Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.ОТГОНБАЯР: БАГАНУУРЫН НИЙТ АВЛАГЫН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ НЬ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ

Шинэчлэлийн Засгийн газраас төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайд  18 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж  хүлээлгэж өгсөн. Энэ үеэр “Багануур” хувьцаат компанийн захирал М.Отгонбаяртай ярилцлаа.

-Багануурын уурхайг олон жилийн турш алдагдалтай ажилласан. Энэ нь техникийн элэгдэл, хорогдолтой холбоотой гэдэг. Өнөөдөр байдал ямар байна вэ?
–Уурхайн өр авлагын талаар нэлээн ярьдаг. Иргэд мэдэх байх.  Техник тоног төхөөрөмж нэлээд элэгдэж, өвгөрч хуучраад  ашиглалтын хугацаа нь дууссан. Гэвч ашигласаар л байгаа.
-Засгийн газраас хийж байгаа хөрөнгө оруулалт анхных байх болно гэдгийг албаны хүмүүс хэлж байсан л даа. Тэгэхээр хийх ажил, хөрөнгө оруулалт багагүй нэмэгдэнэ гэж ойлгож болох нь ээ. Компанийн зүгээс Засгийн газартай ярьж тохиролцсон зүйл байгаа юу?
-Сүүлийн он жилүүдэд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй юм билээ. Техник шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ, энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Багануурын уурхайд өгөх хөрөнгө оруулалтыг зогсоож байна гэж ойлгож болохгүй. Цаашид энэ уурхайд ирээдүй байна. Тухайлбал, нийт нөөцийнхөө 70 хувийг алдсан байсан бол түүнийгээ эргүүлэн авлаа. Үндсэндээ Багануурын  уурхай нийт нөөцийнхөө 30 хувьд нь л үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Одоо ажиллах боломж дүүрэн ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
-Багануурын уурхайн алдагдлыг өмнөх удирдлагууд цахилгааны үнэ тарифыг нэг төвшинд барьсантай холбоотой гэж тайлбарладаг юм билээ. Үүнээс өөр хүчин зүйл нөлөөлсөн болов уу?
-Багануурын уурхай бол компани гэхээсээ нийгмийн чиглэл рүү хэлбийсэн, халамж тал руугаа явчихаж. Учир нь ард түмний амьдрал сайн биш байна шүү дээ. Эрчим хүчний үнэ өсөх юм бол ард түмний нуруунд ачаа нэмэгдэнэ. Тиймээс Засгийн газар нүүрсний үнийг тогтмол барьж байгаа. Одоо Багануурын уурхайгаас гарч байгаа нэг тонн нүүрсний үнэ 23800 төгрөг. Бид цахилгаан станцуудад  нэг тонн нүүрсээ 20500 төгрөгөөр өгдөг. Ингээд уурхай нэг тонн нүүрснээс  3000 орчим төгрөгийн алдагдал хүлээж байна. Тэгэхээр санхүүгийн хувьд бие дааж ажиллах боломж бараг байхгүй.
-Тэгвэл уурхайгаас гарч байгаа нэг тонн нүүрсний үнэ нь зах зээлийнхээ жамаар явбал бодит үнэ байж чадах уу?
-23800 төгрөг бол бодит үнэ. Гэхдээ эрчим хүчний үнийг нэмэхгүй бол нүүрсний үнэ нэмэгдэхгүй. Эрчим хүчний үнийг нэмсэн тохиолдолд нүүрсний үнэ нэмэгдэнэ. Гэхдээ ямар хэмжээгээр нэмэгдүүлэх вэ гэдгийг одоо хэлэх боломжгүй л дээ.
-Шинэчлэлийн Засгийн газар Багануурын уурхайг түшиглэж цахилгаан станц  барина гэсэн.  Гэтэл энэ уурхайн хөрс хуулах ажил хоцорсон байгаа гэдэг. Тэгэхээр энэ хугацаанд хөрс хуулалтаа нөхөж, түүнд нүүрс нийлүүлэх боломж байгаа юу?
-Багануурын уурхайд 13 сая шоо.метр хөрс хуулах ажил хоцорсон. Үүнийг  нөхөөд одоогийн  хүчин чадлаараа ажиллана гэвэл бидэнд дахиад техникийн шинэчлэл хэрэгтэй. Техник шинэчлэлийн эхнийх нь гэж хэлдгийн учир энэ. Хөрс хуулалтаа гүйцээгээд хийчихвэл цаашид уурхайн технологийн горим хэвийн явна. Шинэ цахилгаан станц  гэдэг бол тусдаа асуудал. Одоогийн техникийн бүрэн хүчин чадлаар жилд 3.3 сая тонн нүүрс олборлож, дулааны цахилгаан станцуудад өгч байгаа. Шинэ эх үүсвэр ямар хүчин чадалтай баригдахаас хамаараад уурхай тэрэнд тааруулж ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл  дор хаяж жилд долоон сая тонн нүүрс олборлоно гэвэл хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх л шаардлага тулгарч байгаа юм.
-Ер нь жилд хэдэн тонн нүүрс  олборлох хүчин чадалтай юм бэ. Одоо түүндээ хүрч чадаж байгаа юу?
-Таван саяыг гаргах ёстой л доо. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
-Уурхайн авлага нь хэр хэмжээнд хүрчихээд байна вэ?
-Өөрийн авлага гэвэл тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Урсгал авлага ТЭЦ-үүд, Багануурын дулааны цахилгаан станцаас авлагатай. Энэ байгууллагууд хугацаа хоцорсон ч зохих хэмжээгээр төлөөд явдаг болохоор тодорхой тоо хэлэх боломжгүй юм. Ер нь нийт авлага нь тав орчим тэрбум төгрөг байгаа. Үүнээс хоёр тэрбум төгрөг нь найдваргүй авлага. Үлдсэн гурван тэрбум нь бас найдваргүйд тооцогдож байгаа юм билээ. Бид ямар ч байсан өр авлагыг нь барагдуулахаар ажиллаж байна.
-Найдваргүй авлага гэхээр юу гэсэн үг вэ?
-Багануурын дулаан цахилгаан станц нүүрс авч эхэлсэн цагаасаа хойш үнэ төлж байгаагүй. Одоо ч төлдөггүй. Нийтдээ хоёр тэрбум төгрөгийн авлага байгаа.
-Тэгэхээр энэ мэт менежментийг халахгүй бол болохгүй юм биш үү. Энэ талаар та юу хийх вэ?

-Засаг төртэйгээ ярьж байгаад асуудлыг нэг тийш нь болгоно. Багануурын иргэдийг дулаанаар хангах ёстой. Тиймээс  бид нүүрсээ өгөөд л байдаг өр, авлага нэмэгдээд л байна.
-Уурхайн өр бол авлагаасаа үр ашиггүй зүйлүүд олон байдаг тухай мэдээлэл байсан?
-Уурхай 83 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 62 тэрбум төгрөг нь урт хугацаатай, үлдсэн богино хугацаатай, дансны өр байгаа юм. Нэг ёсондоо, 21 тэрбум нь бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх өр. Өрнөөс гаргах санхүүгийн моделийг шинээр босгоод Төрийн өмчийн хороо, Засгийн газарт асуудлыг тавина. Засгийн газар, Төрийн өмчийн хороо, холбогдох яамд ярьж байгаа нэг шийдэлд хүрэх байх.
-Төр хамгийн муу менежер гэдэг. Тэгэхээр энэ компанийн менежментийг сайжруулахын тулд хувьчлалын тал дээр таны бодол ямар байна вэ?
-Багануурын уурхай бол онцгой ач холбогдолтой стратегийн орд. Энэ  уурхай нийслэл, ойр орчмын бүх л хот суурингийн дулаан, эрчим хүчний нүүрсний хэрэглээг хангаж байна. Улаанбаатар Монгол Улсын хүн амын тал нь суудаг гэж үзвэл нийт хүн амын талаас илүү хувийнх нь дулааныг хангаж байгаа юм.
Тэгэхээр энэ уурхайг хувьд өгчихвөл алдаа болно. Тиймээс төрд байх ёстой. Ер нь, хувьчлалыг яаран хийх хэрэггүй. Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
-Засаг солигдох болгонд энэ уурхайн дарга нар солигддог нь нууц биш л дээ. Шинэ дарга нар нь энэ уурхайг тийм болгоно гэсэн зорилт тавьдаг байх л даа. Тэгвэл яг таны зорилтыг сонсмоор байна?
-Энэ уурхайг хүлээж аваад ажигласнаар техникийн горимд шийдэх асуудал байна. Үүнийг шийдэх боломж бидэнд бий л дээ. Ганцхан санхүүжилт хэрхэн хийх вэ гэдгээс л хамаарна. Нөгөө талаар энэ уурхайн техникүүд хуучирсан тул  шинэчлэлт  хийхдээ орчин үеийн технологи ашиглах ёстой.
-Энэ уурхайн боловсон хүчин ямар байна вэ. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд ашиглалтад орохоор төрийн өмчит уурхайд ажиллаж байсан чадварлаг уурхайчид тийшээ явах хандлага гардаг?
-Хангалттай боловсон хүчин бий. Гэхдээ сайн боловсон хүчин нь өндөр цалин амласан гадаадын хөрөнгө оруулалттай уурхай руу явчихжээ. Тиймээс уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж тогтоож авахгүй бол дахиад өндөр цалин амласан газар руу явна. Төрийн өмчит уурхай болохоор үнэхээр хангалттай өндөр хэмжээний цалин өгч чадахгүй байна. Өндөр цалин өгье гэхээр техникүүд нь байнгын бэлэн байдалтай байж чаддаггүй. Мэдээж хүнийг хийсэн бүтээлээр нь үнэлдэг. Тиймээс шинэ техниктэй уурхайнууд нь мөнгөөр зодоод сайн боловсон хүчин авчихдаг. Явсан хүмүүс нь утасдаад үлдсэн хүмүүсээ уруу татаад байдаг. Тэгэхээр уурхайчдын нийгмийн асуудлыг зоригтой шийднэ гэж бодож байгаа. Нийгмийн асуудлыг шийдсэнээр уурхай дампуурахгүй л дээ.
-Хамгийн анхны ажил юу байх бол?
-Нэн тэргүүнд техникийн шинэчлэл. Техникийн шинэлэл гэдэг бол уурхайчдын ажиллах орчин шүү дээ. Цаашлаад зуны сувилалын газрыг цогцоор нь өөрчилж, дорвитой хийх хэрэгтэй. Үүнд дэмжлэг хэрэгтэй.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
shahaanii businesee zogsoohgui bol mynagna saihan tehnik tehnology bgaad zeel ogood ch nemergui malaa. yagaad iim ih or tavigdsan geheer baraa material shahhad bgaa bhgui yu daa ymarch hyanaltgui bas hed nugalsan uneer barag hereggui yum shahdgiig n mednee
Хамгийн их уншсан