Ө.Энхтүвшин: Ардчилал гэж хамгийн их ярьдаг хүмүүс багаа хуулж хаялаа
2013 оны 1 сарын 11
Орон нутгийн сонгуулиар бий болсон үр дүнг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхгүй улс төржиж байна хэмээн МАН-ынхан үзэж байгаа. Ах намынхны хувьд зургаан аймгийн удирдлагад анхаарал хандуулаад байгаа хэрнээ зарим дүүргийг эс тоож байна гэх шүүмжлэл ч бий. Энэ нь ч үнэний ортой. Сонгинохайрхан, Багануур дүүрэгт МАН олонх болж засаглалаа бүрдүүлэх эрх зүйн чадамж нь бүрдсэн ч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрийнхөө хүмүүсийг томилуулж чадсан. Гэхдээ мэдээж хэлэлцээрийн ширээнд сууж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, дүүргүүдийн намын хорооны дарга нар Э.Бат-Үүл даргын тавьсан саналыг хүлээж авсан хэрэг. Тэгвэл үүнийг МАН-ын удирдлагууд хэрхэн хүлээж авч байгааг талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариу авлаа.

-МАН-ынхан аймгийн Засаг дарга нарт анхаарал хандуулаад байгаа хэрнээ дүүргийн Засаг дарга нарыг эс тоогоод байх шиг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт МАН-ынхан олонхи болсон мөртлөө Засаглалд нь АН-д очсон. Тэгэхээр үүнийг МАН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг намын хэмжээнд яриагүй. Яагаад тийм болчихов гэдгийг харж байна. Хуулиараа бол олонхи болсон нь засаглалаа байгуулж, Нийслэлийн Засаг дарга томилох ёстой шүү дээ. Нийслэлийн Засаг дарга нэг удаа буцааж болно, хоёр дахь дээр нь шууд батламжлах ёстой.
-Хууль ийм байтал байдал дээр шал өөр байгаад байна. Үүний юу гэж бодож байна вэ?
-Яахав дээ. Олонхиос санал болгосон хүнийг батламжлахгүй гэж сүрдүүлсээр байгаад л Засаг даргаа өөрийнхөө талд авсан байх. Ер нь, тийм л байдлаар хандаж байгаа шүү дээ. Тэрийг бид дүүргийн хэмжээнд мэдэхгүй байна. Хууль зөрчигдсөн гэдгийг л мэдэж байна.
-Үлдсэн зургаан аймагт ч гэсэн ийм л байдал бий болох гээд байна л даа?
-Би үүнийг сүүлийн үед маш их ярьж байгаа. Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй, нулимж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа Монгол Улсад ардчилал байхгүй болж байна. Ардчилал гэж хамгийн их ярьдаг хүмүүс багаа хуулж хаяж байна. Зөвхөн ардчилсан намынхан л энэ төрийн албыг авахаар улайрч байна.

Г.Даваа
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.