Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОЛОР ЦОМ НААДАМ ЭГНЭГТ ҮЕРЛЭХ НАЙРГИЙН ҮЕР ГЭВ

Тухайн улс орны хөгжил дэвшил, нийгэм, оюун санааны амьдралыг урлаг, утга зохилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм ч учраас “Болор цом” наадам манай орны нийгмийн амьдралд сэтгэлгээний эрх чөлөө, утга уран зохиолын өнгө аяс, чиг хандлагыг өнгөрсөн хугацаанд илэрхийлж, тодорхойлсоор ирсэн. Жил бүр уншигч, үзэгчдийн хүсэн хүлээдэг яруу найргийн  “Болор цом” наадмын анхны түрүүг Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж авснаас хойш 30 жил өнгөрчээ. Тус наадмын 30 жилийн ойг тохиолдуулан “Болор цом”-ын үе үеийн эздийг Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч зохиолчдод  хандан ““Болор цом” олон түмний хүсэн хүлээдэг наадам. Тэр ч утгаараа уншигч, уран бүтээлчдийг холбох гүүр болдог.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Номын баяр” тэмдэглэдэг болсон. Энэ ажилд зохиолч, уран бүтээлчид, хэвлэлийн байгууллагаас эхлүүлээд бүхий л салбарынхан идэвхтэй оролцсонд баяртай байгаа. Монголчууд ном, бүтээл хэвлүүлэхэд одоо гадаадынхныг царайчлахааргүй болсон. Энэ бол монголчуудын хамтдаа бүтээсэн бахдам амжилт юм. Харин цаашид ном, бүтээл, оюун санааны гайхамшигт туурвилд олон нийтээрээ оролцдог, түүнийгээ харилцан дэмжиж хөгжүүлдэг бодлого чухал байна.  Учир нь, аливаа үндэстний сэргэн мандалт, хөгжил дэвшил тухайн ард түмний оюун санааны үнэлэмж шалгуураар хэмжигддэг. Манай уран бүтээлчдийн үнэлэмж гадаад, дотоодод ч сайн байгаа. Сайхан сэтгэл тээсэн, эерэг энергитэй энэ нийгмийн оюун санааны өнгийг тодорхойлж яваа гол төлөөллийн хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.  
Монголын зохиолчдын эвлэлийн 84 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлогтой уг уулзалтад “Болор цом”-ын эзэн Д.Урианхай, Д.Цоодол, П.Бадарч, Т.Галсан, Д.Төрбат, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, С.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар, Ц.Бавуудорж, С.Болдхуяг нар оролцлоо. Уулзалтын үеэр Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав “Монгол Улсын Ерөнхийлөгчийг утга зохиолтой их ойр хүн гэж боддог. Сэтгүүлч мэргэжилтэй ч зохиолчдын олон арга хэмжээнд оролцож байсан. Манай үе үеийн Ерөнхийлөгчид утга зохиолтой ойр байсанд баярладаг. Та зарлиг гаргаж “Номын баяр” хийсэн нь нүдээ олсон сайхан ажил байсан.
“Болор цом” наадам 1983 оноос хойш хоёр нийгэм дамжин үүргээ гүйцэтгэж олон түмнийг сэтгэлгээний эрх чөлөөнд уриалан дуудаж ирлээ. Үндэсний төв номын санд Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим байгуулсан. Одоо дижитал танхим байгуулахаар ажиллаж байна” гэлээ. Мөн энэ үеэр яруу найрагчид социализмын үед зохиолчдыг барууны болон Горькийн нэрэмжит сургуульд явуулдаг байсан нь өнөө цагт энэ байдал алдагдсан. Үүнийг буцаж сэргээвэл Монголын уран зохиол маш их өөрчлөгдөнө гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эх хэлний мэдлэг тааруу байгааг ч онцолсон юм.
Өнгөрсөн 29 жилийн “Болор цом” наадмын талаар 25 жил хөтөлсөн Ардын уран зохиолч П.Бадарч “аудит” хийжээ. Тэрээр “Хамгийн анхны наадам 1983 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд болж, тухайн үеийн Савхин эдлэлийн үйлдвэр шагналтнуудыг найман савхин дээлээр, дараа нь “Дархан нэхий” компани таван нэхий, “Ур ундрах” компани зургаан монгол дээлээрээ шагнаж “шатсан” байна” гэв. Жил бүр таван шүүгч шүүсэн гэвэл нийт 145 шүүгчийг тус бүр 200 мянган төгрөгөөр цалинжуулсан гэж тооцвол тэд 29 сая төгрөг “завшжээ”.
Харин хөтлөгч П.Бадарч, Ж.Бямбаа нар тус бүр 100 мянган төгрөгөөр хөтөлж нийт таван сая төгрөг авсан ч одоо ямар ч үлдэгдэлгүй болсон” хэмээн хошигнов. Өнгөрсөн хугацаанд Архангай гурав, Баянхонгор нэг, Дундговь дөрөв, Өвөрхангай гурав, Говь-Алтай нэг, Булган нэг, Төв аймгийн 11 найрагч “Болор цом”-ын эзэн болсон байна. Жил бүр уг наадмыг 600 хүн үздэг гэж тооцоход өнгөрсөн хугацаанд 18 мянган хүн үзэж сонирхсон аж. Зохиолч, яруу найрагчид Ерөнхийлөгчид ном бүтээлийнхээ дээжийг гардуулж, дурсгалын зургаа татууллаа.

Энэ үеэр “Болор цом” наадмын отгон эзэн С.Болдхуягтай цөөн хором ярилцлаа.


-Та Ерөнхийлөгчтэй уулзахдаа Монголын залуу үеийг гадаад руу сургуульд явуулах хэрэгтэй байна. Ингэж байж манай утга зохиол илүү сайн хөгжинө гэж байсан?
-1920-иод онд их зохиолч Д.Нацагдоржоос эхлүүлээд Ц.Гайтав, Б.Явуухулан гээд олон хүнийг гадаад руу бодлогоор сургуульд явуулсан. Үүний дараа Монголын уран зохиол сэргэж мандаж, уншигчид ч соён гэгээрч байв. Одоо энэ бодлого манайд үгүйлэгдэж байна.
-Залуучууд ном уншихгүй байна хэмээн их шүүмжлэх болж. Энэ тухайд та залуу хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Уран зохиол хөгжиж, залуучууд ном их уншсанаар тухайн улс орон сэргэн мандаж, хөгжин цэцэглэдэг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудын утга зохиол сайн хөгжсөн байдаг. Энэ нь ард иргэдэд нь нөлөөлж байгаа. Тиймээс манайх бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн залуус ном унших нь өөрт болон нийгэмд ихээхэн тустай учир тэднийг ном уншаасай гэж боддог.
Харин Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан “Хүүхэд бүр нь барилдаж, хүлэг болгон нь уралддаг Монголын ард түмэн бүгдээрээ яруу найрагч. 30 жилийн өмнө яруу найргаар уралддаг болсноос хойш Монгол Улсын үндэсний их баяр наадмын дараа ордог оюун ухаан авъяас билгийн хамгийн хүчтэй наадам. Энэ наадмыг гадаадынхан хэзээ болохыг их асуудаг болсон. Тэд ирж үзэж сонирхох гэж шүү дээ. Тэр бүү хэл, ӨМӨЗО манай улсаас үлгэрлэж яруу найргийн томоохон наадам зохион байгуулдаг болсон нь маш чухал ажил болсон. Учир нь, Хятад хэмээх томоохон улсын дунд халбага элсэн чихэр шиг бага үндэстэн эх хэл, түүх соёлоо хамгаалж үлдэх хөшүүрэг болж чадсан. Өөрөөр хэлбэл, яруу найргийн үг хэл, үзэл санаагаар эх хэлээ авч үлдэж байна шүү дээ. “Болор цом” наадам бол энх, анх, мөнх цагт эгнэгт үерлэх найргийн үер юм” гэв.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан