АГААРЫН ЧАНАРЫН АЛБА 700 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАГАЖТАЙ БОЛНО
2012 оны 12 сарын 13
Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байгаа болон  бохирдол ямар төвшинд буй  талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн Н.Галанбейкээс тодрууллаа.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй олон бүтээгдэхүүн туршиж байгаа. Энэ  үр дүнгээ хэр  өгч байна вэ. Бохирдлын  хэмжээг бууруулж чадаж байна уу?
-Агаарын бохирдол дөрвөөс таван хувь буурсан. Энэ жил эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүн ирэх сард мэдэгдэнэ. Ямар ч байсан агаарын бохирдол 10,20 хувиар буурна гэж хэлж чадахгүй. Гэхдээ эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэсэн тухайн бүсдээ 20-30 хувь буурч байгаа. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 7500 орчим эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн түгээнэ. Иргэдэд тарааж дуусаагүй байгаа.

-Усан хөшигтэй канад зуухыг иргэдэд тараана гэсэн. Яг хэзээ иргэдийн гар дээр очих вэ?
-Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 9-10 хувь нь усан халаалтын зуухтай. Ийм  зуух хэрэглэдэг өрхүүдийн байшин дунджаар 60 ам.метр хүртэл талбайтай байдаг. Үүнийг үндэслээд энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 20 мянган зуух иргэдэд түгээх нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. “Хүрд” ХХК шалгарсан. Иргэдэд 75 мянган төгрөгөөр олгоно. Энэ зуухыг хэдэн төгрөгөөр суурилуулах уу гэдгийг нь өнөө маргаашгүй шийдчих байх.

-Аль  дүүргийн иргэдэд олгох вэ?
-Нийслэлийн агаарын чанарын алба бүх дүүргээс энэ төрлийн зуух авах иргэдийн судалгааг гаргаад ХАС, төслийг хэрэгжүүлэгч “Хүрд” ХХК-д уламжилсан байгаа. Эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт борлуулалтын цэг байгуулж, иргэдээс санал хүсэлтийг нь авч эхэлсэн.

-Үнийн хувьд Хас, Өлзий зуухнаас арай үнэтэй юм байна. Давуу тал нь юу вэ. Хас, Өлзий дэлбэрлээ гэсэн мэдээлэл мэр сэр гарсан шүү дээ?
-Усан халаалтын зуухыг паартайгаа холбож болдгоороо давуу.  Өөрөөр хэлбэл, паараараа дамжуулан дулаанаа түгээж гэрээ халаана гэсэн үг.  Аюул ч багатай. Хас, Өлзий зуух гадаргуугаараа халдаг. Гэр хорооллын боломжийн амьдралтай хүмүүст зориулсан гэж ойлгож болно.

-Агаарын чанарын албанд бохирдлыг хэмжих багаж тоног төхөөрөмж хэр байдаг юм бэ.  Шинээр тоног төхөөрөмж  авч байгаа юу?
-Манайд  2009 оноос дөрвөн жилийн хугацаатай “Жайка”-гийн чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжсэн.  Ирэх оны гуравдугаар сард дуусна. “Жайка” 700 мянган ам.долларын өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Энэ багаж нийслэлийн өмчид бүртгэгдэнэ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.