Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” ганцхан удаа

Зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг Б.Цацралын орчуулгаар Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар удахгүй амилах гэж байна. “Од” кино театрын тайзнаа тавигдах энэ жүжигт “Х-Түц” хамтлагийн жүжигчин гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be-2” шоуны шилдэг таван оролцогч тоглох нь. Д.Сосорбарам өмнө нь “Х-Түц”-ийнхэнтэй Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгожээ. Мөн тэрээр өнгөрсөн хавар Айн Рэндийн “Төгс” жүжгийг тавьсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Энэ сарын 16-нд ганцхан удаа тоглогдох тус жүжиг NTV-ээр шууд үзэгчдэд хүрэх гэнэ.  
“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт нэр алдартай, чинээлэг бизнесмэн ноён Фалкнерийг нарийн бичгийн дарга нь хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал уг жүжигт өрнөнө. Санхүүгийн хямралд орсон Фалкнер өөрийн хадам ааваас зээл авсан боловч хүнд байдлаас гарч чадаагүй аж. Нэгдүгээр сарын 16-ны үдэш Фалкнер нарийн бичгийн дарга Карен Андретай хамт Нью-Йорк дахь пентхаус  байрандаа ирэх боловч дээврээс унан амиа алдсанаар жүжгийн үйл явдал өрнөх юм.
Айн Рэндийн 1933 онд туурвисан энэ жүжиг бол зохиолчид амжилт нэр алдрыг авчирснаас гадна амьд ахуйд нь тайзнаа амилсан цорын ганц жүжиг нь. 1934 оны намар Холливудын “Плэйхауз” театрт, яг жилийн дараа Бродвейд тоглогдон улмаар Лос Анжлелес, Чикаго, Лондонд үзэгчдийн хүртээл болж, театр судлаач, шүүмжлэгчдийн зүгээс эерэг үнэлгээг хангалттай авчээ. 1936 он гэхэд “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” 18 театрт тавигджээ. Уг жүжгийг Европын хэд хэдэн оронд орчуулан тогложээ.
Хэдийгээр жүжиг нь ийм амжилтад хүрсэн ч Айн Рэнд хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй гэдэг. Учир нь, тэрбээр найруулагч, продюсерүүдтэй жүжгийн зохиолд хийсэн зарим засвараас болж цаг үргэлж муудалцаж байжээ. 1968 онд Айн Рэнд зохиолоо эцсийн хувилбараар шинэчилэн засч, хэвлүүлээд  “Өнөөдрийг хүртэл энэ он жилүүдэд өөрийн жүжгээ олны хүртээл огт болж байгаагүй гэж бодсоор ирсэн. Янз бүрийн засваруудтай хувилбарууд олон театрт тоглогдож байсан болохоор энэ дэлхийн хаа нэгтээ миний хууль ёсны бус нэг хүүхэд яваа юм шиг л мэдрэмж төрдөг байлаа. Харин одоо шинэчилж засварласан уг хувилбарыг хэвлүүлснээр энэ “хүүхдээ” минийх гэж сэтгэл амар хэлэхээр боллоо” хэмээн өмнөтгөл болгон бичсэн байдаг юм. Тэгвэл энэ удаа зохиолчийн хэвлүүлсэн яг энэ хувилбарт ямар ч засвар, өөрчлөлт хийлгүйгээр тайзнаа амилуулах нь.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан