Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМНӨГОВЬЧУУД НАМРЫН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА



Үерээс сэргийлэх арга хэмжээ авна

Аймгийн баяр наадмын дараа 20 хүрэхгүй минут үргэлжилсэн түр зуурын усан бороо Даланзадгад сумын нэлээдгүй хэсэгт ус тогтоож, жолооч нар болон иргэдийн зорчих нөхцөл байдалд нөлөөлсөн билээ. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн зарим газруудтай танилцлаа. Тухайлбал, хамгийн түрүүнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байранд тулгарсан нөхцөл байдалтай танилцсан юм. Тус байрны хувьд түр зуур орсон усан борооны улмаас барилгын 00 давхарын хэсэг рүү хүчтэй ус нэвтрэн орж шалыг дүүргэсэн байлаа. Хамгийн гол нь хүчтэй орж ирсэн ус хаалгаар биш ханаар дагаж орж ирсэн байх юм. Тиймээс уг барилгыг барьж гүйцэтгэсэн компанийн эзэд ч барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай арга хэмжээг авна гэж байсан юм. Аз болоход энэ үеэр бүртгэлийн архивын эд хөрөнгө байгаагүй байна.   
Мөн ажлын хэсгийнхэн Хүрмэн сумын чиглэлд эхлэлтэй засмал замын орчимд үер усны хамгаалалт  хангалтгүй байгаа учраас түр зуурын шороон далан босгохоор шийдвэрлэсэн. Мөн Оюут хорооллын гудамжны өнцөг дэх “НИК” ШТС-ын дөрвөн замын уулзварын баруун талд үүссэн их хэмжээний ус тогтдог газрыг хэрхэн өөрчлөх талаар ярилцжээ. Ард иргэдийн хувьд хамгийн ихээр анхаарал татаж байгаа асуудал нь  Даланзадгад суманд үер уснаас хамгаалах далан байх ёстой гэж ихэнх иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ орон нутгаас энэ асуудалд огт анхаараагүй гэж хэлж болохгүй, учир нь үерийн далан байгуулах тендерийн ажил зарлагдахаар төлөвлөж байгаа гэж албаны хүмүүс хэлж байна.                    
Үерийн далан байгуулах ажлын тендерийг зарлаж ажлыг гүйцэтгэх хүртэл ахин ийм хэмжээний бороо орохыг үгүйсгэхгүй. Орон нутаг энэ тал дээр хамгийн түрүүнд анхаарах ёстой ч нөгөө талаас иргэд хэн нэгэнд найдаж суух биш, өөрөө өөрсдийнхөө нөхцөл боломжинд тулгуурлан аливаа саад бэрхшээлийг давж гарах нь илүү найдвартай арга гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз ээ.  

Албан даалгавраа шалгаж байна

Ойн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, Монгол улсын 16 насанд хүрсэн иргэн бүр нэг ширхэг, ААН байгууллагууд таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн Даланзадгад хотынхоо орчныг ногоон бүс болгох, ойжуулах ажлыг орон нутгаас санаачлан хэрэгжүүлж Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, ААН-үүдэд аймгийн Засаг дарга албан даалгавар хүргүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн сарын аян энэ өдрүүдэд дүнгээ гаргаж хамгийн их мод тарьсан, гаднах орчноо ногоон байгууламж болгосон байгууллагуудыг шалгаруулах юм. Зохион байгуулагчдын зүгээс өчигдрөөс эхлэн хоёр өдрийн турш Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зарим төрийн болон төсөвт, хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын гаднах орчны байдалтай танилцлаа.    
Газрын тухай хуулинд Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу эзэмшигч нь тухайн эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах ёстой гэж заасан байдаг. Хэрвээ хуулийн заалтыг зөрчсөн бол иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин, байгууллага, аж ахуй нэгжийг 20-40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.   
Энэ удаагийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гаднах орчноо тохижуулах аянд төрийн, төсөвт байгууллагуудаас гадна орон нутагт үйл ажиллагаа  явуулж байгаа банк, дэлгүүр, үйлчилгээний болон бусад байгууллагууд бүгд хамрагдсан ч ихэнх аж ахуй нэгжүүд хангалттай хэрэгжүүлж чадаагүй нь харагдсан.  Сарын аяны хэрэгжилтэд аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, БОАЖГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс Албан үүргийг гүйцэтгээгүй байгууллагын дарга эрхлэгч нартай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.    

Төрөлт нэмэгдэх нь

Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 151 мянган хүнд үзлэг шинжилгээ хийсний 55 хувьд нь урьдчилан сэргийлэх, идэвхитэй хяналт тандалтын үзлэг хийсэн байна. Эхний хагас жилд 21 793 халдварт бус өвчлөл шинээр  бүртгэгдэж эмчлэгдсэн нь өнгөрсөн оноос 1673 тохиолдлоор нэмэгджээ. Мөн сард дунджаар 4500 орчим хүүхдийг идэвхтэй хянаж, хооллолт  өсөлт хөгжилтийн байдлыг үнэлэн зөвөлгөө дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд эхний 6 сарын байдлаар 25 хүүхэд дунд, хүнд хэлбэрийн тураалтай, 18 хүүхэд өсөлт хоцрогдолтой байна. Мөн эхний хагас жилд нийт 782 эх төрж 786 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 148-аар нэмэгдэж хүн амын төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.
Хүн амын дунд  амьсгалын замын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтний  болон цусны эрхтэн тогтолцооны эмгэгүүд  зонхилон тохиолдож байна. Хүн амын дундах халдварын бус өвчин, хорт хавдрыг эрт оношилж эмчлэх урьдчилан сэргийлэх үзлэг өрх сумын эмнэлгүүдээр хийгдэж байгаа бөгөөд артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчинг илрүүлэх үзлэгт нийт 2702 хүн хамрагдаж,  өвчний сэжигтэй болон онош батлагдсан 580 хүнийг эрт хяналтандаа авч  хянах, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.  

“Сүү тараг” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ИТХ-ын 30 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн “Сүү тараг” хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрөөр бага насны хүүхдийн хоол тэжээлийг дэмжин чанарлаг, амин дэмээр баялаг сүү тарган бүтээгдэхүүнээр хангах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байх юм.     
Бага насны хүүхэд нь зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд шилждэг бөгөөд шилжилтийн үеийн хоол хүнсэнд агуулагдах шимт бодисын агууламж хангалтгүйн улмаас жингийн алдагдал, улмаар тураалд орж биеийн болоод оюуны өсөлт нь хоцрогдож, цаашлаад хүүхдийн өвчлөл, эндэгдэлд хүргэж байна.
Сүү цагаан идээ нь кальци, уургаар баялаг, найрлаганд нь хүний биеийн өсөлт хөгжилд хэрэгцээтэй 100 гаруй шимт бодис, нүүрс ус уураг, өөх тос эрдэс бодис  амин дэмээр баялаг, ходоодны хүчил шүлтийн тэнцвэржүүлдэг, хүүхдийн өсөлт бойжилтод зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс Өмнөговь аймаг орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд бодит алхам хийж энэхүү хөтөлбөрийг бусад аймгуудаас анх удаа санаачлан хэрэгжүүлээд байна.
Уг хөтөлбөр 90 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 2013-2016 оны хооронд хэрэгжих юм. “Сүү тараг” хөтөлбөрт тус аймгийн 6-12 сартай бүх хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд, болон хоёр хүртэлх настай хоёр ба түүнээс дээш ихэр хүүхдүүд хамрагдах юм байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэлийг сонгон шалга­руулсан бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.
Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангахад гүйцэтгэгч компани, хүүхдүүдийг бүрэн хамруулахад сум, өрхийн эмч нар сайн анхаарч ажиллаж байж энэхүү хөтөлбөрийн үр дүн гарна гэж зохион байгуулагчид хэлж байна.     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан