хувьд эрдэм сурч, гавьяатын тэмдгийнхээ гавьяаг гаргахаар Ирланд руу явсан. Тэгвэл тэрээр гурван жил орчим Ирландад суралцаад нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна. Түүнийг Ирландаас буцах үед нь хэтийн зорилгыг нь сонирхон түр саатуулсан юм.
-Ирландад ирсэн зорилгоо бүрэн биелүүлж чадав уу. Ямар чиглэлээр диплом хамгаалаад буцаж байна вэ?
-Стратеги лидер шифийн дипломын курст 2,7 жил сурлаа. Дипломоо аваад нутаг буцаж байна. Гол нь Европын сургалтын онцлог юундаа байдаг юм бэ, менежмент гэдэг зүйлийг хэрхэн яаж хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг сурч мэдэхийн зэрэгцээ Монгол орноо дотор талаас нь биш гаднаас нь харахыг хичээлээ. Ирланд үндэсний соёл өвөө яаж хадгалж хамгаалдаг юм бэ гэдгийг ч бас зах зухаас нь судаллаа. Ямар ч байсан зорьсон зорилгоо биелүүллээ. Мэдээж эхний дөрөв таван сар хэцүү байсан ч, энд байдаг монголчуудынхаа дэмээр хурдан дассан.
-Монголдоо очоод хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа зүйл юу вэ. Менежмент гэхээр Монголын урлагаа гадаадад таниулах талаар мэдээж судалсан биз дээ?
-Бодож байгаа зүйл их ээ. Их том зүйлийг бодоод багыг ч гэсэн хүртэх ёстой гэж ойлгодог. Хувийн уран бүтээлээс илүүтэй, соёл урлагийн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Монголын соёл урлагийн салбарын стратегийг их зөв тодорхойлох ёстой юм байна аа. Бид хэн байгаа, хэн болох ёстой вэ, хэн байсан бэ гэдгээ зөв тодорхойлоод нэг цэгээс хөдлөх ёстой юм байна гэж ойлгосон. Бид дэлхий нийтийн жишигт нийцсэн ч Монголынхоо хөрсөнд буусан стратегийг маш зөв төлөвлөх хэрэгтэй гэдгийг мэдэрлээ. Энэ чиглэлд өөрийнхөө чадлыг зориулж ажиллана. Дэлхийн соёл урлагийн зах зээл дээр Монгол маань ямар үнэтэй байгаа вэ, Монгол дотроо мундаг ч гадаад руу гарвал хэн  байх билээ, Монголын урлагийн талаар дэлхий шуугьж чадаж байна уу гэдгийг олж харахыг хичээсэн. Бид өнөөдрийн чиг хандлагаа өөрчилж, тэрийгээ урлагийнхан маань ойлгож, дэлхийн төвшинд гарах хэтийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа энэ үед нэг нэгнээ үгүйсгэж биш хамтран ажиллах нь хэрэгтэй байна гээд олон зүйл хийхээр бодож байна аа.
-Монголдоо очоод хэрэгжүүлж эхэлнэ дээ гэсэн тодорхой төсөл байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Багш нартайгаа нийлээд Монголын соёл урлагийн менежерүүдэд зориулсан Монголын соёл урлагийн менежментийн талаар “Удирдахуйн лавлах” гэсэн ном хоёр жилийн өмнө гаргасан. Соёл урлагийн менежер хүн ямар байх ёстой вэ гэдэг тал дээр анхан шатны мэдлэг олгох зорилгоор менежментийн тодорхой асуудлуудыг ойлгоход амар төвшинд бичихийг хичээсэн. Үүнийхээ үргэлжлэл 10-аад номыг гаргахаар томоохон төсөл явж байна.
-Монголын урлаг дэлхийд хөөмэй, уртын дуу ч гэх мэтээр тодорхой хэмжээгээр танигдсан. Харин орчин үеийн гэдэг ч юм уу, шинэ үеийн залуус маань дэлхийн тавцанд гарна гэвэл хүндхэн байх л даа. Танд гарц харагдаж байгаа хэрэг үү?
- Ер нь, Монголын урлагийг дэлхийн тавцанд гаргахыг хамгийн том зорилгоо болгон тавиад байгаа. Бид яаж дэлхийн тавцанд гаргах вэ гэдэг талаар төсөл боловсруулж байна. Монголчууд өөрсдийгөө дэлхийн талыг эзэлж байсан гэж яриад байдгаараа монгол морины хөл хүрсэн газар бүрийн түүхийг судалж үүнтэйгээ уялдуулан урлагаа дэлхийн тавцанд гаргах боломж бий гэж үзэж байгаа. Тиймээс энэ судалгаандаа хамаг анхаарлаа чиглүүлж ажиллаж байна.
-Уран бүтээлчид маань ч өөрсдөө хоцрогдсон сэтгэлгээтэй байдаг юм уу даа. Нэг л хуучинсаг үзлээсээ салж чадахгүй байна уу гэж харагдаад байдаг?
-Соёл урлагийн салбарт маань мэргэжлийн менежмент дутуу байгаа. Мастер төлөвлөгөө гэж алга, соёлын тухай хуулиа өнөөдрийг хүртэл шинэчилж чадаагүй байна гээд үндсэн зүйлээ хийгээгүй байна.
Тэрийгээ л хийчихвэл дараагийн хөгжил дэвшлийн асуудлаа ярина. Үндсэн нэг зорилготой болчихвол уран бүтээлчид маань тэр зүйл рүүгээ чиглээд ажиллана. Хэдийгээр хуучин процедур нь байгаа ч хэн зориулж юу хийж чадах вэ гээд яривал асуудал их бий. Уран бүтээлчдээ боловсруулах асуудал маш хоцрогдсон. Өөрсдийгөө л яриад байдаг. Өрөөлийг хардаггүй юм уу гэж бодоод байгаа. Хуулиас гадна соёлоор дамжуулж хүнээ хөгжүүлж төлөвшүүлдэг шүү дээ. Тэгэхээр хүний хүн байх орчныг бүрдүүлэхийн тулд соёл урлагийн салбар маань хөгжил өндөр байх ёстой. Монгол Улсын маань хийсэн зөв алхмын нэг бол Соёл, спорт аялал жуулчлалын яам гэж тухайлан байгуулсан явдал. Энэ бол хамгийн дэмжүүштэй зүйл болсон шүү.

Н.Хандбазар

0 Сэтгэгдэл
зөв сэтгэж байнаа.энэ одоо дуулаад дуулаад гавихгүй юм чинэ арай өөрөөр хоолоо олж идэх нь зөв
Хамгийн их уншсан