Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЧАЛКО”-ГИЙН УЛАЙРАЛ БА МАН-ЫНХНЫ БАЛАГ

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн шинэ удирдлагууд тун хатуу, халуухан, хүндхэн нөхцөл байдалд “Чалко”-гийн гэрээг эргэн харах хэлэлцээ хийж байгааг эх сурвалж хэллээ. “Саалийн үнээгээ төхөөрөөд иргэддээ үмх мах, атга гурил тараажээ” гэж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн нь саяхан. Тэрээр, Монгол Улсын иргэн бүхэн 1072 хувьцаа эзэмшдэг Таван толгойн ордоо саалийн үнээтэй зүйрлэсэн хэрэг. Энэ том ордоо үр ашигтай ажиллуулж байж л жил бүр хувьцааны ногдол ашгийг иргэд маань хүртэх учиртай. Гэтэл өнөөдөр гэрээг нь Монголын тал буюу манай төр, засгийн удирдлагууд ямархуу байдалтай болгочихоод байгаа билээ. Манайхан сонгуулиас өмнөх хугацаанд төрийн эрх барьж байсан МАН-ын Засгийн газрынхан гээд шууд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэдний байгуулсан гэрээнээс болж Таван толгой төслийн ашиглалт, олборлолт хариуцсан төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК  хэцүүхэн байдалд орчихоод байгаа нь олон түмний өмнө нэгэнт ил байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагаас “Чалко”-д гэрээгээ өөрчлөхгүй бол Зүүн Цанхийн олборлолтоо багасгаж, Баруун Цанхийн олборлолтод анхаарахаа илэрхийлсэн байна.
Гэтэл Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчдад хувааж өгөх УИХ-ын 39 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Консерциумд оролцох компаниуд нь Баруун Цанхийг монголчууд өөрсдөө ашиглах саналыг бүхий л талаар эсэргүүцэж, компанийн удирдлагуудад дарамт үзүүлж байгаа аж.
Ийм байдлаас болж төрийн өмчит компанийнханд саад тодгор чамгүй тохиолдсоор. Ерөнхийдөө өмнө нь засаг тэргүүлж асан урагшгүй ноёдын хийсэн балгаас үүдэн хүнд нөхцөлд хэлэлцээ хийж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудыг “Та нар л мэд” хэмээн зөнд нь орхих хэрэг биш болсон гэдгийг нуух юун. “Чалко”-гийн улайрал ч анхаарал татаж байна. Энэ компанийн талаар бид юу мэдэх билээ. “Чалко” Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин компани. Эднийх үндсэн ашгаа хөнгөн цагаан үйлдвэрлэлээс олдог байсан ч олон улсын биржүүд дээр энэ металлын ханш тасралтгүй унаж байгаа билээ. Үнэндээ “Чалко” компани монголчуудын алдаан дээр дөрөөлж, өөрсдөдөө маш ашигтай гэрээ байгуулсныг хэн ч ойлгоно. Өөрөөр хэлбэл, МАН-ын томчуул УИХ-ын сонгуульд зарцуулах мөнгө олохын тулд улсаа ч худалдахаас буцахгүй болж, мөнгөний эрэлд гарсан үед сиймхий гарсныг ашиглан энэ гэрээг хийчихсэн гэнэ. Гэхдээ тэд олзны хойноос улайрч байгаа нь илт харагддаг. Толгой компани “Чайналко” нь Оюу толгой ордыг “Рио Тинто”-гоос булаах гэж тус ордын гэрээг ид яригдаж байх үеэр “Рио Тинто”-гийн ажилтнуудыг Бээжинд баривчилж, хорин дарамталж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ. Дараагийн ээлжит дуулиан нь “Чалко” компани өнгөрсөн хавар “Саус Гоби Сэндс”-ийн Нарийн Сухайтын ордыг авах гэж байгаад монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан хэрэг байлаа. УИХ-аас маш яаралтай Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар “Чалко” аргагүйдэж  наймаагаа зогсоосон юм.
Харин өнөөдөр тэд өмнөх Засгийн үед Таван толгойн хийсэн өөрсдөдөө ашигтай гэрээгээ өөрчлөхийг огтхон ч хүсэхгүй гэдийсээр...  Энэ асуудлаас үүдэн хоёр улсын гадаад харилцаа, эдийн засаг, худалдаанд сэв сууж ч болзошгүй нь. Засгийн газар, Гадаад харилцааны яам ганцхан компанийн мэдэх хэрэг гээд асуудалд тоомжиргүй бүү хандаасай. Шинэ УИХ өмнөх парламентын үед гаргасан 39 дүгээр тогтоолыг эргэн харж хүчингүй болговол улс эх орон, иргэдийн эрх ашигт нийцэх. Ард түмэнд ашиггүй шийдвэрийн эсрэг хүссэн хүсээгүй тэмцдэг шүү дээ.

Э.Мөнгөнбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан