Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 километр Хар балгас буюу Ордубалыкаас зүүн тийш 20 гаруй километрт орших YI-YIII зууны үед цэцэглэж байсан Түрэг улсын Билгэ хаан, түүний дүү Культегины тахилгын цогцолбор хадгалагдан буй бөгөөд тэдгээр дурсгалын цогцолборыг Культегины ач хүү Йолуг Тегин бүтээжээ.
Дэлхийн шинжлэх ухаанд Орхоны бичээс гэж алдаршсан бичиг түүхийн ховор нандин дурсгал болох Билгэ хааны гэрэлт хөшөө нь 3.3 метр өндөр, 1.3 метр өргөн бөгөөд 68 мөр бичээстэй. Билгэ хаан бол Түрэг улсын сүүлчийн алдарт хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. 2001 оны 7 дугаар сарын 31-нд энэхүү дурсгалт газарт малтлага явуулсны үр дүнд 2000 орчим зүйлүүд олдсон бөгөөд түүний дотор хамгийн чухал олдвор бол Билгэ хааны эрдэнийн шигтгээтэй алтан титэм байжээ. Энд бүхэл бүтэн цогцолбор байсан боловч энэхүү гэрэлт хөшөө л үлдсэн байдаг. Монгол оронд түрэг бичээстэй хөшөө 40 гаруй байдгийн 10 гаруй нь Орхоны хөндий сав газарт байдаг учраас Орхоны бичээс хэмээн алдаршжээ. Билгэ хааны тахилгын цогцолбор дотроос чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олджээ. Судлаачид үүнийг жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлэгдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэдэг. Тахилгын онгоноос олдсон барилгын вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал юм. Культегины бичээс Билгэ хааны гэрэлт хөшөө хоорондоо 1 километрийн зайтай. Хөшөө цайдмын дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 хавтгай дөрвөлжин километр талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авсан.
Хөшөө цайдмын энэ хөндийд Улаанбаатар хот суурьшиж байсан бөгөөд тухайн үедээ Шар бүст өргөө гэдэг нэртэй байсан. Ширээт цагаан нуураас нүүж ирээд 14 жил нутагласан ажээ.
ХӨШӨӨТИЙН АМНЫ БУГАН ХӨШӨӨ
Архангай аймгийн Цэнхэр сумын төвөө баруунтай 10 км-т Хөшөөтийн ам гэдэг газар нэгэн буган хөшөө буй. Түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд дөрвөн буга загварчлан дүрсэлж доогуур нь өргөн бүс татжээ.
Зүүн хажуугийн нарийн хавтгайд гурван буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед хоёр буга тэдний доор толь (16 см диаметртэй), баруун хажуугийн нарийн хавтгайн дээд хэсэгт хоёр буга, доод бүсний дээрх нь бамбай сийлжээ. Энэ хөшөөний бүх бугыг загварчлан дүрсэлжээ. Хөшөө хоёр метр өндөр, 0.5 м өргөн, 0.25 м зузаан хэмжээтэй.
ХӨШӨӨТИЙН АМНЫ ЧУЛУУН ХӨШӨӨ
Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн төв Хөшөөтийн аманд 2.1-2.7 метр өндөртэй, 0.3-0.7 метр өргөн саарал боржин чулуун хөшөө 6 бий. Хөшөөн дээрхи сүг зураг улирах цагийн аясанд элэгдэж муудсан авч буга, тойрог, бүслүүр, байлдааны сүх, хутга нь тод мэдэгдэнэ. Мөн яст мэлхийтэй төстэй зураглал бий. Судлаачид энэ дурсгалыг Киргизийн үед хамаарна гэж үздэг. Хөшөөтийн хөшөөний хавьд маш олон хиргисүүрийн бүрэн цогцолбор бий.
ХӨШӨӨТИЙН ХАДНЫ ЗУРАГ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шаварын нурууны урд бие, Хонгиогийн голын хойд хөвөөнд орших дөрвөн жижиг уулыг Хөшөөт гэнэ. Эндэхийн хаднаа эрт үеийнхэн янгирын дүрсийг ганц хоёроор нь энд тэндгүй цоолборлосон байдаг. Эдгээрийг ажиглангаа судлаачид эндээс дөч гаруй хүн амьтан болон ан хийж буй байдлыг дүрсэлсэн зурагтай нэгэн том хад илрүүлжээ.
Уг хадны төв хэсгийн дээд талд урт сүүлтэй, амаа ангайн давхиж яваа амьтны эх биеийн гадна тэгийг хөвөөлж гаргаад, бас янгир, чоно хоёрын дүрсийг бөх талбайгаар нь цоолборложээ. Тэр амьтны араас хоёр морьтой хүн хөөж явна. Арынх нь морьтой хүн нарийн өндөр цээжтэй бөгөөд толгой, гарыг нарийвчлан дүрсэлсэнгүй. Харин хөл нь морины цээжнээс доош унжсанаас үзэхэд зайдан бололтой. Морь нь хар хурдаараа давхиж байна. Эхний хүн мөн морио зайдан унаж нум сум онилон амьтны араас харвахыг завджээ. Шовх хоншоортой гутал өмсжээ. Морьтны доор хоёр янгир, урт тахирласан сүүлтэй чоно, өөр нэг амьтныг дүрсэлжээ. Зүүн хэсгийн дээд талд нум сум онилсон хоёр морьтой хүн тус бүр нэг янгирыг авлахаар хөөж явна. Баруун талын хүн морио зайдан унаж, нум сумаа онилон харваж буй бөгөөд янгирын ар нуруунд хоёр сум зоожээ. Хамгийн захад янгир хөөж яваа хүнийг нум сумаа агссан, урт сүүлтэй зайдан морь унасан байдлаар дүрсэлсэн байна. Тэр хүний толгойноос ар тийш гэзэг мэт урт зүйл хийсжээ.Тэдний доор долоон янгирыг тал талаас нь бүслэн намнаж буй таван морьтныг харуулжээ. Морьтой хүмүүс бүгд зайдан, нум сум онилсон аж. Эдгээрээс доош арваад янгир, гөрөөс буга зэрэг амьтдын дүрс сийлжээ. Эдгээр зургийг он цагийн хувьд төмөр зэвсгийн түрүү үед буюу Х.Т.Ө VII-III зуунд холбогдоно гэж судлаачид үзсэн.