Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АШИГТ МАЛТМАЛАА ҮНЭД ХҮРГЭХ ЖОР УУЛ УУРХАЙН БИРЖ


Хүн төрөлхтөн арилжаа наймаа, бараа солилцохын тулд эрт дээр үеэс ямар нэг төв байгуулж ирсэн. Үүний улбаа өдий хүртэл тасраагүй. Улам боловсронгуй болж хөгжсөөр. Өнөөдөр бид аль нэг хүнс, барааны зах, худалдааны төв, дэлгүүрээр орж хэрэгцээтэй бараагаа авдаг. Энэ бол зах зээлийн сонгодог зохицуулалт. Түүнээс биш зарах гэсэн бараагаа бариад гудамжаар явбал тоох хүн тийм ч олон гарахгүй нь лавтай. Тэгэхээр  Монгол Улс яагаад ашигт малтмалаа борлуулах төв биржтэй болж болохгүй гэж. Олон уурхай нээгдэж ашигт малтмалын экспорт нэмэгдсэн 2009 оноос хойш  Уул уурхайн, Нүүрсний бирж байгуулах хэрэгтэй гэж ярьсаар байгаа. Хэрэв ашигт малтмалаа борлуулах биржтэй болчихвол эрсдэлээс сэр­гийлэх, дэлхийн зах зээ­лийн үнэд хүргэж өгөх боломж бүрдэх аж. Нөгөө талаар жил ирэх тусам тоо нь олширч буй уурхай, нинжа нарын  үйл ажиллагааг  хянах механизм бүр­дэнэ гэдэг.  Ашигт малт­малын газраас гаргасан судалгаагаар 2009-2011 он хүртэл 45 уурхай шинээр нээгдсэн байдаг. Энэ олон уурхай олборлосон ашигт малтмалаа аль авъя гэсэнд нь өгч ёстой л бор зүрхээрээ “Хувиа борлуулж довоо шарлуулж” яваа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бараагаа зарахаар  гудам­жинд таарсан хүн болгоныг үүнийг аваач гээд царайчилж яваа хүнтэй зүйрлэж болох юм. Орчин үед бөс бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үнэт цаас, ашигт малтмал гээд бүхий л бараа биржээр арилжаалагдаж байна.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд хоёр дахин өсөв.

Тухайлбал, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрсэн. Энэ өсөлтөд ашигт малтмалын олборлолт, экспорт огцом нэмэгдсэн нь нөлөөлжээ. Эдүгээ уул уурхайн салбар манай улсын ДНБ-ий 20, төсвийн орлогын 40, экспортын  90 орчим хувийг бүрдүүлэх болсон билээ. Тэгэхээр Монголын эдийн засаг  ашигт малтмалын эрэлт, үнэ ханшийг дагаад өсч, буурч хөлд орж буй хүүхэд шиг унаж босч явна гэсэн үг. Иймд судлаачид мөчлөг дагасан, эрсдэл ихтэй эдийн засаг гэж анхааруулдаг.  Уг эрсдэлийг ч бид амсаад амжсан. Хамгийн ойрын жишээ нь өнгөрсөн оны эхний хагас жилээс хойш нүүрсний үнэ хямдарч, экс­портын төлөвлөгөө тасарсан нь  улсын төсвийн орлого бүрдэлт, эдийн засгийн өсөлт буурсан билээ. Үүнээс өмнө 2008 онд зэсийн  үнэ шалдаа буухад улсын гадаад валютын нөөц дундарч эдийн засаг  хямарсан удаатай.  Өнөөдөр ч энэ эрсдэл монголчуудыг отсоор. Дэлхийн эдийн засгийн хямрал намжих төлөв ажиглагдахгүй байгааг судлаачид тэмдэглсээр байгаа. Тэгэхээр манай экспортын гол бүтээгдэхүүн зэс, төмөр, жонш зэрэг ашигт малтмалын үнэ унахгүй гэх  баталгаа байхгүй. 

Уул уурхайд түшиглсэн эдийн засгийг эрсдэлээс сэр­гийлэх, эдийн засгийн өсөл­төө хадгалах  олон арга, туршлага бий гэдэг. Жишээлбэл, уул уурхайгаас  олсон мөнгө­ний­хөө тодорхой хэсгийг  тусгай санд хуримтлуулах, эдийн засгийн бусад салбараа жигд хөгжүүлэх учиртай гэдэг. Нөгөө талаар ашигт малтмалын үнийг харьцангуй тогтвортой байлгах, удирдах нэг арга бол уул уурхайн бирж байгуулах явдал аж.

Манай улсын экспортолж буй ашигт малтмалын үнэ зах зээлийн ханшаас хямд буй нь ашигт малтмалын биржгүйтэй холбоотой ажээ.  Монголын экс­портлогчдын холбооны ерөн­­­хийлөгч Д.Галсандорж ма­най сонинд ярилцлага өгөх­дөө “Монгол Улс уул уурхайн бирж­тэй болох боломжтой. Бидэнд ашигт малтмалын чам­гүй нөөц байна. Мөн Хя­тад, Япон, Өмнөд Солонгос гээд томоохон худалдан авагч­тай ойрхон юм. Дэд бүтэц, ашигт малтмалаа боловс­руу­лахад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгж байж ма­най эрдэс баялаг дэлхийн зах зээлийн үнэд хүрч арил­жаалагдана” хэмээсэн билээ.

Манай ашигт малтмал хямд байдгийн учир

Монгол Улс ашигт малт­малаар баялаг. Ашигт малтмалын газрын тоо­цоо­гоор 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1170 орд тогтоогдоод буй. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар манай улс 83 сая тонн зэсийн нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Эдүгээ “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмал экспортолж, байна. Тус үйлдвэр 2011 онд 519 мянган тонн зэсийн баяжмал арилжаалж  911.6 сая ам.долларын экспортын орлого олжээ. Энэ нь ашигт малтмалын нийт экспортын орлогын 38 хувийг эзлэх аж. Үүнээс гадна Монгол, Орос, АНУ-ын хамтарсан “Эрдмин” үйлдвэр “Эрдэнэт”-ийн хаягдал ашиглаж цэвэр зэс үйлдвэрлэж байгаа. “Эрдмин” ХХК жилд 2.5 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг. Үүнийхээ хоёр мянган тонныг нь экспортолж үлдсэнээр нь зэс утас хийж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Одоо өргөтгөл хийж буй бөгөөд үйлдвэрлэлээ 2-3 дахин нэмэгдүүлэх нь. Шинэ оны өмнө “Оюу толгой” ХХК баяжуулах үйлдвэрээ нээлээ. Оюу толгой ордод 30 сая тонн зэсийн нөөц бий хэмээн тогтоосон. Анхны бүтээгдэхүүн нь энэ оны хагас жил гэхэд зах зээлд борлуулагдах төлөв бий. Ингээд энэ жил манай улсын зэсийн баяжмалын экспорт дор хаяж 700 мянган тонныг давах тооцоо байдаг. Гэвч Лондон болон, Шанхайн металлын биржийн гэрээ хэлцэл үнэ ханшийг дагаад манай экспортын зэсийн баяжмалаас олох орлого өсч, буурдаг билээ. Учир нь, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулахгүй байгаатай хол­боотой аж. Жоншны хүд­­рийн 20 сая тонн нөөц батлагдсан байдаг. Монгол Улс жоншны нөөц, олборлолтоор дэл­хийд эхний тавд багтдаг. Дэлхийн жоншны экспортын 10 хувийг эзэлж буй юм. Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК Бор-Өндөр, Өргөний уурхайгаас олборлолт хийж баяжмал үйлд­вэрлэж байна. Мөн “Мон­гол­чехсловакметалл” хамтар­сан үйлдвэр Чулуут, Бэрхийн уурхайгаас жонш олборлож бай­гаа. Үүнээс жонш бая­жуулах жижиг үйлдвэр, ол­борлогчид цөөнгүй. Тэд нин­жа нарын олборлосон жоншийг худалдан авч баяжуулдаг ажээ.  Иймд тэдний баяжмалын чанар, технологид стандарт тогтоох, нэгдсэн үнийн тариф мөрдөх гээд олон асуудал өнөөдөр тулгарч байна.

Монгол оронд  төмрийн хүдрийн 438 сая тонн нөөц буй нь батлагдсан. Харин жилд 420 гаруй мянган тонн төмөр бэлдэц урд хөршөөсөө импортолж  ашигладаг судал­гаа бий. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч ирэв. Тухайлбал, 2010 онд 3.2, 2011 онд зургаан сая орчим тонныг экспортолсон статистик мэдээ бий. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар дөрвөн сая тонн гарчээ. Гэвч манай улсаас экспортод гарч буй төмрийн хүдэр хамгийн бага үнээр борлуулагдаж байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Энэ нь төмрийн хүдрийн баяжмалын олон улсын стандартад хүр­дэг­­гүйтэй холбоотой ажээ. Дэл­хийн эдийн засгийн хям­рал намжвал Хятад, Өмнөд Со­лонгос, Япон улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдэж эрэлт өсөх төсөөлөл байна. Мөн ма­най улсад ч барилга бүтээн бай­гуулалт сүүлийн жилүүдэд нэ­мэгдэж ирсэн. Цаашид ч улам өсөх төлөв бий.

Иймд төм­рийн хүдрээ боловсруулж эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэх, дэлхийн зах зээлд үнэ хүр­­гэж борлуулахын тулд ган­гийн үйлдвэр байгуулах нь эн тэр­гүүний шаардлага болоод буй ажээ.   Нүүрсний үнэ хямдраад буй нь түр зуурын үзэгдэл хэмээн судлаачид тайлбарлаж байгаа. Хямралын нөлөөгөөр  манай улсын нүүрсний ганц импортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч гангийн үйлдвэрлэл буурсны улмаас үнэ хямдарчээ. Ашигт малтмалын газрын нүүрс судал­гааны хэлтсээс гаргасан судал­гаагаар ирэх 5-10 жилд манай улсын нүүрсний экспорт 50 сая тоннд хүрнэ гэдэг. Үүний тулд хэд хэдэн зах зээлтэй байх ёстой хэ­мээн эрдэмтэн судлаачид хэлж буй. Өнөөдөр зөвхөн урд хөр­шийн зах зээлд нүүрсээ ний­лүүлж байгаа нь дэлхийн зах зээлийн үнээс хямдаар бор­луулах үндэс болжээ. Иймээс Өмнөд Солонгос, Японд ний­лүү­лэх тээвэрлэлийн асууд­лыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардалга бий. Тэгэхээр Мон­гол Улс  нүүрсний чана­рын ангилал, стандарттай бо­лох, боловсруулах, төмөр замын тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь чухал аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан