Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС 2,1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ

Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын компаниуд олборлох үйлдвэрлэл эрхлээд улсад хэчнээн хэмжээний татвар, төлбөр төлснөө, Засгийн газар тэдгээр компаниас ямар хэмжээний татварын орлого хүлээн авснаа жил бүр тайлагнаж, олон нийтэд мэдээлдэг уламжлал тогтоод зургаан жилийн нүүр үзэж буй.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/ нь дэлхий дахинд 2002 оноос  хэрэгжиж эхэлсэн аж. Манай улс энэ санаачилгад 2006 онд нэгдэж, зургаа дахь удаагийн нэгтгэл тайлангаа гаргалаа.   

Монголын ОҮИТБС нь Засгийн газар, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын төлөөлөл бүхий Үндэсний зөвлөлийнхөн өчигдөр нэгдсэн тайлангийнхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэд Монгол Улс 2011 онд гурван тонн алт, 573 мянган тонн зэсийн баяжмал, 21 сая тн нүүрс, 5,7 сая тонн төмрийн хүдэр, 2,5 сая баррель газрын тос экспортолсон нь олборлох үйлдвэрлэл манай улсын эдийн засаг, нийгмийн томоохон салбар болсныг гэрчлэх баримт гэдгийг онцолж байлаа.

Энэ удаагийн тайланд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 компанийг хамруулжээ. Тайлан гаргаагүй компаниудтай ямар хариуцлага тооцохыг Ашигт малтмалын газраас журам гаргаж зохицуулахаар ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 10 дугаар хуралдаанаас шийдвэрлэсэн талаар ахлах зөвлөх Л.Гансүх хэлсэн юм. Мөн ОҮИТБС-ын тайланд хойрго ханддаг байдлыг засах, уул уурхайн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой санхүүгийн хариуцлагыг сайжруулах, Ашигт малтмалын газрын мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулах зэрэг хэд хэдэн зөвлөмж гаргасан талаар Үндэсний зөвлөлийн ажлын албаныхан тайлбарлалаа.

Британи улсын “Харт Нойрс” ба манай улсын “Улаанбаатар Аудит Корпораци" ХХК-ийн консерциум Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын судалгааны зургадугаар тайлан буюу 2011 оны Нэгтгэл тайланг гаргасан байна.
Энэ  тайлан нь олборлох үйлд­вэр­лэлийн тэргүүлэгч 200 компаниас 2011 оны санхүүгийн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг болон төрийн санд төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөр, торгууль мөн төрийн байгууллагуудад олгосон хандив дэмжлэг гээд нийт 2,1 их наяд төгрөгийн орлогыг хүлээн авсан төр, засгийн бүх шатны байгууллагуудтай нь тооцоо нийлж, нэгтгэсэн томоохон ажил гэдгийг ОҮИТБС-ны Үндэсний зөвлөлийн Ажлын албаныхан онцолсон юм. 200 компаниас 2011 онд хамгийн их орлого төвлөрүүлсөн нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Тус үйлдвэр 546 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин “Оюу толгой” 406.5, “Таван толгой” 168.9, МАК 149, “Энержи ресурс” 83, “Саус Гоби Сэндс” 66, “Петро Чайна Дачин Тамсаг” 56, “Болд төмөр Ерөө гол” 40 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

“Оюу толгой” компани хамгийн их хандив өгчээ

Энэ  тайлангаас  хандив, дэмжлэг хүлээн авсан байдлыг харвал төр захиргааны төв болон харьяа байгууллагууд 14,8 тэрбум төгрөгийн хандив авчээ. Ингэж иргэд, аж ахуйн нэгжийг янз бүрээр дарамталж авдаг хандивын мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй гэсэн шүүмжлэл их байдаг учир энэ удаад судалгаанд үүнийг тусгасан гэнэ.

Архангай 50 сая, Баян-Өлгий 8,2 сая, Баянхонгор 419 сая, Булган 492 сая, Говь-Алтай 161 сая, Дархан-Уул 36,6 сая, Дорноговь 1,2 тэрбум, Дорнод 479 сая, Дундговь 108 сая, Завхан гурван сая, Орхон 33,2 сая, Өвөрхангай 172 сая, Өмнөговь 4,5 тэрбум, Сүхбаатар 627 сая, Сэлэнгэ 2,4 тэрбум, Төв 567 сая, Увс 101 сая Ховд 282 сая, Хөвсгөл 108 сая, Хэнтий 128 сая төгрөгийн хандив дэмжлэг хүлээн авсан байх жишээтэй. Тайлангийн хүрээнд хандив тусламжийг бүртгэх, тайлагнах тухай Сангийн сайдын 2010 оны 45 тоот тушаалын биелэлтэд судалгаа хийжээ. Гэтэл төр засгийн ихэнх байгууллага болон аймаг орон нутгийн удирдлагууд эл тушаалыг мөрдөж ажиллаагүй байна.

Тайланд нэгтгэсэн хандив дэмжлэгийн 46 хувийг “Оюу толгой”, 15 хувийг “Бороо гоулд”, 6,5 хувийг “Энержи ресурс”, 5,1 хувийг “МАК”, 4,7 хувийг “Болд төмөр Ерөө гол” олгосон бол Эрдэнэт үйлдвэр 2,4 хувийг нь гаргажээ.

200 компаниас 28 нь хангалтгүй дүн авлаа

Нэгтгэлд 31 яам, агентлаг, 33 төсвийн байгууллага, 21 аймаг, 198 сум, найман дүүрэг их, бага хэмжээгээр оролцжээ. Оролцооны үнэлгээгээр Засгийн газрын хоёр агентлаг, орон нутгийн найман байгууллага, 28 компани хангалтгүй гэсэн дүн авчээ. Тодруулбал, энэ үнэлгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Баян-Өлгий, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймгийн холбогдох байгууллага авсан байна. Харин “Алтан Дорнод”, “Бату Майнинг”, “Гацуурт”, “Таван толгой” ХК, “Ханшижир”, “Биг Могол Коул энд Энержи”, “Болд төмөр Ерөө гол”, “Броад”, “Буман- Олз”, “Бумбат”, “Геомин”, “Гүнбилэг трейд”, “Гүнбилэг гоулд”, “Дэлгэр- Орчлон”, “Жинхуа-Орд”, “Монгол алтай ресорсиз”, “Монгол метал майнинг”, “Олон овоот гоулд”, “СиӨүЭйЭл”, “СиСиЭм”, “Эрдэнэс таван толгой” зэрэг компани хангалтгүй үнэлгээ авчээ.

“Тефис майнинг” хамгийн олон буюу 63 лиценз эзэмшдэг

Нэгдсэн тайланд хамруулсан ажлын нэг нь тусгай зөвшөөрлийн талаархи тоо баримт байна. 200 компани 2011 оны эхэнд 382 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан бол оны эцэст 398 болж нэмэгджээ. Харин хайгуулын 578 тусгай зөвшөөрөлтэй байсан бол 545 болж буурсан аж.

2011 оны эцсийн байдлаар нийт 1841 компани ашиглалтын 1200, хайгуулын 2576 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаар нь судалгаа хийхэд “Тефис майнинг” 63, “Алтандорнод” 35, үүнээс 29 нь ашиглалт, “Монголросцветмет” 36, үүнээс 33 нь ашиглалт, “Пибодивинсвей ресорсиз” 30, үүнээс гурван нь ашиглалт, “Сентерра гоулд” 27, үүнээс долоо нь ашиглалт, “Гоби коул энд энержи” 32, үүнээс дөрөв нь ашиглалт, “МАК” 31, үүнээс 22 нь ашиглалт, “Гацуурт” 21, үүнээс 18 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан