Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2012 оны Улс төрийн онцлох үйл явдал

Халаагаа өгч байгаа 2012 он Монгол оронд улс төрийн үйл явдлаар арвин жил байлаа. Энэ онд монголчууд төрийн эрх барих дээд байгууллагаа шинээр сонгож, үүнийг дагасан олон үйл явдал өрнөсөн. Сонгуульд ялсан, ялагдсан, улс төрийн шинэ нам байгуулсан, нэг нам нөгөөгөөсөө салсан, нэг нь нөгөөтэйгээ нийлсэн гээд л.....Улстөрчид ч бас энэ олон үйл явдалтай уялдуулаад өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй сонин үйлдлүүд гаргасан нь олны ам дамжин яригдсан онцлох үйл явдал болсон юм. ASSA.mn сайт 2012 онд Монгол Улсад тохиосон улс төрийн 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.

1.    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр баригдав

Энэ онд улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татсан зүйлийн нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан үйл явдлыг ASSA.mn сайт онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 13-ны орой Удирдлагын академийн хашаан доторх гэрээс нь АТГ, цагдаагийнхан баривчлав. Түүнийг баривчлахын тулд дөрвөн автобусаар цагдаагийн албан хаагчдыг авчирч, зургаан цагийн турш гэрийг нь бүслэн сахисны эцэст, хүч хэрэглэн гутал хувцасыг нь өмсгөлгүй авч явсан. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн шалтгаанаар байсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахад түүний гэрт МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат нар байсан юм. Энэ үйл явдлаас хойш Н.Энхбаярыг Төв аймгийн цагдан хорих газар хорьж шалгаж байв. Ингээд түүнийг АТГ, хуулийн байгууллага шалгаад эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад долоон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон юм. Тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, урьдчилан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. Энэ хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнд баймгүй авир гаргасан нь мөн л олныг алмайруулсан. Ингээд тэрээр бүхэл 11 хоног өлсгөлөн зарлаж, дэлхийд байгаагүй гэмээр “амжилт” үзүүлэв. Гэхдээ түүний энэхүү өлсгөлөнг үнэн байгаагүй гэж зарим хүмүүс үзэж байлаа. Ийн Н.Энхбаярт холбогдох хэрэг Монгол Улсын шүүх байгууллагын бүхий л шатанд хүрч хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс түүнд оноосон ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлээд байгаа билээ. Түүнийг клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь энэ сарын 21-нд мөн л хүчнийхэн хүчээр авч яван ШШГГ-ын 401 дүгээр ангид аваачсан нь мөн л дуулиан дагуулаад байгаа юм.

2.    Улс төрийн 21 дэх нам буюу МАХН албан ёсоор бүртгүүлэв

Хуучин цагийн МАХН онц их хурлаа өнгөрсөн онд зарлаж ууган нэрээ сэргээн МАН болов. Энэ үеэс намынхандаа гадуурхагдаж байсан Н.Энхбаяр МАХН гэдэг нэрээ авч тусдаа нам байгуулахаар ууган намынхаа хурлын танхимаас гарч одсон юм. Өөрийгөө дагасан хэдэн нөхдийн хамт намынхаа хурлыг хийж МАХН гэдэг нам байгуулснаа мэдэгдэж намын нэрээ баталгаажуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгөв. Гэсэн ч Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 15,6 гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж буй эсэхэд эргэлзэж байгаа тухай бичгээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн байлаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж Н.Энхбаяр нарт МАХН гэдэг нэрийг өмчлөх эрх олдсон гэж хэлж болно. Ингээд зургадугаар сарын 20-нд сонгуулийн өмнөхөн Улсын дээд шүүхээс тус намын нэрийг албан ёсоор баталгаажуулж, улс төрийн 21 дэх намаар бүртгэж авав. Хэдийгээр намын нэрийг сонгуулийн өмнө өгсөн ч МАХН-ын гишүүд дэмжигчдийн хүрээлэл аль хэдийнэ бий болсон байв. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-д элсэж, тус намд ямар нэгэн албан тушаал хашаад эхэлчихсэн байсан нь энэ оны бас нэгэн онцлох зүйлд багтах үйл явдал болсон юм. Мөн үүнтэй адил бас нэгэн үйлдэл нь МНН-ын дарга байсан Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун нар намаа нэгтгэж ИЗ-НН-ын байгуулсан. Гэвч МНН-ын гишүүд хэл ам хийж, дээгүүр доогуур гүйсний эцэст Д.Энхбатыг намаасаа “хөөж” намынхаа унаган нэрийг авч үлдсэн юм.

3.    Ардчилсан сонгууль жинхэнэ утгаараа явав

Сонгууль болгоны дараа “Манай саналыг луйвардчихлаа. Тэглээ, ингэлээ” гэсэн гомдол байнга гардаг. Тэгвэл үүнийг арилгаж, шударга сонгууль явуулахаар зорьж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан юм. Сонгуулийн тухай шинэ хуулиар сонгогчийн саналын хуудсыг гараар бус автомат машинаар тоолох болсон нь манай улсад урьд хожид байгаагүй шинэ зүйл болсныг онцлох нь зүйтэй. Шударга сонгуулийн үр дүнгээр парламентын олонхийг АН бүрдүүлж чадсан. Гэсэн ч үнэмлэхүй олонх болж чадаагүй учир МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын УИХ дахь төлөөлөлтэй хамт Шинэчлэлийн тодотголтой эвслийн Засгийн газар байгуулсан.
Мөн энэ сонгуулийн нэг онцлог нь сонгуулийн холимог системээр явсан явдал байв. Сонгуулийн үр дүнд түүхэндаа анх удаа олон эмэгтэй гишүүн сонгож чадсан. Энэ нь, Монгол Улс дахь олон улсын хэмжээнд ардчиллын үнэлэмж маш өндөр, жендерийн мэдрэмжтэй гэсэн сайшаал хүртээд байгаа билээ. Сонгуультай холбоотой бас нэг онцлох үйл явдал бол энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох сонгуульд монголчууд түүхэндээ хамгийн бага ирцтэй оролцлоо.  Сонгуулиас, сонгуульд сонгогчдын ирц, идэвхи буурч байгааг СЕХ-оос мэдээлж байгаа ч ийм бага ирцтэй сонгууль өмнө нь байгаагүй гэх. Ердөө нийт сонгогчдын 34 хувь нь л энэ сонгуульд санал өгсөн. Аргагүйн эрхэнд мөн л түүхэнд байгаагүй олон газарт дахин санал хурааснаар 12 аймаг, зургаан дүүрэгт АН олонхи болж УИХ-ын сонгуулийн үр дүнг давтав. Харин сонгууль бүрээр сайхан амладаг ч ажлаа хийдэггүй МАН-ыг олон нийт сөрөг хүчний дүрд тоглуулахаар  болсон юм.

4.    У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг шанаадав

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд шанаадсан үйлдлийг ASSA.mn сайт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлын нэгээр тодруулж байна. Энэ хоёрын зодоон хийх болсон шалтгаан нь ердөө чуулганы хуралдаанд нэг нэгэн рүүгээ дайрч давшилсан үг хэлснийхээ төлөө Г.Баярсайхан нь У.Хүрэлсүх рүүгээ салаавч гаргаснаас үүдсэн. Парламентын гишүүдийн энэ зодоон олны анхаарлыг татаж, цахим хуудсаар хэдэн мянга  Like цуглуулж чадсан ч энэ нь тийм ч шинэ зүйл биш. Өмнө нь манай парламентад ийм зодоон болж байсан гэдгийг нийтлэлч Баабар онцолсон байдаг. Тухайлбал, “парламентад Энхбаатар М.Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Ц.Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “Ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль аль нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Ц.Нямдоржийг Москва С.Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Р.Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Ж.Наранцацралтыг симба Ц.Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд М.Энхболдыг Б.Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд асан Л.Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Э.Бат-Үүл М.Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь П.Жасрай гуайг оночиж билээ” гэж нийтлэлч Баабар бичиж байв.

5.    МАН буйдантай жагсаал хийв

Төрийн ордонд 20 жил заларч, гадаа даарч үзээгүй МАН-ын гишүүд УИХ-д цөөнх болж гудамжны улс төр хийж, жагсаж эхлэв. Энэ нь ердөө л УИХ-ын сонгуулийн дараа парламент бүрдэхэд намын бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад УИХ-ын тухай хуулийн дагуу 24 цагийн дотор гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй. Уг нь, хуулиа биелүүлсэн бол тэд ингэж жагсах хэрэггүй байлаа. Харамсалтай нь тэд “Нэг ганц өгүүлбэрээс болоод манай нам бүлэггүй байх ёсгүй” гэж хандсан. Гэсэн ч тэдний, олонхийн бүлэгт гомдсон гомдлоо  ингэж жагсаж илэрхийлсэн үйлдэл нь өөрсдөө төрийн эрх барьж байхдаа хууль биелүүлдэггүй зөнгөр “гар”-ууд байжээ гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Тэдний энэ жагсаал нь УИХ-ын чуулганы үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, хэлэлцэх байсан асуудлуудыг хойш нь чангаасан. МАН-ын буйдантай жагсаал нь энэ оны аравдугаар сарын 31-нд болсон юм. Энэ үйлдэл нь Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн учир буруутай хүмүүст  хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн үүргийг УИХ-ын дарга З.Энхболд ажил хариуцсан хүмүүст өгсөн билээ.

6.    У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзсан дөрөв дэх хүн боллоо

МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-ын гишүүний сэнтийд заларсан У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзав. Түүний эл үйлдэл нь Монголын парламентад байгаагүй шинэ үйлдэл биш боловч, сүүлийн үед улс төрийн соёл гэж ярих болсон улстөрчдөд жинхэнэ соёлыг харуулсан гэж судлаачид, улс төрийн хүрээнийхэн дүгнэж байгаа юм. Түүнийг ийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан үйлдлийг хэвлэлийнхэн янз бүрээр тайлбарлаж байсан. Тухайлбал, түүнийг хууль хүчний байгууллагынхан бор оймсоо бэлдээд байж бай гэж хэлсэн гэж бичиж байхад нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базааж ийн зодог тайллаа гэж байв. Гэтэл үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан өргөдөлдөө ар гэрийн шалтгаанаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна гэдгээ дурьдсан байлаа.
Ийнхүү намын нэр сольсноос болж нам сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ гэснийхээ төлөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөөд байсан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүний албаа өгөөд сул иргэн боллоо.

7.    УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын орхиж, АН-ын сонголоо

Түүний энэ үйлдэл нь мөн л шинэ зүйл биш ч олны анхаарлыг татсан бас нэгэн үйлдлийн нэг яах аргагүй мөн. Түүний өмнө УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН руу орсон ч төдийлэн их шуугиагүй. Харин Д.Арвин жинхэнэ шуугиан тарьсан. Тэрээр дахин санал хураалтын дүнд журмын нөхөр Б.Батзоригийг ардаа үлдээж УИХ-ын гишүүн болсон. Гишүүний тангаргаа өргөсөн даруйдаа л УИХ-ын чуулганы АН-ын жигүүрт хамт тангараг өргөсөн Г.Батхүүгийн хажууд тохой нийлүүлэв. Үүнээс үүдэн Д.Арвин намаасаа түдгэлзэж байна гэсэн мэдээлэл цацагдаж бараг нэг долоо хоног өнгөрөхийн даваанд тэрээр МАН-аас татгалзаж байгаа өргөдлөө цахим цацав. Ингээд АН-ын дарга Н.Алтанхуягаас шинэ намынхаа батлахыг гардаж, АН-ын жинхэнэ гишүүн боллоо. Тэрээр үүнийгээ өөрийнх нь эх орон ард түмнийхээ төлөө дэвшүүлж байсан олон санал санаачилгыг МАН, түүний удирдлага болсон хэдхэн олигархи хэзээ ч дэмжиж байгаагүй, одоо энэ бүхнээ АН-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна гэж тайлбарласан билээ.

8.    Хууль ямар байдгийг хууль батлагчдад харууллаа

УИХ-ын сонгуулиар хэд хэдэн тойрогт маргаан гарч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхмүүдийг эргүүлэн татав. Тухайлбал, Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаарт тойрогт МАН-аас нэр дэвшин олонхийн санал авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж, маргаан үүсгэлээ. МАН-аас нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн тухай хуулийг зөрчиж насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх. Үүнээс болж шүүхийн шийдвэр тэдний эсрэг гарч, Г.Батхүү УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Харин дараагийн нэг гишүүн хэн бэ гэдгийг хүлээж буй. Мөн хууль хэрхэн яаж хэрэгждэгийг төрийн түшээдэд харуулсан дараагийн үйлдэл нь Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар. Тэд сонгуулиар айлын гэр хөлсөлж авсан нэрээр сонгогчдод мөнгө тараасан нь баримтаар нотлогдож шүүх тогтоосон.  Энэ мэтээр Монгол Улсын хуулийг хууль батлагчид нь хэрхэн зөрчдөг, харин  хууль хэрхэн хэрэгждэгийг хууль батлагчдад харуулсан нь энэ оны  улс төрийн онцлох үйл явдал яах аргагүй мөн болж байна.

9.    АН Засгийн газраас гарч, МАХН гарна гэж айлгав

2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийг эрх баригчид хүчээр дарж, таван хүний амь егүүтгэн, хэдэн зуун хүнийг баривчилж ял оноосон. Хэдэн арван хүн, үүн дотор цагдаагийн ажилтнууд гэмтэл бэртэл авсан. Эцэст нь ялсан, ялагдсан намууд болох МАН, АН хоёр хамтран эвслийн Засгийн газар байгуулан ажилласан ч 2012 он гараад АН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь улс төрийн хүрээний онцлох үйл явдлын нэг байлаа. АН-ынхан улс төрийн сонгууль ойртож байхад мөрийн хөтөлбөрөө боловсруулах, тэгээд ч өрсөлдөгчтэйгээ хамтраад нэг баг болон сонгуульд оролтой биш хэмээн ийм шийдвэр гаргасан бол МАН-ынхан “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгч боллоо” гэж матрын нулимс унагасан. Чухам ингэж зам салснаараа ч энэ хоёр нам сонгуульд тус тусдаа бие дааж оролцсон.
Харин 2012 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газраас МАХН гишүүдээ эргүүлэн татна гэсэн нь бас л дуулиан тариад амжсан. Тэд “Манай намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна. Бид Засгийн газарт хамтарч орохдоо “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байлаа. Гэхдээ Засгийн газарт хамтраад байгаа “Шударга ёс” эвсэл өөрөө бас хоёр намын нэгдэл  юм болохоор МҮАН нь Засгийн газраас гарахгүй гэсэн нь асуудлыг ингэсхийгээд намжаасан гэж болно.

10.    Аймгийн 12 Засаг дарга АТГ-т шалгуулжээ

Энэ оны улс төрийн хүрээнд өрнөсөн бас нэгэн онцлох зүйл бол Засаг дарга нарын хэрэг байв. 21 аймаг, есөн дүүргийн Засаг даргаас 12-т нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж ял оноосон ч, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд шүүхээс 5.1 жилийг хорих ял оноогоод ялыг нь эдлүүлж буй. Энэ мэтчилэн Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очир, Ховдын Г.Нямдаваа, Өмнөговийн Б.Бадраа, Увсын Цасчихэр, Сонгинохайрханы Ц.Болд гээд АТГ-т шалгуулсан Засаг дарга нарын цувааг нэрлэвэл урт дараалал үүснэ. Хамгийн гол нь ийн олон Засаг дарга шалгуулж байсан түүх өмнө нь мөн л байгаагүй юм. Тиймээс үүнийг улс төрийн хүрээний нэгэн онцлох үйл явдал гэж үзлээ. Энэ хүмүүсийн заримынх нь хэргийг АТГ өнөөдөр ч үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан