Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорт хавдрын гайгаар бус хорвоогийн жамаар зул бадамлаасай

Өвөөгийнхөө гэр рүү дэндүү их яаран гүйх шахуу явсаар арай хийж ирлээ. Байшингийнх нь хаалгыг татаж үзвэл цоожтой байв. Цонхоор харахад эмээ маань ганцаараа өвөөгийн зурагны өмнө бадамлах зулын гэрэлд толгойгоо гудайлган суугааг хараад нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж, зүрх шимшрэв. 60-аас ч илүү жилийн амьдралаа хамтдаа туулсан хоёр азай буурлын минь нэгийг хорт хавдар гэгч өвчин энэ хорвоогоос аваад явснаас хойш эмээгээ гэртээ ганцаараа өдрийг яаж өнгөрүүлж байгаа бол гэхээс л сэтгэл өвдөж гэр рүүгээ яаран тэмүүлсэн минь энэ.
Насаараа архи, тамхи хэрэглэж үзээгүй 80 гарсан өвөө маань бие нь өвдөнө гэж бараг л үгүй. Хоёр жил орчмын өмнө гэнэтхэн л би эмнэлэг явмаар байна, бие хөндүүрлээд гэсээр ээжийг минь дагуулаад Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч элэгний хавдартай байж магадгүй ХСҮТ-д зургийг нь авахуул гэснээр эхний оношоор бүх зүйл тодорхой болов. Хэд, хэдэн газраа үсэрхийлсэн хавдар байна, найдваргүй. Настай хүн юм чинь үлдсэн хугацаанд сайхан асарч халамжил гэдэг үгийг ээж минь сонсоод гарч ирэх нь тэр. Өдөр бүр л үхэл, амьдралын төлөө тэмцэж буй өвчтөнүүдтэй өнөөдрийг хүртэл 32 жил нүүр тулсан сувилагч ээжийнхээ ухааныг бодохоор одоо ч баярладаг. Ээжийн минь ачаар өвөөгийн наслах нас жилээр уртассан байх гэж боддог юм. Учир нь, өвөөд маань хорт хавдартай гэдгийг нь битгий хэлээрэй гэж эмчээс нь гуйсан аж. Элэгний шинжилгээ жаахан өөрчлөлттэй гарчихаж, хамаа­гүй эм тариа хэрэглэж болохгүй, гам сайн бариарай гэж хэлсэн гээд өвөө маань гэртээ ирсэн дээ, тэр өдөр.
Ээж маань ч хорт хавдар гэдгийг нь эмээд болон үр хүүхдүүдэд нь хэлэхгүй нэлээд хэдэн сар нуусан юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэсэн үгэнд би лав итгэдэг. Хорт хавдартай, найдваргүй болчихсон тохиолдолд тухайн хүнээс нууж байгаасай гэж хүсмээр байна. Бид ч мэдэхгүй, хорт хавдартай өвөө маань  юунд ч санаа зовж шаналахгүй явсаар цаг хугацаа ч хурдан өнгөрөв. Цагаан сараас хойш л зуны дэлгэр цагийг өвөө маань харах болов уу гэж сэтгэл түгшиж явсаар юутай ч зургадугаар сартай золгосон. Тэр үеэс өвөөгийн маань бие чилээрхэж, тамирдаж сульдаад эхэллээ. Эмнэлэгт хэвтмээр байна гээд ундууцаж эхэлсэн ч ор олдохгүй байна гэж бид хуурсаар л. Наадмын дараанаас эхлээд өдөр бүр хөдөлгөөн нь багассаар сүүлдээ хэвтэрт орж, сэтгэл санаагаар ч уначихав уу бие нь дорхноо мууд­чихав.  Орныхоо хөлнөөсөө бүс уяж, түү­нээсээ татан өндийж суухаар тэмцэж байгааг нь өдөр бүр харахаар үнэхээр өрөвдмөөр. Зовж шаналж буйг нь харах тусам архи тамхи хэрэглэдэггүй хүн яахаараа элэгний хорт хавдартай болчихдог байна гээд гомдох үе зөндөө. Ээж маань “Харин ч өвөө чинь архи, тамхи хэрэглэдэггүй байсан тулдаа өдий зэрэгтэй байгаа юм” гэж тайвшруулна.
Элгэнд удаан хугацаагаар үйл­чилсэн химийн хортой бо­дис болон архаг ужиг өвч­нүүдийн улмаас элэгний өмөн бу­юу хав­дар үүсдэг байна. Элэг том цул эрх­тэн учраас хавдар таван см-ээс бага голчтой хэмжээтэй үед ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илэрдэггүй аж. Элгэнд хэд, хэдэн хавд­рын зангилаа үүсч болох төдийгүй цусаар дамжин өөр эрхтнүүдэд тархдаг байна.  Өвөө­гийн минь бие зовиургүй байснаа нэг л өдөр хөл нь хавагнаж ямар ч мэдээгүй болчихов. Эцэж турсан хөлний тавхай нь памбайтлаа хөөж хөхөрч, сүүлдээ нүүрийг нь нойтон салфетикаар арчихад хүртэл ёолж эхлэв. Аргаа барахдаа хөөрхий минь үүнээс илүү битгий зовоосой билээ гэж дор бүрнээ залбирцгаана. Хэдэн хором ч гэсэн амьд байгаасай гэж бодох ёстой байтал зовохыг нь харахгүйн тулд өөр зүйлийн тухай бодох тэр агшин хамгийн аймаар.
Хорт хавдрыг яг л энэ хоромд үнэхээр үзэн ядмаар, түүний өмнө өөрийн эрхгүй сөхөрмөөр. Хорвоогоос одох тэр мөчид хэрхэн зовсныг нь харсан болохоор нулимс хүртэл гардаггүй юм билээ. Аав маань элэгний циррозоос болж бас л биднийг орхиод явсан. Тэр үед ээж маань дөрвөн хүүхдээ дагуулж элэгний “В”, “С” виру­сийн шинжилгээ хийлгэж байс­наас хойш долоон жил өнгөрчихжээ. Ер нь, 40-өөс дээш насныханд элэгний “В”, “С” вирус илэрсэн тохиолдолд зургаан сар тутамд элэгний эхо, цусанд хавдрын маркер илрүүлэх шинжилгээ өгч байх хэрэгтэйг эмч нар зөвлөдөг. Гэхдээ хорт хавдар залуужиж байгааг алба­ныхан сануулж байгаа. Яагаад гэвэл согтууруулах ундаа, хоолны дэглэм, эмийн бэлдмэл, вирусын халдвар, ахуйн химийн бодисууд, орчны бохирдол нийлээд хорт хавдрыг үүс­гэж байгаа учраас хэнийг ч ялгах­гүй. Ядаж л  цусны дэлгэрэнгүй шин­жил­гээг өгөхөд ганцхан цагийн дараа таны бие махбодид болохгүй байгаа бүх зүйл урьдчилсан байдлаар га­раад л ирнэ.
Дэлхийн хорт хавдрын судал­гааны сангийн тайланд хорт хавд­раас сэргийлэх хамгийн зөв ар­га нь амьдралын эрүүл хэв маяг гэж дурджээ. Энэ нь хорт хавдрын бүх то­хиолдлын 25 хувь сэргийлэхэд тусал­на гэж судлаачид санал нэгджээ. Манай улсад элэгний хорт хавдар нийт өвч­лөгдсийн 40 хувийг эзэлж толгой цохиж яваа.
Миний үзсэн зовлон өчнөөн айл гэрт давтагдаж байгаа гэж бодохоор л хэцүү. Ээж, аав, эмээ, дүү нь хорт хавдар болчихож гэдэг яриа хаа сайгүй сонстох бүрт битгий зовж шаналаасай л гэж юун түрүүнд бодогддог. Хорт хавдрын хар гайгаар бус хорвоогийн жамаар зулын гэрэл бадамлаж байвал гэж хүссэндээ зүрхээ шимшрүүлэн байж үүнийг хөндөн бичлээ.   

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан