Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЭРДЭНЭБАТ: ХУРЛАА ТАСАЛДАГ БАЙДАЛД ХАТУУ ХАНДАХ ЦАГ БОЛСОН


УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тэд цаг үеийн асуудлаар ярилцаж, бүлгийн түвшинд шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар хамгийн эхэнд АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын  ирэх пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд болон Засгийн газрын мэдээллийн талаар хэлэлцсэн байна.  Мөн Засгийн газрын тэргүүн Хөдөлмөрийн яаманд ажилласан болон Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлэх зарим ажлыг бүлгийн хуралдаанд танилцуулсан аж.  Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан МАН-ын гишүүдээс болж долоо хоногоор хойшилсныг “Төрийн ажлыг намын ажил болгож байна. МАН-ын гишүүдийг нам нь сонгоогүй. Ард түмэн сонгосон” хэмээн тэд ихээхэн бухимдаж байв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-МАН-ын гишүүд ажил­даа ирсэн хэр нь чуулганы хуралдаанд суугаагүйгээс ирц хүрээгүй. Тэдний энэ үйлдэлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн баасан гарагт ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар чуулганы хурал­даан тасалдсан. Би АН-ын бүлгийн ахлагчийн хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. МАН УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар албан ёсны бүлэгтэй болсон. Бүлэгтэй болох асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн. Бид улс төрийг илүү хариуцлагатай зохион байгуулалттай болгох ёстой гэж үзэж байгаа. Аливаа асуудлыг гишүүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг явдал парламентат төрд  байж болохгүй. Тиймээс ч оны өмнөхөн эл хуулийг баталсан. Харамсалтай нь өнгөрсөн баасан гарагт МАН хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай намынхныг ирцээ хангахгүй бол бид хуралдаанд оролцохгүй гэсэн нь үнэхээр хариуцлагагүй. Хэрэв тэд ингэж ярьж байгаа бол МАН яах гэж бүлэгтэй болсон юм. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж байгаа албан ёсны бүтцийн байгууллага.
Хэрэв аливаа бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой байдаг. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Тэд төрийн ажлыг гацаах гэж байгаа бол бид өөр байр сууринаас хандахаас өөр аргагүй.

-Тухайлбал, ямар арга хэмжээ авах юм бэ?
-Хуулийн төсөл санаач­лахгүй бол болохгүй нь. УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстой­гийнхоо хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачилна. Ингэж байж парламент төлөвшинө. Тэгж байж парламентын хууль боловсруулах үйл ажиллагаа эрсдэлгүй болно. Тиймээс бид улс төрөө зөв хийх ёстой.

-УИХ-ын гишүүд сүүлийн үед ажлаа их таслаж байгаа. Тэгэхээр гишүүд ийм хуулийн төслийг дэмжих болов уу?
-УИХ-ын гишүүн болно гэдэг нь ард түмний өмнө хариуцлага хүлээж байна гэсэн үг. Үүнийг бид алхам тутамдаа ойлгох ёстой. Гишүүд ажил таслах нь жирийн иргэдээс өөр байж болохгүй. Жирийн ажилчин үйлдвэрийн газар нэг цаг ажил таслахад цалингаа хасуулдаг. Тэр байтугай минут хоцроход 500 төгрөгөөр торгуулж байна. Хурууныхаа хээгээр цагаа бүртгүүлж ажилладаг.
Гэтэл гишүүд ажил тасалсан байхад цалинг нь хасаагүй. Үндсэн үүрэг болох чуулганыхаа хуралдаанд суухгүйгээр цалин авдаг байж болохгүй. Ер нь ажил тасалдаг байдалд илүү хатуу хандах цаг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан