Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.МӨНХБАЯР: УУРХАЙНХАА ИРЭЭДҮЙГ УЛАМ САЙХНААР ТӨСӨӨЛЖ БАЙНА


“Багануур” ХК-ийн уулын 1-р хэсгийн экскаваторын машинч Н.Мөнхбаяр. Шинэ оны босгон дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон уурхайчинтай ярилцлаа.

-2012 он таны хувьд хөдөлмөр бүтээлийн одтой сайхан жил байлаа. Анх Багануурын уурхайтай яаж ажил амьдралаа холбосон бэ?
-Би 1981 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгсч, МХЗ-ын төв хорооны илгээлтээр Багануурын уурхайд анх ирж байлаа. 1980-аад оны Монголын  том бүтээн байгуулалт Багануур хот, Багануурын уурхайг барьж байгуулах ажилд гар бие оролцож бүхий л барилга, байшин мөн дүүргийн үйлдвэрийн районыг барьж байгуулах барилгын ажилд гар бие оролцож, явсандаа  бахархдаг. Ер нь, 1981 оноос л энэ уурхайтай ажил, амьдралаа холбосон доо. Завсарт нь 1982-1983 онд Украйн улсын Александра хотод цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны курст зургаан сар суралцаж мэргэжил эзэмжсэн. 1983-1986 онд Эрдэнэт хотод цэргийн алба хаасан. 1986 оноос одоог хүртэл Багануурын уурхайн уулын нэгдүгээр хэсэгт ЭШ-15/90 экскаваторт тасралтгүй ажиллаж байна.

-Монгол Улсын Ерөнхий­лөг­чөөс “Хөдөлмөрийн баа­тар” гэдэг энэ хүндтэй том шагналыг хоёр оны заагт хүртлээ. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр энэ өндөр гавъяа шагналыг авахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, хоолой  зангираад нүдэнд нулимс  хурдаг юм билээ. Сэтгэл хөдөлж хамт олноороо бахархаж, их баярласан. Ер нь, уурхайд ажилласан тэр цагаас  хойш би сайн удирдлагатай, сайхан хамт олонтой ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч ирс­ний хүчинд өнөөдөр энэ зэрэг­тэй алдар гавьяанд хүрсэн гэж бодож, баярлаж явна даа.

-Таны ажлын нөхцөл ямар вэ.  Ажлынхаа  онцлогоос яриач?
-Ажлын  нөхцөл хүнд халуунд халж, хүйтэнд хөрж хэвийн бус нөхцөлд ажилладаг. Манай Багануурын уурхай Улаанбаатар хотын нүүрсний хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг. Бүх цахилгаан станцууд болон бусад хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлж, байна. Бидний ажлаас шалтгаалж Улаанбаатар хот цаашлаад Монгол Улс дулаан байх уу, үгүй юу гэдэг асуудал яригддаг. Тиймээс Багануурын уурхайчдад маш өндөр хариуцлага ногдож тэр хэрээр хариуцлагаа ухамсарлаж ажилладаг.

-Та уурхайнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?  
-Уурхайнхаа ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж явдаг. Өнөөдрийн байдлаар уурхай хүндхэн байна. Уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна. Тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь хуучирсан, элэгдчихсэн байгаа. Саяхан дөрвөн автосамосваль, нэг бульдозер авсан. Ингэснээр хөрс хуулалтын ажлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Цаашид тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Яг одоо байгаа тоног төхөөрөмжөөр ажиллана гэвэл хэцүү, бүх тоног төхөөрөмж муудсан. Манай экскаватор гэхэд л 1981 онд ашиглалтад орсон 32 дахь жилдээ ажиллаж байна. Уг нь, ийм экскаваторыг 22- 25 жил ашиглах хугацаатай байдаг юм билээ. Сэлбэг тоног төхөөрөмж шинээр авах нэн шаардлагатай байна. Одоо л Багануурын уурхайд хөрөнгө оруулалт хийж өөд нь татахгүй бол байдал ер нь л их хүндэрлээ. Алгуурлаж болохгүй болсон. Хөрсний хуулалт улам зузаарч байна. Нүүрсээ авах гэхээр ус гарч ирээд одоо усгүй ам гэж байхгүй. Уурхайчид бидний сэтгэлийг зовоож байгаа асуудал олон байна.  Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарч байгаа юм билээ. Хөрөнгө оруулалт хийгдэж, тоног төхөөрөмжөө шинэчилж чадвал уурхайн ирээдүй өөдрөг сайхан болно гэж боддог.

-Багануурын уурхай хэдэн жилийн нөөцтэй вэ?
-Манай уурхайн нөөц хангалттай. Жилд зургаан  сая тонн нүүрс гаргахад 100 жил ашиглана гэж анх ярьдаг байсан. Одоогоор жилд гурван сая гаруй тонн  нүүрс олборлож байна. Багануурын уурхай 35 дахь жилдээ ажиллаж байна. Одоо 80 жилийн нөөц байгаа.

-Экскаваторынхоо хүчин чадлын талаар ярихгүй юу?
-1981 онд угсарсан экс­каватор. ОХУ-аас 270 ачааны вагоноор зөөж авчирсан. Жин нь 1670 тонн. Ийм том, хүнд жинтэй экскаваторыг тухайн үед Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч угсарч байлаа. Сард 220-260 мянган  м/куб хөрс хуулах хүчин чадалтай.

-Хийж бүтээсэн ажлын амжилт их байгаа нь мэдээж. Амжилтуудаасаа дурьдвал?
-Манай бригадын хамт олон Багануурын уурхайд гуравдугаар байранд орж байгаагүй. Үргэлж эхний нэг, хоёрдугаар байранд шалгарч, ажил амжилтаараа тэргүүлдэг. Бидний  зорилго энэ экскаватороор жилд гурван сая м/куб  хөрс хуулах юмсан гэж боддог. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн онд бид хоёр сая 890 мянган м/куб хөрс хуулж, экскаваторынхаа  хамгийн дээд амжилтыг гаргасан. Үүнээс ч их, гурван сая тонн хөрс хуулах боломж байгаа. Манай хамт олон энэхүү экскаваторын техникийн хүчин чадлыг давуулан ашигладаг. Тодруулбал, техникийн хүчин чадлыг энэ жил 115 хувьд хүргэж ашигласан байна. ЭШ 15/90 экскаватор Монголд ганцхан бий. Орост манайх шиг экскаватор ямар хэмжээний хөрс хуулдаг вэ гэхээр жилд  1.9 -2.2 сая м/куб хөрс хуулдаг юм билээ. Харин бид 2 890 000 м/куб-г хуулчихаад байгаа нь чамлахааргүй амжилт. Хөрс хуулна гэхээр нүүрсийг авахад бэлэн болгож байна л гэсэн үг.

-Экскаватороор 3 сая м/куб хөрс хуулах нь том амжилт уу?
-Том амжилт. Техникт тодорхой хэмжээний хүчин чадал гэж бий. Гэхдээ аливаа зүйлд дээд амжилт гэж байдаг. Тамирчин хүн рекорд эвддэг шиг бид эхлээд 2 сая м/куб хөрс хуулж байхдаа 2.5 сая болгочих юмсан гэж зорьж  байсан. Тэрэндээ хүрч түүнээсээ даваад 2 сая 890 мянган м/куб хөрс хуулсан. Ийм хэмжээнд хүрсэн юм чинь 3  саяыг хуулчих юмсан гэж бодож байна. Энэ бол манай хамт олны амжилт юм.

-Хамт олныхоо талаар ярихгүй юү?
-Анх алдар нэртэй хамт олон дунд орж байлаа. Манай бригадын дарга В.Хашхүү гэж тухайн үед АИХ-ын депутат хүн байсан. Би 1992 оноос хойш энэ хамт олныг удирдан зохион байгуулж ажиллаж байна. Манай хамт олон бол “Багануур” ХК-ийн  ажил төрлөө­рөө тэргүүлэгчид. Ком­панийнхаа 10 удаагийн аварга бригад болсон.  2001-2005 онд таван жил дараалан амжилт байгуулж байсан сайхан дурсамж байна.  Манай бригадаас хоёр Хөдөлмөрийн баатар,  хоёр гавьяат уурхайчин төрсөн ийм ажил бүтээлийн од хиймортой, бүтээмжтэй хамт олон билээ. Ажил үйлсээрээ тэргүүний хүмүүсийг дурьдвал МУ-ын гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв, Л.Насанжаргал, машинч П.Базар, нэгдүгээр туслах машинч Г.Отгонбаяр, Г.Түмэнжаргал, Т.Энхболд гэх мэт бусдыг хошуучлан сайн ажилладаг мундаг хүмүүс байна.

-Гэр бүлээ танилцуулах уу. Уншигчдад маань сонин байх болов уу?
-Миний гэр бүлийн хүнийг Гомбосүрэнгийн Пагмадулам гэдэг. Хань маань нийтийн хоолны техник технологич мэргэжилтэй, Монгол Улсын мастер тогооч хүн дээ. Манайх хоёр хүү нэг охинтой.  Хоёр хүү маань БНХАУ-д хятад хэлний сургуульд суралцаж төгссөн. Охин маань Шинэ Монгол сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж үр хүүхдээ өсгөх, сургах, амьдралд хөл тавихад нь аав, ээжийнхээ үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа гэр бүл дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан