Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхошууг хотын төв болгох асуудлаар ярилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны иргэдтэй 76-р дунд сургууль дээр уулзлаа. Тус хороо 312 га бүхий нутаг дэвсгэртэй 1916 өрхтэй, 9581 хүн амтай, ерөнхий боловсролын 2 сургууль, хоёр цэцэрлэгтэй 34 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэр хороолол аж. Тус хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 120 айлын орон сууц 1980 онд баригдаж ашиглалтад оржээ. Одоо энд 120 өрхийн 740 иргэн 2,3 га газарт амьдардаг байна. Мөн  гурван га газарт 84 өрх амьдрах нийтийн орон сууц байдаг аж. Эдгээрээс гадна 60 айлын, 14 айлын зориулалтаар баригдсан нийтийн орон сууцанд амьдардаг иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх, орон сууцны нөхцлөө сайжруулах хүсэлтээ гаргажээ.
Нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хүсэлтэд түшиглэн тухайн бүс нутагт урьдчилсан байдлаар загвар төлөвлөлт хийснийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ш.Нацагдорж танилцууллаа. СХД-ийн 10-р хорооны  газарт хувьчлагдаагүй гурван хэсэгт дахин төлөвлөлт хийхдээ хоёр хэсэгт нь  дөрвөн давхар 11 тооны 300 айлын орон сууц, дулааны станц, цэвэрлэх болон ногоон байгууламж бүхий цогцолбор,  640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, зам талбай бүхий хотхон болгох боломжтой гэв.  Мөн тэнд байгаа 60 айлын нийтийн орон сууцны газар чөлөөлөгдөж  худалдаа үйлчилгээний төв болгох боломж байгааг танилцууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууц болгоход оршин суугчид төлөөллийн байгууллагаа байгуулж, хүсэлт гаргах учиртай. Иргэдийн гаргасан хүсэлтээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлэх юм.  Харин нийслэлийн удирдлага хөрөнгө оруулагчдад тохилог амины орон сууц бүхий хороолол болгох санал тавих аж. Иргэдийн гаргасан хүсэлт нийслэлийн оролцоотойгоор хөрөнгө оруулагчийг тодруулна гэж албаныхан хэллээ. Ингэснээр иргэн таны эзэмшлийн  газарт, хөрөнгө оруулагч хөрөнгөөрөө орон сууц барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ. Харин нийслэл тухайн бүсэд баригдах цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн хөрөнгийг татаас хэлбэрээр олгоно.

Ийм  гэрээ байгуулагдсан нөхцөлд эзэн Та газраа чөлөөлөх учиртай. Хөрөнгө оруулагч орон сууцыг өөрийнхөө хөрөнгөөр барих юм. Мөн газар чөлөөлсөн  иргэдийн түр байрлах зардлыг хөрөнгө оруулагч шууд хариуцна гэж Засаг дарга онцоллоо. Хөрөнгө оруулагч ашиг олох үүднээс төлөвлөлтөө маш сайн хийж илүү гарсан орон зайд та бүхний орон сууцанд зарцуулсан хөрөнгөө нөхөж авах аж. Гэр хорооллыг орон сууцжуулах олон янзын хувилбар байж болно. Тэр бүхнээс газрын эзэд мөн хөрөнгө оруулагчдад ашигтай байх хамгийн боломжтой хувилбарыг та бид хамтдаа бодож боловсруулна гэдгийг ч дуулгалаа. Мөн Баянхошууг шинээр төлөвлөн орон сууцны хороолол болгоход Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан аж. Хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэх саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон, НИТХ-аар хэлэлцүүлнэ гэж хотын мэр ярив. Хэрвээ зөвшөөрвөл хотын захиргаа Баянхошууруу нүүж, Баянхошуу хотын төв болох боломжтой юм гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан