Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ЫН ГИШҮҮД МӨРДӨН БАЙЦААГЧААС АЙЖ БАЙНА

Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн “эцэг хууль”-ийн заалтыг парламентын гишүүд хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Энэ нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг парламентын бүтцийн байгууллагаар хийх үед тодорхой боллоо. Төрийн тэргүүн Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримталж, дээрх хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан.

Товчхондоо, гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт бий болгох зорилготой. Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ”, “Мөрдөн бай­цааг­чийн саналд үндэслэн Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах хүсэлт гаргана” гэсэн заалт тусгасан юм. Гэвч хоёр дахь заалт нь парламентын гишүүдийн санаанд нийцээгүй тул багагүй шүүмжлэл дагуу­лав. УИХ-ын гишүүд уг заал­тыг хуулийн төслөөс хаса­хаар санал нэгдчихлээ. Ингэс­нээр парламентын гишүүд гэмт хэрэгт холбогдсон ч өм­нөх шигээ халдашгүй дар­хан эрхтэй байж, хууль хяналтынхан тэднийг яаж ч чадахгүй нь. Иймд хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх тухай Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй нь.

Хууль хяналтынхан өмнөх хоёр парламентын үед цөөнгүй гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаас эрхэм түшээдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөгүй учир хэрэг шалгах, шийдвэрлэх ажил мухардалд орсон юм. Жишээ нь, Л.Гүндалай, Х.На­ранхүү, Ц.Батбаяр, О.Чу­луунбат, Д.Дондог нарыг дур­даж болно. Тухайн үед тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Ерөн­хий прокурор УИХ-д хэд хэдэн удаа тавьсан ч ёсоор болгож өгөөгүй. Тиймээс тэд гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүн нэрээр хал­­дашгүй дархан эрх эдэлж, хамгаалалтад орсон байлаа. Энэ байдал цаашид өөрч­лөгдөхгүй нь бололтой. Уг нь, үүнийг л өөрчлөх гэж хуульд гар хүрэх болсноо Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Монголын хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа төлөвшөөгүй учир УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон ч шалгуулах ёсгүй. Харин ч тэдний халдашгүй байдлыг парламент хамгаалах ёс­той” гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо­ны хуралдаанд хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог “Манай хууль хяналтын байгуул­лага гэмт хэрэг үйлдээгүй хүнийг ялладаг, үйлдсэнийг нь цагаатгадаг гаж тогтолцоотой” гэж дээрх хуулийн төслийн анхны хэлэл­цүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Хуулийн төс­лийн хоёр дахь заалттай хол­боотойгоор энэ мэт за­рим гишүүний хэлсэн үг хууль хяналтын байгууллагад итгэх­гүй байгааг харуулж байна.

Нөгөө талаар “мөрдөн байцаагчийн саналаар...” гэ­сэн нь УИХ-ын гишүүдэд  таа­­­­­лаг­дахгүй бас айдсыг нь төрүүлж байгаа юм. Мөр­­дөн байцаагч хэн нэг парламентын гишүүнд хилс хэрэг тулгаж, хэлмэгдүүлчихнэ гэсэн ойлголттой нь ч байна. Яагаад мөрдөн байцаагчийн гаргасан саналд итгэж, УИХ-ын гишүүнээ яллагдагч болгоод, бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явуулах ёстой юм бэ гэсэн асуултыг зарим түшээ хууль санаачлагчид хаяглаж байна билээ. Мэдээж, гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдах тийм азгүй парламентын гишүүн гарахгүй. Тэгээд ч төрийн өндөр албан тушаалтнууд далд үйлдэгдэх гэмт хэрэгт холбогддог. Тухайл­бал, урьдаар төлөв­лөж, нарийн зохион бай­гуул­­­сан авлига, албан тушаа­лын хэргийг дурдаж болно. Тухайн гишүүний гэмт хэрэгт холбогдсон, үйлд­­сэн талаархи нотлох баримтыг мөрдөн байцаагч л олж, цуглуулна. Тиймээс л мөрдөн байцаагчийн саналыг чухалчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид “ангууч”-аас хууль бус үйлдэл хийсэн нэгнээ хамгаалах гэж дээрх заалтыг хасахаар улайрч байна гэж ч харж болохоор. Үүнийгээ хууль, хяналтын бай­гууллагын тогтолцоо, үйл ажиллагаатай холбон тайлбарлаж буй нь инээдтэй.

УИХ-ын гишүүн бол ард иргэдийн төлөөлөл болж парламентад ажиллаж байгаа учир гэмт хэрэгт холбогдуулан шалгавал ард түмнийхээ эрхийг зөрчсөн үйлдэл болно гэсэн байр суурьтай түшээ ч байна билээ. УИХ-ын гишүүн гэдгээрээ бамбай хийж гэмт хэрэг үйлдчихээд ард түмний эрх ашиг ярьж хариуцлагаас чөлөөлөгдөх хэрэг үү. Энэ лав шударга ёсонд нийцэхгүй. Тэгээд ч хууль тогтоогчид өөрсдөө хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй, завхруулж, нийгэмд тэгш бус байдал үүсгэж байна.

0 Сэтгэгдэл
Ehe udaagiin songuuliin ur dund uurchlult garna gej bodson talaar bolohnee..huuli uilchilj hariutslaga tootsohgui bol urdahaasaa yamar yalgaa baihav.
Ehe udaagiin songuuliin ur dund uurchlult garna gej bodson talaar bolohnee..huuli uilchilj hariutslaga tootsohgui bol urdahaasaa yamar yalgaa baihav.
hereg hiisen n notlogdson bhad buren erhiig n zogsoohgui gedeg n arai denduu shudarga bus bn gishude ta nar 1 nasara gishun bhgui shde garsnii chin dara uur gishud huuli bus yum hiiched buren erh geed hamgalaltad suugad baiwal ta nar ene zaaltiig demjihgui yawaa gej haramsah bno shde demjechee
uyanga zereg ihenh shine gishud ih hurliin gishunig ergen tatdag huuli gargana heterhi shudarga bus bn uuniig zasna gej ih hurald oro bizde getel odo yaj bn ih hurlin gisgun gazar dere barigdahgui l bol yamar ch gemt hereg huuli bus yum hiij bolno gesen ug yumu
yagad bichij bga setgegdel orulahgui ustgad bga yum be shudarga bail da
Хамгийн их уншсан