Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨВ ЗАРЦУУЛАХ ЭРХ МЭДЭЛ ИРГЭДЭД ШИЛЖЛЭЭ


Төсвийн мөнгийг дарга нар мэдэж, зарцуулдаг цаг ард үлдлээ. Учир нь, энэ сарын 1-нээс эхэлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр төсөв зарцуулах эрх мэдэл иргэдийн гарт шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт ямар ажил хийх шаардлагатай байгааг иргэн таны саналаар шийдвэрлэх юм. Иргэдийн саналд үндэслэн тухайн орон нутагт ямар асуудлыг нэн түрүүнд хийх, шийдвэрлэх шаардлагатай байгааг эрэмбэлэх учиртай. Дараа нь тухайн хийж, хэрэгжүүлэх ажилд хэдэн төгрөг шаардлагатайг аймаг, сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр хуульд тусгасан. Дээрх хуулийг хэрэгжүүлж эхэлснээр аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар төсвийн хөрөнгийг дураараа, хяналтгүй зарцуулж, асуудал шийдвэрлэдэг байсан үеийг халж, иргэддээ илүү эрх мэдэл олгож байна.

Иргэд өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгөөр хийх ажил, үйлчилгээг зөвхөн дарга нар л шийдвэрлэнэ гэсэн ойлголттой явж ирсэн. Харин дээрх хуульд тусгаснаар иргэдийн гаргасан шийдвэрийг төр захиргааны байгууллага хэрэг­жүүлж ажиллах үүрэг­тэй болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар “Дарга нар иргэдийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах хэрэгсэл нь болохоос тэдний өмнөөс шийдвэр гаргаж, төрийн мөнгийг буруу, зөрүү зарцуулж, завших ёсгүй” хэмээн хэлсэн удаатай.

Гэтэл манайд төсвийн мөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулснаас “Бүгд найрамдах” уншуулсан Засаг дарга цөөнгүй бий. Цаашид шүүгдэгчийн ширээний ард сууж, үйлдсэн хэргээ дэнс­лүүлэхээр зэхэж буй нь ч байна. Төсөв зарцуулах эрхийг нь орон нутагт шилжүүлснээр Засаг дарга нарын энэ мэт төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулах, завших үйлдэл гаарч, улсын төсвөөс хуваарилсан  мөнгийг салааныхаа завсраар урсгах вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. Гэхдээ тэдэнд буруу замаар будаа тээх боломж олгохгүй нь тулд иргэд хатуу хяналт тавин ажиллаж, шууд ардчиллын механизмыг хэрэгжүүлнэ.

Өмнө нь, орон нутагт тулгамдсан асуудлаа шийд­вэрлэх гэтэл хөрөнгө мөнгө, эрх мэдэл дутдаг учир хөгжлийн гацаанд ордог байсныг хэлэх хүн олон. Наад зах нь, дүүрэгт гудамж, талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам тавих, хөдөөд малчдын худаг усны асуудлыг шийдвэрлүүлж, хөрөнгө мөн­гө гаргуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлдэг бай­лаа. Ингэж асуудлыг дээд шатны байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх гэсээр байтал хугацаа их алдана. Арай гэж нэг юм төсөв батлуулж, тулгамдсан асуудлыг шийдвэр­лэх, шаардлагатай бүтээн байгуулалтын ажил хийх гэтэл өнөөх хэдэн дарга нар эрх мэдлээрээ дулдуйдаж, мөнгийг нь хуваагаад завшчихна. Ийм байдал олон жил үргэлжилж, бараг жишиг болсон учир аймаг, сум, дүүрэг хөгжихгүй байна гэж шүүмжлэх нь бий. Тиймээс цаашид зураг төсөлгүй ямар ч бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийхгүй гэх мэт чанга хатуу заалтыг дээрх хуульд тусгасан аж.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулийн зорилтыг нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй хол­богд­сон харилцааг зохи­цуулахад оршино гэж тодорхойлсон байгаа. Энэ хуульд тусгаснаар бол төсвийн зарлагыг хязгаарлаж, уул уурхайн салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг тогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед уг сангаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх юм байна. Тодруулбал, төсвийн орлогын тасалдлын үед хойд хормойгоор урд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг хуучин хандлагыг халж, төсвийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгож байгаа хэрэг.

Харин төсвийн тогтвор­жуулалтын сан нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорил­тынхоо хүрээнд доод тал нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван ху­виас дээш хэмжээнд хүр­тэл санхүүгийн нөөцийг хуримт­луулах ба ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө бүрдэх хүртэл төсвийн орлогын тасалдлыг нөхөхөөс өөрөөр зарцуулахгүй, хуримт­лал хэлбэрээр хадгалагдана. Түүнээс давсан хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж эхлэхээр тооцжээ. Эл хөгжлийн хөрөнгө оруулалт нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц байгуулах, олон улсын стандартын шаард­лага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурийг бэхжүүлэх, хөгжлийг түргэтгэх зорилготой, цаашид ард түмэнд үр өгөөжөө өгөх томоохон төсөл хөтөлбөрт зарцуулахаар хуульд тусгасан байна.

Тиймээс эдийн засагчид ч баялгийн хараалаас зайлсхийх, эдийн засгийг олон суурьт болгох, өсөлтийг нийтэд хүртээмжтэй байлгах, ядуурлыг бууруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан