Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид ч бас л тэнэг улс юм аа даа

Шинэ 2013 он айлчлаад ирчихлээ. Аж ахуйн нэгж, байгууллага хүн бүрий л нэгэн жилийн ажлаа дүгнэж цэгнэж байна. Улс оронд маань ч бас юу болсон билээ гэж эргэн харж байна. Сайн сайхны зэрэгцээ саар муу зүйлүүд ч бас болж. Энэ бүхнийг хүн хүн өөр өөрийнхөөрөө харж үнэлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч оны онцлохуудаа зарлав. Харин бидний хувьд бусдад өргөмжлөл өгөхгүй ийм нэгэн санал асуулга явуулснаа дүгнэж байна.

ASSA.mn сайт хуучин он халагдаж, шинэ нэгэн жил ирж байгаатай холбогдуулан “Таны бодлоор 2012 оны хамгийн тэнэг үйл явдал юу байсан бэ” гэсэн санал асуулга явуулсан юм. Олон түмнийг гайхшруулж, бас заримынх нь дургүйг хүргэсэн, санаанд ч оромгүй 12 үйл явдлыг жагсаан уншигчдынхаа саналыг сонссон юм.

Оны төгсгөлөөр олныг багагүй шуугиулаад авсан “Ертөнцийн төгсгөл 12 дугаар сарын 21-нд тохионо, хоёр долоо хоног харанхуй болно, дэлхий тэг зурваст орно” гэсэн цуурхлыг хүмүүс хамгийн тэнэг үйл явдал хэмээн 34,3 хувь нь саналаа өгчээ. Үнэхээр ч дэлхийн улс орон бүрт л ертөнцийн мөхлөөс  амьд үлдчих гэсэн хүмүүс хоргодох байр, хоол хүнс бэлтгэж, манайд ч гэсэн монгол гэр, лаа шүдэнз базаасан. Тэр ч байтугай зарим нь арванхоёрдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хотоос гарч явцгаасан.  Шинжлэх ухааныхан, эрдэмтэн мэргэд “ийм зүйл болохгүй” хэмээн анхааруулаад байхад Орифлеймийн Г.Оюунгэрэл, физикч Бат-Отгон мэтийн хүмүүсийн үгэнд хууртаж ингэсэн  нь олны үнэлэлтээр хамгийн тэнэг үйл явдал байжээ.

Үүний дараагаар УИХ дахь МАН-ын гишүүд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт өрсөлдөөд олонхийн санал авч чадаагүй АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхгүй хэмээн “Буйдантай суулт” хийснийг уншигчдын маань 15,5 хувь тэнэг үйл явдал гэж нэрлэсэн байна. Үнэндээ өөрсдөө хууль тогтоогч, төрийн түшээд атлаа Төрийн ордны тухай хууль зөрчин, байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг хэдэн хоногоор ийнхүү саатуулсан нь уншигчдынхаар хамгийн тэнэг үйлдэл байсан бололтой.

Гуравдугаар байрт буюу хүрэл медаль хүртэх тэнэг үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоригдож байхдаа цагдаагийн ажилтан руу салаавч гаргаж “Битгий хуц, би Ерөнхийлөгч чинь байна” гэсэн нь Монгол Улсын төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан хүний хувьд бас л болчимгүй үйлдэл, тэнэг үйл явдал гэж 9,8 хувь нь саналаа өгчээ.

Эдний араас айргийн тавын дөрөв, тавдугаарт Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан төрөөс олгосон гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Магсаржавт тайлан тоглолтын нь үеэр өөрөө энгэрт нь зүүж өгснийг 7,7 хувь нь нэрлэсэн бол Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян “Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Тулга нарыг эрэх хэрэггүй” гэсэн утгатай захидлыг Интерполд илгээсэн нь дөнгөж ажил аваад байгаа атлаа  албан тушаалаа хэтрүүлсэн бас л тэнэг үйл явдал гэж үзсэн байна. Үүнийг уншигчдын 7,4 хувь нь тэнэг үйлдэл гэж нэрлэжээ.

За үүний араас УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарч АН-д элссэнийг 7,1, УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт зориулан барьж байгаа барилгыг албан байр болгох гэж шийдвэрлэснийг 6,7, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиар өөрийн ойр дотны олон хүнийг нэр дэвшүүлснийг 6,1 хувь нь оны хамгийн тэнэг үйл явдал гэж үзсэн байна.

Оюутолгойн гэрээний талаар тухайн үед Сангийн сайд асан С.Баярцогтыг мэтгэлцээнд дуудсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар телевизийн халз мэтгэлцээнээр мэдлэггүйгээ харуулсан нь манай уншигчдын нүдээр харахад мөн л тэнэг үйл явдал байсан бололтой. Тэдний  1,3 хувь нь ингэж нэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх төрийн ордонд эрхэм түшээ Г.Баярсайханыг барьж авч зодсоныг уншигчдын 2,0 хувь, У.Хүрэлсүх өөрөө өргөдөл өгч УИХ-ын гишүүнээс татгалзсан, 2012 оны эхээр АН Хамтарсан Засгийн газраас гарсныг тус бүр нэг хувь нь бас л тэнэг үйл явдал гэж нэрлэсэн байх юм.

Хүн гэдэг гэнэн итгэмтгий, бас дээр нь өөрийнхөө хийж байгаа зүйлийг ямагт зөв гэж боддог ч монголчуудын хэлдгээр “хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс нааш үгүй” гэдэгчлэн бусдыг сонсч, олон түмний үгийг дуулж байх хэрэгтэй юм болов уу даа. Бид ч мөн л тэнэг улс юм аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан