Арванхоёрдугаар сар гарахаар л Ардчиллын цагаан ордон хөл хөдөлгөөн дуу шуугианаар дүүрнэ. Заримдаа ч ажил хийлгэхгүй гээд хажиглах ч тэдний ачаар бид өнөөдөр сонин гаргаж, сайдыг “балбаж”, машин унаж, бас гадаадад аялж байгаа гээд бодохоор энгийн эгэл амьдарч яваа энэ л хүмүүсээр бахархаж, бас хайрлах хэрэгтэй гэдгийг мэдэрдэг. Орчин цагт партизанууд гэдгийг тэднээр л төсөөлж ярьдаг. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд аймгийн даргад хүртэл танил болсон энэ л хүмүүсийн гавьяаг алдаршуулж бас түүх болгон бичиж үлдээх ёстой. 10 жилийн дараа... Ардчилсан хувьсгалын талаар хэрхэн ярьж, юуг онцлон, хэнийг анхдагч гэх бол... “Би ардчилсан хувьсгал хийсэн шүү” хэмээн хааяа нэг хашгирч чаддаг ч надад албан тушаал өгөөч гэж хэлж байгаагүй энэ хүмүүсийн түүх бүдэгрэн сарнихыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Р.Мөнхбат ах тэдний л нэг юм гэдгийг би ярилцах үедээ анзаарч л байлаа. Гэхдээ тэр бусдыг бодвол түүхэн баримтуудаа нандигнан хавтаслаж, үр хүүхэддээ өв болгон үлдээхээр зэхжээ.
-Таныг Төрийн өмчийн агентлагийн Тамгын хэлтсийн даргаар, дараа нь Төрийн өмчийн хорооны захиргаа, боловсон хүчний даргаар 1996-2000 онд ажиллаж байсан гэдгийг анкетаас чинь харсан л даа.
-1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Төрийн өмчийн хороог байгуулсан юм. Тус хороо дэргэдээ Төрийн өмчийн агентлагтай байхаар хуульд зааснаар үүсгэн байгуулагдаж, даргаар нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилсон юм.
Би ч өөрийнхөө анкетыг барьж очоод уулзлаа. Д.Зоригт миний анкетыг уншиж үзсэнээ Тамгын хэлтсийн даргаар манайд ажилла гэсэн. Агентлагийн үүрэг роль бол маш чухал. Төрийн өмчийн бүхий л шийдвэрийн болоод өмч хувьчлалын бэлтгэлийг хангадаг. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын захирлыг сонгон шалгаруулдаг тийм л чухал албанд очлоо.
-Төрийн өмчийн хороонд таныг яг ажиллаж байх энэ үед өмч хувьчлал ид явагдаж эхэлсэн байх аа. Та бүхэн үүнээс болж бас л асуудалд орж байсан санагдана?
-Хуулийн дагуу төрийн өмчийн хороо бий болсон. Төрийн өмчийн хорооны дарга нь З.Энхболд байснаараа манайх их нэр хүндтэй байсан юм шүү. Бүгд л төрийн өмчийн хорооноос эмээдэг.
-Гэхдээ л та бүхнийг төрийн гэсэн томоохон үйлдвэрийн газрууд болон төвүүдийг хуваагаад авсан гэсэн элдэв хэл ам дагаж байсан байх аа?
-1990 оны хувьсгалын дараа тодорхой хэмжээний албан тушаалтай байсан МАХН угшилтай хүмүүс анхны өмч хувьчлалын комисс гэдгийг байгуулсан байдаг. Энэ хүмүүс нийгмийн өөрчлөлтийг ардчилал, хувьсгал гэхээс илүүтэйгээр өмчтэй байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон байв. Ингээд л өөрийн мэдэлгүй коммунист үзлээсээ ангижирсан. Коммунист чинь хувийн өмчийг үзэн яддаг үзэл учраас тэр. 1996 он хүртэлх буюу АН-ынхан сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулах хүртэлх хугацаанд МАХН угшилтай олон хүн том том мэдэлтэй компанийн захирал болсон байлаа. Жишээ нь, “Материал импекс” гээд төрийн өмчит компанийн захирал Нямжав гэж хүн хувийн компаниа дотор нь байгуулчихсан. Хувийнхаараа материалаа татаад улсынх руугаа шахдаг бизнестэй болчихсон. “Техник импорт”, “Комплекс импорт”, алтны том уурхайнууд гээд МАХН-ынхны дамлан бизнес хийх үүр уурхай нь байлаа. Картын барааны дундуур МАХН-ын нөхдүүд л бужигнуулж байсан байгаа юм. Нэлээн ч хөрөнгөжиж авсан даа. Харин тэр үед лав ардчилсан холбоо хувьсгалд оролцож байсан хүмүүс юу ч үгүй л байсан. Мэдээж мэр сэр нөхөд байгааг үгүйсгэх аргагүй. Төрийн өмчийн хороо тухайн үеийн нүсэр нүсэр системийг задалснаас гадна 1997 онд төрийн өмчийг анх удаа тоолсон. Төрийн өмчөө тоолж бүртгэлжүүлээд УИХ-д танилцуулсан. Чөлөөт эдийн засагтай ардчилсан орны гол суурь нь хувийн өмч гэдэг үүднээс хувьчлахыг нь хувьчлаад нэлээн сайн задалж өгсөн. Энэ дотор алдаа оноо гарсаан. Тэрийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сүүлийн орж ирж байгаа нөхдүүд хөрөнгөжих арга зам бол нам гэж хардаг болж дээ.
-Жишээ нь, тэр үед ямар компаниуд хувьчлагдаж байсан бэ?
-“Разноимпекс”,”Мах импекс”, “НИК” байсан санагдана. “Техник импорт” гэх зэрэг бөөний худалдааны компаниуд, “Их алт”, “Шижир алт” гээд алтны томоохон уурхай гээд үндсэндээ шат дараатайгаар хувьчлагдсан. Нийтийн хоолны салбар үндсэндээ 100 хувь хувьчлагдсан. Тэгээд төрд эрчим хүч, ГОК, төмөр зам, Батлан хамгаалах, зарим уурхайнууд хувьцаат компани болж үлдсэн. Тэр үед ийн хувийн сектор үндсэндээ бий болсон. Хувийн сектор маань өнөөдөр Монгол Улсыг нуруун дээрээ үүрч явна.
-Та одоогийн намын дарга З.Энхболдтой 1996-1999 онд хамтарч ажиллажээ. Хувь хүнийх нь зүгээс та хэрхэн үнэлдэг вэ?
-Хүнийхээ хувьд шаардлага өндөртэй, их цэгцтэй, логик сэтгэлгээ сайтай, асуудалд хандаж байгаа хандлага нь маш ирээдүйтэй. Ер нь бол мундаг даа. Одоо л Энхболд гэдэг ямар хүн бэ гэдгээ харуулж, намаа цэгцэлж авах хэрэгтэй.
-2000 оны сонгуульд ялагдаад л ...
-1996-2000 онд олон өөрчлөлт хийсэн. Манайх чинь тэр үед дөрөв таван удаа засгаа унагаагаад 2000 онд навсайтал авахуулсан. 2000 онд Төрийн өмчийн хорооны даргаар Монголбанкны захирал байсан Пүрэвдорж томилогдож ирлээ. Өөрийн баг гээд баахан хүмүүс авчирсан. Одхүү, Шинэбаатар гээд л манайхан бүгд гарсан. Над мэт нь ажил хийсэн ч биш хийгээгүй ч биш байгаад байдаг. Арга ядаад би Пүрэвдорж дээр ороод хэллээ. “Ингэж ажилтай ч биш, ажилгүй ч биш байлгахаар халаад өгөөч ээ”. Өөдөөс тэгсэн чинь “байж бай” гэлээ. Үнэндээ надаар л өргөдөл бичүүлэх гээд үзээд байгаа хэрэг. Тэдний хувьд их муухай аргаар үздэг. Эхлээд бүх ажилчдаас матаас цуглуулна. Хүмүүс маань амиа хамгаалахын тулд матдаг л юм билээ. Хэд хоногийн дараа намайг дуудаад “Аль аймаг вэ” гэхээр “Говь-Алтай”, “Аль нам бэ” гэхээр нь Ардчилсан нам л гэлээ. Удаа ч үгүй нэг хурал хийгээд Р.Мөнхбат тэргүүтэй 37 хүнийг халсан даа. Хомроглон халагдана гэдэг мөн биз. “Эрх чөлөө” төвд энэ баримтыг нь аваачиж өгч л байлаа. 2000 оны үед нийтдээ 15000 төрийн албан хаагчийг хомроглон халсан байдаг юм.
-Таныг тэнд ажиллаж байхдаа МоАХ-ныхоо цөөнгүй хүнийг ажил амьдралтай залгуулсан гэдэг юм билээ. Одоо нууц биш бол чухам ямар хүмүүсийг ажилтай болгож байсныг сонирхож болно биз дээ?
-Тэгсээн. МоАХ-ны анхдагчдаас олон хүнийг ажилд сонгон шалгаруулж авсан. Төрийн өмчийн хорооны удирдлагад ажиллаж байгаа Д.Зоригт МҮДН, З.Энхболд Соцдек, би МоАХ л болж таарсан. Яагаад ч юм Д.Зоригт гэдэг хүний буянаар олон хүнийг ажилтай болгосон нь үнэн. “Разноимпекс” компанийн захирлаар Пүрэвжалыг, “Дарханы гурил тэжээл”-д О.Баярсайхан, “Их Алт”-д “анивчаа” Батаа, “Материал Импекс”-т Бэгзсүрэн, “Улаанбаатар зам засвар арчлалт”-д Мандат, Өвөрхангай аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт Пүрэвбаатарыг гээд олон хүн сонгон шалгаруулалтад орж ажилтай болсон. Би хувьдаа ардчилсан хувьсгалд зүтгэж явсан хүмүүсээ ажил төрөлтэй болгох ёстой гэж боддог. Одоо ч гэсэн чадлаараа бие биедээ дэм болж явах ёстой гэж боддог.
-Та бол Улсын задлаар социалист нийгмийн үед гадаадад боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн нэг. Хэзээнээс энэ нийгмийг өөрчлөх цаг нь болж гэж бодох болсон юм бэ?
-1982 онд Уралийн Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженерээр төгсч ирээд IV цахилгаан станцад ажилд орлоо. Станц дөнгөж анхны галаа оруулж байсан үе. Удалгүй станцынхаа зуухан цехийн дарга болсон юм. Тухайн үед МАХН-ын салбар албан байгууллага бүрийн цехэд хүртэл байдаг. Зуухан цехийн маань намын үүрийн дарга нь ашиглалтын инженер Дашдорж гээд настай хүн байсан юм. Ажил хийдүүлнэ ээ. Би ч залуу гэж бууж өгөлгүй, эрс хатуу шаардлага тавина. Тэгсэн мань хүн намайг станцын намын даргад ховложээ. Манай станцын дарга намын үүрийн даргаа хийнэ. Дуудлаа. Яваад орсон чинь та яагаад намын ахмад гишүүдийг хавчаад байна гэдэг байгаа. Би ч учраа хэлсэн чинь ойлголцоод ажил гээд гаргасан. Ингээд намын ахмад гишүүдийг хавчдаг нэр зүүв. Дээрээс нь станцын томоохон хурал дээр босоод хэлсэн үг маань ч нэрмээс боллоо. Юу хэлсэн бэ гэхээр Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн эхнэр манайхны 500 төгрөгийн цалингаар хийдэг ажлыг оромдох төдий хийчихээд 1000 гаруй төгрөг авч байна. Туслах тоноглолын жижүүр гэдэг энэ ажлыг манай залуу маш сайн хийж чаддаг болчихсон гэсэн маань яамны мяндагтнуудын чихэнд хүрч. 1986 онд ах дүүгийн найрамдалд сэв суулгасан гэмтэн боллоо. Энэ бүхэн дөнгөж ажлын талбарт гарч, сайн сайхныг хийчих юмсан гэсэн ирмүүн сэтгэлтэй байсан надад үнэхээр хэцүү санагдах болсон. Тэгээд азаар удалгүй 1987 онд Түлш эрчим хүчний улсын хяналтын ерөнхий албанд байцаагчаар ажиллуулах бичиг ирээд би ч дуртай нь аргагүй явсан.
-Мэдээж та сэхээтэн хүн. Тэгээд Орост сургууль төгссөн учраас Горбачёвийн дэвшүүлсэн “Өөрчлөн байгуулалт-олон ургальч үзэл” энэ тэрийг эртнээс л ажиглаж байсан байлгүй?
-Румын Чехословак, Польш, Герман, Унгар зэрэг оронд өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл, Горбачёвийн “престройка”-н тухайх мэдээллийг боломжийнхоо хэрээр цуглуулж, найз нөхөдтэйгээ санал бодлоо хуваалцдаг байлаа. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч шүүмжилсэн өнгө аястай зүйлс гарч эхэлсэн юм. МАХН-ын Төв хорооны V хурлаар зогсонги байдалд орчихсон, өөрчлөн байгуулалтыг хурдасгах, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн алхам хийнэ гэсэн хүлээлт нийгэмд байсан ч намаас тодорхой ямар ч шийдвэр гараагүй. Ингээд 1989 оны эхнээс нийслэлд өөрчлөн байгуулалтад уриалан дуудсан, олон ургальч үзэл хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн, АИХ-ын тэргүүлэгчдийн даргын сонгуулийг бүр ард түмний нууц, шууд санал хураалтаар сонгох зэргийг шаардсан ухуулах хуудас наасан тухай мэдээ чих дэлсч эхэлсэн.Тэгээд хаана ямар хүмүүс ийм зүйл хийгээд байгааг мэдэх, уулзаж танилцах хүсэл төрөн оройн цагаар хотын төвөөр явах боллоо. Тэд эхэндээ нэлээн нууц байдалд байсан. “Шинэ үе” гэсэн ухуулах хуудсыг Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хотоор наасан, баригдсан гэдгийг сүүлд л мэдсэн. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөн дээр “Шинэ үе”-ийнхэн нам засгийг зоригтой шүүмжилсэн гэдгийг хэвлэлээс уншлаа.
-МоАХ байгуулагдсан, 13 шаардлага бүхий өргөн барих бичиг МАХН-д хаяглаж гардуулсан, анхны цуглаан гээд л мэдээлэл цуварч өгсөн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ингээд МоАХ-ныхонтой уулзаж танилцаж, хамтран зүтгэх санаатай арванхоёрдугаар сарын сүүлээр Жавзандулам, Дагвацэрэн, Нарангэрэл нарын хэдэн хүн дагуулаад МУИС-ийн хоёрдугаар байрны хоёр давхарт байх Кримнаслистикийн лаборатор гэсэн өрөөнд ирлээ. Өрөөнд жүжигчин Сосорбарам, В.Энхболд, Д.Цолмон, малыш Энхтүвшин болоод нүдэнд дулаахан буурал үстэй Д.Машбат нарын хүн байна аа. Бид танилцаад ТЭХУХГ-таа салбар зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа хэллээ. Сосорбарам манай станц дээр ирж тоглож байсан болохоор жаахан танимхайрч “Та нар энэ үйл хэргийнхээ төлөө тууштай тэмцэж чадах уу” гээд аминдаа тандаж асуулаа. Сосорбарам “ Чадна, бидний ард олон нэртэй хүн бий. Т.Галсан, Г.Равдан, К.Зардыхан гээд бидний таньдгийг л нэрлэж байсан нь санаанд тод үлджээ.
-Ингээд л давалгаалаад орчихсон хэрэг биз дээ. Салбар зөвлөлөө байгуулж, зохицуулагч нь болоод...
-Тухайн үед бүх албан тушаал МАХН-д харьяалагдана. Жишээ нь, зуухан цехийн даргын албан тушаал гэдэг Октьябрийн районы МАХН-ын даргын мэдлийнх байв. Яамны түшмэл болоод ирэхээр хотын МАХН-ын хорооны мэдлийн боловсон хүчин болно. Гэтэл Монгол Улсын хэмжээнд түлш эрчим хүчний Улсын хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас МоАХ-ны салбар зөвлөл төрнө гэдэг тухайн үед их ойлгомжгүй асуудлын нэг болсон доо. Тэр тусмаа станцаас яаманд татагдан ирж, алба хашиж байгаа нөхөр тэр зөвлөлийг удирдаж, зохион байгуулна гэдэг хотын намын хорооныхныг сандаргаж байсан гэдэг. Хотын намын хорооны дарга Лантуу сандарч, Түлш эрчим хүчний сайд С.Батхуяг руу утасдаж, энэ нөхдийг халах уу гэж асууж байлаа. Яамнаас манай газрын дарга Т.Бавуудорж гуай руу утасдаж, наад нөхдүүдээ хал гэсэн дарамт ч ирж эхлэв. Гэвч тухайн үед буруу зүйл хийдэггүй, ажилдаа сай хариуцлагатай гээд ямар нэгэн өө гаргах боломж байгаагүй. Сүүлд 1990-ээд оны дундуур манай яаманд байсан Пүрэвдорж гуай надтай уулзаад” Тухайн үед юу ч ойлгодоггүй байлаа. Ажлаас хал гэсэн хүмүүсийн нэрс дотор Дарханы станцаас Д.Баттулга, хотоос чиний нэр байдаг. Харахаар тэргүүний л боловсон хүчнүүд. Гэтэл улс төрийн товчооноос гадныхны гар хөл болсон, улс төрийн бүлэглэл үүсч байна гэж л бидэнд ойлгуулаад байдаг” гэж ярьж байсан шүү. Тухайн үедээ үнэхээр хүмүүс ойлгоход бэрх байлаа.Би нэгдүгээр хороололд станцынхаа ажилчидтай нэг байранд амьдарч байлаа. МоАХ-ны гишүүн энэ тэр гээд зурагт телевизээр гарахаар манай ажилчид хүртэл дөлж, хулигаануудтай нийллээ гэж байсан.

-Зарим байгууллагын дарга энэ бүхнийг хүлээж байсан мэт толгой дохин зөвшөөрсөн ч гэдэг. Гэтэл танайх яг үнэндээ хяналтын байгууллага байдаг?
-Түлш эрчим хүчний улсын хяналтын газар гэдэг намын Төв хорооны мэдлийн байгууллага. Түлш гэхээр нүүрсний, эрчим хүч гэхээр цахилгаан дулааны хэрэглээ, ашиглалтад хяналт тавьдаг. Манай дарга улсын Ерөнхий байцаагч, би ахлах байцаагч нь. Даргатай хоёр цаг орчим өрөөнд нь маргалдаж ухуулсаар байгаад зорилгоо ойлгуулж чадсан. Тэгэхээр манай газрын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Ойлголцоод ажиллаж чадсан. Хяналтын газрын дарга маань бидний ажлыг ойлгож, дэмжиж ажиллаж байсны ачаар салбар зөвлөл маань маш тогтвортой ажилласан. Өлсгөлөнд манайхан жагсаалаараа ирж, шаардлага хүргүүлж байлаа.
-МоАХ-ны гишүүн юм чинь МоАН-ын гишүүн автоматаар болсон уу?
-Анх уулзсанаас хойш бид өдөр шөнөгүй шахуу л хуралдаж байлаа. Анхдугаар хурал их түгшүүртэй байдалд болж байсан юм шүү. ҮЭХ-ны заал дүүрээд, гадаа хөдөлгөөн хаагдсан шүү дээ. Хуралтай зэрэгцээд МоАН гэсэн намыг маргааш зарлах гэж байгаа. Гишүүнээр элсэх үү гээд Д.Энхбаатар бүртгэж явсан юм. Миний хувьд ардчиллын үйл хэрэгт нэгэнт оролцсон учраас МоАН-д элсч тууштай явж гэмээнэ эхлүүлсэн ажлаа үйл хэрэг болгоно гэж бодоод бүртгүүллээ. Эхний 18 гишүүний нэг боллоо. МоАХ-ны анхдугаар их хуралд бид анхны улс төрийн илтгэлээ сайшааж, МоАХ-ны цаашдын үйл ажиллагааг тодорхойллоо. Энэ хурал ардчилсан хувьсгал яллаа гээгүй, дөнгөж эхэлж байгааг зарлан тунхагласан үйл ажиллагаа болсон юм. Өлсгөлөн, пикет гээд амь өрссөн олон тэмцэл биднийг хүлээж байсан юм шүү.
-Дугуй заалны хуралдаанд хэн дуртай нь орохгүй. Та нарын хувьд салбар зөвлөлийн зохицуулагч гэдэг утгаараа өдөр бүр шахуу хуралдаж байв уу?
-Ер нь Зоригт тэргүүтэй Бошигт, Галсандорж, Нинж нарын нөхөд МАХН-ын улс төрийн товчооныхонтой уулзаж, ирэнгүүтээ мэдээллээ хуваалцдаг, дараагийн алхмаа тооцоолдог байлаа. Дугуй заалны хурал бол үндсэндээ энэ асуудлаар өрнөнө. Бид дугуй зааланд хатуу хяналттай, хамгаалалтын албаар шалгуулж орно шүү дээ. Үнэндээ зохион байгуулалтын хувьд өндөр төвшинд байсан. Лоозон туг дарцаг барих, жагсаалт цуглааны хамгаалалт гээд л... Энэ болгон баримтат кинон дээр их тодорхой харагддаг даа.
-Өлсгөлөнгийн үеэр салбар зөвлөлийнхөн маш өндөр үүрэг хариуцлагатай ажилласан гэдэг. Таны хувьд дааж авч байсан ажил юу вэ?
-Үнэндээ гуравдугаар сарын 5-нд энэ тухай яригдаагүй байсан. Бид хуралдаад л тарсан. Тэгээд 7-нд иртэл бүгд талбай руу явчихсан, яаралтай оч гэв. Ямар арга барилаар тэмцэж, эрх баригчдад цочоо өгөх вэ гэж ярилцаж байгаад л эцэст нь шийдсэн нь энэ байж. Цаашид ардчилсан хувьсгал ийм байдлаар явбал маш их удаашрах юм байна гээд өлсгөлөн зарлахаар болж. Талбай дээр очтол дугуй зааландаа буцаж ирж хуралдах болоод зохион байгуулалтын асуудлаа шийдэцгээлээ. Миний хүлээж авсан үүрэг нь мэдэгдэл хүргүүлэх. Улс төрийн өлсгөлөн эхэллээ гэдгийг Улаан загалмай, Эрүүл мэндийн яам, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагад мэдэгдлээр хүргэх үүрэг аваад мэдэгдлээ бичиж аваад тамга даруулаад гарлаа. Надтай цуг явах хүнээр Бээжинхүү томилогдов. Манай анхдагчдын нэг.
-Мэдэгдэл бариад очихоор хэрхэн хүлээж авсан бэ та хоёрыг?
-МАХН-ын улс төрийн товчоо бэлэн байдалд орсон байсан учраас очсон газар бүрт дарга нь угтаж авсан шүү. Эмэгтэйчүүдийн холбооны дарга нь Пагмадулам, Улаанзагалмайн дарга нь Шура гэж хүн байсан. Хамгийн сүүлд 12 цагт Эрүүлийг хамгаалах яам дээр очлоо. Эрүүлийг хамгаалахын сайд өрөөндөө байсан. Жижүүрт нь МоАХ-ноос явж байна, улс төрийн өлсгөлөн эхэлсэн тухай мэдэгдэл хүргүүлэх гэсэн юм гэлээ. Их л уриалгахан орууллаа бид хоёрыг. Сайд байна гэхээр хоёулаа жаахан тэвдлээ. Хармаа хотоо ухсан чинь Бээжинхүүгийн халааснаас нүцгэн хүүхэнтэй хөзөр гараад ирдэг байгаа. Тухайн үедээ ховор эд л дээ. “Энэ ёстой аюул болно шүү. МоАХ-ны нэр хүндэд халтай” гэж хоёулаа ярилцаад байшингийн хормойд нуугаад орлоо. Бид хоёрыг Цэрэннадмид сайд их уриалгахан хүлээж авсан. Үнэхээр бидний очиж хүссэний дагуу маргааш нь улаан загалмайн тусламж ирсэн. Дамдинжав гэж хүн цагаан машинтай ирж зогссон байдаг. Эм эмнэлгийн хэрэгсэл гээд анхны тусламжийн зүйлс ирснийг нь би хүлээж аваад гарын үсэг зурсан байдаг юм.
-Гэрийнхэн чинь өлсгөлөнд оролцож байгаа хүмүүсийн ард талд ажиллаж байгааг чинь мэдээд түгшиж байсан нь тодорхой?
-Эхнэр маань хоол бариад ирнэ. “Чи намайг танихгүй шүү. Янз бүрийн юм болбол хоёр хүүхдээ сайн асраарай” гээд л эхнэрээ уйлуулаад явуулчихна. Байгууллага дээр салбар зөвлөл маань байнга шахуу хуралдана. Ямар арга хэмжээ авах уу, бид ямар үүрэгтэй оролцох уу гээд л. Манай салбар зөвлөл хуралдаад долоон заалттай мэдэгдэл бичлээ. Улс төрийн товчоо огцор л гэдгийг их тодотгож байсан юм. Бид чинь талбайгаас холдож болохгүй. Зохион байгуулалт хамгаалалтдаа маш сайн хяналт тавихгүй бол янз бүрийн хүмүүс тэнд ирнэ. Эмэгтэйчүүдийн баяр таарчихсан. Эмэгтэйчүүд ээж нар ирж элдвээр уурлана. Бид хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байдаг. Дугуй зааланд хуралдаад өлсгөлөнд сууж байгаа хүмүүсээ чанд хамгаалахаар болсон юм. Үнэхээр тохой хэртэй мод ханцуйндаа хийгээд явж байсан ч хүнтэй таарч байлаа. Дотроос нь үймүүлээд ямар нэг байдлаар үймээн үүссэн бол цэрэг цагдаа бэлэн байсан гэдгийг олон хүн хэлдэг юм шүү. Үнэхээр биднийг төрийн сүлд өршөөж тайван замаар энэ өдрүүд өнгөрсөн. МАХН-ын улс төрийн товчооны Ж.Батмөнх, НАХЯ-ны сайд Жамсранжав гуай хоёр хүч хэрэглэхийг эрс эсэргүүцэж байсан гэдгийг өнөөдөр олон хүн хэлдэг. Улс төрийн товчоо огцорлоо гэдгийг мэдэгдсэн. Өлсгөлөнгөөс хойш МоАХ-ны үйл ажиллагаа нэлээн тогтворжиж аймаг суманд салбар зөвлөлүүд олноор бий болж эхэлсэн. Тэр үед бид шөнө болгон хуралдаж, шөнө болгон шийдвэр гаргаж байсан учраас үйл явдлуудыг төлөвлөхөд үнэхээр хүнд байлаа.
-Тиймээ, зохион байгуулалт сайн байсны ачаар тайван замаар тэмцэл хийж чадаж байлаа гэдэг. Дугуй зааланд ч халуун үйл явдал өрнөдөг байсан гэлцдэг?
-Дугуй заалны хурал дээр гол уур амьсгалыг Зориг, Элбэгдорж, Бат-Үүл, Галсандорж, Дорлигжав гээд лидерүүд л зохицуулна шүү дээ. Хотын зохицуулах зөвлөл, салбар зөвлөл гээд л зохион байгуулалт сайн байсан. Гэхдээ л жаахан назгайрвал хяналтаас бүх зүйл алдагдчих эрсдэлтэй. МоАХ бол хэн ч элсч болох нээлттэй байгууллага гэдэг утгаараа маш олон хүн нэгдэж байсан учраас салбар зөвлөлийн зохицуулагч нар өндөр үүрэг хариуцлага хүлээж байсан юм. Нэг нийгмийн тогтолцоог халж нөгөө нийгмийг буй болгосон явц гэхээр эргээд бодоход сэтгэлд нэг л багтахгүй мэт санагддаг.
-Олон тэмцлийн ард та бүхний өмнө явж гарсан хүмүүс шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болоод хоорондоо таарамжгүй болоод тарж бутрахыг харсан амьд гэрчүүд бол та нар. Итгэл алдарч байв уу?
-1990 оны анхдагч нар маань зүүний нялхсын өвчин гэдэг шиг зүйл болсон. Нэгдүгээрт үзэл бодлын зөрүү гарч ирсэн. Элбэгдорж ч сүүлд хэлж байсан. Анх хувьсгалд оролцож байхдаа олон намын системтэй болно, коммунизм нураад социализм гэдэг зүйл үгүй болно ч гэж бодоогүй. Ер нь, социалист системийн, соцаилизмын тухай ойлголтыг сайжруулахгүй бол нийгэм өөрөө цаашаа явахгүй гэж л хувьсгалд орсон гэдэг. Системийн өөрчлөлт гэдэг ойлголт бүгдэд нь байсангүй. 1990 оны нэгдүгээр сарын 22-нд болсон цуглаан дээр Ц.Элбэгдорж дэлхийн аугаа их хүн Ленин багшийн нас барсан өдөрт эмгэнэл илэрхийлье гээд харин бид малгайгаа аваад зогсч л байлаа. Тухайн үед ардчиллын тухай ойлголт яг үнэнийг хэлэхэд маш гүехэн байж. Капитализм гэж хэлж чадахгүй, ардчилал гэж юу вэ гэдгийг бүрэн утгаар нь тайлбарлаж чадах ч хүн байгаагүй. Хүний эрх олон ургальч үзэл гээд яриад л байдаг. Байгууллага бүрт даргаа солих давалгаа болоод л. Онолоороо яваад ирэхээр одоо л капитализм гэдгийг ойлгож эхлэх гэж байгаа биз.
-Таныг намаас хөөгдөх асуудалд орооцолдож байсан гэж дуулсан. Яг юу болсон юм бэ?
-Миний санахаар ардчилсан намын ээлжит бус хуралд бэлтгээд гүйж явсан чинь Машбат гуай намайг дуудлаа. Бошигт гуай чамайг Энхтайван найрамдлын ордон дээр хүрээд ир гэж байна гэхээр гүйгээд очсон. Бошигт гуай, Да.Ганболд, Бямбаа, Бор гээд хэдэн хүн суучихсан байна. Наана нь манай МоАХ-ны Өөлд гуай, Цогзолмаа гээд хэдэн хүн байна. Ороод суучихлаа. Тэгсэн араас Баасан лам, Билэгт, Амарсанаа нар ороод ирлээ. Ингээд яриа эхэлсэн чинь гэнэт МоАН, МҮДН нэгдэх тухай яриад эхэллээ. 1991 оны эхээр шүү дээ. Би ч “Ойлгохгүй байна аа. Хоёр нам нэгдэнэ гэхээр үзэл бодол, дүрмийн асуудлаа хэрхэн зохицуулах вэ, гишүүд маань үүнийг хэрхэн ойлгож хүлээж авах вэ” гээд асуучихаад харсан чинь Амарсанаа алга. Манайхан ч гараад Нэргүй гуайнд очих юм болсон. Тэгсэн МоАН-ыг МҮДН-тай нэгтгэх бүлэглэл үүссэн гээд маргааш нь бөөн юм болов. Тэгээд дугуй зааланд маш том хурал хийлээ. Бүлэглэл байгуулсан хэргээр дугуй зааланд болсон хурлаас Баасан, Билэгт нар намаас хөөгдлөө.
Ингээд мань мэт ойлгоход ч бэрх юм болсон. Тэр хурлын дараа Бошигттой хамт байсан бүх хүн намаас хөөгдөх юм болсон. Би ч арай л хөөгдчихсөнгүй. Шөнө дөл хүртэл хуралдаад баахан хүн хөөлөө. “Би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж МоАН-д орсон. Хөөнө тууна гэсэн зүйл энэ намд байхгүй гэж ойлгосон” гэдгээ хэллээ. Тэгээд ёстой экстремист нам болж хувирав. Гишүүд маань ч ойлгохоо больсон. Ер нь одоо ч гэсэн хөөнө тууна гэсэн асуудал байх ёсгүй л гэж боддог.
-Фракц Мөөгий гэсэн нэрийг ингээд л танд өгчихсөн хэрэг үү?
-МоАХ-ныхон намайг фракц Мөөгий гэдэг. МоАН-ын Их хурал дээр анхлан нам дотор Иргэний ардчилсан жигүүр байгуулсан гэж зарласан. Манай жигүүрт Эрдэнэ, Цогзолмаа, Баяраа гээд л хүмүүс байлаа. Их хурал дээр биднийг дэмжих үү гээд санал хураахад 80 хувь нь дэмжсэн шүү. Гишүүдийнхээ эрхийг хамгаалах, хөөх гээд байгаа шалтаг шалтгааныг судлах, үгээ чөлөөтэй хэлэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилготой байгуулагдсан. Амь амьдралаа зориулж явсан бий болгосон тэр л байгууллагаасаа хөөгдөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Намын үндэсний хорооны 11 гишүүний тоонд жигүүрээс гээд Доржсэмбэ бид хоёрыг оруулав. Хурлын үеэр Бошигт гуай бид хоёр Бат-Үүлтэй уулзлаа. Бошигт гуайтай ярьдаггүй. Би хэллээ. Ардчилсан нам дотроо анхны эрүүл үзэгдэл болж жигүүр байгуулагдлаа. Тэгэхээр үндэсний хорооны гишүүний хоёр нь манайд жигүүрээс байх хэрэгтэй гээд хоёр суудалтай боллоо. Жигүүр гээд хэсэг хүний албан тушаалын амбиц, байр суурийн асуудал биш байсан юм шүү. Гишүүдийнхээ эрхийг хамгаалах баталгаа нь болсон. Бид хоёр үндэсний хорооны гишүүн байхад хөөж туух асуудал гарахгүй байх баталгаа нь болсон. Иргэний ардчилсан жигүүр маань түүхэнд нэн шинэ үзэгдэл болсон шүү. Би тэр үеэр “Энэ бол нам дотроо хагарал гарсан юм биш. Энэ бол нам дотроо эрүүл саруул байгааг харуулж байгаа юм. Цаашид гишүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөөж туух асуудал гаргахгүй байх ийм л бүтэц бий болж байгаа юм” гэж хэвлэлд ярьж байлаа. Ингээд нугас Хадаа гэдэг шиг фракц Мөөгий гэдэг нэртэй болсон.
-Заримдаа МоАХ-ны эхний өдрүүдийн түүх нэг л хол мэт сонсогддог. Гэтэл 25 жил гэдэг улс орны хөгжлийн түүчээгээр бол хүүхэд нас шахуу юм даа?
-Би хувьдаа нийгмийг цочоож гарч ирсэн МоАХ-ны анхдагчийн нэг гэдгээрээ бахархдаг. Хамт тэмцэж явсан партизанууд, тэдний гавьяа хэзээ ч сааралтах ёсгүй. Эмгэнэлтэй нь анхдагч нар маань олонх нь нас барлаа. Цаашид МоАХ-ны ач холбогдлыг түүхэн үүрэг рольтой нь шударгаар гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 10 жилийн дараа л дахиад түүхийг шинээр бичээд гуйвуулаад явж болзошгүй. Хэдий өнөөдөр ороо бусгаа байгаа ч ардчилал гэдэг маань нэгэнт сонгосон зөв зам гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа учраас нийгэм сайхан болоод ирэхийн цагт бүгд л ардчиллыг магтана. Өмнө нь Улаан-Үд явахын тулд намын хурлаар ордог. Хятад Америкийн тухай ойлголтгүй шахам байлаа. Англи хэл сурвал мөрдөгддөг. Таван ам.доллартай явбал баривчлагддаг байлаа. 100-тай байвал шууд НАХЯ-ны мэдэлд орно. Тэгэхээр өнөөдрийн нийгмийн ач холбогдлыг ойлгох үе ирнэ. Магадгүй 25-тай залуус маань ийм л байсан мэтээр ойлгож байгаа шүү.
-Түлш эрчим хүчний хяналтын газраас та хаана томилогдож ажилласан юм бэ. Намтарт чинь 1993 он хүртэл Улсын хянан байцаах газарт гэж байсан. 1996 онд Төрийн өмчийн хороонд ирсэн гэхээр?
-1990 онд Ардын хянан шалгах хороо татан буугдсан. Татан буугдсан орон дээр нь Бямбасүрэн гуайн Засгийн газрын дэргэдэх Улсын хянан байцаах газар би Түлш эрчим хүчний улсын хяналтын албаны даргаар нь томилогдож ажилласан. 1993 оны эхээр байгууллага маань татан буугдаж, яамдад нь хяналтын албыг шилжүүлсэн. Ингээд 1993 онд ажлаас халагдчихаж байгаа юм. 1993-1996 он хүртэл гудамжинд туулаа. Наймаа хийж чаддаггүй, ойлгосон ч үгүй. Нэг компани байгуулж үзсээн гэхдээ. Гэвч чадсангүй. Ингээд нэг найзынхаа компанид ажиллалаа. Өөрийн хүчээр л амьдарлаа. 1996 оны сонгуулиар бид чинь бөөндөө зүтгэж зүтгэж ялсан юм шүү дээ.
-Та одоо яг үнэндээ нэлээн олон төрийн бус байгууллагын тэргүүн гээд л тууж явна. Ардчилсан намаас янз бүрийн сонгуульт алба аваагүй хэрэг үү. Шууд ингээд асуусанд уучлаарай?
-Энэ дээр гарсан хүмүүс намайг мэдэж байгаа гэж ойлгодог. МоАН-ын Үндэсний хорооны 11 гишүүнээс Баттөр маань Батлан хамгаалахын дэд сайд хийж байгаа. Өмнө нь Боловсролын сайд, Францад консул байсан, Очиржав Туркт Элчин сайд, атташе байсан, Сүхбаатар Хятадад Элчин сайдаар ажиллаж байна гээд. Би яг үнэндээ албан тушаал хүлээж байсаан. Гэвч албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна гээд дарга нарыг ярьж суухад хэдэн муу партизанууд маань үрэгдэж дууслаа. Саяхан Ардчилсан холбооны хэдэн партизаныг лүмпэн архичин гээд бичсэн байсан. Би хэлдэг юм. Хөөе бид байна шүү дээ гэж. Би сайндаа Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци гэж байгуулаагүй. Хүмүүс намайг дуудаад сонгосон. Өнөөдөр манай ассоциаци бүх аймагт салбартай. Муу машинаа бариад бүх аймгаар явсан. Швед, Австритай холбоотой ажилладаг. Чиний хэлснээр хэд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Шведийн нийгэмлэгийн тэргүүнээр 25 жил ажиллаж байна. 2011 онд Шведэд Монголын соёлын өдрүүдийг хийсэн. Монгол Өвөрмонголын найрамдлын нийгэмлэгийн даргаар 10 жил ажиллаж байна. Манай ассоциаци чинь анх нийслэлийнх гэж 13 хүн байгуулсан бол одоо 13 мянган гишүүнтэй. Бүх аймагт салбартай. Намайг Төрийн өмчийн хороонд мундаг дарга хийж байгаад баяжсан гэж бодож магадгүй. Тэндээс гар хоосон л гарсан. Багануурын уурхайн ТУЗ-ийн дарга, Зүүнхараагийн спиртийн үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн, Алтандорнод Монголын ТУЗ-ийн гишүүн байлаа. Би ямар өмдтэй төрд ажилласан тэр өмдтэйгээ л гарсан. Хоёр хүүхдээ чирж яваад л хүн болгосон. Ер нь анкет барьж нэг ч удаа яваагүй шүү.
-Хоёулаа ардчилал гэдэг ойлголтоор яриагаа төгсгөе. Таны бодлоор тэр зорьж яваад байсан ардчилал гэдэг чинь юу байсан юм бэ?
-Ардчилал гэдэг маань өөрөө их өргөн ойлголт. Сүүлийн үед шууд ардчиллын тухай ярьж байна. Иргэдийн дуу хоолой төрд хүрэх, нөгөө талаас хүний эрх чөлөө бүрэн утгаараа байна уу, ардчилсан хувьсгалд анх оролцсон хүмүүс маань юу бүтээв гэдэг улам бүдгэрсээр байгааг харахад ардчилал гэдэгт бид хүрэх болоогүй байна даа гэж боддог. Ардчилал гэхээр хувийн өмчтэй, машинтай, байртай, тарган цатгалан болохын нэр биш. Монгол Улс хөгжиж байна гэдэг ч өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Ард түмний амьдрал яг үнэндээ Алтанхуягтай, Хуяггүй явна. Гэвч төрдөө итгэх итгэл суларснаас нийт иргэдийн ажиллах хөдөлмөрлөх эрх суларчихаад байна. Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эдийн засгийн хувьсгал гээд зөв ярьсан ч юу ч хийсэнгүй. Уг нь, энэ давалгаа Монголын хүн бүрт хүрэх ёстой. “Ардын эрх” кинон дээр Дарьбазар, “Өглөө”-д Тогмид, “Түмний нэг”-т Чимид, “Тунгалаг тамир”-т Эрдэнэ гээд нийгмийн хувьсгалт үйл явцыг идэвхжүүлдэг тэр хүмүүс нь өнөөдөр алга. Нийгмийн соён гэгээрүүлэх хүн хэрэгтэй байна. Үнэндээ энэ ардчилал маань зөв замаар явж байна уу гэдгээ л эхлээд харах хэрэгтэй. 25 жилийн хугацаанд ардчилал чинь олон удаа пауз авлаа. Бид эдийн засаг унаад байна гэхээсээ илүүтэйгээр иргэний нийгмийн байгууллагынхаа хийж байгаа ажлыг хүлээн зөвшөөрч дэмжих хэрэгтэй. Хэдийгээр иргэний танхим байгуулсан нь зөв ч гэлээ иргэн тэнд очоод үг хэллээ гээд санаа амар яваад байх шаардлагагүй. Ерөнхийлөгч маань хэд хэдэн удаа алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хууль тогтоогоод үүрэг өгдөг газарт суухаар томилогдсон нөхөр нь гүйцэтгэх засаглалдаа ороод өөртөө үүрэг өгөөд явж байх нь зөв үү. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “Дан, давхар дээл”, ухаалаг төрийн асуудлыг ярих нь зөв. Ярих байтугай хийх хэрэгтэй. Яам, агентлагийн ажлууд маш их цалгардаж байна. Саяхан над руу нэг жаахан хүү ярилаа. Мөөгий ахаа аль намд орох уу гэж байна. Яах нь вэ намаар гэвэл ажилд орох гэсэн намын харьяалал асуугаад гэж байна. Энэ чинь дампуурлын дээд цэгтээ хүрсэн гэсэн үг. Цөөн хэдэн хүнээс л намын нэр хүн шалтгаалж байна. Төрийн бодлого гэдэг чинь цогц зүйл байх ёстой. Гэтэл сонгуулиас сонгуулийн хооронд амь зуух төдий л явж байна. Ерөөсөө л энэ маань явж явж Үндсэн хуулиа эргэж харахад хүргэж байгаа юм. Миний хүссэн ардчиллыг луйварчин хулгайч хэсэг нөхдөөсөө салгах хэрэгтэй. Ардчилсан намын их хурлаар удирдлага толгойгоороо маш шударга хүмүүсийг сонгохыг нийт гишүүддээ уриалж байна.

-Нэг зүйлийг лавлая.Саяхан Хакухо маань Японы их аваргуудын амжилтыг эвдлээ. Тантай хамт авахуулсан зураг зөндөө харагдлаа?
-Мөөеө аварга бид хоёр чинь 1996 оны сонгуульд Ц.Энхтүвшин, Хувьтөгөлдөр хоёрын сонгуулийн штабт хамт ажилласан. 70, 71 дүгээр тойрогт манай хоёр хоёулаа ялсан. 1998 онд манай хүүг сүмод явахад Мөөеө сургууль дээрээ бэлтгэл хийлгэж, хадаг өгөөд үдсэн юм. Мөөеө аварга бид хоёр амьдаа, амьдаа гээд сайхан найзална. Манай хүүг сүмод явсны дараа аварга маань шар хүүгээ л тийшээ явуулмаар байна гээд л ярьдаг байсан юм. Кёкшюүзаны аав Даваа хэдэн хүүхэд явуулах гэж байна гэхээр нь би гурав хоног л дагаж гуйлаа. Сүүлдээ Төрийн өмчийн хорооны дарга байсан учраас далайлгаж байгаад Даваажаргалыг 15 настай байхад нь наймдугаар ангиас нь гаргаад явуулчихсан юм. Тамир гуай нэг яриан дээрээ энэ тухай тод дурссан байдаг юм. Манай хүү угтаж аваад л одоо сайхан үерхдэг юмаа хөөрхий.
-Танай хүү чинь хэн билээ?
-1998 онд сүмод очсон Цолмонбаяр. Овоо барилддаг дээрээ гэмтэл аваад...
-Одоо хүүхдийн сүмогийн хүүхдүүдийн бэлтгэл сургуулилт хийлгэж, Япон руу авч явж, Хакухогийн тэмцээнд оруулдаг залуу мөн байх аа.
-Тийм тийм мөн.