Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯЛГААРАА БАЯЖИХ СЭРҮҮН ЗҮҮД БУЮУ ИРЭЭДҮЙДЭЭ ӨВЛҮҮЛЭХ ӨР

Газрын хэвлий доорхи баялгаа гадаадын томоохон компанитай хамтарч олборлоод л баяжина гэсэн төлөвлөгөөтэй яваа монголчууд хэзээ мөрөөдөж буй тэр их мөнгөтэйгөө золгох бол. Дан ганц сайжирна, болно гэсэн хүлээлт бидэнд бий. 1990 оны дунд үеэс л нефть, алт олборлон хага баяжиж, дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс болох зорилго өмнөө тавьсан. Энэ нь бүх иргэний чин хүсэл биш л дээ. Зөвхөн төрийн дээд төвшинд гаргасан шийдвэр. Тэр ч утгаараа алт, нефть олборлох “дайн” эхэлсэн юм. Гэвч эцсийн дүндээ сүйдсэн байгаль, өрөнд баригдсан улс болж үлдсэн нь нууц биш. Энэ бүхэн төр барьж байсан улс төрийн намуудтай шууд холбоотой гэхэд нэг их хилсдэхгүй биз.

Улсдаа анхдагч, өнгөрсөн үед болон өнөөдөр намаа толгойлж яваа дарга нарын хэлдэг зүйл нь “Манай нам улс орноо хөгжүүлэх ачааны хүндийг үүрч, ард түмнээ тэтгэж ирсэн” гэх үг. Тэгвэл үнэхээр хүнд ачаа үүрч байсан уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Өнөөгийн МАН, хуучин цагт МАХН гэж нэртэй явсан улс төрийн хүчин социалист нийгэмтэй байх үед Монгол Улсад 10 гаруй тэрбум ам.долларын өр авчирч “наасан”. Их хэмжээний өр шүү. Энэ өрөө ард түмний нуруунд үүрүүлсэн. Тэгэхээр ачааны хүндийг МАН хэмээх нэртэй улс төрийн хүчин биш ард түмэн л үүрсэн гэж ойлгож болох нь. Энэ өр нь ардчиллын үед үгүй болж баяртай гэж хэлэхээр завдаж байтал өөр төрлийн өрийн дансаар зузаарсан түүхтэй.
Ерөнхийдөө том, жижиг хэмээн нэрийддэг тэр тусмаа ахархах дуртай МАН-ын буруутай үйлдэл бага биш. Яагаад гэвэл төрийн эрх мэдлийг гартаа оруулахын тулд биелшгүй, эргээд иргэдийнхээ амьжиргааг доройтуулах амлалтууд өгч байсан. Энд нэг л жишээг дурьдахад хангалттай. Таван хүний амь насыг золиослон байж төрийн эрхийг олж авахдаа МАН иргэн бүртээ 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амласан юм. Гэхдээ хэдэн зуун сая ам.долларын өр тавьж тараасан ч тэдний амлалт талаар болсон түүх бий. Ардчилсан намынхны мөрийн хөтөлбөрт тусгасан 1072 ширхэг хувьцаагаар ард түмний амыг таглах мэргэн санаа олсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явна. Тухайн үед сая төгрөг бэлнээр авах уу, хувьцаагаа авах уу хэмээн ярьж, иргэдийн сэтгэлийг чамгүй хөдөлгөж байлаа. Бүгд л чи алийг нь авах вэ гэж өөр хоорондоо ярилцаж байв. Бараг л өнөө маргаашгүй тараачих юм шиг л нийгэмд донсолгоон үүсгэж байлаа. Улстөрчдийн хэлсэн үг нь салхинд хийсч, барааг нь хараа ч үгүй 1072 ширхэг хувьцаа домог болон яригдсаар. Магадгүй томоохон ордынхоо хувьцаанаас цөөнийг ч болов эзэмших гэсэн монголчуудын хүсэл мөрөөдөл замхарч байх шиг. Ганцхан эргэн төлөх тооцоо судалгаатайгаар зээлсэн гэх нэртэй хэдэн зуугаар тооцогдох ам.долларын өр нь хэвээр үлджээ.

Үүгээр бүх зүйл дуусахгүй. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг ч үгүйрүүлж, их хэмжээний өртэй болгочихсон гэж байгаа. Монгол Улсыг хөгжил тийш хөтлөх, иргэдийн амьджиргааг суга өөд татах ёстой уг компани өнөөдөр үйл ажиллагаагаа зогсооход хүрээд буйг албаны эх сурвалж ярьсан. Мөн ашиглах боломжгүй долоон тэрбум төгрөгийн эд зүйл хог болон хэвтэж байгаа. Үүнийг МАН засаглаж байх үед худалдан авсан хэрэг. Гэтэл өнөөдөр хариуцлага тооцох эзэнгүй болчихоод явж байх. Ер нь, газар шороогоо малтан баяжих арга зам нэг иймэрхүү байдалд биднийг хүргэлээ. Ирээдүйдээ үлдээж буй өв, их хөрөнгө үгүй болох нь. Сүйдсэн эх орон, толгойтой үснээс нь их өр л өвлүүлэх нь дээ, хойч үедээ. Яагаад гэвэл малтаж гаргасан ашигт малтмал нь манай эдийн засагт нэмэр, чимэг болохгүй, өрөнд шингэж, улс дамжин гадаадын томоохон компанийг тэтгэн тэжээх хөрөнгө болох төлөвтэй.

Нэг иймэрхүү маягаар газрын баялгаа тавьж туух замыг улс төрийн хүчнүүд нээчихлээ. Үүнээс гарах гарц ч алга. Яагаад гэвэл бид баялгаа барьцаалж зээл авсан, өртэй. Ер нь, газар нутгаа сэндийчиж, бусдаар төнхүүлэн баяжиж байна гэж эхлээд сэрүүн зүүдэлдэг байж. Харин өнөөдөр хар дарж эхэллээ. Зүүднээсээ хэзээ сэрэх юм бэ, энэ улс төрийн хүчнүүд.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан