Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхийн сэтгэл, цэнхэр дэлгэц хоёрт тэр өдгөө ч амьдарсаар


“Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлж болдог юм уу”. Энэ бол 1985 оноос хойш Монголын үзэгчдийг байлдан дагуулсан, хэзээ ч хуучирдаггүй “Би чамд хайртай” уран сайхны киноны гол цөм нь болсон өгүүлбэр. Тоглоомоор хэлсэн энэ л үгнээс киноны үйл явдал өрнөдөг. Дэлгэр, Баяраа, Үрлээ гурвын хайр сэтгэлийн гурвалжин үргэлж л залуухнаараа өнөөдөр бидэнтэй золгосон. Түүнтэй адил Дэлгэрийн дүрийг бүтээсэн Л.Эрдэнэбаяр цэл залуухан 25-хан насандаа энэ хорвоог орхижээ. Ганцхан кинонд тоглосон ч үзэгчдийн сэтгэлийг хөндөөд одсон түүнийг өнөөдөр нэхэн дурсах хүн олон. Тэдний дотор түүний ээж үрээ сэтгэлдээ тээсээр суугаа. Хоёр жилийн өмнө бүтээгдсэн “Би чамд хайртай 2” киног үзээд нулимс дуслуулан суусан Л.Эрдэнэбаярын ээж Д.Банзрагч “Хүү маань богино хугацаанд амьдраад энэ хорвоог орхисон ч, хүүгийнхээ хүүг харсан юм шиг л боллоо. Дуучин Болд миний хүүтэй их төстэй юм билээ. Сэтгэл хөдлөөд киноны нээлтийн дараа түүнтэй уулзаж үнссэн. Намайг хэн гэдгийг танихгүй болохоор анзаараагүй байх. Гудамжаар алхаж байхдаа ч хүүтэйгээ адилхан хүнийг нүдээрээ хайж, одоо ч түүнийгээ байхгүй гэдэгт итгэдэггүй” хэмээн ярих эхийн сэтгэлийг юутай ч зүйрлэх билээ дээ.

Ингээд Д.Банзрагч эгчийн ярианаас ганцхан дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн “Би чамд хайртай” киноны Дэлгэр буюу Л.Эрдэнэбаяр гэж хэн байсныг хайж олохыг хичээлээ.

1966 он. “Үнэн” сонинд гэ­рэл зургийн сурвалжлагчийн ажилтай Б.Лувсанжамцын гэр бүл зургаа дахь хүүхдээ өлгий­дэн авсан нь Б.Эрдэнэбаяр байлаа. Улсын хэвлэлийн комбинатад ном сонины зураг авагч ажилтай ээж нь хортой нөхцөлд ажилладаг, олон хүүхэд төрүүлсэн учир эрт тэтгэвэрт гарчээ. Ээж­тэйгээ ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байсан хүү бүх л зүйлээ ээждээ ярина.

Д.Эрдэнэбаярын бага ах нь аравдугаар ангиа төгсчихөөд ХБК-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцжээ. Сургуульд орсных нь дараа жил дүү нь найман нас хүрч, бас л ХБК-д орсон аж. Ингээд л Л.Эрдэнэбаяр хүү хийл хөгжимтэй дотно “танилцсан” гэнэ.

1985 он. ХБК-д найман настай элссэн хүү 11 жил сураад байтал нэг өдөр сургууль дээр нь Кино үйлдвэрийнхэн ирж хүүхдүүдийг пробонд оруулж байгаа тухай зар тарав. Л.Эрдэнэбаяр ч угийн нийтэч, сэргэлэн хүү байсан учраас үзээд л алдаж. Гэхдээ энэ тухайгаа ээждээ хэлсэнгүй.

Сургуулийнх нь өвлийн амралт эхлээд, мань хүн 14 хоног “Дуган хад”-ны амралтанд амрахаар явчихсан хойгуур хэрэг мандлаа. Кино үйлдвэрээс залгаад “Танай хүү кинонд тоглох боллоо. Уулзах хэрэгтэй байна. Тэр хүүхэд хаана байна” хэмээн ээжийг нь хэсэг балмагдуулсан гэдэг. “Амралтанд явчихсан, 7 хоногийн дараа ирнэ” гэсэн ч, маргааш нь дахиад л залгав.“Тэр хүүхдийг маш түргэн ирүүлэх хэрэгтэй байна” гэжээ.

Энэ үед Д.Банзрагч эгч, “Долоохон хоног амраад ирэх юм чинь хүлээвэл яасан юм бэ? Тэгээд ч манай хүүхэд кинонд тоглож чадахгүй байх аа. Жүжигчин биш, мэргэжлийн хичээлтэй хүүхэд. Хичээл номонд нь саад болно, төгсөх цаг нь ойртож байхад хэцүү шүү дээ. Өөр хүүхэд тоглуулчихаж болдоггүй юм уу” гээд л шуудхан хэлчихжээ. Гэтэл өөдөөс нь “Тэгж болохгүй ээ. Нэгэнт шалгарчихсан болохоор танай хүүхдийг тоглуулна” гэхийг нь сонссон ээж эхэндээ жаахан дургүй байсан гэдэг.

 Долоо хоногийн дараа хүүгээ ирэхээр нь “Кино үйлдвэрээс дуудаад байна. Ямар учиртай юу яриад байгаа юм” хэмээн уцаарлангүй асуусанд хүү нь “Өө, нэг тийм шалгаруулалт явж л байсан” гээд нэг их тоосон шинжгүй хэлэв. Угийн хошин, алиа зантай хүү харин ч ээжийнхээ хэлснийг сонсоод, “За тэгвэл би ч мундаг кино жүжигчин болох нь дээ” гээд инээсээр гарчээ. Ингээд л зохиолоо барьсаар гэртээ орж ирсэн аж.

Тухайн үед 19 настай байсан Д.Эрдэнэбаяр хүү “Би чамд хайртай” кинонд тоглосноор сайн найзаа олж авчээ. Баяраагийн дүрд тоглосон, өөрөөс нь хоёр ах Н.Бадралын аав, ээж хоёр мэргэжлийн жүжигчин байсан учраас Л.Эрдэнэбаярт зарим үед их тусалдаг байж. Л.Эрдэнэбаяр ч хийл хөгжимчний мэргэжил эзэмшиж байсны ачаар хүний сэтгэлийг хөдөлгөсөн нарийн хэсгүүдийг их мэдрэмжтэй гаргасан байдаг. Гурван жилийн өмнө телевизийн нэгэн нэвтрүүлэгээр гавьяат жүжигчин З.Жарантав гуайг “Дэлгэрийн дүрийг бүтээсэн хүү бол жүжигчин биш. Гэхдээ энэ дүрийг гайхалтай сайн гаргасан. Яагаад гэвэл тэр хүү угийн сонгодог урлагийн мэргэжилтэй учраас маш нарийн мэдрэмжтэй байлаа” хэмээн ярьж суухыг сонссоноо санаж байна.

“Би чамд хайртай” киног дэлгэцэнд гарахад Д.Банзрагч эгч очиж үзэхдээ киноны талаар ямар ч төсөөлөл байсангүй. Гэтэл үзэгчид уйлаад л, хүү нь хаягдаад л... Тухайн үеийн мундаг жүжигчдийн нэг Дамчаа агсан “Хүү чинь их мундаг жүжигчин болно доо. Зураг авалтын үеэр нэг ч удаа “Зогс” гэж дахиулаагүй” хэмээн магтахад нь л хүүгээрээ бахархаж байлаа хэмээн дурссан юм.
Кино нээлтээ хийсэн даруйд Дэлгэр, Үрлээ хоёр захианд дарагдсан гэдэг. Харин Баярааг гудамжаар явахад нь “Үрлээг жирэмсэн болгоод хаясан залуу” гээд л чулуугаар нүүлгэдэг байсан гэдэг. Амьдрал дээр Л.Эрдэнэбаяр, Н.Бадрал хоёрыг С.Пүрэвмаад хайртай байсан гэх яриа байдаг. “Би чамд хайртай 2” киноны зураг авалтаар ӨМӨЗО-оос ирсэн жүжигчин Н.Бадрал “Бодит амьдрал дээр тийм байгаагүй ээ. Хэн нь ч сайн байгаагүй. Бид хоёр Пүрэвмаагаа сайн тоглуулахын тулд хуйвалддаг байсан. Хэвлэлд ташаа, худлаа бичсэн байдаг юм. “Би чамд хайртай”-гийн Баяраа, Дэлгэр хоёр Үрлээгээс болж цусаа гартал зодолджээ гэсэн юм гарсан. Би тэрэнтэй яах аргагүй хэл ам хийж байсан шүү”  гэснээр 25 жилийн дараа л үнэний учиг тайлагдсан юм.

Харин түүний ээж “Хайр сэтгэлийн тухай ийм айхтар кинонд тоглосон хэрнээ өөрөө амьдрал дээр хайр сэтгэл гэдгийг амсч үзэлгүй өөд болсон. Киноноос хойш 1990 он хүртэл таван жилийн хугацаанд найз охинтой гэж надад нэг ч удаа ярьж байгаагүй” хэмээн баталлаа. Л.Эрдэнэбаярын хайр сэтгэл, зан ааш, амьдрал гээд Дэлгэрээс тэс өөр ч нэг л зүйл киноны үйл явдлыг давтсан мэт өрнөжээ.

Тэрээр 1986 онд ХБК-ийг хийлч мэргэжлээр онц дүнтэй төгсөөд, хоёр жил Улсын филармонид гоцлол хийлчээр ажиллаад, 1989 онд Свердловскт хөгжмийн дээд сургуулийн концертмейстрийн ангид сурахаар явсан ч төгсч чадалгүй, нэг жил сураад эргээд иржээ.

Энэ талаар түүний ээж “Хүү маань нөхдийнхөө өмнөөс хийсэн хэргээ хүлээгээд сургуулиасаа хөөгдөөд ирсэн. Ер нь, тэгээд хүнд бурхан сайн муу юмыг тэнцүү өгдөг бололтой. Бүх юмыг гүйцээх учиртай байсан юм байлгүй. Хийл, төгөлдөр хуурын чиглэлээр сурдаг хэдэн хүүхдүүд хоорондоо хэрэлдэж маргалдсан юм уу, зодоон нүдээн болсон ч юм уу би сайн мэддэггүй юм. Сургуулийн дүрэм журам зөрчлөө гээд хурлаар орсон чинь бусад хүүхдийнхээ хэргийг өөр дээрээ хүлээгээд хэргийн эзэд нь мултраад үлдчихсэн. Би тухайн үед сургуульд нь үлдээчих санаатай хөөцөлдөөд сайдтай хүртэл уулзаад бүтээгүй. 1990 онд хойноос ирээд удалгүй автын ослоор ээжээсээ явчихсан. Хүн чинь сайн явах хэцүү, муу явах бүр хэцүү юм даа.

Яг л кинон дээр гардаг шигээ хийгээгүй хэргийнхээ төлөө сургуулиасаа хөөгдчихөөд ирсэн. Ер нь, багын нэг тийм зантай хүүхэд байсан. Байрны гадаа хүүхдүүдтэй тоглож байгаад хэрэг тарьчихвал ганцаараа хэргээ хүлээчихдэг, зодуулаад шоглуулаад л нөхдийнхөө нэрийг хэлэхгүй гүрийгээд өнгөрдөг хүүхэд байсан юм. Тэр кинон дээрх явдал бодит амьдрал дээр давтагдах учиртай байсан юм байлгүй. Хэрвээ хүү минь бусдын өмнөөс хэрэг хүлээж буцаж ирэхгүйгээр сургуульдаа үлдсэн бол өнөөдөр амьд сэрүүн ээждээ үнсүүлээд явж байх ч байсан юм бил үү” хэмээн нулимс дуслуулсан юм. Үнэхээр түүнтэй мөр зэрэгцэж, кино хийж, кинонд тоглож явсан залуус одоо бүгд амьд сэрүүн байна...

Гэхдээ тэр ч гэсэн ээжийнхээ сүүн цагаан сэтгэлд нялхаараа, цэнхэр дэлгэцнээ 19-хөн настай хэвээрээ л байгаа.

0 Сэтгэгдэл
Xoorxii doo saixan xuu bj dee
танай сэтгүүлч эрүүл байна уу. Л.Эрдэнэбаяр, Д.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэбаяр гээд 3 янзаар бичцэн байхийн
Ugiin jujigchin bh gej bodoj bsn um gaihaltai umaa.
Хамгийн их уншсан