Г.Хайдав: Хулгайгаар дулаан авах явдал мэр сэр гарсан
2012 оны 12 сарын 19
“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компанийн захирал Г.Хайдавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улаанбаатар хотод бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ жил танай байгууллагын ачаалал өсч байгаа гэсэн. Үүнтэй ч холбоотой юу зарим орон сууцны халаалт муу байна гэх юм?
-Дулаан доголдох нь олон шалтгаантай шүү дээ. Нэгдүгээрт, Дулааны цахилгаан станцад гэмтэл гарч дулаанаа 122 градустай өгч чадахаа байгаад 110 болбол дулаан багасна. Эсвэл манай компаниас шалтгаалсан байж болно. ДЦС-аас үйлдвэрлэж буй халуун усыг манай хариуцаж буй шугам хоолой нэвтрүүлж чадахгүй байвал орон сууцны хорооллуудад асуудал үүснэ. Гуравдугаарт, орон сууцны контор тоног төхөөрөмжөө зөв ажиллуулж чадахгүй бол байрны дулаан доголдоно. Дөрөвдүгээрт, ту­хайн орон сууц, тавдугаарт, тухайн айлаас шалтгаалснаас дулаан доголдоно шүү дээ. Эсвэл бүр дулааны шугам явдаг траншей доторх тоног төхөөрөмжийг нь оролдсоноос ч дулаан доголдож болно. Цаг агаар хүйтрэхээр дулааны шугамын траншейд гэр оронгүй хүмүүс орж ийм асуудал үүсгэх нь бий.

Дээр нь, манай байгуул­лагаас шалт­гаалахгүй 35,40 жил бол­­чихсон, хуучирсан шуга­мын аль нэг хэсэгт нь цоорч, хагарвал дулаан доголдож болно.  Манайх бол жил бүр төсөвлөсөн төгрөгөөрөө их засвар, үйлчилгээгээ хийдэг.

-Яг өнөөдөр Зайсан, 21 дүгээр хо­роолын зарим орон сууцны халаалт муу байна гэсэн. Энэ юутай холбоотой гэсэн үг үү?
-Дулаан нь доголдож буй хэд хэдэн газар бий. Дээр үеийн 1940,1950 оны үед баригдсан байрууд байна. Мөн Баянхошуу орчмынх. Дулааны гуравдугаар цахилгааны станцын хажууд байрлах 53, 54 дүгээр байрууд ч хүнд нөхцөлд байгаа. Тэнд амьдарч буй хүмүүсийн амьжиргааны төв­шин тааруугаас дулааны мөнгөө цагтаа өгдөггүй. Нялх хүүхэдтэй, хөгшин хүмүүс амьдардаг гээд дулаан өг гэж нэхнэ. Их хэцүү.

-Жилийн жилд яригддаг дулааны хомсдолын асууд­лаа хэзээ шийдэх вэ?
-ЭХЯ-наас Амгалангийн УС-15 байрны ашиглахгүй байгаа уурын зуухыг түшиглэн дулааны станц барихаар болсон. Энэ станц баригдвал зүүн зүгийнхний хувьд дулааны гачигдал гайгүй болно. Дээр нь, дулааны дөрөвдүгээр цахилгааны станцын хүчин чадлыг өргөтгөхөөр дулааны нөөц бий болж, шинэ орон сууцны хорооллуудыг хангах чадамж бий болно гэж үзэж байгаа. Энэ хоёр станцын асуудлыг шийдэж байх хооронд тавдугаар цахилгаан станц баригдах байх. Өнөөгийн байдлаар  дулааны хувьд хамгийн хүндрэлтэй нь Зайсан, 3,4 хороолол, 13,15,16, дугаар хороолол, хотын төв орж байна. Эдгээр дурдсан хорооллын орчим байшин баригдвал дулаанаар хангах бараг боломжгүй. Учир нь, хотын баруун захыг хангадаг дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад жаахан нөөц бий. Тиймээс зүүн зах руу одоохондоо байшин барих хэрэг байхгүй.

-Нэг хэсэг ч баахан барилга баригдаад та­найх хамгийн эрэлттэй байгуул­лагаар тодорч байлаа?
-Өнөөдөр Зайсанд зөвшөөрөлгүй баригдсан барилга олон. Уг нь, ном журмаараа эхлээд нийслэлийн Засаг даргын газар олгосон захирамж гарсны дараа барилга барих зөвшөөрөл нь гардаг. Ингээд манайхаас дулаан, Улаанбаатар цахилгаан түгээхээс эрчим хүч, УСУГ-аас цэвэр ус гээд бүхий л газраас техникийн нөхцөлөө авдаг юм. Тэгээд нийслэлийн МХЕГ-аас барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваад барих ёстой. Гэтэл сүүлийн үед барилгаа зөв­шөөрөлгүй барьчихаад ду­лаан, цахилгаанд хүчээр хол­бох гээд зүтгэдэг болж. Харин нийслэлийн Засаг даргын зөв­шөөрөлгүй баригдсан ба­рилгыг дулаанд холбохыг хо­риглосон 557 дугаар захи­рамж гарснаар байдал гайгүй болсон.

-Гэхдээ саяхан хийсэн шалгалтаар барилгаа хул­гайгаар дулаанд холбосон барилгын компаниудын жагсаалт гарсан?
-Хулгайгаар дулаан авах явдал мэр сэр гарсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учраас холбохгүй гэхээр өөрсдөө дур мэдэн дахиад холбочихно. Одоо цаг агаар хүйтрээд ДЦС-аас гарч буй халуун ус 122 градустай дамжуулах руу ирж байгаа болохоор хулгайгаар холбох нь зогсч байна. Жил бүр ийм үзэгдэл гардаг. Манайхаас  нийслэлийн Засаг даргын ийм захирамж гарсан учраас боломжгүй гэхээр Э.Бат-Үүлд, ЭХ-ний сайд М.Сономпилд манай компани 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууц барьсан. Гэвч дулаангүйгээс оршин суугчид хохирох гээд байна гээд албан бичиг явуулна.  Энэ асуудлыг яах вэ гээд эргээд манайд албан бичиг нь ирдэг. Манайхаас бол нийслэлийн Засаг даргын захирамж гарсан учраас боломжгүй гэж хэлдэг. Гэвч эцсийн эцэст оршин сууг­чид л хохирч байгаа юм л даа.

-Жишээ нь, тань дээр дулаан авья гэсэн хэдэн хүн, компанийн өргөдөл ирээд байна вэ?
-Хүсэлт ирэнгүүт судлаад хариуг  тэр дор нь өгч байгаа. Манайхан чинь их хэцүү шүү дээ. Шуурхай хийхээр тэнд, энд дураараа дулаан холбосон байна гэсэн мэдээлэл ирнэ. Тухайлбал, дулааны шугамны траншейнээс дулаан хулгайлна. Бид нийслэлийн Засаг даргын захирамжаар дулаанаар хангах боломжгүй гээд таслахаар 70,80 тоннын даацтай шороо ачдаг машинаа траншейны таган дээр зогсоочихно. Хүн өргөж дийлэхгүй учраас кранаар зөөхөөс аргагүй. Хүчээр дулаан авах гэсэн оролдлого л доо. Сүүлийн үед арга нь нарийсаад байрыг нь худалдан авсан 50,60 хүнээр өргөдөл бичүүлээд дулаанд холбохгүй бол манай оршин суугчид хэцүүхэн өвөлжих нь гээд зузаан гэгчийн хавтастай материал холбогдох газруудад өгдөг болсон. Нураах барилгын тоонд орсон Тэмүүлэнбаатар компанийнхан яг ингэж явна гэсэн. Гэхдээ Э.Бат-Үүл даргын захирамж бидэнд ашигтайгаар нөлөөлсөн л дөө. Юу гэхээр барилга барихдаа ном журмаараа явахгүй бол хөрөнгөөрөө хохироод үлдэх юм байна гэсэн цочроог барилгын компанийнханд өгсөн нь бидэнд амар болсон.

-Зөвшөөрөлгүй барихаас аргагүйд хүргэдэг гэх олон шат дамжлагыг цөөлж нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж яриад байгаа. Ийм системд шилжвэл танай байгууллагын ачаалал цөөрөх байх?
-Тэгвэл ачаалал эрс буурна л даа. Тэгээд ч барилгын компаниудад ч амар болох байх. Өнөөдрийн хувьд би юу төлөвлөж байна вэ гэхээр дулаан хүссэн барилгын компанийн өргөдлийг хурдан шуурхай шийдвэрлэнэ. Өгөх боломжгүй бол яагаад гэдгийг нь тодорхой тайлбарлана. Хүнд сурталгүй үйлчилнэ гэ­хээр дулаан авна гэсэн бол­гонд өгнө гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч ихэнх станцын хү­чин чадал, шугамын нэвт­рүүлэх чадал хүрэхгүй эрсдэл бий болчихоод байгаа. Эрчим хүчний  яамнаас төлөв­лөсөн станцууд баригдвал баригдсан барилга бүрийг дулаанаар хангаж болох байх л даа.

-Хавар болонгуут ба­рил­гын компаниудын удирд­­­­­­­­­­­­­­­­­­­­­лага дулаан өгөөч гээд хүрээд ирнэ. Дулааны нөөц хэр байгаа юм бэ?
-Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад л жаахан дулааны нөөц бий.  Тус станц нийт үйлдвэрлэж буй дулааны үндсэндээ 60 хувийг нь үйлдвэрлэдэг. Харин дулааны гуравдугаар цахилгаан станц 35 хувь, дулааны хоёрдугаар цахилгаан станц үлдсэн дөрвөн хувийг нь үйлдвэрлэдэг. Тэгэхээр дулааны хоёр, гурав­дугаар цахилгаан станц ямар ч боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс Амгалангийн УС-15 уурын зуухыг түшиглэн байгуулагдах дулааны станц болон ДЦС-4-ийг өргөтгөх шаардлагатай байгаа юм.

-Дэлхий нийтийн хандлага төвлөрсөн бус хэсэгчилсэн дулааны системд шилжиж байна. Манайх ч гэсэн эл систем рүү  шилжинэ гэж буй?
-Ер нь, дэлхийд дулаан хангамж төвлөрсөн, төвлөрсөн бус гэж хоёр янз байдаг. Солонгос улсаар жишээ авья. Тус улс төвлөрсөн бус дулаан хангамжтай. Дүүрэг, дүүргээрээ нэг станцтай, зөвхөн хариуцсан газраа дулаанаар хангадаг. Гэхдээ станц нь нэг бол хийгээр эсвэл хогоор ажилладаг. Харин манай улсын хувьд төвлөрсөн системээр явдаг. Өнөөгийн байдлаар Гандан, Зурагтын орчим, Долдугаар хороолол болон баруун тийшээгээ Толгойт төвлөрсөн дулаанд холбогдох учиртай. Харин эхний ээлжинд хотын захиргаанаас орчин үеийн хороолол болгоно гэж төлөвлөсөн Баянхошуу, Чингэлтэй, Долоон буудал орчмынхыг төвлөрсөн бус дулаанаар хангана хэмээн үзэж байгаа. Энэ нь, бие даасан жижигхэн станцтай байх юм. Харин хотын төв бол төвлөрсөн дулаантай байхаас аргагүй.

-“Улаанбаатар дулаа­ны шугам сүлжээ” ком­па­нийг хотын мэдэлд авья. Тэгэхгүй бол ажлын уял­даа холбоогүй байна хэмээн хотын удирдлага Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн гэсэн. Танайхаас энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хотын мэдэлд очвол жаа­хан хүндрэл гарах байх. Эр­чим хүчний нэгдсэн сис­темд дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан стан­цаас гадна дамжуулах, түгээх гээд олон байгууллага ордог. Гэтэл эл нэгдсэн системээс нь нэгийг нь хот авчихаар хүндрэл гарна л даа. Дээр нь, дулааны шугамын 30 хувь нь 25-40 жил болчихсон. Заримыг нь солино гэвэл 93 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс янз бүрийн бэрхшээл, хүндрэл гарна. Ямар ч гэсэн Улаанбаатар хотын захиргаа, ЭХЯ хоорондоо зохицож байгаа гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, Улаан­баатар дулааны шугам сүлжээ 100 хувь ТӨХК. Үүний 41 хувийг нь ЭХЯ, 39 хувь нь ТӨХ, 20 хувийг нь Сангийн яам эзэмшдэг. Тэгвэл хотын Засаг дарга ТУЗ-д орж хувь эзэмшихээр манай бодлогыг тодорхойлно гэсэн үг. Би ажилчдынхаа ца­­­­­­­лин мөнгийг л өгч, бай­гуул­лагынхаа ажлыг хийх ёстой­гоос биш компанийн бодлогын чанартай асуудлыг бол ТУЗ шийднэ. Тиймээс ТУЗ-д хотоос төлөөллөө оруулж шийдвэр гаргах учиртай юм. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.