Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр нэг л сайхан нартай өдөр

Өнөөдөр өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр. Аргын тооллоор бол арванхоёрдугаар сарын 21. Өглөөний нар ямар сайхан мандав аа.  Ёстой л “Ертөнцийн төгсгөл” гэж цуурч, элдэв яриа дэлгэсэн хүмүүст хариу өгөх гэж байгаа юм шиг урьд урьдынхаас илүү сайхан, тэнгэр нь цэлмэг, нар нь тунгалаг сайхан байх юм.
Дорнын тооллоор өвлийн сар дундаа орж маргааш ес эхэлдэг өдөр. Өнөөдөр өдөр хамгийн богино, шөнө хамгийн урт байж маргаашаас эхлээд өдөр уртасч эхэлнэ. Хэн хүнгүй маргаашаас эхлээд өдөр бага багаар уртасч нэг л өөр болоод эхэлнэ дээ гэцгээн хүлээж  байна.
Хүйтний хувьд ес эхэлж, балчир гурван ес, идэр гурван ес гээд ёстой л гунын эвэр хуга хөлдмөөр, гурав гурван ес дараална  даа гээд монголчууд хэзээний л сурсан зангаараа өвлийн ид хүйтэндээ бэлтгээд байдгаараа л байж байна.
Арванхоёрдугаар сарын 21-нд, бүр 10,00 цагт “Ертөнцийн төгсгөл” тохионо, Нибури гаригтай мөргөлдөнө, “Тэг зурвас”-т орно, хэдэн хоногоор харанхуй нүүрлэнэ, дэлхийн хүн амын 10 хувь нь үхнэ гэсэн цуу ярианууд газар авч хүмүүсийг айлгаад байсан.
Манай гаригийн эрдэм шинжилгээ, сансар судлалын томоохон байгууллага Америкийн сансар судлалын НАСА агентлаг, Оросын Холбооны сансрын агентлаг зэрэг газрууд ийм яриаг шинжлэх ухааны үүднээс няцаасаар байсан ч зарим итгэмтгий хүмүүс лаа шүдэнз, биедээ авч явах хувийн эд зүйлсээ бэлтгэж төөрөлдсөөр. Үүнийг ашигласан ашиг хонжоо хайсан бизнесмэнүүд “Ертөнцийн төгсгөл”-өөс амьд үлдэх хоргодох байр, гэр орон сууц, лаа шүдэнз, эм хэрэгсэл гээд зүйлээр бизнес хийхийн тулд хүмүүсийг хөөрөгдөн ийм худал мэдээллийг дэвэргэж ашиг олсон явдал хаа сайгүй. Манайд л гэхэд нэр бүхий хэд хэдэн хүн энэ талаар суртал нэвтрүүлэг хийж үүнийх нь “ач”-аар лаа шүдэнз, монгол гэр гүйлгээнд орсон.
Хамгийн сонирхолтой нь, өнөөдөр өглөө нар манддагаараа мандаж, Монголын сайхан оронд өвлийн дунд сарын нэг сайхан өглөө болдгоороо боллоо. Төв суурин газрынхан ажилдаа явж, хөдөөгийнхөн малаа хашаа хорооноосоо гарган бэлчээрт нь залж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд “албан”-ндаа явж, гудамжаар машин тэрэг сүлжилдэн, гадуур хүмүүс тайван сайхан алхалцгааж байна. Амнаас нь уур савсаж, хацар нь үл ялиг улайсан хүмүүс гудамжаар урьдынхаараа л үл ялиг яарсхийн алхалж байна.
Өнөөдөр хамгийн богинохон өдөр, урт шөнө, маргаашаас эхлээд өдөр бага багаар, хэдхэн минутаар ч болов уртасч эхэлнэ. Маргаашаас эхлээд албан байгууллага, айл өрх, хүн бүр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөх их ажилдаа орно. Хамгийн гол нь хэдхэн хоногийн дараа болох шинэ жилийн баяртаа бэлтгэнэ. Сүлд модоо засна, чимэглэнэ, баярын үдэшлэгээ хаана хэзээ хийх вэ, хэн хэнийг урих вэ, ажилтнуудаасаа хэнийг шагнах вэ, өвлийн өвгөн, инээд бэлэглэгч алиалагчид, хошин шогчдоо хаанаас урих вэ, дуучин хуурчдаараа хэнийг залах вэ гээд шийдмээр, яримаар асуудал зөндөө, ёстой хоолой давж байна.
Ёстой л “Юун дэлхий сөнөх”, “Ертөнцийн төгсгөл”. Тэр тухай бодох ч завгүй тэвдэж байна. Өнөөдөр нар манддагаараа мандаж, өглөө болдгоороо боллоо.
Энэ өглөөний нар сайхан байсан шигээ ирэх жилийн, түүний дараа, дараа жилийн нар үргэлж сайхан байх нь байна. Дэмий юманд хууртаж, хөнгөн гоомой хөдлөх дэмий юм. Тайван байж болох нь байна шүү, та минь ээ. 

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
saihan niitlel bn
Хамгийн их уншсан