Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Задгай талбайд автомашин худалдаалж буй 102 байршлын 66 нь ямар ч зөвшөөрөлгүй
Л.БАТБААТАР

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам эрхэм гишүүд маань сонгогчдынхоо аж амьдрал, санал хүсэлтэд анхаарал хандуулах болоод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан дүүргийн иргэдтэй  “Тулгамдаж буй асуудал” сэдвээр өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Н.Батсүх, нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Б.Алтансүх, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын хэлтсийн дарга М.Энхбаатар нар оролцож иргэдийн асуултад хариуллаа. Гурван сэдвийн дор хэлэлцүүлгийг зохион байгуулсан.


“Автомашины захуудын нүүлгэн шилжүүлэлт”

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй техникийн захуудыг нүүлгэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шилжүүлэх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоол гарсан. Энэ шийдвэр нь автомашины худалдаа эрхлэгчдийн бухимдлыг ихээхэн төрүүлж буй.

Авто захуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун “Ил задгай талбайд автомашин худалдаалж буй 102 байршил бий. Үүний 66 байршилд ямар ч зөвшөөрөлгүйгээр автомашин худалдаалж байна. Эхний ээлжинд Төмөр замын дэргэдэх “1000 автомашины зогсоол”, “Да Хүрээ”, Циркийн урд талын “Рояал плаза” болон “Өгөөмөр” захад мэргэжлийн хяналтынхан шалгалт хийсэн. Эдгээр захын газрыг  орон сууц, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн зориулалтаар ашиглах захирамжтай. Гэтэл автомашины худалдаа эрхэлж байна.

Энэ зөрчлийн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Газрыг зориулалт бусаар ашиглавал эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Үндэсний соёл амралтын хүрээлэн бол амралт зугаалгын цогцолбор. Гэтэл тэнд автомашин худалдаалж байна. “Да Хүрээ” захын газрыг  2014 оны А/350 тоот захирамжаар орон сууц барих зориулалттай болгосон. Төмөр замын 1000 автомашины зогсоол гэдэг газарт ямар нэгэн захирамж байхгүй. Иймд захууд “Авто худалдааны цогцолбор” руу нүүхээс өөр арга байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Энэ шийдвэрийг эсэргүүцэж иргэн н.Цэндсүрэн “Хотын зүүн талд байрлах захыг баруун тийш  нүүлгэснээр замын түгжрэл буурна гэдэг худлаа. “Да Хүрээ” захыг түшиглэн ажил, амьдралаа залгуулдаг маш олон хүн бий. “Да Хүрээ” захыг баруун тийш нүүлгэснээр олон хүнийг ажилгүй болгоно. Энэ шийдвэрийг амьдралд нийцээгүй буруу шийдвэр гэж үзэж байна. Зохих байгууллагуудад албан бичиг явуулсан. “Авто худалдааны цогцолбор” ч ялгаагүй  ил задгай зогсоол.

Цогцолборыг байгуулах талаар бизнес эрхлэгчдээс санал аваагүй. НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж асуудлыг шийдвэрлэсэн. “Да Хүрээ” зах руу дөрвөн чиглэлээр явж очдог. Тэнд зөвхөн Шар хадны сэтгэцийн эмнэлэг, мөн сургууль  байдаг. Төрийн нэг ч байгууллага байхгүй. Тийм учраас замын түгжрэлийн  асуудал гардаггүй” хэмээн хэллээ.
Иргэний өмчийг хэрхэн хамгаалж, зөрчигдсөн эрхийг яаж сэргээж  болдог вэ гэдэг асуулт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуунд тавьсан юм.

“Ил задгай зогсоолд автомашин борлуулж буй нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд энэ талаар маш тодорхой бичсэн. Нийслэлийн удирдлагаас автомашин борлуулах цэгийг хотын баруун талд байгуулсан. НИТХ-аар зогсоолын үнийг хоногийн 1000 төгрөг болгосон. “Да Хүрээ” захад нэг автомашины шороон талбайн зогсоолын үнэ хоногийн 2-3 мянган төгрөг байдаг” хэмээн хариуллаа.

Автын захуудтай холбоотой асуудалд нийслэл анхаарлаа хандуулж иргэдийг хүлээн авч уулзаж, чиглэл гаргамаар  байна. Автомашины болон барилгын захыг хотын гадна гаргаж, замын түгжрэлийг бууруулах бодлогыг дэмжиж байна. Харин иргэдийн өмчийн  болон бизнесийн эрх зөрчигдөөд байна. Эдгээр иргэнд хэрхэн нөхөн олговор, давуу байдал олгох талаар судлаж үзээч хэмээн нийслэлийн удирдлагуудаас хүсч байна гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

“Гэр хорооллын дахин төлөвлөлт”

Нийслэлийн иргэдийн хуралд Ардчилсан нам олонх болсноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд барилгын 40 гаруй компани оролцож, 24 байршилд барилга барьж буй. Эдгээр компанийн 70 хувь нь ямар нэгэн асуудалгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Үлдсэн 30 хувьд нь санхүүгийн болон иргэдтэй үл ойлголцох асуудал ажиглагддаг.

Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын хэлтсийн дарга М.Энхбаатар дахин төлөвлөлтийн хүрээнд хийж буй барилгын ажлын одоогийн байдлын талаар “Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхлээд гурван жил болж байна. Барилгын компаниудын ажлын гүйцэтгэл тухайн байршлын хэмжээ, компанийн хүчин чадал, санхүүгийн чадавхаас шалтгаалж харилцан адилгүй байна. Батлан хамгаалахын их сургуулийн орчим 8,16 дугаар хороонд “Баганат-Өргөө”, “Гангар инвест” компани барилга барьж байна. “Баганат-Өргөө” компани эхний ээлжийн 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.  Ирэх онд 144 айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороо буюу “Моннис”, “Бүрд” компанийн барилгын ажил удааширснаас иргэдийн зүгээс гомдол их гаргадаг” хэмээн танилцуулсан.

“Бүрд” компани гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж  газраа чөлөөлсөн 14 дүгээр хорооны иргэд хугацаа алдсан хэмээн бухимдалтай байв. Тухайлбал, 14 дүгээр хорооны иргэн Хосбаяр “Бүрд” компани найман га газар чөлөөлж, 100 метр хүрэхгүй газар шугам татсан. Энэ нь гурав хоногийн л ажил. Хийсэн ажил нь тэр. “Бүрд” компанийг барилгаа бариач хэмээн олон удаа шаардлага хүргүүлсэн. Татварын асуудал яригддаг. Бид байр худалдаж аваагүй. Солилцоо хийсэн. Ажил үйлчилгээ явуулахгүй бол гэрээ цуцална гэж журамд  заасан байдаг. Хэрэгждэггүй. “Бүрд” компанийг барилга барина хэмээн худлаа ярьж байх хооронд “Монгол Угсаа” гэдэг компани гурван барилга барьсан” хэмээн бухимдлаа илэрхийллээ.

Мөн “Моннис” компанитай гэрээ байгуулж хохирсон иргэдийг төлөөлж 14 дүгээр хорооны иргэн н.Болдбаатар “Гэрээ байгуулж 125 айл газраа чөлөөлсөн. Байгуулсан гэрээгээр 2015 оны долдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэвч гэрээ биелэх байтугай барилгын гүйцэтгэлийн явц зогссон. Хохирогчдын түр хороо байгуулж, шаардлага хүргүүлсний эцэст цутгалт эхэлж, долоон давхар барилга баригдаж байна. Энэ асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, “Моннис “группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарт хандсан. Хариу байхгүй” гэв.

“Газар олголт”

Нийслэл хот руу чиглэсэн их нүүдэл 20 гаруй жил үргэлжилж байна. Ойрын хугацаанд ч нүүдэллэн ирэгсдийн тоо буурахгүй хэмээн албаныхан хэлж буй. 10-аад жилийн өмнө шилжин ирж, амьдарч буй газрынхаа гэрчилгээг гаргуулаагүй иргэд нийслэлийн дүүрэг бүрт олноор бий.
Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх хэлэлцүүлгийн эхэнд “Баянзүрх дүүрэг нь 124 мянган га нэгж талбартай, 28 хороотой. Цахим газар олголтод өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжгүй байна гэсэн гомдол байнга гардаг. НИТХ-ын тогтоол, шийдвэрээр зөвхөн нийслэлийн иргэдэд газрыг тэгш хуваарилах үүднээс цахимаар өмчлөх ажил явагдаж байна. Дүүргийн 9, 20 дугаар хорооны хэсэгт 18 мянган иргэнд газар өмчлөх болсон” гэж хэлсэн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртад газрын маргаан хамгийн их байдаг нь хэлэлцүүлгийн явцад харагдсан юм. Тухайн үеийн дүүргийн Засаг дарга нь 2011 онд уг газрыг хууль зөрчин олгосон байна. Газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын шийдвэргүй олгосон нь хууль зөрчсөн байсан гэж  Н.Батсүх дарга хэлсэн. Энэ асуудлаар одоогийн Засаг дарга иргэдтэй очиж уулзсан. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй гэсэн шийдэлд хүрч шүүхэд хандсан байна. Шүүхээс ирсэн шийдвэрийн дагуу тухайн иргэнд эрх зүйн харилцаа үүсгэж газрыг өмчлүүлэх аж.

Харин иргэдийн хувьд эсрэг байр суурьтай байв. 20 дугаар хорооны иргэдийг төлөөлж, 11 хүн хэлэлцүүлэгт ирсэн. “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлийн хугацааг сунгадаг. Надад 42 хүн итгэмжлэл хийж өгсөн. Энэ газар хэний өмчлөлд байна вэ гэхээр хувь хүний нууцыг хадгална гэж газрын албанаас хэлдэг” хэмээн тус хорооны иргэн н.Батдэлгэр хэлсэн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би иргэдийнхээ өмнөөс Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Батсүхэд албан ёсны хүсэлт явуулахаар бэлдсэн байгаа. Хүсэлтэд  11, 18, 21, 23, 20 дугаар хороотой холбоотой асуудлыг бичсэн. Сая хэлсэн, ярьсан бүх хүсэлтээ нэгтгэн газрын албаны даргад өгнө үү. Газрын албаны дарга ажлын хэсэг байгуулж ажиллахгүй бол болохгүй нь.
Гачууртын газар олголтыг  2000 оноос эхлэн замбараагүй хийсэн. Үүнийг цэгцлэх цаг болсон” хэмээн хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан