Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАЗААЛАЙГ ХАМГААЛАХААР 200 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Хангай нутагт амьдардаг хүрэн баавгай, өмнөдийн Гималайн уулсын баавгайн завсар нутагт орших нэгэн төрөл бол Мазаалай. Сүүлийн үед чухам хэд үлдсэн гэдэг нь тодорхойгүй олон өөр тоо яригддаг байсан бол ШУА-иас 22-хон байгаа гэдгийг нотоллоо. Үүнийг тодорхойлохын тулд мазаалайн шөргөөсөн төмөр тор, мод, хадны үзүүрт тээглэж хоцорсон үсийг генийн төвшинд судалжээ. Мазаалайн генетикийн судалгаа хийснээр энэ нь хүрэн баавгайн нэг төрөл үү, эсвэл бие даасан зүйл баавгай юу гэдгийг тогтоох ач холбогдолтой.
Шинжилгээгээр мазаалайн генийн олон янзат байдал маш муу буюу 0.28 гэсэн тоон үзүүлэлттэй гарчээ. Хүрэн баавгайн генийн ийм коэффициент 0.78 байдаг. Өөрөөр хэлбэл, мазаалайнуудын ген хоорондоо төстэй буюу эх хүү, ах дүү гэх зэргээр хамаатан болчихсон аж.
Генийн сан ийм муу байгаа нь уг төрөл устахад тун ч ойртсоныг илтгэдэг. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаярын энэ мэдээллийн дараа мазаалайг хамгаалах уулзалт эхэллээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын удирдсан энэ хуралд яам, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, жиргээч, сэтгүүлч гээд олон салбарын төлөөлөл оролцсон юм.
Мөн сүмогийн их аварга Асашёорюү тэдэнтэй нэгдэж, хүрэлцэн ирсэн байлаа. Уулзалтаас мазаалайн төлөө хийх ажлыг тоймлож, ажлын хэсэг гаргах, нэн яаралтай ажлыг тодорхойлж эхлүүлэхийг оролцогчид хүсч байв.
Генийн шинжилгээг манай улсад хийх боломж хомс учраас Энэтхэгт мэргэжилтэн илгээжээ. Мазаалай Говийн их дархан бүсийн Атас ингэсийн нуруу, Шар хулс, Цагаан богдын баянбүрдийг бараадаж амьдардагийг шинжилгээгээр тогтоосон гэнэ. Цаашид генийн хувьд бусад баавгайн төрөл зүйлтэй харьцуулах шаардлагатай. Эндээс аль нэг баавгайн төрөл гэж гарвал нөхөн үржүүлэх гентэй баавгай яаралтай авчрах хэрэгтэй. Харин тусдаа бие даасан төрөл гэх хариу гарвал зохиомол үржүүлгийг даруй эхлүүлэх саналыг яамны мэргэжилтэн гаргасан юм. Гурван мазаалайд сансрын долгионы аппарат зүүхээр унтуулах үед амьд эсийг авч хадгалжээ. Хэрэв золгүй явдал болж мазаалай уствал дээрх эсийг хиймлээр төлжүүлэх эцсийн арга байгаа аж.
Их говийн дархан газар нийслэлээс нэлээн зайтай учраас санхүүгийн ихээхэн дэмжлэг шаардлагатай. Тиймээс тэр нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэйг чухалчиллаа. Үүнээс гадна иргэдийн дунд мазаалайн тухай мэдлэг хомс учраас төслийн хүрээнд хийсэн баримтат кино, 1000 гаруй гэрэл зураг, мэргэжилтнүүдийн мэдээллийг түгээх хэрэгтэй гэсэн юм.
БОНХЯ-наас 200 сая төгрөгийг энэ онд мазаалайд зориулахаар төсөвлөжээ. Атас ингэс, Ээж хайрханы дунд орших мазаалайн лабораторыг ажиллуулах, тоноглоход дээрх төсвөөс зарцуулна. Мөн нутгийн хоёр ч цэгийг усжуулах юм байна. Өмнө нь 110 сая гаруй төгрөг төсөвлөсөн ч жилд 10 саяыг нь гаргаж өгдөг байжээ. Ийм мөнгөөр юу ч хийж хүрдэггүйг энэ үеэр эрдэмтэд хэллээ. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Салбарын дэд сайд хятадуудаас панда баавгайгаа хэрхэн хамгаалсан арга туршлагаасаа хуваалцах санал тавихад нааштайгаар хүлээн авч зөвшөөрсөн байна. Мөн БНСУ-ын Байгаль орчны сайд Монголын хүдрийг хамгаалах асуудлаар хамтарч ажиллах санал тавьжээ. Үүний хажуугаар мазаалайг ч бас анхааръя гэдэг саналыг БОНХЯ-наас дэвшүүлсэн гэж хурал удирдсан Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд танилцууллаа.
Хээр тал, говь, уул хад хосолсон нутагт нь мазаалайн хоёр ч ичээг үзсэн нэгэн хүн хуралд ирэв. Хойшоо харсан, гүехэн ичээтэй байсан боловч байгалийн тогтоц тийм олон ичээ гаргаагүй нь мэдээж. Тиймээс хиймлээр ч гэсэн ичээ бэлдэх хэрэгтэй гэнэ. Энэ саналыг “Говийн гурван сав газрын усны нөөцийн элементийн төлөвлөгөө”-ний төлөөлөгч дэмжсэн юм. Дэлхийн банкны санхүүжилттэй төслөөр тодорхой газрыг зааж өгвөл ичээ барьж, байгуулахыг дэмжинэ гэлээ. Тахь устахын даваан дээр гадаадын амьтны хүрээлэнд аваачиж өсгөөд одоо тоо толгой нь өссөн болохоор Япон улсад бэлэглэх тухай ч ярьж байна. Үүнтэй адил мазаалайг гадаадад өсгөж, үржүүлэх ажлыг шуурхайлж хоёр бамбарууш гаргах хэрэгтэй гэсэн санал гарлаа.
“Үндэсний бахархал мазаалай” нь хамгийн сүүлд байгуулагдсан ТББ. Брэнд бүтээх, маркетингийн асуудлыг сайн дураараа хийхээр авсан хүмүүс энд бий. Мазаалай хэмээх хосгүй амьтны талаархи маркетингийн концепц бий болгох төлөвлөгөөг удахгүй дэлгэнэ. Энэ төлөвлөгөөгөөр олон нийтийн арга хэмжээ, тоглолт, тэмцээн уралдаан тодорхой болно. Мазаалайг хамгаалахаар төрийн байгууллага, ТББ, эрдэмтэд, урлагийн од, спортын алдартнууд, сэтгүүлчид, маркетерууд юу хийж болохыг тусгана. Ийм зүйлс тодорхой болж хэрэгжсэнээр цаашид мазаалайг хамгаалах ажил тогтвортой үргэлжлэх эдийн засгийн эргэлт бүрэлдэх аж. Үүнээс гадна Монголын бусад ховордсон амьтныг ч бас хамгаалах жишиг тогтох давуу талтай. Мазаалай брэнд бүтээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт “Гадаадын улстөрчидтэй уулзахдаа төрийн тэргүүн Ц.Элбэгдорж мазаалайн тухай дандаа санал  тавьдаг. Даанч тэр хүмүүс мазаалайг мэддэггүй” гэсэн юм. Гурван жилийн өмнө эрдэмтэд уулзаж байсан ч болно, болохгүй гэж маргалдсаар байгаад ямар ч үр дүнд хүрэлгүй өнгөрч байж. Өнөөдөр бас тодорхой ажлаа товлохгүй ярилцаад байвал өнөө 22 баавгай чинь устчихаж мэднэ. Тэгэхээр байгууллага бүр хамтарч хийхээ хамжаад, тусдаа хийхээ дор бүрнээ яаралтай хийж эхлүүлье гэдэг саналыг тэрээр хэлсэн юм.
Э.Зоригт: Хамгийн эхлээд мазаалайд тэжээл хүргэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтоос цөөн асуултад хариу сонслоо.


-Мазаалайг хамгаалах талаар мэргэжилтнүүд зөвлөлдлөө. Харин энэ ажилд жирийн иргэд яаж оролцох вэ?
-Төрөөс 100 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч багахан хэмжээгээр гаргаж өгдөг гэж хурлаар ярилаа. Төсөв хэмжээтэй болохоор зовлон байдаг л байх. Гэхдээ ямар ч ажлыг мөнгөгүйгээр хийнэ гэдэг боломжгүй. Би мазаалайг харчихъя гэж бодоод машинаар нутагт нь оччихоод ирэхэд зөвхөн шатахуунд л гэхэд 3-4 сая төгрөг зарцуулчихсан. Тэгэхээр мазаалайг хамгаалъя гэвэл маш их мөнгө зарцуулах ёстой нь харагдаж байна. Мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллага уулзалт, судалгаагаа хийж л байг. Харин энэ хооронд хийж болох ажлаа бид яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөө мазаалай чинь устчихвал яах юм бэ. Юугаа судлах билээ дээ. Хамгийн түрүүнд нэмэлт тэжээлийг хүргэе гэж саналаа хэллээ. Үүнийг бизнесмэнүүд, компаниуд, хувь хүн дэмжиж оролцох шаардлагатай байна.
-Бололцоогоороо хандив өргөх асуудлыг хэлж байна уу?
-Тийм, маш их мөнгө хэрэгтэй. Нөгөө талаас мазаалайг брэнд болгоё гээд байгаа нь ашиг олох гэсэн хэрэг огт биш. Харин ч түүгээр дамжуулж олсон мөнгөөрөө мазаалай хамгаалах ажлыг тасралтгүй хангах зорилготой. Олны танил хүмүүс дэмжиж байгаа нь брэнд болоход нөлөөтэй. Жишээ нь энэ уулзалтад Асашёрюү Дагвадорж аварга ирж дэмжихээ илэрхийллээ. Ерөнхийлөгч үүнийг анхаарч байгаа.
-Малчид, алтны хайгуулчид мазаалайн амьдардаг газар очсон учир дүрвэсэн гэж ярьдаг. Энэ хэр бодитой яриа вэ?
-Алтны хайгуулын ажлаар хоёр компани очсон юм билээ. Гэхдээ ухсан шороог угаах ус байхгүй учраас орхиод явсан гэсэн. Бас тэр хавиар малчид цөөхөн байдаг, их зэлүүд газар.
Ойрхон 100 км дотор бараг айл байхгүй болохоор гайгүй байх. Харин үүнээс гадна дэлхийн дулаарал мазаалайд их нөлөөлж байна. Сүүлийн үед ган болохоор бажууна, хармаг гээд мазаалайн иддэг ургамал ховордсон. Тийм учраас бид нэмэлт хоол, хорголжин тэжээл аваачиж тавих  гээд байгаа юм. Зуд болоход малчдад өвс, тэжээл өгдөгтэй л адилхан.
-Мазаалайд тавьсан тэжээлийг нутгийн малчид авчихдаг гэх мэдээлэл ч байдаг?
-Тийм зүйл байхгүй байх. Яагаад гэхээр малчид мазаалайгаа мэднэ, их хайрладаг юм. Яахав, тиймэрхүү ганц хоёр тохиолдол гарсан байж магадгүй. Гэхдээ тэр жаахан тэжээлийг авлаа гээд ашиг гарахгүй дээ.
-Та бүхний ажил хэзээ эхлэх вэ?
-Тодорхой болоогүй. Уулзалтаас хийх ажлыг товлох юм. Одоо бидэнд цаг хугацаа л их чухал байна. Удахгүй Цагаан сар болоод хүмүүс бэлтгэлээ базаах гээд төдийлэн мазаалайд анхаарал хандуулахгүй орхино. Тэр хооронд лав 10 хоног дэмий өнгөрөх байх. Мазаалай удахгүй ичээнээсээ гарчихна шүү дээ. Тэр хүнд ядарсан үед нь л амжиж тэжээл өгөх хэрэгтэй байгаа юм.
-Тусгай хамгаалалттай тэр газар нутагт ажилладаг байгаль хамгаалагч хэр хүрэлцээтэй байдаг юм бол?
-Хүрэлцдэггүй гэсэн. Нутгийн хамрах талбай нь гурван сая га гээд бодохоор маш том. Тэнд 23 хүний орон тоо байдаг ч өнөөдөр 12 байгаль хамгаалагч л ажилладаг гэнэ. Байгаль хамгаалагч мотоциклиор тодорхой маршрут гаргаж боломжтой үедээ л нэг тойрч явахаас байнга харуулдаад байж чаддаггүй. Гэхдээ нутгийн иргэд мазаалайг хайрладаг болохоор санаа зовох зүйл гардаггүй байх.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Geniin san ni iim baga baihadd tesehguildee. yamar tahi bish. zutruu amidraltai amitan, deer ni Mazaalaig ustaasai gesen bodoltoi altan nudtei nuhduud mongold tsoongui baigaa, tiim bolohoor gadaadad usgussn ni deerdee
Хамгийн их уншсан