Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТЭНГЭРИЙН ХҮҮ” ЖҮЖИГ ХҮҮХЭЛДЭЙН КИНО БОЛНО

Хүннү гүрний 2220 жилийн ойд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”  бүтээл түүхэн жүжгийн уралдаанд түрүүлсэн билээ. Тэгээд Улсын драмын эрдмийн театр уг жүжгээр 80 жилийн ойн өвөл цагийн нээлтээ хийж байв. Эдүгээ Хүннү гүрний тухай хүүхэлдэйн кино хийхээр ажиллаж байна. Ингээд зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх, хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшин нартай энэ хүүхэлдэйн киноны талаар нь ярилцлаа.
-Та хоёр хэзээнээс Хүннү нарын тухай хүүхэлдэйн кино хий­хээр санаа шул­уудав?
-Б.Цогнэмэх: Энэ жил Хүннү гүрний 2222 жилийн ой тохиож байна. Энхүүш өнгөрсөн намар надад санал тавьсан. Таны “Тэнгэрийн хүү” бүтээл нийгэмд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөөд түүх соёл, ёс заншлаараа бахархах сэтгэл төрүүллээ. Тэгэхээр Хүннү гүрэн, Модун Шаньюгийн тухай хүүхэлдэйн кино хийе гэсэн юм. Кино бол дэлхийн хэл. Тэр дундаа хүүхэлдэйн кино насны хязгааргүй. Тэгээд би бодлоо. Бид Чингисийн монголчууд гэж ярьдаг. Тэгэхээр бид 800 жилийн түүхтэй болчих гээд байна л даа. Яагаад Модуны монголчууд гэж хэлж болохгүй гэж. Миний хувьд анх Модуны тухай роман бичнэ гэж боддог байсан. Энэ бол мөрөөдөл биш монгол хүн болж төрсний хувьд цээжин дотор улалзсан хүсэл. Олон жил  өдөөгдөж явсаар байгаад жүжиг болсон. Тэгтэл одоо хүүхэлдэйн кино болох гэж байна. Энхүүшийг эхлээд санал тавихаар нь “Би чадах гэж үү” гэж бодогдсон ч хүлээж авсан. Мань хүн ч бас урам өгч ойлголцсон. Ямар нэг уран бүтээлд итгэлцэл, ойголцол их чухал. Одоо бид зохиол дээрээ ажиллаж байна. Дэлхийн хүүхэлдэйн киноны томчуудын анхаарлыг татахуйц бүтээл хамтарч хийхээр зүтгэж байна даа.
-Ч.Энхтүвшин: Дэлхийн төвшний гэх ганц том шаардлага бий. Тэр нь бүх дэлхийн хүүхэд, хүмүүс үзээд хүлээн зөвшөөрөгдөх бүтээл хийх ёстой. Эхний ээлжинд бүх дүр ямар байхыг тодорхойлоод ном гаргана. Ирэх намар гэхэд зохиол бэлэн болох байх.
-Ийм түүхэн хүүхэлдэйн кино хийх санаа яагаад төрөв. Яаж дэлхий нийтэд хүргэх юм бэ?
-Б.Цогнэмэх: Улс үндэстнүүд өнөөдөр түүх соёлоо эрхэмлдэг болсон. Үүгээр дамжуулж өөрсдийгөө цоо шинээр дэлхий нийтэд таниулж байна. Энэ үед бид гараа хумхиад сууж болохгүй л дээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо хэлж  байсан. Тэр “Хүүхэд түүх соёл, ёс заншилаа өгүүлсэн, ойлгуулсан хүүхэлдэйн кино, урлаг хомс байна” гэсэн л дээ. Тэгэхээр бид Монгол гэсэн нэрээ дэлхийд таниулах, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал байгаа юм.
Ч.Энхтүвшин: Монголчууд бид глобалчлагдаж буй өнөө үед түүх соёлоо дэлхий нийтэд таниулж авч үлдэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Тэгэхгүй бол хятадын газар нутагт л багтаад зуруулж  байна шүү дээ. Монголыг овойлгож товойлгож гаргах улс орон байхгүй. Бид л өөрсдийгөө гаргаж ирнэ. Дэлхийн кино наадам олон болдог. Энэ кино наадам дээрээс киноны томчууд олз хайгаад л явж байдаг. Хамгийн гол нь тэдний анхаарлыг татах зохиол, ном гаргах ёстой.
Б.Цогнэмэх: Харин тийм. Соёлын түрэлтээ хэн сайн, зөв хийж чадна тэр үндэстэн өнөө үед тэсч үлдэх болчихоод байна. Монголын газар нутгийг өөрийн орны газрын зурагтаа багтаагаад зурчихсан явдал гарсаар л байгаа. Энэ тэдний буруу биш. Бид өөрсдийгөө дэлхий нийтэд таниулж чадахгүй байгаагийн илрэл. Монголчууд өнөөдөр солонгос хоол идээд, үсний засалтыг нь дуурайгаад, олон ангит киног нь үзээд уйлж дуулаад л сууна. Энэ нь солонгосчууд  соёлын түрэлтээ маш сайн хийж байгаатай холбоотой. Тэд түүхэн киног гайхамшигтай хийж байна. Дандаа ялж явсан юм шиг харуулж байгаа. Жишээлбэл, түүхэн кинонд нь Хавт Хасарыг баривчлаад л гардаг.  Энэ нь тухайн улс орон, найруулагчийн буруу биш.  Түүх соёлын “дайн” өрнөж байгаа өнөө үед өөрсдийгөө ямар талаас нь хэрхэн харуулах өнцгөө олж харж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл, дэлхийн улс орнууд өөрсдийгөө цоо шинээр таниулах их уралдааны замд гарсан байна л даа.
Оюуны дархлаатай, мэдлэг чадвартай, түүх соёлоо дэлхийд таниулж чадсан үндэстэн  л даяарчлалын  үед оршин тогтнож чадна.  Еврей нарын жишээ бэлээхэн байна. Тэд хэдэн мянган жил тархай бутархай дэлхийгээр нэг тарсан ард түмэн. Тэгээд 1960-аад онд НҮБ жаахан газар нутаг өгч улсаа байгуулсан. Өнөөдөр жаахан хэрнээ том гүрний бодлого явуулж байна шүү дээ. Мөн дэлхийн мөнгө санхүүгийн судсыг атгаж байна. Энэ нь түүх соёл, хэл, бичиг, бие биенээ хайрлаж тэтгэдэг байсантай холбоотой. Гэтэл монголчууд бид ингэж чадахгүй байна. Өнөөдөр бид энэ зам, тэр амбаарыг зассангүй, уул уурхай гээд бужигнаад чи, би дээ тулаад хэрэлдээд л явж байтал хамаг зүйлээс хоцорлоо.
-Тэгээд яагаад заавал хүүхэлдэйн кино гэж?
-Ч.Энхтүвшин: Хүүхдийн оюун санаа бол маш том алтан хайрцаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд насанд ямар оюун мэдлэг сууна тэр нь насан туршийнх байдаг.
-Б.Цогнэмэх: Хүний багын дурсамж хэзээ ч мартагддаггүй.
-Ч.Энхтүвшин: Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ түүх соёл эрхэмлэх зүйлээ тэр бүр бичиж үлдээдэггүй. Үлгэр туульсийн хэлбэрээр ярьж ойлгуулж ирсэн. Тэр хүүхэд насанд хүрэхдээ энэ чинь миний, бидний өвөг дээдсийн түүх байж гэдгийг ухаардаг. Иймээс өнөөдөр Хүн гүрний Модуны нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй. Энэ бол сэтгэлээс сэтгэлд өвлүүлж үлдээх ухаан. Тэгэхээр монголчууд ийм агуу, дайчин, асар их өв соёлтой улс шүү гэдгийг  дэлхийд харуулах арга бол хүүхэлдэйн кино юм. Хүүхдүүд “Хүн аалз” хүүхэлдэйн кино үзээд номыг нь бариад гүйх биш. Өөрийн өвөг дээдэс, Модуны хүүхэлдэйн кинонд шимтэж хөргийг  нь үзээд, номыг нь уншаад бариад гүйгээсэй гэж л үүнийг  хийхээр санаа шулуудсан юм.
-Нэг л хүүхэлдэйн кино яриад байдаг. Энхтүвшин урьд нь хүүхэлдэйн урлалаар үзэсгэлэн гаргаж байсан байх аа?
-Ч.Энхтүвшин:  Тийм. Би анх 2008 онд 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн гаргасан.   Бас “National geographic”-ийн урилгаар АНУ-д хүүхэлдэйн үзэсгэлэнгээ толилуулсан.  Үүнээс хойш хоёр гурван жил дараалан АНУ-д үзэсгэлэн гаргасан. Хүүхэлдэй урлагаар нэг л зүйлийг харуулдаг. Жишээлбэл, араг савар гэж ийм зүйл байдаг гэдгийг  үзүүлнэ шүү дээ. Харин хүүхэлдэйн киногоор тухайн үндэстний түүх, соёл, ахуй амьдрал, язгуур урлаг гээд бүх л зүйлийг  таниулж мэдүүлж болно. Иймд дэлхийн долоон тэрбум хүнд Монгол гэж ийм түүх соёлтой улс гэдгийг сануулах, таниулах, үзүүлэх гэж хүүхэлдэйн кино хийхийг зорьж байна. Би Монголын түүхэн ямар цаг үе, сэдвийг хөндөж  ийм хүүхэлдэйн кино хийх вэ гэж олон жилийн өмнөөс бодож ирсэн. Энэ жил Хүннү гүрний 2222 жилийн ой болж байна. Энэ нь тооны хувьд билэгшээлтэй.
-Б.Цогнэмэх: Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд  “Монголчууд зөвхөн 800 жилийн түүхтэй бус. 2000 түүнээс өмнөх түүх,  төрт улстай ард түмэн” гэдгийг сануулсан шүү дээ. Энэ нь Монголчуудын дотоод сэтгэлийн орон зайг цаг хугацааны хувьд маш томоор нээж өгсөн явдал. Бас 2013 он гарахад ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Энэ онд Хүн гүрний 2222 жилийн ой тохиож байна” гэж хэлсэн. Одоо үүнийг бодитоор яаж  хүн төрөлхтөнд хүргэж хүлээн зөвшөөрүүлэх нь чухал юм. Тэгэхээр бидний энэ ажлыг төрөөс дэмжих байх гэж итгэж байна.
-Ийм том үйл хэрэг сэдэж  бүтээлч ажил болгоход мөнгө төгрөг их л оррх байх даа. Санхүүгээ яаж бүрдүүлэх гэж байна вэ?
-Ч.Энхтүвшин: Энэ бол миний хувийн түүх биш. Бид бүгдийн, монголчуудын түүх. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх хүн, компани олон гарах байх гэж бодож байна. Үүнийг  бид санаачилсан гээд хулгайч нохой шиг тэрүүхэндээ нугдайж хяраад суухгүй. Бүх нийтдээ зарлаад том төсөл болгоод явах юм.
-Б.Цогнэмэх: Түүхэн зохиолын хамрах хүрээ заавал том байх ёстой юм билээ. Монголыг гадаадынхан Чингис хаанаас өөрөөр мэдэхгүй. Тэгээд алдарт Харин хорин нь хаана байна гэж асуудаг. Одоо л Хар хорины туурийг малтаж судалж байна. Хүннү гүрэн, Модуны түүх бол үнэндээ нүүдэлчдийн түүх. 13-р зуунд Чингис хаан дэлхийн газрын зургийг шинээр зурсан. Үүнээс өмнө Модун дэлхийн нүүдэл суудал, соёлын хөгжил, угсаатны зүйн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлсэн гүрэн байгуулсан юм. Энэ нь Чингис хааныг  Их Монгол Улс гэсэн хүчирхэг гүрэн байгуулах бааз суурь болсон л доо.  Дэлхийд нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн ганц ард түмэн монголчууд.
Хятадууд дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрэмийг яагаад байгуулах болов. Хэрэг дээрээ бидний өвөг дээдэс Хүннү нар “байгуулсан” юм. Энэ хэрмийг барьсан нь хятадууд нүүдэлчид, Хүннү нараас айж болгоомжилж яв гэсэн мөнхийн айдас нь юм. Яагаад ийм байдал хүрэв гэхээр монголчуудад оюун санааны хүчирхэг Цагаан хэрэм байсанд оршино. Энэ түүх, өв соёл, цусандаа шингэсэн байдаг. Тухайлбал, Хүннүгийн үед үүссэн эрийн гурван наадам өнөөг хүртэл хөгжсөөр ирсэн шүү дээ. Адуу адгуулах соёл, дайтах урлаг, нүүдэлчдийн соёл зэргээрээ дэлхийн хүүхэлдэйн киноны акулуудын анхаарлыг татах болов уу гэж бодож байна.
-Хүүхэлдэйн киноны дүрүүдээ хэрхэн амилуулах вэ?
-Ч.Энхтүвшин: Би энэ хүүхэлдэйн кино дүрүүдийг амилуулах сонирхол байна. Гэвч санаачлагч нь гээд  давуу эрх эдлэх, өөрөө нухаад буруу хараад суухгүй. Уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад сонгон шалгаруулна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
сайхан санаа. гэхдээ энэ ярилцлага бол бишээ. ач холбогдол болон үндэслэлийг нь хүн бүр мэдэж байгаа. яаж хийх гэж байгаа талаар ямар ч мэдээлэл алга. нэгэнт л ийм сайхан зүйл хийх гэж байгаа юм чинь маш сайн л хийхгүй бол болохгүй. хүүхэлдэйн кино гэхээр маш олон төрөл жанр, арга барилууд байгаа. спайдермен киног хүүхэд үзэх үү наад киног чинь үзэх гэдгийг хүчээр биш чадвараараа л харуулах ёстой.
Хамгийн их уншсан