Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКИЙГ ИХ ХЯМРАЛААС АВРАГЧ

Гүнжхэн
 
Калифорнийн Санта Моника хотын банкны ажилтан Жорж Темпл удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж байлаа. 1928 оны дөрөвдүгээр сарын 24. Жорж бяцхан гүнжтэй боллоо. Харах тусам түүний охин жинхэнэ од, гүнж болно гэдэгт Жорж улам итгэнэ. Охидыг гоо сайхны мэдрэмж, ихэмсэг байдалд сургадгаараа алдартай хатагтай Мелджинд хандаж охиноо бүжгийн сургуульд нь сургаж эхлэв. Холливудын алдарт продюсер  Жек Хейс нэгэн өдөр хатагтай Мелджиний сургуулиар зочиллоо. Түүнийг зүгээр л цай уух гэж ирээгүйг хатагтай мэдэх тул уриалгахан угтав. Жек “Baby Burlesk” киноныхоо гол дүрийг хайж яваа нь тэр аж.Пробонд орох охидоо ч тус сургууль дээр ирэхийг урьжээ. Гоёмсог даашинзтай, томчуудаас дутахгүй энгэсэг гоёл болсон бяцхан авхай нар сургуулиар нь дүүрэв. Харин Жоржийн охин бяцхан Ширли гэртээ харихаар ээждээ хөтлүүлээд гарч явав. Хатагтай Мелджин Ширлиг дуудаад гангах охид дунд зогсоочихов.  Ёстой л нугасны муухай дэгдээхэй шиг харагдаж байсан ч гол дүр Жоржийн бяцхан гүнжийнх боллоо.


“Baby Burlesk” бол 1930-аад оны кино урлагийн чухал төрөл болсон хөгжимт дуулалт цуврал кино. Цуврал үнэхээр амжилттай болж бяцхан Ширли хүн бүрийн хайрыг соронздон татав. Охиныг завтай болохыг хүлээж, дараагийн дүрээ бэлэглэх гэсэн уран бүтээлчид аль хэдийнэ дараалал үүсгэсэн байлаа. Харин “Фокс” студи түүнийг өөрийн өмч болгохоор онилжээ. 


Америк орны их хямралын жилүүд эхэлчихсэн кино театрыг зорих хүн өдрийн од шиг болчихсон үе. “Фокс” дампуурлын ирмэгт ирчихсэн учир зөвхөн аврагч л хайж байлаа. Бумбагар хацар дээрээ хөөрхөн хонхорхойтой, ер бусын инээд бэлэглэсэн охин Фоксын бүтээсэн  “Бос мэндэл” киноны гол дүрд тоглолоо. Ширлигийн тоглосон кино дэлгэцэнд амилсан тэр өдрөөс эхлэн “Фокс” амь орж буйгаа мэдэрлээ. Тэр бол жинхэнэ орд. Ажилгүйдэл, хомсдол, ядууралд нэрвэгдэж, уруу дорой царайлсан америкчуудад “нар” бэлэглэх шидтэн буй болов.  “Фокс” хэмээх аварга том машин зөвхөн Ширлигийн төлөө хөдөллөө. Шилдэг кино зохиолчид, хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээчдийг Ширлид зориулж хөлсөлж байлаа. Аав, ээж хоёр нь ч гар хумхих завгүй, өдөр бүр 56 бигуд охиныхоо толгойд орооно. “Фокс” Ширли бол байгалиас заяасан гайхамшиг гэдэгт хүн бүрийг итгүүлэхийг гол зорилгоо болголоо. Сэтгүүлчид ч зөвхөн Ширлиг л бүчдэг болов. Ширлигийн тоглосон шинэ кино бүр өмнөхөөсөө илүү их ашиг орлого, амжилт дагуулж байсан юм.


Дэлхийн сая сая хүүхэд, томчуудад аз жаргал бэлэглэснийх нь төлөө Америкийн кино академиас олгов гэсэн хүндэтгэлийн үгтэйгээр алтан Оскарыг тэр зургаахан настайдаа өөрийн болгов.  Тэр дэлхийн хамгийн алдартай бяцхан од болж буйгаа өдөр бүр мэдэрч байлаа. “Би зургаахан настай байхдаа л Санта Клаус гэж байдаггүй юм байна гэж мэдсэн. Ээжтэйгээ цуг дэлгүүрт явж байгаад хүүхдүүдийн хүслийн сонсч суугаа Санта руу гүйсэн юм.Гэтэл Сантад маань миний хүслээс илүүтэй гарын үсэг маань хэрэгтэй байлаа” хэмээн Ширли хожим өгсөн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.


Мөнгө, нэр алдар...

Наймхан настай Ширли аль хэдийнэ гурван сая ам.доллар халаасалчихсан, Холливудын ашиг орлогоороо тэргүүлэгч 10 жүжигчний нэг болчихсон байлаа.Түүний дүр төрх хаана л бол хаана  байдаг боллоо. Ideal Novelty&Тoy компани охиныг дуурайлган хүүхэлдэй үйлдвэрлэв. Зөвхөн Нью-Йоркт хуурамч Ширли таван сая хувиар борлогдов. Алдарт барбигийн өмнө гишгэв.

Ширлигийн ачаар энгийн гэр бүлийн амралтын өдрийн чухал ажлын нэг нь кино театр явах болов.  Америк тэр аяараа дулаахан уур амьсгалтай болов. Ширли хүн бүрт таалагддаг.  Америкийн их хямралын хүнд он жилүүдийг даван туулахад, кино студийг дампуурлаас аврахад Ширли гол үүрэг гүйцэтгэв.  Түүний дуулсан шинэ жилийн дуутай пянз гэхэд 250 мянган ширхэг гурван өдрийн дотор л борлогдож байлаа. Сонинууд ч зөвхөн түүний тухай бичиж, түүний зургийг тавьж амь зогоож байв. Алдарт зохиолч Томос Манн болоод Ерөнхийлөгч Рузвельт хүртэл түүнд уулзах хүсэлт тавьж байв.


Боддоо, Уолт Дисней  “Цасан цагаан ба долоон одой” хүүхэлдэйн кинонд олгосон Оскараа Ширлигийн гараас авч байв. Ширли өдөр бүр 5000 захидал шүтэн бишрэгчдээсээ авна.  Түүнд томчууд хүүхдүүд, ядуу, баян, өвдсөн, зовсон хэн ч байсан захидал бичнэ.  1936 онд найман настай хүү Энди Уорхолл / орчин үеийн дүрслэх урлаг, түүний дотор поп артын томоохон төлөөлөгч / захидал бичжээ. Хүү маш хүнд өвчтэй байлаа. Зургаан долоо хоногийн турш орондоо хэвтсэн хүү Мэй Уэст, Ширли Темпл нарын зурагтай номыг л үзэж өдрийг өнгөрөөнө. Темпл бяцхан хүүгийн захидлын хариуг бичиж, гарын үсэгтэй зургаа илгээсэн байдаг. Энди Уорхолл нэр алдарт хүрсэн хойноо ч Ширлигийн зургийг нандигнан хайрлаж, хамгийн үнэ цэнэтэй зүйлээр тооцдог байсан гэдэг. Ширлигийн кинонууд дэлгэцэнд гараад олсон орлого нь Гэрри Купер, Кларк Гэйбл нарын одотой зэрэгцэж эхлэв.  “Шуурган дундуур” киноны од Кларк Гейбл  заримдаа Ширлигийн ард жагсч байсан гэхээр...


1936 онд Ширли 120 мянган ам.доллар, 1937 онд 163 мянган ам. доллар авсан бөгөөд жилийн дараа түүний орлогыг “Женерал моторс”-ын ерөнхийлөгчийнхтэй жишиж байлаа. Сэтгүүлчид энэ авьяаслаг охиныг залгамжлах хүн дахиад хэзээ ч гарахгүй гэж итгэлтэйгээр бичиж байсан юм.


Уналт

Гэхдээ хүн бүр түүнийг магтдаг байсан уу гэвэл худлаа. Уинн Дикси хэмээх алдарт продюсерийн хэлсэн үг өнөөдрийг хүртэл яригддаг. Тэр Ширлиг хараад “Ээ бурхан минь тэр бол зүгээр бэлтгэгдсэн манекан байна” гэж хэлсэн байдаг. Томчууд шиг тоглох гэж хичээдэг, циркийн номер үзүүлдэг хүүхэд, түүнд олгосон Оскар бол жинхэнэ биш зүгээр л “хүүхдийнх” хэмээн түүнийг өөлөх хүн цөөнгүй гарч байсан ч тэр өнөөдрийг хүртэл хүүхдүүдийн төдийгүй томчуудын хайртай жүжигчин хэвээр л байна.


Хүүхэд бүр Ширлигийн туулсан замаар явахыг мөрөөдөж байлаа. Тиймээс охидоо кино студид дагуулж ирэх ээжийн тоо өдөрт хэдэн зуугаар тоологддог байв. Тэдний нэг нь  Норма Жин Бейкерийн ээж.  Сүүлд нь алдарт Мэрилин Монро нэрээр Норма алдаршсан билээ.  Гэвч тухайн он жилүүдэд Ширлигийн титмийг булааж авах үнэхээр боломжгүй байлаа. 


1940 он. Бүх зүйл өөрөөр эргэв. МGM кино студийн бүтээхээр төлөвлөсөн “ Оз улсын шидтэн” киноны Доротигийн дүр Ширлигийнх байсан ч гэнэтхэн Жуди Гарлэнд хэмээх охиных болжээ. Тиймээс “Фокс” “Хөх шувуу” кинондоо Ширлиг тоглуулав. Гэвч Жудигийн тоглосон кино Ширлигийн киног бут цохичихов.  Учир нь Ширли 12 нас хүрчихсэнд байлаа. Тэр хүн бүрийн хайрыг татах өхөөрдөм буржгар үст биш өсвөр насны энгийн нэгэн охин болжээ.  Үүнийг мэдэрсэн “Фокс” өөрийг нь аварсан ачтанаасаа шууд татгалзав.  Энэ бол урлагийн хамгийн хүнд хэцүүхэн зүйлийн нэг. Томчуудад бол тохиолддог л зүйл. Ширли хэнд ч хэрэггүй болчихов гэнэт. “ Чи халагдсан” гэдэг үгтэй гарсан Ширли бусад жүжигчдийн туулсан азгүйтэл, амьдралын уйтгар гунигийг бодохыг ч хүссэнгүй. Түүнд хөл дээрээ бат зогсох их чадал байлаа. Энгийн охидын адил сургуульд сурч, өөрийнхөө үеийнхэнтэй харилцах болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Ширли кино ертөнцөд эргэн ирэх гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг.  Багагүй ч орлого олсон. Гэвч тэр хэзээ ч хүүхэд насныхаа амжилтын тэр төвшинд хүрч чадахгүй гэдгээ ойлгожээ.  


Гэрэлт охин минь, гэрэлт

Тэр маш хүмүүжилтэй боловсролтой бүсгүй болов. 1945 онд гэрлэж, хоёр жилийн дараа тэр охинтой болж, ахин кино урлагтаа хөл тавьж, Хенри Фондтой “ Форт Апач” гэдэг кинонд тоглов. Гэвч 1949 онд нөхөр Жон Агараас албан ёсоор салснаа мэдэгдэв. Энэ өдрөөс хойш Ширли кино урлаг руу ахин хөл дүрсэнгүй. Түүний сэтгэлийн шархыг шинэ хайр, шинэ гэрлэлт л эдгээх нь тодорхой байлаа.  Түүний шинэ хайрын эзэн нь Сан Францискогоос ирсэн бизнесмэн эр Чарльз Элден Блэк байлаа. 1950 онд тэд гэрлэн охин хүү хоёртой болов. Ширли өөрийнхөө бүх л хүчийг гэр бүлдээ зориулж байлаа. Түүний охин Лори Блэк рок хөгжимчин болж «Melvins» хамтлагт гоцлол гитарчнаар тоглож байв.


1957 онд Ширли ахиад шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Энэ удаа тэрээр “Ширли Темплийн үлгэрийн ном”, “Театр Ширли Темпл” зэрэг номоо гаргав. Олон мянган хүн шүтэн бишрэгчээр нь шинээр нэмэгдэв.


1960-аад оны дундуур жүжигчин бүсгүй гэхээс илүүтэйгээр түүнийг  улс төрийн хүрээнийхэн мэдэх болжээ. Тэр зурагтын дэлгэцнээ улс төрчийн хувиар шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэх боллоо. Бүгд найрамдах намын гишүүн болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ханцуй шамлан оролцов. Түүний ачаар Ричард Никсон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хатагтай Темпл Блэк сенатор болохоор шийдэв. Гэвч түүний өрсөлдөгч “Хар л даа. Жижигхэн хатагтай, үзэсгэлэнт эмэгтэй улстөрч болно гэж үү. Та бүхэн өөрийнхөө хувь заяаг шоу бизнесийн бяцхан охинд даатгах гэж үү” хэмээн зогсоо зайгүй чарласаар Ширлиг ялагдал хүлээлгэж дөнгөв. Харин бүсгүй ялагдлаа маш тайвнаар хүлээж авч сурчээ.  Гэвч улс төрийн хүрээлэлд тэр багтсан, нэр хүндтэй эмэгтэй болж чадсан байна.


НҮБ-ын ассамблейн төлөөлөгчөөр сонгогдож, АНУ-ЗХБНУ-ын харилцааг зохицуулах комиссын гишүүнээр ажиллаж байлаа. 1970 оны эхээр Ширлиг хөхний хорт хавдартай гэдгийг эмч нар дуулгалаа. Өнөөдөр ч энэ өвчний улмаас олон мянган эмэгтэй хорвоог орхиж байгаа. 

Харин Ширли бол үнэхээр зоригтой хүчтэй бүсгүй байлаа.  Тэр хүүхэд байхын инээмсэглэж чадахгүй тэр л үедээ ч “гэрэлт Ширли, гэрэлт” гэсэн ээжийнхээ үгийг сонсоод л том нүдээ бүлтийлгэн хөөрхөн хацраа хонхойлгоод инээж чаддаг байв. Тиймээс энэ удаад ч ялна гэдэгтээ итгэлээ.  Хорт хавдартай гэдгээ хэвлэлийнхэнд зарласан анхны од нь Ширли.  1972 оны арваннэгдүгээр сард хагалгаанд орлоо.  Түүнээс гурван долоо хоногийн даргаа тэр ахиад хэвлэлийнхний өмнө зогчихсон “Би цоо эрүүл болсон шүү. Харж байна уу, энэ бол үхэлд хүргэх өвчин биш. Хамгийн гол нь эрт оношлуулах хэрэгтэй” хэмээн олон мянган эмэгтэйд дохио өгч чадсан. Түүний дараахан хөхний хорт хавдрын эрт илрүүлэлт 30 хүртэл хувиар нэмэгдсэн байдаг.  Хүнд өвчин Ширлигийн улс төрийн карьерт жинхэнэ амжилт авчрав.  


1974 онд шинэ Ерөнхийлөгч Форд Ширлиг Гана улсад суух Элчин сайдаар томилов.  Эх орондоо ирээд Ерөнхийлөгчийн ажлын албаны даргаар томилогдож,  Америкийн түүхэн дэх энэ суудалд суусан анхны эмэгтэй нь болжээ. Рейганы үед тэрээр төрийн департаментэд ирээдүйн Элчин сайд, консулыг бэлтгэж өглөө.  1989 оны хавар ахиад хилийн дээс алхаж Чехословакийн зорив. Түүний нүдэн дээр “хилэн” хувьсгал өрнөсөн юм.  Тэр Чехийн Ерөнхийлөгчийн анхны сонгуульд Вацлав Гавелаг дэмжиж, инээд хөөр бэлэглэсэн бяцхан од байсан үеэ мартсан байлаа.  Цагаан ордонд Жорж Бушийн оронд Билл Клинтон ирэхэд Ширли ахиад л гэртээ ирлээ. Одоо тэр өөрийнхөө түүхийг бичиж эхлэв. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд хатагтай Темпл Блэк 84 насныхаа ойг тэмдэглэсэн юм. Тэр өнөөдөр ч долоо хоног бүр хэдэн зуун захидал шүтэн бишрэгчдээсээ хүлээн авч сууна. Харин сэтгүүлчид нь түүнийг тайван орхиж чаддаггүй.


Сүүлийн хоёр сарыг тэрээр өөрийнхөө тоглосон бүх киног үзэхэд зарцуулж байгаа аж. Тийм ээ, түүний киног дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн одоо ч үзэж суугаа. Хэрвээ, та өнөөдөр түүний киноноос үзмээр санагдвал Гэрэлтсэн нүдэт /1934/, Бяцхан хурандаа /1935/, Буржгар үст /1935/, Хэйди /1937/,  Ахмад нэгдүгээр сар /1936/, Бяцхан гүнж /1937/ зэрэг киног нь юун түрүүнд санал болгох байна.

0 Сэтгэгдэл
Үнэхээр дуртай байсан. Намтар нь ч сайхан. Уналтын үеийг гайхалтай даван туулж чадсан, мундаг эмэгтэй байна....^^
Өрөвдөлтэй амьдрал
Gaihaltai
иймэрхүү гэгээлэг юм тавьж бай. Гадуур хүмүүс дэлхий сүйрэх нь гээд л бөөн хар энерги
найс найс, ёстой хөөрхөн шүү түүний кинонууд
үнэхээр их таалагдлаа
bayrlalaa uneheer saihan namtartai aguu hun baina aa uneheer saihan niitlel hurgesend mash ih talarhlaa amjilt husie iluu olon goy medee oruulaarai
Хамгийн их уншсан