Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛД 545 ХОРШОО ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЭДИЙ Ч...

Өнөөдрийн байдлаар манай улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг 545 хоршоо бий гэсэн судалгаа байдаг. Гэсэн хэдий ч тэдгээрийн ихэнх хувь нь аймгийн болон сумын төвд олон төрлийн үйл ажиллагаа эрхэлж, гишүүн малчдын оролцоо, идэвх муугаас нэг хэсэг хүний эрх ашигт нийцсэн “ЭЗНИЙ” хоршоо гэж хэлэхээр байгаа аж.
Хоршоог авч үзвэл 67 хувь нь дөнгөж 9-20 гишүүнтэй байх жишээтэй. Япон улсын Засгийн газар хоршооллох бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр  богино  хугацаанд  нийт  фермерүүдээ  100  хувь  хоршоонд нэгтгэжээ. Энэтхэгийн Гужарат мужийн 56 жилийн түүхтэй “Амул” хоршоо анх малчдынхаа сүүг нийлүүлж, зах зээлд гаргах ажлаа эхэлсэн бол өдгөө нийт 3.1 сая гишүүнтэй болжээ. Уг хоршоолол жилдээ 3.4 тэрбум литр сүү боловсруулж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, 1.8 тэрбум ам.долларын орлого олдог болсон байна. Кени улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувийг зөвхөн хоршооны салбар үйлдвэрлэн гаргаж байгаа учир Засгийн газар нь Хоршооны хөгжлийн яам байгуулан ажиллуулж байгаа зэрэг гадаадын олон жишээ хэлж болохоор байна. Харин манай улсад мал аж ахуйн үйлдвэрлэл явуулж байгаа 1100 гаруй багт 155 мянган малчин өрх амьдарч байна.
Нэг багт дунджаар 140 орчим малчин өрх амьдарч, тэдгээрийн 88 хувь нь 50-500 толгой мал хариулдаг.Малчдын олон шат дамжлагаар худалдан авч буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр мөртлөө эсрэгээрээ өөрсдийнх нь зах зээлд борлуулж буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн ханшаас харьцангуй доогуур үнэлэгдэж байгаа. Нийт малчдын дөнгөж тав хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа зэрэг олон асуудал тулгарч буй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд ҮХААЯ-наас “Малчдын хоршоо шинэ бодлого” хэрэгжүүлэхээр шийдэж, улсын зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Орон нутагт үйл ажиллагаа нь жигдэрсэн цаашид хоршоо байгуулах боломжтой малчид, аж ахуй цөөнгүй байна. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Г.Мөнхтөр үржлийн сайн чанарын хуц, ухна хээлтүүлэгт ашигласнаар хурганы гулуузны жинг 18 кг, төлөгний гулуузны жинг 28 кг, бярууны гулуузны жинг 155 кг-д тус тус хүргэж, зах зээлд борлуулан ашиг, орлогоо тогтвортой нэмэгдүүлж байна. Ингээд орон нутгаас ирсэн малчдын санал бодлыг сонирхлоо.

А.ЧУЛУУНБААТАР: МАЛЧИД ЯАГААД ТЭТГЭВЭР АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ

/Говь-Алтай аймаг Бугат сум/

-Танай нутгаар өвөл өнтэй юу?
-Манай сум зун гантай байсан болохоор өвөлжилт хүндрээд л байна.
-Өвөлжилт хүндэрч буй аймгуудын малчид малаа нядлаад байгаа гэх юм. Таны хувьд хэчнээн толгой малтай вэ. Цаашдаа өвөлжилт хүндэрвэл яах бодолтой байна?
-200, 300 толгой мал бий. Одоохондоо цаг агаар харзнаад малаа нядлачихаагүй байж л байна.
-Энэ жил хэчнээн тонн ноос тушаасан бэ. Ноосны урамшууллын мөнгөө авч чадсан уу?
-150 кг ноос тушаагаад 300 мянган төгрөгийн урамшуулал авсан.
-Орон нутагт малын болон түүхий эдийн ханш ямар байх шиг байна?
-Эр хонь 150 мянга, эм хонь, эм ямаа 100 мянган төгрөгөөр худалдаж байна. Ямааны арьс 20-23 мянга, хонины нэхий 13-15 мянга, адууны шир 20 мянган төгрөгөөр л ченжүүд авч байна.
-ҮХААЯ-наас малчид руу хандсан олон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар мэдээлэл авсан л байх?
-Авалгүй яахав. Сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшуулал, арьс ширний бонд гээд амьдрал хэрэгжээд явбал малчдад үнэхээр том дэмжлэг болно. Малчдын хувьд банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхээд олгодоггүй. Малыг эрсдэлтэйд тооцдог учраас зээл авах боломжгүй хэцүүхэн л байдаг. Малчин хүн яагаад тэтгэвэр авч болохгүй гэж. Шинэчлэлийн Засгийн газар 1990-2000 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалыг тооцон нөхөн төлж болохоор болсон гэсэн. Малчид ч дээрх хугацааны нийгмийн даатгал тасарсан бол ирэх наймдугаар сарын 1-ний дотор харьяа орон нутгийнхаа нийгмийн даатгалын байцаагчид хандаарай гээд дэд сайд Туваан ярилаа. Хэрвээ малчдын хоршоотой болбол нийгмийн даатгалд бэлэн мөнгө төлөх бус ноосныхоо урамшууллаас нэг мөр жилийнхээ шимтгэлийг бүрэн төлөх боломжтой гэсэн.


А.ТҮМЭНЖАРГАЛ: МАЛЧДЫГ Л ДЭМЖЭЭД, МАЛЫГ НЬ ХҮРТЭЛ ЦАЛИНЖУУЛААД ГЭЭД Л ШҮҮМЖЛЭХ ЮМ

/Завхан аймгийн Их-Уул сум/

-Сайхан өвөлжиж байна уу. Танай нутагт өвөлжилт хэр байгаа бол?
-Цас багатай мөртлөө зуншлага муу болсон болохоор хэцүүхэн. 20-ноос хойш хялмаа цас орсон, цаашдаа бүр ч хүндэрч магадгүй л байна.
-Хэчнээн толгой малтай вэ?
-100 гаруй мал бий.
-Орон нутагт малчдын амьдрал хэр байна вэ. Төрөөс янз бүрээр дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа арьс ширний бонд, ноос ноолуурын болон сүүний урамшуулал гээд та бүхэнд нэмэр болох төрийн бодлого хэрэгжих нь?
-Малчдыг төрөөс үнэхээр сайн харж хандахаар болж байна. Шинэчлэлийн Засгийн газар, ҮХААЯ, Х.Баттулга сайдад малчид үнэхээр талархах хэрэгтэй. Хүмүүсийн дунд малчдыг л дэмжих юм, малыг нь хүртэл цалинжуулаад гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ бидний амьдралыг залгуулдаг мал  эрсдэлтэй шүү дээ. Ганц зуднаар л үхэж үрэгдэхэд ядуучуудын тоог нэмэхээс өөрөөр яаж ч чадахгүй л хүн бол малчид.
-ҮХААЯ-наас малчдыг хоршоо болгон хөгжүүлэхээр боллоо. Малчдын хувьд үүнийг хэрхэн дэмжих бол?
-Малчид хоршоолол болон нэгдэх бүрэн боломжтой. Хоршоогоор дамжуулан бирждээ малын түүхий эдээ тушаагаад явах нь бидэнд яалт ч үгүй хэрэгтэй. 1000 км зайны цаанаас бид түүхий эдээ ачаад ирдэг.
 Гэтэл хятадууд хамгийн доод үнээр л бараг гуйлгаж байж авдаг. Ямар буцаад аваад явалтай нь биш. Малчдын амьдрал харийн хүнээс хараат гэхээр хэцүү л юм.

Ш.МӨНХБААТАР: ХОРШОО БАЙГУУЛАХАД ГАРААНЫ МӨНГӨ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ

/Говь-Алтай аймгийн ХААЖДҮГ-ын дарга/

-Танай аймаг хоршооллын загвар аймаг гэсэн шагналыг Засгийн газраас хүртсэн гэсэн. Аймгийн хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаа бол?

-Мал аж ахуйн чиглэлээр 28 хоршоо үйл ажиллагаа явуулдаг. 18 сумтай гэхээр нэг суманд нэг хоршоо гэсэн үг. Миний хувьд дан ганц мал аж ахуйгаа хөдөө аж ахуйтай хамтатгаад хоршоолох юм бол хэрэгтэй гэж боддог. Аймгийн хэмжээнд үйлдвэр үйлчилгээ, мал аж ахуй, хөдөө аж ахуй гээд нийт 128 хоршоонд 6500 хүн хамрагддаг. Хоршооны тухай хуульдаа есөөс доошгүй гишүүнтэй байх ёстой гээд заачихсан байдаг. Гэтэл үйлчилгээний салбарт энэ журам нь болоод байгаа юм. Нэг өрөөнд нь үсчин, гутал засвар, оёдол гээд үйл ажиллагаа явуулах боломжтой. Харин бусад салбарт хоршооны гишүүдийн тоо олон байх ёстой. Хоршооны дарга, нягтлан, нярав, түүхий эд авагч, жолооч гэсээр 6-7 хүний орон тоо болчихдог. Тэгээд цалин гэхээр өнөөх мөнгө нь хүрэлцэхээ больчихно шүү дээ.
-Танай аймгийн малчид хоршоогоороо дамжуулан түүхий эдээ нийлүүлдэг үү?
-Тийм ээ. Малчид ченж, хятадуудад түүхий эдээ өгөөд л байдаг. Гэтэл өвөлжилт хүндэрлээ гэхэд ченжүүд малчдад ганц ч боодол өвс өгөхгүй шүү дээ. Үүнийг л малчид маань ойлгох ёстой. Хамгийн гол нь, ҮХААЯ-наас малчдад хоршооллын талаархи сурталчилгааг маш сайн хийх хэрэгтэй байна. Хоорондоо нэгдээд үйл ажиллагаагаа явуулаад ашгаасаа хувь хүртэх боломжтой гэдгийг л ойлгуулмаар байгаа юм.
-Хоршоо байгуулаад ажиллаж яваа хүний хувьд анх ажлаа эхлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарсан бол?
-Хоршоо байгуулахад гарааны мөнгө зайлшгүй хэрэгтэй. Үүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог ч юм уу арга хэмжээ авах ёстой. Малчдаас арьс шир, ноос ноолуурыг нь авъя гэхээр мөнгө байхгүй. Гэрээ энэ тэр хийж аваад дараа нь мөнгийг нь өгье гэхээр малчид үнэмшихгүй шүү дээ.
-Та нарын хувьд ямар арга хэмжээ авсан юм бол. Туршлагаасаа хуваалцаач?
-Сум хөгжүүлэх сан гээд 50 сая төгрөг өгдөг шүү дээ. Тэр мөнгийг нь ашигласан. Энэ талаар санал хэлэхэд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас эсэргүүцсэн ч тухайн үед ХХААХҮЯ-наас бол зөв санаачилга гээд дэмжснээр ажил маань урагшилсан л даа.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан