Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байкеруудын ертөнцөд морилон саат

Байкеруудын хөдөлгөөн их хямралын жилүүд болох 1950-иад онд АНУ-д үүсч Европ, Орост дэлгэрсэн гэдэг. Байкер гэдэг нь  мотоцикл сонирхогчдыг нэрлэдэг. Жирийн мотоциклчдоос ялгаатай нь байкерууд өөр хоорондоо нэгдэн амьдралын тодорхой нэг хэвшилтэй болсон байдаг байна. Байкеруудыг бөөнөөрөө явдаг, гэмт хэргийн бүлэглэл гэдэг ч тэд өөрсдөө бидний нэг хувь нь л хууль зөрчдөг бол бусад нь хуулиа сахин мөрдөж амьдардаг  гэдэг байна.
Юутай ч өнөөдөр аль ч оронд орчин үеийн хийцтэй, том том мотоцикл унасан савхин хүрэм өмсч биен дээрээ элдэв шивээс хийлгэсэн, бас өөр өөрийн гэсэн эмблем тэмдэгтэй хүмүүсийн нэгдэл хэвшил бий болон олны танил болжээ.
Ийм ч болохоор нийтийн соёлд тэд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн улс. Байкеруудын тухай олон ном зохиол, кино гарч олны хүртээл болсон. Сэтгүүлчдийн хөдөлмөрөөр тэд бол архидан согтуурдаг, хайр найргүй, хэрцгий хүмүүс гэдэг ойлголт олонд түгжээ.

“Outlaw-байкер гэдэг бол мотоцикл унах хэв загвар биш, харин  Outlaw-байкер гэдэг бол амьдралын хэв шинж” гэсэн хэлц үг ч байдаг. Үнэхээр ч байкерууд өөрийн гэсэн ертөнц бий болгон, өөрийн гэсэн дүрэм журамтай амьдардаг хүмүүс.

АНУ-д “Монгол” нэртэй байкерын клуб байдаг

 “Тамын элч” клубын тэргүүн Ральф Сонни Баргер “Диваажинд үйлчлэхээс тамд захирагдах нь дээр” гэж хэлсэн нь тэдний амьдралын хэвшил ч байж мэдэх. Ингээд зарим алдартай  байкер  клубын тухай өгүүлэх минь.

"Hells Angels" буюу Тамын элч. Америкийн хамгийн алдартай, дугуйн дээр хамгийн олон жилийг элээж байгаа мотоклуб. 1948 оны гуравдугаар сарын 17-нд Калифорни мужийн Фонтана хотод “төрсөн”. Сүлд бэлгэ тэмдэг нь “гавлын яс”, цагаан дээр улаанаар "Hells Angels" гэсэн байдаг. Өнөөдөр энэ клубын салбар нь манай гаригийн олон оронд, Шинэ Зеланд, Умард, Өмнөд Америкийн орнууд, Европ, Австралид түгсэн байдаг. Тэд бас гэмт хэргээс ангид байдаггүй. 1969 оны арванхоёрдугаар сард Altamont Speedway-д болсон концертын үеэр тайзан дээр нэг хүнийг хутгаар хэрчсэн явдал бий. Мөн байкерын “Монгол” клубийнхэнтэй казинод үймээн дэгдээж “Монгол”-ын нэг, “Тамын элч”-ийн хоёр хүн буудуулжээ.

Mongols Motorcycle Club буюу Монгол. Мөн л Калифорни мужид арьсны өнгөөр гадуурхагдаж “Тамын элч”-д элсч чадаагүй латин америк гаралтай байкерууд нэгдэж 1969 онд байгуулсан клуб. “Mongol Nation”-Монгол үндэстэн буюу Mongol Brotherhood-Монгол ахан дүүс гэж алдаршсан. Хар цагаан өнгийг эрхэмлэж, хар хувцсан дээрээ “Mongols” гэсэн бичээс, мотоцикл унаж хутга барьсан залуу дүрсэлсэн бэлгэ тэмдэгтэй. Салбарууд нь АНУ-ын баруун эргийн нутаг, Канад, Мексик, Италид бий.
2008 онд Холбооны мөрдөх товчоо “Mongols”-ыг “дэлбэлж” дээрэм, нууц ажиллагаа, зэрэгт холбогдуулан клубын ерөнхийлөгч “доктор Кэвзос” Рубен тэргүүтэй 38 хүнийг  баривчилсан. Үүний дараа нийтдээ 160 хүнийг баривчилсан бол дахин110 хүнийг баривчлахаар эрэн сурвалжилж эхэлжээ. Одоо АНУ-д “Mongols”-ыг үйл ажиллагаа явуулах, хувцас, бэлгэ тэмдгийг нь ашиглахыг нь  хуулиар хориглосон.

 
Bandidos Motorcycle Club. Вьетнамын дайнд оролцож явсан тэнгисийн цэргийн ахмад дайчид 1966 онд Техас мужийн Сан-Антониод байгуулсан. Нэг гартаа том хутга, нөгөө гартаа буу барьсан том сомбреро өмссөн мексик эр дүрсэлсэн бэлгэ тэмдэгтэй. Улаан, алтан шаргал өнгө бэлгэддэг. Салбарууд нь Ази, Герман, Австралид бий.   Bandidos гэмт хэргийн ертөнцөд байнга л дуулиан тарьж байдгаараа алдартай. Эдний гишүүд зэвсэг наймаалсан, хууль бусаар хадгалсан, хар тамхины худалдаа, халдлага, дарамтлах хэргийн улмаас байнга л торны цаана суудаг клуб.

Pagans Motorcycle Club. 1959 онд Мэриленд мужид байгуулагдаад 1965 он гэхэд хэдийнээ нэрд гарсан. Бэлгэ тэмдэг нь улаан цагаан, хөх дэвсгэр дээр Норвегийн гал бадарсан Surtr болон Pagans гэсэн үгийг дүрсэлсэн байдаг. Эд хувцасан дээрээ нацистын бэлгэ тэмдгүүдийг зүүдэг. Тэд АНУ-ын дорно эргийн бүсийг хяналтдаа байлгадаг. Тэд “Тамын элч”-ийнхэнтэй хэзээнээсээ таарамжгүй. Эдний хооронд байнгын дайн самуун болж байдаг. 2002 онд Плейнвьюд болсон урлагийн наадмын үеэр жинхэнэ тулаан болж дээрэм, түймэр дэгдсэн хэрэг гарч байсан. Нэг нь галт зэвсэг хэрэглэж хүн буудсан. Цагдаагийнхан хэдэн арван гар буу, автомат, хэдэн зуун хутга, бейсболын цохиур хурааж авсан. Нэг хүн нас барж, 10 байкер шархадсан. 73 хүнийг зодоон, эмх замбараагүй байдал үүсгэсэн, хутга зэвсэг хадгалсан хэргээр баривчилсан байна.

Outlaws Motorcycle Club. Энэ бол бүр эртний клубын нэг. 1935 онд Иллинойс мужийн Маккуке хотод сууриа тавьсан. Савхин хүрэм дээрх бэлгэ тэмдэг нь өөдөөс чиглэсэн гар буу, бас гавлын яс. Бараг 70 жилийн өмнө эхэлсэн болохоор АНУ, Австрали, Ази, Европ, Хойд Өмнөд Америкт салбарууд нь байгуулагдаж хүрээгээ тэлж чадсан. Дөрвөн оронд 20, АНУ-д 30 салбартай Outlaws-ын олон улсын Ерөнхийлөгч  Гарри Жозеф Боумен 1999 онд гурван ч аллага үйлдсэн хэргээр одоо шоронд сууж байгаа. Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж байгаа хамгийн нэртэй 10 хүний жагсаалтад тэр орж байсан юм. 

Vagos Motorcycle Club

АНУ-ын Калифорни мужийн Сан-Бернардино хотод 1960-аад онд байгуулагдсан. Ногоон өнгийг эрхэмлэж, мотоцикл унасан Норвегийн Локи бурхнаар бэлгэ тэмдгээ хийдэг. АНУ-д 24, мексикт гурван салбартай. Холбооны мөрдөх товчоо, хар тамхитай тэмцэх товчооныхон хэд хэдэн удаа эднийхийг аллага, мөнгө угаах, хууль бусаар зэвсэг наймаалсан хэргийн учир шалгаж байсан. 2006 онд эдний 25 хүний цагдаагийнхан баривчилсан нь өмнөд Калифорнид хамгийн дуулиант хэрэг болж байсан. 
Free Souls Motorcycle Club Орегон мужид 1960-аад оны сүүлчээр байгуулагдсан. Мотоциклын дугуй дотор дүрсэлсэн загалмай хэлбэрт эртний Египетийн  бэлгэ тэмдгийг өөрийн бэлгэдэл болгосон. Канадын Ванкуверт салбар нь бий. 2007 оны тавдугаар сард эдний гурван гишүүнийг зэвсэг, хар тамхины наймаа , мотоциклийн хулгай зэрэг  хэрэгт сэжиглэн баривчилж  байсан.
Highwaymen Motorcycle Club 1954 онд Мичиган мужийн Детройтод байгуулагдсан. Салбарууд нь бусад мужууд, Норвеги, Англид бий. Хар, мөнгөлөг өнгийг шүтдэг, мотоцикльчны савхин хүрэм, саравчтай малгай өмссөн, далавчтай  араг ясаар бэлгэ тэмдгээ хийдэг. Детройтын хамгийн том клуб хэдий ч мөн л гэмт хэргийн хар мөрөөсөө болоод эндэхийн мотоклубуудын холбоонд нэгддэггүй. Холбооны мөрдөх товчоо эднийхийг удаан хугацаагаар мөрдсөний эцэст 2007 онд 40 хүнийг нь баривчилж санхүүгийн залилан, захиалагат аллага, хар тамхины наймаа, цагдаад авлига өгсөн, дарамталсан зэрэг хэргээр буруутгаж байсан.

Warlocks Motorcycle Club. АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотноо 1967 онд сууриа тавьсан. Голдуу Вьетнамын дайнд оролцож явсан хүмүүс нэгддэг. Сүлд нь Грекийн домгийн далавчид Гарпи. Өнгө нь улаан, цагаан. Герман, Англи, Америкийн зүүн хойд хэсэг, Пенсильваний ихэнх нутгаар салбарууд нь тархсан. 2008 онд Пенсильваний салбарын ерөнхийлөгч нь гэмт хэргийн улмаас баривчлагдсан. Намар нь бас дөрвөн гишүүнийг нь  500 фунт хар тамхи борлуулсан хэргээр баривчилж байсан юм.

Sons of Silence Motorcycle Club АНУ-ын Колорадо мужид 1966 онд байгуулсан. Тэр жилдээ л АНУ-ын нутгаар түгэж, Германд хүртэл хэд хэдэн салбартай болсон. Латины “Donec Mors Non Seperat” гэдгийг уриагаа болгодог. Бэлгэ тэмдэг нь Budweiser пивоны компаний рекламнаас санаа авсан нисч яваа бүргэд. 1999 оны аравдугаар сард Денверт болсон нууц ажиллагааны үеэр эдний 37 гишүүнийг хар тамхины наймааны хэргээр баривчилсан. Үнэхээр ч энэ үеэр 20 фунт хар тамхи, 35 галт зэвсэг, гар гранат дөрөв, дуу намсгагч хоёр, хулгайлсан мотоцикль, чемодантай мөнгө гарсан гэдэг.
Байкеруудын тухай “Тэдний зарим нь жинхэнэ амьтан. Ямар ч нийгэмд тэд тийм л байх болно. Энэ залуус 100 жилийн өмнө амьдарч байсан бол хэнийг ч хамаагүй чөлөөтэй буудах байсан даа” гэж “Тамын элч”-ийг үндэслэгчийн нэг, хожим нь цагдаагийн ажилтан болсон Бирни Жарвис хэлсэн байдаг.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
баларсан завхарсан ажилгүй тэнэг бүдүүлэг нөхдүүд л байгаа дөө
Тансаг юм аа, мотоцикл нь. Гэхдээ л гэмт хэрэг нь дийлдэхгүй булайнууд даа.
Хамгийн их уншсан