Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэний зориг ногоон нам 15 насны босгон дээрээ
 Л.НОМИН

Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөө цэцэгсээр гоёжээ. 365 хоногийн хоёрхон өдөр л энэ хөшөөг хүмүүс тойрон хүрээлж, түүнийг дурсан санасан яриа өрнүүлдэг. Тэгвэл энэ удаад түүнийг санагалзах нэг учир шалтгаан Иргэний зориг ногоон намын 15 жилийн ойтой холбогдож байлаа. Ардчилал, эрх чөлөөний үзэлд тулгуурлан экологийн чиг баримжаатай нийгэм, эдийн засгийн хөгжилд улс орноо хөтлөн явуулан зорилгоор эвлэлдэн нэгдэн улс төрийн хүчин байгуулахад 2000 он дөнгөж гарч байжээ. Тэр өдрөөс хойш 15 жилийн турш Монголын ардчилал, улс төрийн амьдралд нэгэн өнгө болон өөрийн гэсэн орон зайг эзэгнэж буй ИЗНН өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дэнслэн, улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, улс орныхоо маргаашийг төсөөлөн ярилцлаа. 15 жилийн ойн Их хуралд намын дарга, Удирдлагын зөвлөлийн гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн илтгэлээ тавьсан юм.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун  намынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар илтгэлдээ тодорхой өгүүлсэн юм. Улс төрийн зарим хүчин шиг албан тушаал наймаалцаж, түүгээрээ дамжуулан нөлөөллөө тогтоодог бохир аргаар ИЗНН улс төрд амьдардаггүй гэдгийг онцлон хэлэв. Харин үүний оронд улс төрийн бодлого гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж ирснээ тодотголоо. Эрх баригчид иргэн бүрт нэг, 1,5 сая, шинээр гэр бүл бологсдын 500 мянган төгрөг гэсээр дөрвөн тэрбум төгрөгийг зүгээр л тараачихсан. Гэтэл хямрал нүүрлэх үед зарцуулагдах ёстой байсан уул уурхайн орлого болох тэр хөрөнгийг тарааж орхисны гор хожим гарахыг ИЗНН урьдчилан харж анхнаасаа эсэргүүцэж байр сууриа илэрхийлж ирсэн. Иймээс л улс төрийн намуудын амьдралыг зохицуулдаг Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэ шатанд гаргах цаг үе ирснийг С.Оюун дахин санууллаа. “ИЗНН-ын туулсан 15 жилийн 10 орчим жилд нь цөөнх, сөрөг хүчин, хамтрагч ч байж үзлээ. Хоёр удаа Засгийн газарт хамтарч ажилласан. Энэ хугацаанд бид аль нэг намыг бусдаар үзэн ядуулж, байр суурийг нь эзлэх гэж улайрч байгаагүй. Эрч хүчтэй, зөв хандлагаар хөгжиж буй нийгмийг ИЗНН хүсдэг. Нийгмийн эрх ашгийг дээгүүрт тавьж анх байгуулагдсан зорилго маань одоо ч өөрчлөгдөхгүй хэвээрээ” гэлээ.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийн хувьд өнгөрсөн 15 жилд ямар өөрчлөлт гарч, цаашдаа хэрхэн хөгжих гарц байгаа талаар илтгэлдээ дурдсан юм. Татварын орчинг иргэд, аж ахуйн нэгжүүдэд таатай байх хэлбэрээр өөрчлөх, тэнцвэртэй, ил тод, шударга болгохын чухлыг хөндөв. Авлигатай тэмцэх газар улс төрийн захиалгаар ажилладаг байгууллага болсныг нь мөн шүүмжиллээ. Авлигатай тэмцэхийг гол зорилгынхоо нэгийг болгосон ИЗНН-ын хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Гэмт хэргийн тухай хууль, Хүний эрхийн талаархи хууль эрхзүйн орчинг өөрчлөх байр суурь баримталж буй гэлээ. Оюу толгой, Таван толгой монголчуудын хувь заяа биш харин ногоон үзэл, либерал үзлийг хосуулан хөгжихийг тэрээр илтгэлийнхээ төгсгөлд нь хэлсэн юм.
Харин ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Ц.Ганхуяг өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөлд байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн илтгэлээ сонирхууллаа. Улс төрийн зарим намуудын явуулж буй бодлого, үйл ажиллагаа шүүмжлэхээс аргагүй байдал бидний нүдний өмнө ил тод байгааг хэлсэн. Мөнгө амладаг сонгуулиуд монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж байгаа үед Монголын ирээдүйг гэгээлгээр тольдож чадах уу. Ийм нөхцөл байдалд эх орон, газар шорооныхоо тусгаар байдлыг хамгаалж чадах уу гэдгийг илтгэлээрээ хөндөн тавьсан юм. Хувийн болон аливаа нэг бүлгийн эрх ашгаа хамгаалах улстөрчид олширч байгааг онцлоод тэрээр “15 жилийн өмнө тунхаглаж байсан манай намын тавьсан зорилт цаасан дээр үлдэх учиргүй. Ашиг хонжоог эрхэмлэгчдээр Монгол Улсаа самруулахгүйн төлөө нэгдье. Эх орныхоо эзэд нь байх арга замыг ойртуулъя” хэмээв.

Саяхан ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Хүдэр-Ян сүүлийн жилүүдэд төр засгийн бодлогын хүрээнд ямар ажил хийсэн талаараа танилцуулав. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулах санаачилга гаргаж, үндсэн чиглэлийн яам болгоход ИЗНН-ын оруулсан хувь нэмэр бийг онцолсон. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тогтоож, Монгол Улсын хөгжлийн шинэ чиглэлийг батлуулж чадсан, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжуудад анхаарал хандуулснаас гадна НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр ИЗНН-ын дарга С.Оюуныг сонгож, Монгол Улс хоёр жилийн турш тус ассамблейг даргалахаар болсныг онцлохгүй байхын аргагүй.

Эмэгтэйчүүд, ахмадуудын холбоо ИЗНН-ын дэргэд ажилладаг. Үүний нэг болох Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Базар өнгөрсөн хуга­цаанд санаачлан хэрэгжүүлсэн “ААА- авлигагүй, архигүй, ажилгүйдэлгүй” хөтөлбөр, “БББ-боловсролтой, баян чинээлэг, бүтээлч монгол хүн” хөтөлбөр, “Газрыг иргэн бүрт”, “Атрын III аян”, “Ногоон хөгжлийн бодлого” зэргийг санаачилсан. Түүнээс гадна анх удаа сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй гишүүн Бадамхандыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүрч ажиллаж буйгаагаар анхдагч нам хэмээсэн. 

15 жилийн ойд зориулж, улс төрийн бусад нам хүчний төлөөлөл мэндчилгээгээ биеэр хүргэснээс гадна ИЗНН-ын дарга С.Оюуны тэргүүлдэг Азийн Ардчилсан либерал намуудын зөвлөл мэндчилгээ илгээжээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Монголын Үндэсний ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. ИЗНН-ын удирдлагын зөвлөлийн гишүүн, Л.Дашнямыг МҮАН-ын дээд шагнал болох “Цагаан сүлд” одонгоор, ИЗНН-ын удирдлагын зөвлөлийн гишүүн БОНХ-ийн дэд сайд М.Хүрэлсүх, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү нарыг МҮАН-ын дээд шагнал болох “Цагаан шонхор” одонгоор тус тус шагналаа. Түүнчлэн ИЗНН-ын шилдэг үүрүүдээс ажил бүтээлээр шалгарсан намын хороодыг шагнаж, 15 жилийн ойн хүрээнд зарласан “Бяцхан ногоон дэлхий” гар зургийн уралдаанд түрүүлсэн багачуудыг урамшуулж, бүтээлийг нь дэлгэн үзүүлэв. Байгалийн хаягдал болох ой, модны хаягдал, цаасаар урласан бүтээлээр ч мөн үзэсгэлэн гаргасаныг сонирхож болохоор байсан юм.

Үдээс өмнө ИЗНН-ын 15 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээ болсон бол үдээс хойш ээлжит Их хурлаа хуралдууллаа. Намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар тайлангаа тавьж, түүнийг гишүүдээрээ хэлэлцүүлэн ажлаа дүгнэсэн. Мөн Үндэсний хорооны гишүүдийг шинээр сонгож, улмаар намын даргад нэр дэвшүүлэхээр болсон. Энэ удаагийн Их хурлаар Шийдлийн Засгийн газарт цаашдаа ИЗНН хамтарч ажилласаар байх уу гэдгийг хэлэлцэнэ гэсэн ч Үндэсний хорооны гишүүдийг шинээр сонгосон учир хойшлуулжээ. Тус хорооны бүрэн эрхийн дагуу уг асуудлыг хэлэлцэж болох тул энэ удаад уг асуудлыг хойш тавьж, намын дарга, бүтэц, бүрэлдэхүүнээ юуны өмнө шийдвэрлэхээр болжээ.  
Дугаар шилжих мөчид: 20:00 цагийн үед ерөнхий санал шүүмжлэл дуусч, Үндэсний хорооны гишүүдийг сонгож хараахан дуусаагүй байсан тул намын даргын асуудлыг нэлээд оройтож хэлэлцэхээр болсон байлаа. Намын даргад нэр дэвшигчид тодорхойгүй байсан ч ИЗНН-ын Удирдлагын зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг өөрийн нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан