Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.ТҮВДЭНДОРЖ: Нэр төр гутаахтай холбоотой заалтаа Эрүүгийн хуулиас халахыг НҮБ зөвлөсөн

УИХ-ын гишүүн,
Хууль Зүйн Байнгын Хорооны дарга
Ш.Түвдэндоржийн
“Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт
хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

 

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү” сэдэвт хэлэлцүүлэгт орол­цохоор зорин ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхий­лөгчөөс санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд өөрч­лөлт оруулах тухай, Иргэ­ний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүү­дийг Улсын Их Хурлын чуул­ганы хуралдаанаар хэлэл­цэж байгаа билээ. Шинэ хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэлтэй байх эрхийг улам баталгаажуулах юм.

Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэг ар­га хэрэгсэл нь ардчилсан, чө­лөөт, хараат бус, олон ур­гальч хэвлэл мэдээлэл билээ. Сэтгүүлч хүн аль хэр чөлөөтэй, улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөнөөс ангид байна тэр хэрээр хараат бус ажиллаж чадна. Сэтгүүлч ажлаа гүйцэтгэх явцад гүтгэлэг, доромжлолыг олон нийтэд тараасан бол баривчлах ял ногдуулж байгаа нь шударга шүүмжлэлийг няцаах, үнэн мэдээллийг саармагжуулах, олон нийтийг төөрөгдүүлэхэд ашиглагдаж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан өөрийгөө цензурдэхэд хүргэдэг хатуу шийтгэл болохыг НҮБ өөрийн гишүүн орнуудад удаа дараа сануулж байгаа юм.

Нэр төр гутаахтай холбоо­той асуудлыг иргэн хоорондын маргаан гэж үзэж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг олон улсын жишиг байдаг. Үүнд ард­чилал төлөвшсөн улс орнуудаас гадна нийгмийн хөгжлийн хувьд манай улстай эрх зүйн тогтолцооны хувьд төстэй Эстон, Украйн, Румын, Монтенегро, Армен, Босни Герцогевина, Гүрж, Киргиз улсууд байгаа юм. ОХУ мөн сэтгүүлчдээ Эрүүгийн хуулиар шийтгэхээс татгалзаж байна.  НҮБ-ын Хүний эрхийн хороо 2011 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын хэрэгжилтийн тухай тайланг авч хэлэлцээд, нэр төр гутаахтай холбоотой заалтаа Эрүүгийн хуулиас халахыг зөвлөсөн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлэх, үг хэлэх хэвлэн нийт­лэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгуул­лагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчинг бүр­дүүлэх”, Монгол Улсын Ерөн­хийлөгчийн 2009-2013 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-д “Иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэтгэлийн бодлого явуула­хаар” тус тус заасан.

Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний батал­гааг хангаж, нөгөө талаас хариуцлагатай хэрэгжүүлэх зо­рил­гоор болов­руулсан Хэв­лэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл санааг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл доромжлох, 111 дүгээр зүйл гүтгэх гэмт хэрэгт өөрчлөлт оруулах төслийг хамт боловсруулсан байна. Гэмт хэргийн статистик, шүүхийн практикаас үзэхэд энэ төрлийн гэмт хэргээр ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид холбогдон, шийтгэгддэг нь сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх үйл ажиллагааны онцлогтой холбоотой байдаг байна.

Энэхүү заалт нь хэвлэл мэдээл­лийн эрх чөлөөг хязгаарлах хүчин зүйл болж байгааг нэ­лээд­гүй судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байгаа тул дэлхий нийтийн жишиг хандлага, олон улсын стандартад нийцүүлэн хүний нэр төрийг олон нийтэд гутаан, хохирол учруулсан бол гүтгэх гэмт хэрэгт тооцон, хүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол иргэний хэргээр шийдвэрлэгдэх, ингэхдээ нэр хүнд нь гутаагдсан гэж үзэж буй нэхэмжлэгч этгээд нотлох баримтаа шүүхэд гаргах зохицуулалтад шинээр тусгагдсан байгаа. Энэ чиглэлээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийх ёстой бодитой санал санаа­чилгын нэг юм. Иргэ­дийнхээ үнэн зөв мэдээлэлтэй байх эрхийг амьдрал дээр бодитой хангаж хэрэгжүүлдэг улс орон жинхэнэ ардчилсан байж чадна. Энэ бол төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй иргэдийнхээ боломж, хүчийг улам нэмэгдүүлж байгаа хэ­­­рэг билээ.  Иймд Хэвлэл мэ­­дээл­лийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад нэр төр гутаахтай хол­боо­той буюу гүтгэлэг, до­ромж­­лолыг гэмт хэрэг гэж үзсэн Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийг хөн­дөн, асуудлыг тал бүрийн орол­­­­­­­­­цоотойгоор нухацтай хэлэлцэж, цэгцтэй ойлголтод бид хүрэх ёстой. Үүнд өнөөд­рийн энэ хэлэлцүүлэг жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Хэлэлцүүлгийн үйл ажил­лагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан