Энэ өдрүүдэд 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. 200 хүртэл жилийн ардчиллын түүхтэй улс орнуудтай харьцуулахад 25 жил гэдэг бага хугацаа. Гэхдээ бага ч гэсэн энэ хугацаанд монгол түмэн алдаж, оносон ч ардчиллын олон олон үнэт зүйлийг хуримтлуулж чадсан болохоор бахархахаас аргагүй. Тухайн үед Ардчилсан хөдөлгөөний уухайн дор төрсөн шинэ намууд салж бутарч, нэгдэж нийлж, улс төрийн сонгуульд ялж, ялагдаж явсаар өнөөдөр ардчиллын төлөө олон намыг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан нам монгол түмнийхээ итгэл сэтгэлийг хүлээж төрийн эрхийг барьж байна.
1996 онд Ардчиллын төлөө намууд эвсэн сонгуульд орж, УИХ-д анх удаа 50 суудал авч байсан бол 2012 оны УИХ-ын сонгуульд дахин хамгийн олон суудал авч, орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 184 суманд ялалт байгуулан 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Үүний төлөө Ардчиллын үнэ цэнийг ойлгож, түүний төлөө тууштай тэмцэж, дэмжиж, тэтгэж ирсэн ардчиллын партизанууд, Монголын нийт ард түмнийхээ итгэл сэтгэлийг хүндэтгэн биширч бахархаж байдаг юм. Энэ өдөр Ардчиллын үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлж, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг ойлгуулахын тулд энэхүү өгүүллийг Та бүхэндээ толилуулж байна.
Оршил буюу Ардчилсан хувьсгал
1980-аад оны төгсгөлд ЗХУ болон баруун Европын орнуудад социализм, коммунизмыг өөрчлөх салхи сэвэлзэв. Энэ жишгээр 1989 оны тэсгим хүйтэн өвөл нэг намын хатуу хяналтад байсан Монгол орны нийслэлд нэр зүс үл мэдэгдэх хэсэг залуучууд ард иргэдийг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалж байшингийн булан, гэрлийн шонд ухуулах хуудас нааж, төр засгийг донсолгов. Удаж төдөлгүй нийслэлд нэр зүс үл мэдэгдэх залуус ил гарч, алс баруун хязгаарын Ховдын багшийн дээд сургуулийн багш оюутнууд улс төрийн мэдэгдэл гаргаж тэмцэлд босов.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр одоогийн Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө анхны цуглаан боллоо. С.Цогтсайхан, Б.Энхбаяр нарын банзан гитар барьсан залуусын амьд тоглолтод “Хонхны дуу” цангинаж, каракул захтай пөөвгөр пальто эгэлдэргэлсэн Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй олон залуу уур савсуулан үгээ хэлж, туг лоозон барьсан оюутан, залуус уриа хашгиран дэмжив. Үнэхээр энэ цуглаан 79 жил нам тайван байсан Монгол орны хувьд эр зоригийн, хамгийн содон цуглаан байсан юм. Сэлбэ голын эрэг орчмоор гайхсан, эргэлзсэн, айж эмээсэн хүмүүс бие биеэсээ нүүрээ буруулан эргэлдэж, учир мэдэхгүй хүүхдүүд гүйлдэж, “Сансар” хорооллын байшингуудын цонхоор хүмүүсийн толгой цухалзаж, машинтай, явган цагдаа нар ил далд үзэгдээд л... Энэxүү цуглаан дээр Залуус маань “Монголын ардчилсан холбоо” /МоАХ/ xэмээx улс төрийн байгууллага байгуулагдсаныг зарлалаа.
“Монголын ардчилсан холбоо”-ны залуучуудын дуу хоолой эрч хүчээ авч арванхоёрдугаар сарын 28-нд МУИС, Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийн багш, эрдэмтэд гол цөм нь болсон Бат-Эрдэнийн Батбаярын /Баабар/ удирдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн”, 1990 оны нэгдүгээр сарын 19-нд Политехникийн дээд сургуулийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхмийн багш Дамдинсүрэнгийн Батсүхийн тэргүүлсэн эдийн засагид гол цөм нь болсон “Шинэ дэвшилт холбоо” үүсэн байгуулагдав. Жагсаал цуглаан олширч, төр засагт тавих шаардлага ч ширүүсч эхлэв. Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” ном xэвлэгдэн нууцаар тараагдаж бөөн сенсаац дэгдээв.
Зөвхөн хөдөлгөөн байгуулагдсанаар амжилтад хүрэхгүй болохыг ойлгосон холбоо хөдөлгөөнүүд их хуралдайгаа зарлаж, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын Ардчилсан нам, гуравдугаар сарын 2-нд Монголын Социал демократ нам, гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний дэвшлийн нам байгуулагдав.
Гуравдугаар сарын 4-нд 90.000 гаруй хүнийг хамарсан Ардчилсан хүчнүүдийн анхны хамтарсан цуглаан одоогийн Эрх чөлөөний талбайд эхэлж улмаар ТӨРИЙН ОРДНЫ ӨМНӨ ирж, хамтарсан мэдэгдлээ эрх баригчдад гардуулав.
МАХН-ын төр, засгийн ордны өмнөх Сүхбаатарын талбайд “МАХН-ын улс төрийн товчоо огцор”, “Төрийн мэдлийг ард түмний гарт”, ”МАХН сөнөтүгэй” гэсэн лоозон барьсан энэ жагсаал, цуглаан Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, МАХН-ын улс төрийн товчооны гишүүдийн том том хөрөг зураг, “МАХН мандтугай”, “Коммунизммын яруу алдар бадартугай”, “МАХН-ын залуу халаа МХЗЭ мандтугай” гэсэн улаан лоозон барьж, бунхант индэр дээр зогссон их удирдагч нарынхаа өмнүүр хөөрцөглөн жагсч байсан монголчуудын хувьд аянга бууж, тэнгэр ниргэхтэй адил болов.
Нийслэлд өрнөсөн тэмцэл Монгол орны өнцөг булан бүрт түймрийн гал дүрэлзэх мэт “асав”. Эрх баригчид Ардчилсан хүчнүүдийн хамтарсан мэдэгдэлд дурдсан шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэсэн тул гуравдугаар сарын 7-ны өдөр МоАХ-ны гишүүн Э.Бат-Үүл, Б.Батцэнгэл, Б.Батбилэгт, Б.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, И.Жавхлант, Д.Нинж, З.Эрдэнэбат, Д.Энхбаатар нарын 10 хүн их жанжны талбайн хүйтэн чулуун дээр дээлээ нөмрөн улс төрийн өлсгөлөн гэгчийг анх удаа зарлав. Нэг талд “Ээжүүдийн баярын өдөр өлсч цангахдаа яадаг юм, та нар юугаар дутав аа” гэж эмээ нар уйлалдаж, өвөө нар эгдүүцэв. Нөгөө талд өлсгөлөнд оролцогчдыг дэмжсэн залуучууд дэвсэх эсгий, өмсөх дулаан хувцас зөөж, тойрон бүчив. Цаг минут тутамд Сүх жанжны талбайд цугларагсдын тоо нэмэгдэж, тэмцлийн дуу хоолой илт хурцдан гуравдугаар сарын 8-ны өдөр Ардчилсан хүчнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг шаардсан олон түмний сүрт жагсаал эхлэв.
Энэ үед эрх баригчид саарал ордондоо цэрэг, цагдаагаар мануулан бүгэж, ардчилсан хувьсгалыг нухчин дарах тухай төлөвлөгөө боловсруулж маргалдаж, мэтгэлцэж байлаа. Гэвч залуучуудын өрнүүлсэн энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрч, Бүгд найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнх гуай харуй бүрий болсон тэр нэгэн орой радио телевизийн студид очиж, МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай зарлав.
Энэ мэдэгдэл Монголын ард түмнийг “аягатай хоолоо алдтал” цочоож, олон хүнийг нойргүй хонуулав. Үнэнийг хэлэхэд энэ шийдвэр ардчиллын төлөө тэмцэж байсан залуучуудын хувьд гал дээр асгасан шар тос, эрх баригч коммунистуудын хувьд гал руу цацсан ус байлаа. Тэр орой ардчиллыг сэтгэлдээ тээсэн монголчуудын хувьд ямар гоё байсан гээч. Даанч салют буудуулж чадаагүй. Тийм боломж ч байгаагүй. Ийнхүү ардчиллын төлөө тэмцэгчид 70 жил төрд дангаар ноёрхсон МАХН-ын дарангуйллыг зогсоож, ардчилсан хувьсгалын ялалтын тугаа тайван замаар мандуулж чадсан юм. Тийм зориг гаргаж тэмцэлд боссон залуучуудаараа бас энэ тэмцлийг сэтгэл зүрхээрээ дэмжиж тайван хүлээж авсан ард түмнээрээ би үнэхээр бахархаж явдаг юм.
Бас өөрийгөө ялж, эр зориг, эрүүл саруул ухааны хүчээр Монголын ардчиллын галыг бадраасан эрхэм хүн Бүгд найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнх гуайг чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг билээ. Харамсалтай нь, энэ сайхан хүнийг тэр үеийн Монголын төр засаг амьд сэрүүн байхад нь дээдэлж, хүндэтгэж чадаагүйд Монгол Улсын их сургуулийн шавийнх нь хувьд харамсч явдаг юм.
Гэхдээ хожимдсон хэдий ч “Ардчилсан холбоо эвсэл” ялалт байгуулж, 1996-2000 онд төр засгийн эрх барьж байх үед МУИС-ийн нэг тэнхмийн багшийн хувьд Да.Ганболдтойгоо хамтран эрхэм энэ хүний гэр бүлд олгох тэтгэмжийг нэмэгдүүлж, орон сууцных нь төлбөрийг төр хариуцах тухай УИХ-ын тогтоолыг санаачилж батлуулж билээ. Тэр тогтоол батлагдсаны орой манай хөрш байшинд амьдардаг байсан Ж.Батмөнх агсны гэргий Дариймаа эгч манайд орж ирээд баярласнаа илэрхийлж, баярын нулимс дуслуулаад гарсныг өнөөдөр ч санан дурсаж сэтгэл өвдөж явдаг билээ. Энэ тогтоол тийм ч шулуун дардан замаар шуудхан гарчихаагүй юм. Анх удаа төрийн эрх мэдлийг алдаж цөөнх болсон УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүн Ю.Цэдэнбал даргатай барьцалдуулан тээг тавьж, эцэст нь “Та нар Ю.Цэдэнбал даргын хангамжийн тухай асуудлыг тусад нь санаачлаад оруулаад ир, бид дэмжинэ” гэж гүрийж байж энэхүү тогтоолыг баталсан. Дараа нь бид хэлсэн амандаа хүрч Ю.Цэдэнбал даргын хангамжийн талаархи тусгай тогтоолыг УИХ-аас баталж байлаа.
Ардчилсан нам Монголын ардчиллыг баталгаажуулж, улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн төлөө өнөөдрийг хүртэл ардчилсан хувьсгалын түүчээ болон зүтгэж байна. Юу үнэн энэ үнэн. Энэ түүхэн үнэнийг манай хуучин намынхан хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан юм. Хамгийн бахархалтай нь ардчиллын өлгий гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 2005 онд жижигхэн Монголд ирж, төрийн ордны их танхимд монголчуудын төлөөлөлтөй уулзахдаа Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдоржид хандан 1990 оны тэсгим хүйтэн өвлийн тэр өдрүүдэд ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Монголын залуучуудаар бахархаж байгаагаа илэрхийлж, тэдний түүхэн гавьяаг анх удаа Монголын ард түмэнд мөн дэлхийд тунхаглан зарласан юм.
Энэ үг танхимд сууж байсан төдийгүй телевиз үзэж суусан хувьсгалт намынхны хувьд элэг эмтэрч, зүрх зогсом хатуу сонсогдсон байж болох ч ардчилал, эрх чөлөөний төлөө мятрашгүй тэмцэж ирсэн ардчиллын алтан хараацай-Ардчилсан хүчний хэдэн зуун мянган гишүүн, дэмжигчдийн элгийг дэвтээж, самсааг шархируулж, нулимсыг нь дуслуулсан билээ. Энэ нулимс ардчиллынхны хувьд баярын, бас бахархлын нулимс байсан юм.
Ардчилсан хувьсгал ба монголчууд
Шинэ нийгмийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн зовлон бэрхшээлийг амсч ирсэн хэдий ч бидний монголчууд улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулан эзэн богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа үндсэн хуулиар тунхаглан зарлав. Чингис хааныхаа нэр төрийг сэргээж, хөшөөг нь төрийн ордныхоо хойморт залж, алтан сэлэм гартаа атган хонгор морио хөлөглөж, Дэлүүн болдогоо алслан харж зогсох сүрлэг хөшөөг нь хүртэл босгов. Билэг танхай яруу найрагч Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол”-ыг хэнээс ч айлтгүй уухайлан дуудаж, эцэг өвгөдийнхөө түүх, бичиг, соёлыг сэргээж, дэлхийн сонорт хүргэв. Бас үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг ард түмэндээ олгов. Ингэснээр Монгол гэдэг нэр дэлхийн сонорт хүрч, нэг улсын хараат байсан түүх ард үлдэж, тэр ч бүү хэл дэлхийн хүн төрөлхтөн Чингисийн эзэнт гүрний 800 жилийн түүхт ойг монголчуудтай хамтран тэмдэглэж, их эзэн Чингис хааныг маань дэлхийн хүн болгон соёрхов. Энэ бол Ардчилсан хувьсгалын хамгийн чухал үнэт зүйл билээ. Ардчилсан хувьсгалын олон олон үнэт зүйлээр би бахархдаг юм.
Ардчилсан хувьсгал МАХН төвтөй төрийн тогтолцоог халж, Парламентын засаглалыг тогтоож, нэг намын, нэг хүний хэмжээлшгүй дарангуйллаас ард түмнээ салгаж, Монгол Улсад олон намын тогтолцоог бүрдүүлэв. МАХН-ын Төв хорооноос дэвшүүлсэн танихгүй хүний гоё зургийг гэртээ өлгөж байгаад хугацаа нь болохоор шинэ дээлээ өмсч, сонгуулийн байранд ирж түүний төлөө баяр хөөртэйгөөр санал өгч, төрийн дээд байгууллага-Ардын их хурлаа байгуулдаг үе түүх болон үлдэв. Тэр үед өрсөлдөөн гэж юм байсангүй. Монгол Улсын иргэн бид бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ эдэлж, иргэд олон ургалч үзлийг уралдуулан зургаа дахь удаагийнхаа сонгуульд оролцоод байна. Ийм эрх, эрх чөлөөг ард түмэндээ олгож чадсан Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг.
Ардчилсан хувьсгал хэдэн үеэрээ мал, хөрөнгөө хураалгаж, ганц төлөгний эрх мэдэлгүй болсон нэгдлийн гишүүн-малчиддаа малыг нь буцаан өгч, ардын аж ахуйтан болгон магнайг нь тэнийлгэв. Буян хишиг гэж байдагчлан тэнгэр хангай хүртэл ивээж, ардчиллынхныг анх удаа төр, засгийн эрх барьж “ядсан” 1996-2000 онд хэзээ ч 25 саяд хүрч байгаагүй мал сүргийн тоо 33 саяд хүрч нэмэгдэв. Хөдөө аж ахуйн эдийн засгийн нээлттэй бодлогын үр дүнд малын гаралтай түүхий эдийн үнэ өсөв. Ингэж морь унасан малчин ард машин техник гаднаа сойж, хувийн өмчийн давуу талыг жинхэнэ утгаар нь хүртээж чадсан Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг.
1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх мэдлийг анх удаа гартаа авч комментерний гар хөл болж, ард түмнийхээ сор болсон сэхээтэн, лам, хуврагуудыг хүйс тэмтэрч, түмэн хүнийг хилсээр хэлмэгдүүлсэн төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйв. Их хэлмэгдүүлэлтэд бид буруугүй ч МАХН-ын нэрийн өмнөөс бус төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйж улмаар ардчилсан Монголын төр дахин ард түмнээ гэсгээхгүй байхыг сануулсан хэрэг. Ардчилсан нам уучлалт гуйгаад зогсоогүй хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож, хэлмэгдлийн хар шуурганд гутарч гундаж, эрх чөлөөгөө хасуулж явсан ээж, аав, ах, эгч, хүү, охин, ач зээ нарын нурууг тэнийлгэж, мэлмийг нээсэн юм. Тэд өнөөдөр хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөртэй болж, хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд жил бүр нулимс дуслуулан цэцэг өргөж байна. Хүний амь нас, сэтгэл санааны асар их хохирлыг мөнгөөр хэмжих нь утгагүй ч ингэж чадсан Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг.
Гадаад оронд явах байтугай эх орныхоо нутаг дэвсгэрт чөлөөтөй шилжих эрхээ хасуулсан монголчуудад дэлхийн хаана ч явж сурч боловсрох, ажиллаж амьдрах эрх, эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг. Өнөөдөр бидний айж, бэргэж, “империалист” гүрэн хэмээн муу муухайгаар нь дуудаж ирсэн Америк, Англи, Герман, Япон, Солонгос гээд дэлхийн хөгжилтэй орнуудад монголчууд хэдэн мянгаараа сурч боловсорч, ажиллаж, тэр ч бүү хэл өвөө, эмээ нар ач, зээгээ хараад Ардчилсан Монголын төлөө сүүгээ өргөөд сууж байна. Бас тэр үзэн ядаж байсан “империалист” орнууд нь Монголын ардчиллыг дэмжиж, Монгол Улсын хөгжлийн донор орнууд болон хамтран ажиллаж байна.
700 гаруй сүм хийдийг устгаж, өвгөд, буурлынхаа шүтэн бишрэх эрхийг хязгаарласан бурангуй бодлогыг нээлттэй зарлаж, ард түмэндээ шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг нь олгосноор өвгөд, хөгшид эрхээ зүүж, маани уншин, авдрын мухарт, айлын амбаарт, газарт булсан бурхан тахилаа ил гаргаж, хүнгүй шахам болсон сүм хийдийн зүг айж эмээлгүй алхаж, сүм хийд сэргэн, бурхан номын багш нар ил гарав. Монгол түмэн олон жилийн өмнө сүйтгэлийн хар шуурганд арчигдан орос машинд ачигдан алга болсон манзушир бурханаа хүртэл уран гар, ухаан бодол, ардынхаа хандив хөрөнгөөр сэргээн босгов. Тийм эрх чөлөөг сүсэгтэн олондоо эдлүүлсэн Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг.
Өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй иргэддээ 200 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилж, амьдралынх нь үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулж чадсан Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр би бахархдаг. Анх удаа өөрийн гэсэн хувийн өмчтөй болсон монголчуудын нэг хэсэг нь орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулж, амьдралаа тэтгэж, ажил амьдралтай болсон бол нөгөө хэсэг нь зарж үрээд алс хол Америк, аавын хүү хүрч болох газар очиж гахай шувууны мах идэж, ертөнцийн амьдралтай нүүр тулан танилцаж, сурч боловсрон хэнээс ч дутахгүй амьдралтай болж байна. Ардчилсан нам 2004 оны УИХ-ын сонгуульд орохдоо “40.000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлан дэвшүүлж өнөөдөр энэ хөтөлбөр ажил хэрэг болж, тэр ч бүү хэл хэн ажилтай орлоготой байна тэр хүн урт хугацаанд эргэж төлөх нөхцөлтөй найман хувийн зээлээр орон сууцтай болох боломжтой боллоо.
“Иргэн баян бол нийгэм баян” уриан дор хувийн хэвшлийг дэмжих бодлогыг төрийн бодлогын төвд тавьснаар нийгмийн гэх эзэнгүй өмчлөлийн харилцааг устгаж, хувийн өмчийг хүн бүхний амьдралын үндэс болгож чадлаа. Үүний ачаар Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн чөлөөт тогтолцоонд эргэлт буцалтгүй шилжиж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг хувийн хэвшлийнхэн бүтээж, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүрээгээ тэлж байна. Ардчилсан хувьсгалын энэ үнэт зүйлээр би бахархдаг.
...Ингээд бичээд байвал Ардчилсан хувьсгалын үнэт зүйлээр бахархах миний бахархал дуусахгүй...Эцэст нь Ардчилсан нам энэ томоохон үйл хэргийн санаачлагч, түүчээ нь болж, 25 жил ард түмнийхээ оюун санаанд байр сууриа баттай эзэлж, үндэсний хэмжээний нам болж чадсанд би бахархдаг. Ардчилсан хувьсгалын галыг асаалцаж, голомтыг нь бадрааж, амин хувийнхаа эрх ашгийг үл тоож ардчиллын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн Ардчилсан намынхаа мянга, мянган эгэл жирийн гишүүдээрээ, ардчилсан хувьсгалын мөн чанарыг ойлгож дэмжиж ирсэн ухаант мэргэн ард түмнээрээ би бахархахын дээдээр бахархдаг билээ.
Төгсгөл буюу Ардчилсан хувьсгалын ирээдүй
Монгол Улс цэцэглэн хөгжиж монгол хүн эх орондоо сайн сайхан ажиллаж амьдрах ёстой. Ардчиллын эцсийн зорилго хэзээ биелэх юм гэж бодох хэрэггүй. Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр дууслаа ч маргааш түүний өмнө шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй. 1990 оных шиг жагсаал цуглаан болохыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь өнөөдөр улс төрийн намаар талцаж ард түмнийхээ эрх ашгийг огоорч эвдрэлцэх бус, эвлэлдэж эх орныхоо хөгжлийн бодлогыг зөв, урт хугацаагаар тодорхойлж урагшлах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан сургамжийг ил тодоор айж эмээлгүй гарган тавьж үндсэн хууль болон хэрэгжүүлж буй хуулиуддаа шаардлагатай бол өөрчлөлт оруулж шинэчлэх шинэ хуулиудыг зоригтой гаргах хэрэгтэй.
Яагаад 25 жилийнхээ түүхэн сургамжид үнэлэлт дүгнэлт хийж, Парламентын засаглалаа бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй гэж. Мэдээж ухралт хийж болохгүй. Яагаад эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж бизнес эрхлэгчдийн эрх чөлөөг хангаж гадна дотно байгаа мөнгөө ил гаргаж эх орныхоо хөгжлийн төлөө оруулж ирэх боломжийг олгож болохгүй гэж. Яагаад монгол хүн гадагшаа явахгүйгүйгээр эх орондоо өндөр цалин, орлоготой ажиллах, сурч боловсрох, эмнэлгийн тусламж авах нөхцөлийг бүрдүүлж болохгүй гэж. Олон нам ард түмнийхээ өргөн хүрээтэй зөвшилцөл дор байгальд ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болохгүй гэж. Олон олон тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудал байна. Энэ бүхнийг төгс төгөлдөр болгохын тулд хэн нэгний байтугай аль нэг намын баримталдаг бодлогод нийцэхгүй шийдвэр гаргах зайлшгүй шаардлага ч гарна. Яагаад үүнийг эвдэж улс орны, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс асуудлыг зоригтой шийдэж болохгүй гэж. Ардчилсан хувьсгалын ирээдүй үүнийг хүлээж байна. Энэ бүхнийг хэрэгжүүлж байж Монгол Улс дэлхийн дэвжээнд хөгжлөөрөө, үндэс угсаагаараа, уламжлалт ёс заншлаараа, туулж өнгөрүүлсэн баялаг түүхээрээ тодорч монгол хүн эх орондоо сайхан амьдрах болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.