Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сибирийн анчдын хууч ярианаас


(тэмдэглэл)

Сибирь-аргагүй л бидний өвөг дээдсийн нэрлэснээр Шивэр их ой билээ. Хэдэн зуун үндэстэн, ястан, отог, омог хүмүүс амьдардаг, байгалийн асар их баялагтай, ялангуяа ан араатан элбэгтэй энэ нутгийг туулан өнгөрөхдөө анчдын элдэв хууч ярианаас тэмдэглэснээсээ цөөн хэсгийг нь толилуулъя.

 1) Цагаан баавгай их том биетэй амьтан ч усанд гаргуун сэлдэг, далай тэнгисийн эрэг орчимоор 100км хүртэл сэлж арлууд дунд зөрчдөг байна. Андаа ойртохын тулд урд талдаа мөсөөр хаалт хийж ойртдог ажээ. Эскимо анчны ярьсан нь: Нэгэн удаа анд явж байтал далайн эргийн хадан дээр цагаан баавгай Далайн арслан (Sea Lion) уруу дайрч байгааг харжээ. Далайн арслан бол эр нь 2 том соёотой, том лагс биетэй нас гүйцсэн нь 1 тонноос ч илүү жинтэй байдаг бөгөөд Цагаан баавгайгаас том харагддаг ажээ. Цагаан баавгай тэдний зулзагыг л барьж иддэг ба их өлсөж гуринхатсан үедээ том уруу нь довтолдог байна. Хүч үзсэн тулаан 20-иод минут үргэлжилж Далайн арслан хэдэн айхтар шарх авчээ. Эцэст нь цагаан баавгайг довтолход нь далайн арслан зөрөнгүүт ар талаас нь хав тэвэрч аваад далайн ус уруу цүл хийтэл орчихож гэнэ. Үүнээс хойш нилээд хугацааны дараа Далайн арслан хадан дэвцэг дээр гарч ирээд шархаа долоож байх үед цаана нь далайн усанд үхсэн цагаан баавгай хөвж явсан гэнэ. Далайн арслан цагаан баавгайг усны гүнд оруулан амьсгалыг нь боогдуулж алсан байжээ.

 2) Чукоткын чоно том биетэй олноороо сүрэглэж явдаг амьтад. Эвенк залуу анчин хандгай агнахаар явжээ. Дүн өвлийн хүйтэн тачигнаж байсан энэ үе бол чонын орооны цаг байв. Харанхуй болтол түүнийг сүрэг чоно дагаж эхлэв гэнэ. Анчинд карабин буу нилээд сумтай, мөн богино хутга, нэг урт сэлэм байжээ. Ер нь тайгын анчид эх орны дайны үесийн морин цэргийн сэлмийг их хэрэглэдэг бөгөөд ан араатан гэнэт тулгарсан буу гацсан үед аминд ордог учир шаггүй үнэтэй бас ховор эд ажээ. Чононууд дагасаар сүүлдээ ойртож эхлэхэд нь буудаж эхлэв гэнэ. Ингэж яван буудсаар олон чоно алж эцэст нь бууны сум нь дуусчээ. Үлдсэн 7-н чоно нилээд дагаж үүр тэмдэгрэхээс өмнө довтолход залуу анчин морин цэргийн сэлмийг баруун солгойгүй цавчиж зарим чонын цээжинд сэлмээ талд нь хүртэл дүрж байжээ. Цасан талд цуст тулаан болж 7-н чоно үхсэн байлаа. Бүх чоно цааш нь харуулж, их ч ядарсан анчин цааш нилээд явхад гэгээ орж орчны юм харагдахтай болох үед цас манаруулсаар нэг амьтан араас нь давхин ирж явааг харжээ. Энэ бол гичий чоно бөгөөд шөнийн бүх явдалыг сэм харсаар үүр цайхад ганцаараа дайрсан нь энэ байлаа. Анчин тулаанд бэлтгэхээр сэлмээ сугалах гэсэн боловч сэлэм нь хуйнаасаа сугарсангүй гэнэ. Учир нь тэр олон чоно алж цус, тос болсон сэлэмийг төмөр хуйнд нь хийсэн учир бат гэгч нь барьцалдан хөлдсөн байжээ. Анчин уруу чоно харайн орж ирхэд богино хутгаа чонын цээжинд дүрж, чоно ч анчны хоолойг тас хазаж нэг дор хоёулаа амьсгал хураасан гэнэлээ.

 3) Сибирьт хүмүүс баавгайд их бариулдаг ажээ. Бидэнтэй баавгайд бариулж үхсэн хүний яс, хөшөө дурсгал нилээд дайралдаж байлаа. Куйдусун нутагт нэгэн зоригт эвен анчин эмэгтэй байжээ. (Куйдусун-гэдэг нь хүйтэн ус гэсэн үг бөгөөд их хүйтэн горхитой газрын нэр юм) Тэр маш их цэцэн бууддаг бөгөөр тэр нутаг ус бүү хэл хэдэн тайгын цаана нэр нь алдаршжээ (Ойн иргэд газар нутгийнхаа хэмжээг тайгаар хэмжин ярьдаг байсан нь одоог хүртэл уламжилж иржээ. Хөвсгөлийн тайга гэхэд л нэг тайгын тухай ойлголт, тэгэхээр хэдэн тайгынхан гэхээр мөн ч хол нутагыг хамарсан байгаа юм) Анчин бүсгүйг хэрэмний цөмөж байгаа самрыг шүргүүүлж буудаад унагадаг гэж хэлцдэг байжээ. Нэг удаа анчин бүсгүй баавгайн анд явжээ. Багширсан их төгөл, хуш моднуудын дундаас том эр баавгай гэнэт гарч ирээд дайрхад нь буудтал буу нь гацчихжээ. Туйлын овсгоотой бүсгүй байсан тул урьд өмнө сонсож байсан зүйл нь толгойд нь оронгуут буугаа хаяад цээжин биенийхээ бүх хувцсыг тайлж нүцгэлэнгүүт хоёр хөхөө баавгай уруу харуулан гараа дээш өргөн орилон үсэрч эхлэхэд тэр том эр баавгай  зогтуссанаа буцаад зугатаад явчихсан гэнэ. Ер нь тайгынханы ярьдаг баавгайтай дайралдсан эмэгтэй хүн амьд гарч болдог гэсэн яриа ортой ажээ. Эмэгчин баавгайг буудчихаад өвчихөд хөх дэлэн нь хүнийх шиг цээжиндээ байдаг, хүнтэй их төстэй тул ахимаг анчид залуу анчдад харуулдаггүй гэж ярьдаг ажээ.

 4) Эвенк сайн анчид цаа бугын арьсаар улалсан цанаараа уулын уруу сум шиг бууж Буга, гөрөөсний хажуугаар шунгинан өнгөрөхдөө эвэр иштэй тахир хутгаараа улаан суганд нь дүрж чаддаг бөгөөд цаад амьтан нь юу болоод өнгөрснийг мэдэлгүй цааш хэд харайгаад цасанд шурган унаад амь тавьж байдаг гэнэ. Бас Зарим нэг азгүй нь цочиж сөрж хөдөлсөн Бугын эвэрт сүлбүүлж амиа алддаг тохиолдол байдаг байна.

 5) Манж хандгай бол эр, нас гүйцсэн том хандгай. Маш том биетэй. Эврээр нь айлд сандал хийгээд тавьсан байхыг харaхад дээр нь 6-7 хүн суухаар том байж билээ. Нутгын анчнн бидэнд нэгэн газарыг үзүүлэв. Том хуш модны доор амьтны яс байв. Энэ бол бас л нилээд том баавгайны яс байсан бөгөөд Хандгайн ороо орсон үед Манж хандгай уруу дайрч харин хариуд нь хандгай аврага том эврээрээ баавгайг энэ хуш модтой нэвт хадчихжээ. Баавгай бараг хоёр хэсэг хуваагдаж тасрах шахсан гэнэ. Харин тэр хуш модонд хэдэн том онги татсан гүн зурааснууд харагдаж байсан нь хандгайн эврийн мөр ажээ.

 6) Энэ бол Якутын Томтор хавьцаа болсон явдал. Айлын морь алдагдаад бараг бүтэн жилийн нүүр үзэж байтал зэргэлдээх гацааны анчин эр тэр айлын морыг харсанаа ярьжээ. Нөгөөх анчнаар заалгуулаад эзэн нь морио авахаар очжээ. Уулын тагт дээр өвс, ус сайтай газарт морь нь том хандгайн хамт идээшилж байна гэнэ. Эзэн нь морио авахаар ойрттол хандгай нь нөгөөх хүмүүс уруу дайраад ойртуулсангүй гэнэ. Тэр удаад морио авч чадсангүй буцжээ. Морь, хандгай хоёр (тэгэхдээ хоёулаа эр амьтад шүү) бүтэл өвөл нөхөрлөж, амьдарч олон удаа чонын довтолгооныг хамтран хамгаалж ах дүү шиг дасал болсон байжээ. Эдгээр ижилдсэн амьтдыг салгах гэж нилээд юм болж эцэст хандгайг нь буудаж унагааж морио авчээ. Морины ташаа нь бөмбийж их тарга тэвээргэ авсан байв гэнэ. Морь хэдийгээр эзэндээ эргэж ирсэн боловч-1 сарын дотор турж эцэж нүднээс гарсан гэнэлээ.

 7) Нутаг болгонд өөрөөр нэрлэдэг, Хойт Америкт том хөлт, Монголд алмас, уулархаг газруудад цасны хүн, зэрэгээр нэрлэдсэн зэрлэг хүний тухай домог яриа их байдаг билээ. Сибирьт энэ тухай яриа их байдаг юм. Хүн нэвтэрдэггүй их намагтай хойт нутагт одоо хүртэл байдаг гэж нутгийнхан ярьдаг юм. Өвгөн анчин Келу ярьсан нь: Түүний өвөг эцэг (1890-ээд онд л амьдардаг байсан хүн бололтой) нь Колыма голын дээд бие нутгаар цаа буга хариулж амьдарч байжээ, Тэр өвөл цас их орж цаа буганд хэцүү л өвөл болж дээ. Нэгэн үдэш ноход хуцалдан боргоож цаанууд нь үргэж бөөн юм болж гэнэ. Өвөг эцэг нь урцныхаа арьсаар бүтээсэн үүдээ нээтэл галын гэрэлт маш том биетэй 6-7 тохой орчим өндөр бүх бие нь өтгөн үстэй, 2 хүн шиг амьтан зогсож байна гэнэ. Эм амьтан бололтой 2 урт хөх унжуулсан амьтан нь нэг жижигхэн зулзагаа тэвэрсэн байна гэнэ. Тэвэрсэн зулзага нь ойр ойрхон амьсгаадаж их өвчтэй байгаа бололтой бөгөөд нөгөөх 2-амьтны нүд нь ямар нэг дошгин хэрцгий зүйлгүй их гунигтай харагджээ. Өвөг эцэг нь урцнаас гархад нөгөөх хүүхэд шиг амьтнаа цасан дээр тавьчихаад ухарч гэнэ. Өвөг эцэг нь бас л их зориг цөстэй хүн байсан тул энэ зулзага нь өвдсөн учраас л аврал эрж яваа юм байна гэдгийг ойлгож зулзагыг нь авхад тэр 2 яасан ч үгүй гэнэ. Өвөг эцэг нь урцандаа тэр зулзагыг авч орж эмчилж эхэлжээ. Энэ үед урцны хаалганы зай зайлхайгаар том нүднүүд ээлжлэн харж байжээ. Тэр зулзагыг нь дөрөв, тав хоног эмчилж эдгээсэний дараа урцнаас гаргаж ирэхэд нөгөөх 2 амьтан баярлаж байгаа бололтой дуугарч, хуухирч байжээ. Тэд зулзагаа аваац явсан бөгөөд тэр өвөл өвөг эцэг нь ангийн махаар тасaрсангүй гэнэ, байж байгаад л урцны нь гадаа нь ангийн мах байдаг болсон гэнэ. Зэрлэгүүд баярласнаа тэгэж илэрхийлсэн байжээ.

П.Батзориг

0 Сэтгэгдэл
Estoi sonin uma
sonirholtai yum ihenh ni omno ni sonsoj bsiin bna
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01