Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАГАНУУРЫН УУРХАЙД “CATERPILLAR”-ИЙН МАШИНААР ХҮЧ НЭМЛЭЭ

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг буяны гэж нэрлэхээр байгууллага бол Багануурын нүүрсний уурхай. Нэг үгээр хэлбэл, нийслэлчүүд биднийг дулаан байлгахад гал голомтыг маань бадруулж байдаг гэсэн үг. Энэ жил 3.3 сая тонн нүүрс олборлож, цахилгаан станцуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дээрээс нь нийслэлийн иргэдийг хямд нүүрсээр ханганад гээд ачаалал нь чамгүй нэмэгджээ.
Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд Багануурт нийслэлийн цахилгааны эх үүсвэрийг барих төлөвлөгөөтэй байгаа. Энэ станцад нийлүүлэх нүүрсийг бэлтгэхээсээ илүү хөрс хуулалтын ажил хэдэн жилээр хоцорчээ.
Тиймээс эл уурхайн хэвийн ажиллагааг хангах үүднээс Шинэчлэлийн Засгийн газар тэр дундаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын бодлогын хүрээнд Багануурын уурхайд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Caterpillar”-ийн хөрсний өөрөө буулгагч машин дөрвийг хүлээлгэн өгөв. Мөн хөрс хуулагч бульдозер нэгийг авч өнгөрсөн лхагва гарагт уурхайчдад хүлээлгэж өгсөн юм.
Энэхүү хүчирхэг техникүүдийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн парламент дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат, Төрийн өмчийн хорооны дэд дарга, Багануурын уурхайн ТУЗ-ийн дарга Ж.Төмөрбаатар, Төрийн өмчит Багануур компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Вагнерази компанийн гүйцэтгэх захирал Стив Поттер, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нар оролцсон юм. Засгийн газраас 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд Вагнерази компанийн Монгол дахь албан ёсны дистребютэрээс энэ техникүүдийг худалдан авсан аж. Гэхдээ нэг машин бүрээс 500 мянган ам.долларын хямдаар худалдан авсан байна. Энэ нь сүүлийн хэдэн жилд Багануурын уурхайд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт төдийгүй, энэ уурхайн хөгжлийн эхэн үе гэж хэлж болно. Цаашлаад энэ уурхайд техникийн хөрөнгө оруулалтууд шат дараатай орно гэдгийг Багануурын уурхайн ТУЗ-ийн дарга Ж.Төмөрбаатар уурхайчдад хэлсэн юм.
Вагнерази компанийн нийлүүлж байгаа “Caterpillar”-ийн техникүүд Монголын нөхцөлд нутагшсан машин гэнэ. Өөрөөр хэлбэл, “Caterpillar”-ийн өөрөө буулгагч машиныг Багануурын уурхайчид анх удаа хэрэглэж байгаа нь энэ биш. 1998 онд  “Caterpillar”-ийн 777D загварын машиныг авч 15 жилийн хугацаанд нэг сая километр замыг туулжээ. Энэ хугацаанд уг машиныг жолоодож, уурхайн гүнээс хар алтыг зөөж байсан жолооч нийлүүлэгч байгууллагынханд хандаж, “Америкчууд аа. Энэ машины тоолуур 999.999-ыг заагаад л зогсдог юм билээ. Үүнийг хоёр сая болгож өгөөрэй” хэмээж байлаа. Энэ машиныг жирийн нэгэн жолоочид өгөөд жолоодуулдаггүй аж. Таван жилээс дээш ажилласан, ажиллах хугацаандаа осол аваар гаргаж байгаагүй туршлагатай хүмүүст хүлээлгэж өгдөг байна. Нэг машиныг дөрвөн ээлжийн жолооч 24 цагийн турш тасралтгүй ажиллуулдаг аж.
Хүчин чадал сайтай машинаар хүч сэлбэж байгаа тул уурхайн хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэллээ. Тэрээр, техник хүлээн авах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Манай компани төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаараа хангахаас гадна Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд, нийслэлийн ойр орчмын хот сууринг нүүрсээр хангадаг стратегийн чухал ач холбогдолтой уурхай юм. Өөрийнхөө техникийн хүчин чадлаараа жилд 3.3 сая тонн нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулаад дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ нэмэгдсэн. Энэ оны сүүлчээс ирэх оны гуравдугаар сар хүртэл хоёр сая тонн нүүрс нийлүүлэх шаардлагатай байгаа. Их ачааллын үед ийм техниктэй болж байгаад баяртай байна. Багануурын уурхайчид Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг дааруулахгүй, зутраахгүй байх ариун үйлсэд нойр хоолоо хасан зүтгэж байгаа. Бидний энэ ажлыг ойлгож дэмжсэн Засгийн газарт баярласнаа илэрхийлье. Ер нь, Шинэчлэлийн Засгийн газар манай уурхайд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Үүний тод илрэл нь өнөөдрийн хөрөнгө оруулалт. Түүнээс гадна бид алдсан лицензээ эргүүлэн олж авсан” гэсэн юм.
Харин Вагнерази компанийн гүйцэтгэх захирал Спив Поттер хэлэхдээ, “Бидэнд итгэл үзүүлж дөрвөн ширхэг 777D машин худалдаж авсанд талархъя. Багануурын уурхайд “Caterpillar”-ийн D10 бульдозер хамгийн анхных болж байна. 1998 онд энэ машиныг авч байсан жолооч “Би энэ машиныг нэг сая км явуулна” гэж хэлж байсан гэсэн. Гэтэл нэг сая км явсан машиныг хараад зогсч байгаад, нэг сая км явуулсан жолооч нартай хамт зогсч байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Энэ уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн хүн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Тэрээр энэ арга хэмжээнд оролцохдоо уурхайчдад хандаж, “Та нараар нийслэлчүүд бахархаж байгаа. Бас та нарыг Монголын төр, ард түмэн энэ өвлийг хэр өнөтэй дулаан өвөлжүүлэх нь вэ гэж харж байна” гэсэн юм. Түүний хувьд яг 20 жилийн өмнө энэ уурхайд кумацугийн техникүүдийг хүлээж авч байжээ.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан