Дэлхийн хөгжлийг гүйцэх гэж урагшилдаг эх орны маань хөгжлийн хурд сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Үүнийг батлах шиг ганган чамин, үнэтэй хөшөөнүүд нийслэлд сүндэрлэх боллоо. Хүн амаа чадан ядан багтааж байгаа нийслэлийнхээ өнгө төрхийг шинэчлэх гэсэн хэсэг хүмүүсийн хүчин чармайлтын л үр шүү дээ. Гэхдээ хөшөө, дурсгал уг нь тухайн улсын зан заншил, урлаг, оюун сэтгэлгээний хөгжил, үндэсний бахархалтай холбоотой үй олон мэдээлэл, гайхамшигт түүхийг өгүүлж байх ёстой. Гэвч тив алгасан аялж, гадаадын хэлбэр загварыг хуулж сурсан монголчууд хөшөө дагасан соёлд өөр өнцгөөс хандаж эхэллээ. Улаанбаатарчууд чимээгүй хотын чулуун хөшөөнд боомилогдож хүрээгээ тэлэх боломжгүй болчихоод буй. Гэтэл хэнд, юунд зориулсан нь үл ойлгогдох, түүхийн ач холбогдолгүй хөшөө өдрөөс өдөрт нэмэгдэхийг яана. Тал нутгийн монголчуудын түүхийг хадгалсан хэрнээ орчин үеийн хийц загвартай бас хотын өнгө төрхийг нэмэх гол зорилгоо биелүүлсэн хөшөө дурсгал яагаад барьж болдоггүй юм бэ. Стандарт албан ёсоор тогтоож өгдөггүй юмаа гэхэд ядаж санаачилга гаргаж байгаа хүнд нь зөвлөгөө өгдөг мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэхгүй бол хэн дуртай нь өөрийн нүдэнд харагдсан зүйлээ дуурайлгаж хөшөө босгосоор нийслэлийн нутаг дэвсгэрийг “хүн гэхэд хүн биш, хөшөө гэхэд хөшөө биш, урлаг гэхэд урлаг биш” зүйлээр дүүргэх нь...
Хариуцлага үүрэхгүй хөрөнгө босгох арга
Эх орны төлөө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй нэгэнд зориулж хөшөө босгож болно. Гэхдээ үүнд бас л шалгуур баймаар. Манайхан нэг сайн зүйлийг үгүйсгэх болохоороо гадаадын мэдэх мэдэхгүй стандарт ярьдаг. Тухайлбал, Их зохиолч Д.Нацагдоржийг Монголын утга зохиолыг үндэслэгч гэж нэрлэхийг эсэргүүцэн түүнийг утга зохиолын төрлүүдээс роман бичээгүйг нь онцолдог. Энэ нь утга зохиолын дэлхийн жишиг гээд л бөөн маргаан болдог шүү дээ. Үүн шиг их бүтээн байгуулалт хийхээсээ өмнө нөгөө стандартыг ярьдаг болохсон. Гэхдээ хэдэн тэрбумын хэрүүлийн алим болсон хөшөө дурсгалууд ганцхан зуны дотор сүндэрлээд байхад, яагаад автобусны буудал барих асуудал хэдэн жил дамнан яригддаг билээ гэсэн асуулт ч бас гарна.
Эх орны төлөө хийсэн үйлтэй, хэлэх үгтэй гавьяатны дурсгалд зориулсан самбар, багана, суварга, цээж баримал, хөшөө босгох, гэр музей, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал олгодог. Дархан эрхтэй орон нутгийн удирдлагаас дэмжлэг авсан ямар ч төсөл тухайн оны төсвөөс санхүүжилт авдаг аж. Энд л түрүүний асуултын хариу явж байгаа юм шүү. Харин хөшөө, дурсгал босгох давуу эрхийг гартаа атгасан орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ ашиглан нийслэлийг чулуун хөшөөгөөр дүүргэх нь бизнес болон цэцэглэжээ. Ялалтын талбайн голд Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд “Тусгаар тогтнолын хөшөө”, Баянзүрх дүүргийн Чулуун овоонд Засаг ноён нь байсан Б.Батзориг ямар гавьяа, үйлстэй нь үл мэдэгдэх нохойнууд, Сансарын аюулгүйн тойрогт эвтэй дөрвөн амьтны хөшөөг хэдэн тэрбум төгрөгөөр босгож улсын төсвийг зарлагадсан гэх баримтыг иргэд дэлгэж, хэрүүл нь одоо ч намжаагүй л байна. Гэхдээ Б.Батзориг ч чимээгүй өнгөрөөгүй. “Хүрэл хөшөөг тийм өртгөөр хийх нь аргагүй” гэж өөрийгөө өмөөрч байсан. Бичигч би хүрэл гэж мэлзээд байгаа хөшөөнүүдийг нь шавраар хийж байхыг өөрийн нүдээр харсан билээ. Шавар баримлын гадуур боронздож, хүрэл хөшөөтэй адилхан өнгөтэй болгосон тэр хөшөө мэдээж хүрэл хөшөөний өртгөөр төсөвлөгдсөн нь тодорхой. Ингэж л хэлэх үгтэй бас хөрөнгөтэй болдог байх нь.
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан Тээврийн дээд сургуулийн урд барьсан Алунгуа эхийн хөшөөг барихад зориулж дүүргийн төсвөөс хагас тэрбум орчим төгрөг авсан гэх мэдээлэл ч байна.
Нэг хүний нижгээд хөшөөгөөр яах нь вэ
Засаг ноёдтой уралдан хөдөө орон нутагт боссон хөшөө дурсгалын хувилбарыг нийслэлд “шахах” ажлыг ИТХ-ын төлөөлөгчөөс яамны түшмэд хүртэл хийдэг болж, чулуун баримлын тоо өссөөр. Улаанбаатар хотод 2006 онд түүх соёлын үнэт дурсгал бүхий хөшөө баримал 105 байсан бол энэ тоо өнөөдөр хоёр дахин нэмэгдсэн аж. Хамгийн сүүлд Үндсэн хууль баталсны 88 жилийн ойг тохиолдуулан Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөг дөрөвдүгээр хороололд сүндэрлүүлсэн. Түүний өлгий нутаг болох Хөвсгөлд нэрийг нь мөнхөлсөн хөшөө бас бий. Их Монгол Улсыг нэгтгэсэн Чингис хааны хөшөө бол Монголд хамгийн их гэхэд болно. Их зохиолч Д.Нацагдорж, Монгол Улсаас дэлхийн II дайны фронтод илгээсэн “Хувьсгалт Монгол” цуваанаас эргэж ирсэн танкийн хөшөө гээд орон нутагт ч, нийслэлд ч сүндэрлэх хөшөө олон.
Юутай ч хөшөө дурсгалыг төрийн өмчид байлгаж түүхийн, хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилан, мэдээллийн санд бүртгэдэг. Харин хувийн өмчлөлд байдаг зарим нэгийг өмчлөгчийн хүсэлтийг харгалзан нууцалж болдог гэнэ. Ийнхүү эзэн нь нууцлагдмал байж болдог учраас хэн дуртай нь төрсөн эцгээ, хэн нэгэн улстөрч, хурдан морьд, нохой, эвтэй дөрвөн амьтан, тарвага, аргал угалз тэр ч бүү хэл эр хүний бэлэг эрхтэнийг ч хөшөөнд мөнхөлж байна. Автомашины түгжрэл ихтэй хотод зохион байгуулалтгүй босгосон тэдгээр хөшөө түүх соёл, үндэсний бахархал талаасаа олон зууны настай байж, хүүхэд залуус, гадаадын жуулчдад улс орны оюун сэтгэлгээний хөгжлийг түүчээлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй л асуудал.
МАН-ыхан сүйд болоод байсан хөшөө нь хог дээр...
Өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд “Улаанбаатар” зочид буудлын өмнө талбайд дүнхийж байсан В.И.Лениний хөшөө Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шийдвэр гаргаж буулгасан. Түүний дараахан МАН-ынхан “Манай нам бол олон жилийн түүхтэй ууган нам. Эх орныхоо төлөө хувьсгал хийж явсан түүх бидэнд бий. Тэр хувьсгалын үр ашгийг хүртэхэд хамгийн их тусалсан хүн бол тухайн үеийн Зөвлөлт ах нарын минь манлай В.И.Ленин байсан. Гэтэл хотын даргын гаргасан шийд манай намын түүхийг үгүйсгэж байна. В.И.Лениний хөшөөг дагаад манай намын түүхийн хэсэг ч гэсэн нуран уналаа” гэх зүйл ярьж байсан. Гэтэл нөгөө сүйд болоод байсан хөшөө нь Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах ТҮК-ийн хашаанд хүрмээ сугавчилчихсан алсыг ширтээд зогсч байна. Хотын захиргаанаас В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдээд, 400 мянган төгрөгөөс эхлэн дуудах тухай жиг жуг яриа ч гараад байсан. Харин үнэлгээний газрынхан 55 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээ ч гарсан. 58 жилийн турш соёлын өвийн бүртгэлд үнэт бүтээл гэж бүртгэгдсэн байхад өдий хэмжээнд үнэлэгдэх нь аргагүй. Дээр дурдсан шавраар хийсэн хүрэл хөшөөтэй зүйрлэх ч юм биш. Тухайн үеийн дархчуудын гараа гаргаж хийсэн жинхэнэ хүрэл хөшөө.
Улс төрийн хүчнүүд хөшөөг эзэмших явдал ганц В.И.Лениний хөшөөгөөр зогсохгүй. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны төрсөн өдөр, амь үрэгдсэн өдрөөр хөшөө тийш АН-ынхан зүглэж хүндэтгэл үзүүлж байхад Д.Сүхбаатарын хөшөөнд МАН-ыхан л цэцэг өргөж зогсох нь хэвшил болсон. Уг нь хөшөө дурсгал үнэ цэнэтэй байж, гадна дотнын жуулчдын сонирхлыг татаж, улс орныхоо эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлж чаддаг байх ёстой. Эртний Ром, Парис зэрэг хөгшин Европын олон хот дундад зууны үеийн театр, музейн уран барилгыг түшиглэн сонин хачин үзмэр, тоглоом, зугаа цэнгээний газрууд байгуулж, хотоо бусдаас ялгагдахуйц өнгө үзэмжтэй, алдар цуутай болгож жуулчдын анхаарлыг татдаг. Түүн шиг бид Их эзэн Чингис хааны байгуулсан 850 жилийн төрт ёс, агуу түүх соёлоороо бахархаж, их түүхээрээ иж бүрэн дурсгалын цогцолбор босгох ёстой. Гэвч энэ цогцолборыг босгох хэмжээний хөрөнгөөр эвтэй дөрвөн амьтан хэлхэж, тарвага, нохойд хөшөө босгож байгаа нь хачирхалтай.
Өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол...
Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангиас эхлэн үздэг түүхийн хичээлийн сурах бичиг “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэсэн үгээр эхэлдэг. Гадаадын жуулчид ирэхэд хэл нэвтрэхгүй ч түүх соёлын дурсгалт зүйлээ үзүүлээд эх орныхоо сурталчилж болно. Гэтэл түүхийн холбогдолгүй боссон хөшөөг хэл нэвтрэлцэхгүй хүмүүс хараад биднийг сармагчинтай зүйрлэх вий.
Нөгөө ардчиллын дуулал болсон С.Зориг агсны хөшөөний хуруундаа хавчуулж барьсан тамхины тал нь алга. Энэ саяхан алга болсон ч юм биш. Түрүү жил түүний төрсөн өдрөөр л хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэхэд алга байсан. Арматурын төмрөөр хийж бүрсэн тамхины үзүүрийг хэн хугалсан нь тодорхойгүй. Нийслэлийн Соёлын газрын хөшөө дурсгал хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэг рүү гурван өдрийн өмнө залгаад тамхины үзүүрийг хугалсан этгээдийг олсон эсэхийг тодруулах гэсэн боловч “Долоо хоногийн өмнө шалгалтаар явахад байсан даа. Мэдээлэл өгсөнд баярлалаа” гэх юм. Шалгалт хийхэд нь хамт явж үзээгүй ч хөшөөний бүрэн бүтэн байдлыг л лав шалгадаггүй бололтой, хариуцах ёстой хүмүүс нь.
Нөгөө хэдэн тэрбумын хэрүүлийн алим болсон нохойны хөшөө өнөөдөр тоос шороонд дарагдаад бүрзийжээ. Монголчууд хэзээний л сүсэг бишрэлтэй учраас эвтэй дөрвөн амьтны хөшөөнд ч гэсэн хадаг уясан харагдана. Бас Баянзүрхийг товчооноос хот руу чиглэхээр замын урд талд нүцгэн эр эм хоёр баяцхан хүүгээ хөтөлсөн хөшөө бий. Эртний хүмүүсийг л мөнхөлсөн бололтой гэмээр энэ хөшөө аль хэдийнэ эрэмдэг болчихжээ. Энэ мэт хөсөр хаягдаж, тоос шороонд дарагдаж, эмтэрч муудсан хөшөө хотоор дүүрэн байхад сэргээн засахгүй мөртлөө нэмж хөшөө барих хэрэг байна уу.