Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ Монголоос Зэс, Молибдени импортлох сонирхолтой байна

Монгол, Оросын эдийн засгийн харилцаа өнгөрсөн зуунд социализмын үед оргилж байсан. Харин 1990-ээд оноос хойш хоёр улсын бараа эргэлт буурсаар эдүгээ хөндийрсөн гэж хэлж болно. Хуучнаар Зөвлөлт засгийн үед хойд хөрш “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” ХХК, Улаанбаатар төмөр зам байгуулахад асар хэмжээний хөрөнгө оруулсан. Гэвч өнөөдөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн зүйл алга. Одоогоор бөөний болон хүнсний барааны худалдаа л зонхилдог. Монгол Улс хойд хөрштэйгээ өнгөрсөн онд нэг тэрбум 597 сая ам.долларын худалдаа хийжээ.  Үүний 995 мянга 400 ам.доллар нь нефтийн бүтээгдэхүүн.

Мөн сахар, гурил, чихэр, малын тэжээл, хөдөө аж ахуйн техник зэргийг ОХУ-аас авч буй юм. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар импортын бүтээгдэхүүний 19 хувийг хойд хөршөөсөө авчээ. Үүний үнийн дүн нь 637.3 сая ам.доллар болж байна. Манай шатахууны хэрэглээ ч гэсэн жил бүр нэмэгдсээр. Энэ нь уул уурхайн салбар хүрээгээ тэлж байгаатай холбоотой. Монголбанкны гаргасан гадаад худалдааны статистикаас үзвэл он гарснаас хойш манай улс 218 сая ам.долларын шатахуун авчээ. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд нүүрс олборлох, тээвэрлэх авто машины тонн таван мянгаар нэмэгдсэн. Иймд дизелийн түлшний хэрэглээ хамгийн их өсч буй аж. Гэтэл хоёр улсын Засгийн газар шатахуун нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ хэлцэл байхгүй. Иймд гэнэт нэмэгдсэн захиалгыг нийлүүлэхэд хүндрэл учрах тохиолдол  гарах болжээ.

Жишээ нь, өнгөрсөн оны тавдугаар сард шатахуун тасарч үнийн хөөрөгдөл үүссэн. Тухайн үед сард 30-35 мянган тонн шатахуун авах захиалга өгдөг байж. Гэтэл 85 мянган тонныг авахаар захиалтал үүнийг биелүүлж амжаагүй ажээ.  Хэрэв гэрээ хэлцэл хийвэл хэдэн сард хэчнээн хэмжээний шатахуун нийлүүлж байх нь тодорхой болно хэмээн  “Роснефть” компанийнхан үздэг байна. ОХУ ч бас манайхаас цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Тус улс өнгөрсөн онд 95 сая гаруй ам.долларын бараа худалдан авчээ. Тухайлбал, нүүрс 400 мянга, хайлуур жонш 66 мах махан бүтээгдэхүүн 13.3, ноос ноолуур 24 сая ам.доллараар тус тус импортолсон байна.

Тус улсын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж буй тул ашигт малтмал, түүхий эдийн хэрэгцээ асар их болжээ. Иймд манайхаас ашигт малтмал, мах авах сонирхол бий. Өнөөдөр зэс, молибденийн баяжмал Чилиэс импортолж буй аж.  Ингээд 49 хувийг нь эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрээс бүтээгдэхүүнийг нь авахад бэлэн хэмээн мэдэгдэж байгаа билээ. Орос орон махны үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй тул гадаадаас импортолдог байна.

 Өнгөрсөн онд гэхэд гурван сая тонн мах импортолжээ. Үүний арав орчим мянган тонн нь Монголд ногдож буй.  Монгол Улс 40 орчим сая толгой малтай. Тэгэхээр жилд 30 гаруй мянган тонн мах нийлүүлэх боломжтой гэсэн тооцоо ч бий. Харамсалтай нь, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол орны мал эрүүл бус халдварт өвчтэй хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь мах экспортлоход том “шаврын хаалт” болж байна. Өнгөрсөн онд хойд хөршийн мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд манайд ирж ажилласан. Ингээд баруун аймгуудаас мал, мах авч болох талаар дүгнэлт хийхдээ  үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах авахаа мэдэгдээд буй билээ.

ОХУ-аас манайд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко “В.В.Путин 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо анхны гадаад айлчлалаа Монголоос эхэлж байсан. Үүнээс хойш манай хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд хүрсэн.  Саяхан, ОХУ шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Орос орон ирээдүйгээ маш сайнаар төсөөлж байгаа. Бүхий л улс орнуудтай сайн хөршийн харилцаатай байхыг эрмэлздэг. Манай хамгийн ойрын хөрш бол Монгол Улс. Манай хоёр орны хамтын ажиллагаа сайхан хөгжиж байна.

Цаашид ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар сайтар тунгаан бодож байгаа тул худалдаа эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Ойрын 10 жилд харилцаагаа яаж хөгжүүлэх үндэс суурийг тавьж байна гэж хэлж болно. Монголын уул уурхай эрчимтэй хөгжихөөр манайхаас авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх байх. Өнгөрсөн онд манай улсын  ДНБ-ий өсөлт 4.3 хувьтай гарсан. Инфляц зургаан хувиас доош буусан. Эдийн засгийн хямралыг 2008-2009 онд хүндрэлгүй даван тууллаа. Тус улсын алтны нөөц 500 их наяд ам.долларт хүрсэн” хэмээсэн юм.

Өнөөдөр хойд хөршийн хөрөнгө оруулагчид Монголд итгэхгүй байх явдал ч хэд хэдэн удаа гарсан. Оросууд Асгатын мөнгөний ордыг ашиглахад хөрөнгө оруулах сонирхолтой байв. Ингээд 2006 онд “Полиметал” компани тус ордыг ашиглахаар гэрээ хэлцэл хийсэн. Гэвч манай хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн тул тэр нь хүчингүй болжээ. Иймд тус компани хөрөнгө оруулахаа түдгэлзсэн байна. Мөн 2009-2010 онд Монголын төмөр замыг хөгжүүлэх шинэчлэхэд нэг тэрбум  ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Гэтэл өнөөдөр энэ тал дээр ахиц гарч хэрэгжихгүй байгаа ажээ.  Үүнээс гадна ОХУ-ын төрийн өмчит цөмийн энергийн “Росатом” компани Дорнод аймгаас уран олборлох хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж буй билээ.  Гэвч энэ талаар гэрээ байгуулж дорвитой ажил хийгээгүй байна. Ямартай ч ирэх жилүүдэд Орос, Монголын худалдаа эдийн засгийн харилцаа жил бүр нэмэгдэх бололцоо өндөр байгаа юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Аргагүй шүү дээ.Оросууд төмөр замыг нэг тэрбумаар шинэчилнэ гэж байна.Гэвч хуучирч муудсан нутагтаа актлагдсан машин техникээ манайд шахаад байгаа юм чинь бид яаж итгэх болж байнаа тийм биз дээ. Баахан төмрийн хог авчирч шахчихвал -бид яах юм бэ айн. Аливаа улсад нэгдүгээрт өөрийн эрх ашиг гэж бий. Түүнийгээ л нэгдүгээрт тавина ш дээ.
Хамгийн их уншсан